Нийтлэл 12 сарын 21, 2020

Хэн нь хэн бэ?

Хэн нь барьцаалагдсан?

Хэн нь чухам ард түмний нийтлэг ашиг сонирхлыг илэрхийлэгч?

Хэн нь хонгилыг нураах?

Хэн нь хонгилын эзний боол болох?

Хэн нь чухам явцуу ашиг сонирхолд үйлчлэгч болохыг би өнөөдөр мэдэх болно!

Учир нь өнөөдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Хууль зүйн байнгын хороо магадгүй энэ бүрэн эрхийн хугацаандаа хамгийн чухалд тооцогдох хуралдаанаа хийх гэж байна.

Энэ 2019 онд Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын хүрээнд “ШҮҮХИЙН ТУХАЙ” хуулийн анхны хэлэлцүүлгийг дээрх нэр бүхий гишүүд Хууль зүйн байнгын хороонд явуулна.

Тус хуулиас бид олон зүйлийг, тэр дундаа “шударга шүүх” буюу “шударга бусын хонгилыг” нураах уу эсвэл зүгээр л эзнийг нь солих уу? гэдэг асуултыг бодитоор харах болно.

Мэдээж та Шүүхийн хууль бидэнд ямар хамаатай бэ? Гэж бодож магад. Улмаар түүнийгээ бол явцуу утгаараа зөвхөн Монгол улсын 512 орчим шүүгч, 3000 орчим өмгөөлөгчийн өдөр тутамд хэрэглэгдэх хууль гэж та хэрхэвч харж болохгүй.

Яагаад гэвэл:

1) Шүүх бол бидний мэдэж, ойлгож, хэрэглэдгээр бол нийгэмд шударга ёсыг тогтоогч, Үүнийг гол эх үүсвэр нь Үндсэн хуульд заасан иргэний “шударга шүүхээр шүүлгэх” гэх эрхийг гол баталгаа болдог учир!

2) Шүүхээс гаргах шийдвэрийг бид хүссэн ч, эс хүссэн ч заавал биелүүлэх учиртай. Гэтэл шүүх Улс төрчдийн нөлөөнд байж чухам яаж шударгаар шийдвэр гаргах билээ!

3) Шүүгчийг хараат бусаар, шүүх эрх мэдлийн бие даан ажиллах тогтолцоог бид бий болгох гэж л 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Чухамдаа энэ л утгаараа “Шүүхийн шинэтгэл” гэдэг зүйл хийгдэх учиртай!

Шүүхийн шинэтгэл гэх энэ амаргүй зүйл явж явж хамгийн хүнд даалгавар нь “Өнөөгийн Ерөнхийлөгчид төвлөрсөн буй хэт их эрх мэдлийг задлах” ажил болж буй учир улс төрийн хувьд бид амаргүй зүйлтэй нүүр тулж байна. Тиймээс өнөөдөр бид “ХЭН НЬ …. ГЭХ” олон асуултын хариултыг мэдэх боломж бүрдэнэ. Иргэний хувьд дээрх хүн, нүсэр, дарамттай ажлыг хийх гэж та бүхэн бидний сонголтыг авсан учир тэр ажлаа хэний ч нөлөөнд үл автан хийх учиртай! Бид ч та бүхний түүнийг шаардах эрхтэй!

 

А.Бямбажаргал 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор, дэд профессор 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon