Нийтлэл 12 сарын 24, 2020

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиас бид юу хүлээх бэ?

ОРШИЛ

Монгол Улсын хүн бүрд, шууд үйлчлэл нь мэдрэгдэх, Монгол Улсын оршин тогтнох баталгааг хангах хуулийг Улсын Их Хурал батлан гаргах гэж байна. Монгол Улсын иргэний хувьд эх оронч байх хэмээх үгийг “Өөрийн хийж чадах зүйлээ сэтгэлээсээ хийх” хэмээн ухамсарлан, энэ том хуулийг боловсруулах явцад эхнээс нь дуустал хоёргүй сэтгэлээр зүтгэлээ.  Хувь хүний хувьд эх орныхоо өмнө хүлээх иргэний үүргээ нэр төртэй гүйцэтгэлээ хэмээн харж, бахархаж байна. Баярлаж, бахдахаас урьтаж энэ хууль чухам ямар зүйлийг зохицуулсан, юунд чиглэсэн болохыг дараах хэдэн зүйлээр учирлахыг хүслээ!

НЭГ. НЭГЖИЙГ ХУУЛИЙГ БОЛОВСРУУЛАХАД ГОЛ БАРИМТАЛСАН ЗАРЧИМ БОЛ МОНГОЛ УЛС ЗАСАГ ЗАХИРГААНЫ ХУВЬД НЭГДМЭЛ БАЙХ ЗАРЧИМ!

 Өнгөрсөн хугацаанд хатуу итгэл үнэмшилтэй болсон нэг зүйл бол “1 сая 500 мянган км квдрат газар нутагтай, 3 сая 3 мянган хүн амтай” дэлхийн бөмбөрцөгт цор ганцхан улс байна. Тэр нь Монгол Улс. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагыг тогтолцоо бүхэлдээ энэ л өгөгдөлд тулгуурлан бичигдэх ёстой.

 Дээр нь бид Дэлхийн бөмбөрцгийн томоохон хоёр улсаар хүрээлэгдэн оршдог газар зүйн онцлогтой тул Улсаа удирдах зохион байгуулалт энэ бүх хүчин зүйлд тулгуурладаг болохыг бидний түүх бэлхнээ хэлж өгч байна. Чухамдаа энэ ч үүднээс Үндсэн хуулийн эхэнд Монгол Улс Засаг захиргааны хувьд нэгдмэл (Unitary State) байх зарчмыг тунхагласан.

Үүнийг гол Үндсэн нь газар бол Улсын үндэс гэх санаа. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын Үндсэн хуулиар газар ямагт “Төрийн өмч байна, цаашид ч тийм байх болно”. Орон нутаг газрын талаар, түүний баялгийн талаар бие даасан шийдвэр одоо ч гаргахгүй байгаа, энэ хуулиар ч тийм эрхийг огтоос олгохгүй! Нэгжийн хууль эхлэх үсгээс дуусах цэг хүртэл бүхэлдээ энэ зарчмыг баримтлан бичигдлээ! 

ХОЁР. НЭГЖИЙН ХУУЛЬ БИДЭНД ЮУ ӨГӨХ БЭ?

 Хууль батлагдан гарах үндэс суурь, 2019 оны Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт орсон 3 өгүүлбэрээс эхтэй.

 Түүнчлэн энэ хуулийн төслийг боловсруулах гол үзэл баримтлал бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч, Ардын багш, Гавьяат хууль, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор Б.Чимид багшийн бидэнд өвлүүлэн үлдээсэн “Үндсэн хуулийн үзэл баримтлал бүтээл, түүний олон авран судалгаа, санал, онол бүхий бүтээл” байсан гэдгийг заавал дурдах учиртай.

 2019 оны Үндсэн хуулийн 59.2-т орсон 3 өгүүлбэр эдүгээ 81 зүйл бүхий хуулийг төслийг шанг татжээ. Хууль батлагдан гаргахтай зэрэг маш олон асуултыг өөртөө бий болгож байна. Тэр нь олон янзаар, нийгмийн бүхий л давхаргаас гарч байх шиг. Үүний нэг нь “Энэ хуулийг баталснаар Монгол Улсыг харийн бодлогоор газар нутгаа Концесс нэрийн дор өгөх суурийг бэлдсэн гэх” бодрол.

 Тэгвэл уншигч абухай та сэтгэлийн хөөрлөө түр хойш тавин, тийнхүү бичүүлж буй хүнийхээ үгэнд авталгүйгээр энэ хуулиар чухам юуг шийдэж буйг нэг хараад үзээрэй гэж хичээнгүйлэн хүсэж байна.  

 1) Шинэ хууль засаг захиргааны шинэтгэл хийх эхлэлийг хэрхэн тавих бэ?

 Засаг захиргааны шинэтгэл хэмээх энэ үг алга урвахын завсарт хийгддэг хялбар ажил огт биш юм. Угтаа энэ ойлголтын цаана Монгол Улсын түүх, үндэсний аюулгүй байдал шууд холбогдох учир ийнхүү хэлж байна.

 Түүх сөхвөл бид сүүлийн 2000 орчим жилд олон томоохон засаг захиргааны шинэтгэлийг хийсэн. Гэвч энэ бүх шинэтгэл угтаа Монгол Улсын тусгаар тогтнолтой шууд уялдаатай явж ирснийг танд сануулах илүүц биз ээ. Зөвхөн сүүлийн 300 гаруй жилийг дахин сануулахад Манжийн түрэмгийлэгчид Халх Монголын газар нутгийг эзлэн аваад баримтлан захирахын тулд 1696 онд Халх гурван аймгийг 3 зам болгон хувааж, хожим буюу 1725 онд Сайн ноён хан буюу халх 4 аймаг болгож байв. Улмаар Зүүн гарын Монголыг дөрвөд 2 аймаг, “Хөвсгөл урианхайн хязгаар”, “Дарьгангын таван гар” болгон тухай үеийн манжийн өртөө, цэрэг, харуул зэрэг албыг төвлөрүүлэн залгах нэгж, дээрх хязгаарыг засаг захиргааны гэхээс илүү шууд захирах байдлаар удирдаж байв.

Энэ хугацаанд тухайн үеийн Их Монгол улсаас эхлэлтэй засаг захиргааны суурь нэгж болох хошуу жам ёсоороо 34 байсныг Манжийн засаг захиргааны үеийн 220 жилд 86 болгон хийсвэрээр нэгж улмаар түүний чадавх (хүн ам цөөрөх, газар нутаг багасах, засгийн удирдлагыг сарниах), цаашлаад угсаа хэргэм зэргийг өгч олон хошууд бий болон өөр хооронд нь эвдрэлцүүлж байв.

Хувьсгалын дараа буюу 1930-1940 онд өнөөгийн засаг захиргааны шинэтгэлийг ардын засаг хийв. Тухайн үед манжийн засаг захиргаа, ноёд фоёдолын ураг, угсааг халах шинэтгэл гарцаагүй хийгдсэн бөгөөд 1930-аад онд өнөөгийн аймгуудын эхлэл болж 13 аймаг, 1940 оноос 18 аймаг, 1991 оноос одоогийн 21 аймгийг бид байгуулсан. Энэ дунд 1940-1970 оны хооронд хийгдсэн Нэгдэлжих хөдөлгөөн буюу Сум нэгдэл, атар газар эзэмших Сангийн аж ахуй буюу Сум сангийн аж ахуй, Тэжээлийн аж ахуй буюу Сум тэжээлийн аж ахуй зэрэг олон зохиомол нэгж өнөөгийн сумдын суурийг тавьж ирсэн. Зарим талаар энэ нь хэт зохиомол засаг захиргааны нэгжийг байгуулан өнөөгийн давжаа сумдыг бий болгох эх болсныг үгүйсгэх аргагүй.

Энэ бүхнийг нуршин өгүүлэх учир нь Засаг захиргааны шинэтгэл бол угтаа тухайн улсын хөгжлийн бодлого, нийгэм улс төрийн нөхцөл байдалтай амь нэг зүйл болохыг харуулахыг хүссэнд буй юм.

Тэгвэл шинэ нэгжийн хуулиар бид өнөөгийн эрх мэдэлгүй, хэт төвлөрсөн, бодит байдлаар Үндсэн хуулийн 58 дугаар зүйлд заасан “нийгэм, эдийн засгийн цогцолбор байх” гэх шинжид үл нийцэх Сумдыг бэхжүүлэх зорилго тавилаа. Энэ нь Сумыг Засаг захиргааны тулгуур буюу үндсэн нэгж байх эхлэлийг хууль зүйн хувьд dejure болсон гэж ойлгож болно.

Учир нь Монголчуудын нутаг дэвсгэрээ хамгаалах, үндэсний аюулгүй байдлын гол дархлаа бол өргөн уудам газар нутагтаа таран суурьшиж, тэндээ жаргалтай амьдрах явдал байх буйзаа.

 Угтаа Аймгийн газар нутаг, Сумын газар нутгаас л тогтож буй. Иймийн учир Сумыг эрх зүйн харилцааны субъект байх (цогцолбор) гэх Үндсэн хуулийн 58 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тодруулан энэ хуульд зохицууллаа.

Энэ зүйлсээс эрхтэйгээр цаашид бид Засаг захиргааны шинэтгэлээ хийх эхлэл буюу шанг татаж байна хэмээн ойлгох учиртай. Улмаар Засгийн газар урт хугацаандаа засаг захиргаа зөв шинэтгэлийг хийх биз ээ

2) Орон нутаг бие даан хөгжих бус харин орон нутаг бие дааж асуудлаа шийдвэрлэх тухайд

Нутгийн удирдлагын талаарх Үндсэн хуулийн нэгэн суурь зарчим бол “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна(62.2)” гэх заалт.

Эл заалт ёсоор бид “нутгийн өөрөө удирдах байгууллага”-д чухам эрх хэмжээнд нь юуг өнгөрсөн хугацаанд өгсөн бэ? гэх асуултыг тавьж үзэх хэрэгтэй.

Шинэ Үндсэн хууль батлагдан хэрэгжиж эхлээд цоо шинэ нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх гэж дэнжигнэн байх зуур бүх зүйлийг төвлөн удирдах хуучин цагийн эхлэлийг 2002 оны Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн хууль тавьсан. Өөрөөр хэлбэл, сумын сургууль дээвэр, туургаа засахдаа ч Сангийн яам, Боловсролын яамны түшмэл, цаашлаад Сайдын царайг харах хэмжээнд хүрсэн.

Тэгвэл дээрх Үндсэн хуулийн заалтын дагуу бие дааж шийдвэрлэх гэх агуулга бол энэ хуульд ямар асуудлыг шийдэх бэ? гэдэгт хариулт өгөх хэлбэрээр зохицуулагдав. Өөрөөр хэлбэл, бие дааж шийдэх гэх агуулга угтаа өөрийн шийдэж болох буюу хуульд орсноор бол “орон нутгийн чиг үүрэг”-т хамаарах асуудлаа л бие даан шийдвэрлэх агуулга юм.

Энд яригдаж буй “орон нутгийн чиг үүрэг”-т нутгийн өөрийн удирдлага (иргэдийн Төлөөлөгчдийн болон иргэдийн Нийтийн хурал) төв засгаас асуулгүй шийдэж болох зүйлсийг ойлгож байна. Мэдээж хэрэг энэ зүйлд Төрийн гол эрх мэдлүүд болох Хууль тогтоох, Шүүх, Гүйцэтгэх болон Улсын үндэс болох Газар, түүний хэвлийн баялаг, Үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалах болон бусад зүйлс огт хамаарахгүй.

3)Төвлөрлийг сааруулах бодлого ба Орон нутаг анх удаа өөрийн мэдэж, толгой мэдэн шийдэж болох асуудалтай болов

Энэ хуулиар бид анх удаа “орон нутгийн чиг үүргийг” төрийн чиг үүргээс ялгах эхлэлийг тавилаа. Өөрөөр хэлбэл, орон нутаг буюу нутгийн иргэд өөрсдөө анх удаа толгой мэдэн шийдэж болох эрх мэдлийг өгч буй хэрэг юм.

Мэдээж энд төрийн оролцоо бол Засаг даргаар дамжих хэрэгжинэ. Нөгөө талаас бид эрх мэдлийн төвлөрлийн зарим асуудлыг доош (хэвтээ удирдлагад) шилжүүлж болдог гэдгийг энэ хуульд баталгаажуулж байна.

Түүний илрэл нь орон нутаг төсвөө өмнөх шиг 30 минутад УИХ-аас баталсныг баталгаажуулах жишиг халагдана. Өөрөөр хэлбэл, энэ хууль гарснаар өөрийн чиг үүрэгт хамаарах нийгэм, эдийн засгийн асуудалд нийцүүлэн төсвөө өөрөө батлах, ярилцах, хэлэлцэх бодит боломж бүрдэж байна.

4) Орон нутаг хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувьд хэмжээ тогтоох гэдэг нь Холбооны улс болох зүйл огт биш юм!

Өмч бол эдийн засгийн анхдагч гол зүйл. Гэхдээ нэг зүйлийг бид хэрхэвч мартаж болохгүй. Түүнчлэн энэ хуулиар бид “Орон нутагт татвар тогтоох эрх огт өгөөгүй”. Хэрэв татвар тогтоох эрх өгвөл бид Холбооны улс болно шүү дээ!

Харин “татвартай холбогдож буй харилцаа гагцхүү УИХ-аас тогтоосон нэр бүхий татвар, түүний дээд хэмжээнд багтаан тухай жилдээ хувь хэмжээг нь тогтоох асуудал юм (одоо ч ингэж тогтоодог гэвч цөөхөн)”.

Өмчийн хувьд мөн ижил Нутгийн удирдлагын талаарх Нийгмийн онол гэж бий. Энэ онол ёсоор бүх эрх мэдэл бол Угтаа ард түмнээс эхтэй. Улмаар түүнийг Төр ард түмний өмнөөс хэрэгжүүлж байгаа. Үүнээс үүдэлтэйгээр Төр нь орон нутагтаа зарим эрхээ өгөх байдлаар хэрэгждэг.

Дээрх онолын дагуу Орон нутгийн өмч бол угтаа Төрийн л өмчийн нэг хэсэг. Тэгэхээр Төрийн өөрийн өмчийн зарим нэг зүйлсээ (Энд нь Үндсэн хуулийн 6.2-т заасан өмч бол хамаарахгүй Түүнийг зөвхөн төрийн нийтийн өмчийн хувиар гагцхүү УИХ-аас шийдвэрлэнэ) өгөх хэлбэрээр л хэрэгжинэ.

5)Орон нутаг өмчтэй байх, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэж буй тухайд.

Бид өмчийг нь өгөхгүйгээр хөгжлийн тухай ярих боломжгүй. Энэ ч үүднээс хуулиар Орон нутгийн өмчид хамаарах эд хөрөнгийн хувьд өөрөө удирдлагыг нь хэрэгжүүлэх асуудлыг энэ хууль баталгаажуулж байна.

Орон нутгийн эдийн засгийн хүрээнд яригдах нэг гол асуудал бол нь Орон нутаг “концесс гаргах асуудал”. Энд хуульд заасны дагуу ИТХ нь хууль заасан журам, Сангийн яамны зөвшөөрлөөр концесс гаргаж болох тухай заалт юм.

Тэгэхээр “Орон нутаг” дур мэдэн өөрөө “Концесс гаргах” асуудал бол огт зөвшөөрөгдөөгүй (Хэрхэн зөвшөөрөл өгөх харилцааг Концессын тухай хуулиар зохицуулна). Тэр дундаа “Газраа барьцуулах” ямар ч хууль зүйн боломж байхгүй. Учир нь газар бол төрийн өмч (Үндсэн хуулийн 6.1)!

Гагцхүү төрийн хяналтын дор (Засаг дарга, Сангийн яам) өөрийн эд хөрөнгөөр л эдийн засгийн шинэ эх үүсвэр бий болгох тухай л энд яригдаж буй юм. 

Угтаа бид “нэгжийг эдийн засгийн цогцолбор байх” гэж заагаад түүнийг бүрдүүлэх үндсийг нь олгохгүй байж яаж амьдар гэж шахаж шаардах билээ.

6) Нэгдмэл улсын хувьд Орон нутагт тавих хяналтаа хэзээ ч бууруулахгүй!

Энэ зүйлийг эхлэлд би дурдаж байсан. Энэ хуулийг хамгийн эхэнд барьсан үзэл баримтлал, зарчим бол Монгол Улс Засаг захиргааны хувьд нэгдмэл байх гэх асуудал.

Нэгдмэл улсууд дахь Орон нутгийн өөрөө удирдах ёс гэх асуудалд хэзээ ч салдаггүй (Холбооны улсад ч мөн ижил) зүйл бол Төрийн хяналтыг асуудал юм.

Төрийн хяналтыг энэ хууль өөрөө орон нутагт чиг үүрэг өгч буйгаас л эхэлж харж болно. Өөрөөр хэлбэл, хяналтын хамгийн анхан шатны зүйл бол шаардлагатай бол хууль өөрчлөх замаар орон нутгийн шийдвэрлэх асуудлыг өөрчлөх эрх юм.

Түүнчлэн Засаг дарга бол тухайн орон нутагт Засаг төрийн төлөөлөгчийн хувиар ажиллаж буй субъект. Тийм ч учраас иргэдийн Төлөөлөгчдийн болон Нийтийн хурлаас гарах шийдвэрт хориг тавих, хэрэгжүүлэхгүй байх эрх түүнд олгогдож байгаа. Энэ бол төрийн том хяналт.

Түүнчлэн санхүүгийн болон бусад орон нутгийг нэгтгэн захирах эрх угтаа УИХ, Засгийн газар Үндсэн хуулиар олгогдсон шүү дээ!

7) Төрийн өмч, төрийн нийтийн өмч, газар болон түүний баялаг ард түмний өмч бөгөөд төрийн хамгаалалтад байна

Орон нутагт өмчийн эрх өглөө гэх яриатай зэрэгцэн цаашид орон нутаг өөрийн газраа дураар арилжаад явах гэх буруу ташаа ойлголт байна.

Хэрэв тийм хууль баталбал шууд Үндсэн хуулийг зөрчил болно шүү дээ! Орон нутагт энэ эрх огт, хэзээ ч олгогдохгүй Газар, түүний хэвлийн баялаг бол гагцхүү Төрийн өмч!

Үүнийг энэ хуулиар огт хөндөөгүй! Орон нутгийн өмч бол Хуулиар (Төрийн болон Орон нутгийн өмчийн хуулиар) мөн УИХ-аас шийдвэрлэснээр очих л өмчийг ойлгоно.

Тэгэхээр УИХ буюу төрөөс ямар өмчийг Орон нутагт өгөх (Цөөнгүй өмч эдүгээ Орон нутгийн өмчид шилжсэн байгаа. Хамгийн ойрын жишээ бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, түүний доторх эд хөрөнгө шүү дээ.

8) Орон нутаг дах засаг засаг төрийн төлөөлөгч бол Засаг дарга мөн.

Үндсэн хуулийн 61.1-т “Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэхийн хамт засаг төрийн төлөөлөгчийн хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд шатныхаа байгууллагын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд шатны Засаг даргын өмнө хариуцна” гэж заасан. Эл заалт ёсоор Засаг дарга бол төрийн босоо тогтолцоог, өөрийн удирдлагын хэвтээ тогтолцоонд хэрэгжүүлэг, төр болон орон нутгийн холбогч гүүр юм. Иймийн учир төсөлд иргэд, улс төрийн намуудыг гол маргааны сэдэв болсон Засаг даргыг томилох асуудал яригдав.

Үндсэн хуулийн 60 зүйлд эл харилцааг зохицуулсан. Ингэхдээ 60.1-т Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжүүлнэ” гэх заалт ёсоор товч бөгөөд тодорхойгоор Засаг дарга бол төр гэж ойлгохыг заасан.

Энэ дагуу Үндсэн хуулийн 60.2-т “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэж заасан.

Дашрамд дурдахад Монгол Улсын Үндсэн хуульд агуулгын хувьд “томилно” гэх агуулга бүхий заалт 6 албан тушаалтанд хэрэглэгдсэн байх бөгөөд үүнээс УИХ нь хэнээс асуулгүй Ерөнхий сайд, Цэцийн гишүүнийг томилохоор (эрх олгосон). Ерөнхий сайд танхимын гишүүдээ хэнээс ч асуулгүй томилох (эрх олгосон), Ерөнхийлөгч бол Шүүгчийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор шууд томилох (үүрэг болгосон шинжтэй)-оор зохицуулсан.

Харин Засаг даргын хувьд дээрх зохицуулалтуудаас зарчмын том ялгаа буй нь “иргэдийн Хурлын санал болгосноор томилох”, мөн нэг онцлог нь Үндсэн хуулийн 60.3-т “Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална” гэх агуулгаар дээд шатны засаг дарга болон Ерөнхий сайд Хурлын санал болгосон хүнийг томилохоос татгалзах болох байдлаар зохицуулсан. Нөгөө талаасаа Хурал өөрийн гүйцтгэх байгууллагын албан тушаалтнаа нэр дэвшүүлэх онцгой эрхтэй. Энэ заалт бол угтаа нутгийн өөрөө удирдах ёс “төр болон орон нутгийн өөрөө удирдах ёс хослох зарчим” хэрэгжиж буйн илрэл юм.

Нөгөө талаас Төв засаг өөрийн төлөөлөгчөө томилж буй утгаараа орон нутагт хяналтаа хэрэгжүүлэх гол механизм хэрэгжиж буйн илрэл билээ. Цаад утгаараа бол нэгдмэл улсын бодлогын дагуу өөрийн хүнээ буюу өөрийн доод шатны албан тушаалтнаа хуулийг хэрэгжүүлэхээр Ерөнхий сайд томилж буй хэрэг.

9) Нутгийн өөрөө удирдах байгууллага эрх ашгаа хамгаалах боломж бүрдэнэ

Энэ хуульд анх удаа нутгийн өөрийн удирдлагын байгууллагыг төлөөлөх, тэдний эрх ашгийг хамгаалж болох зохицуулалт орж байна. Энэ нь цаашид орон нутгийн өөрийн удирдлагын байгууллага нь Үндсэн хууль, бусад хуульд заасан эрх ашгаа хамгаалан шүүхэд нэхэмжлэл гаргах, Төсөв болон бусад хуулийг батлахад өөрийн саналаа Засгийн газар хүргүүлэх механизмыг бүрдүүлж байна.

Өмнө тоочин буй зүйлс бол энэ хуулийг зарим нэг чухал зохицуулалт юм. Мэдээж хэрэг бүхэлд нь авч үзнэ гэвэл олон зүйл дурдах шаардлага гарах биз ээ.

ГУРАВ. ХУУЛЬ БАТЛАГДСАНААР БҮХИЙ ЗҮЙЛ БОЛЖ БУЙ БИШ БӨГӨӨД ХАРИН Ч ХАМГИЙН ЧУХАЛ ҮЕ ОДОО Л ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА!

Хууль батлагдах нэг хэрэг, одоо харин энэ хуулийг зөв хэрэгжүүлэх асуудал бол хамгаас хүндрэл бэрхшээлтэй ажил юм. Хуулийг 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхөөр заасан.

Хамгийн түрүүнд энэ хууль хэрэгжих суурийг бүрдүүлэх ажлыг Засгийн газар санаачилга, идэвх зүтгэлтэйгээр хийх шаардлагатай. Юун түрүүнд хууль хэрэгжүүлэхдээ өнөөгийн уламжлалт хандлагаа эрс өөрчлөх шаардлага бий болно. Бид олон хуулиуд дээр нэгэнт батлагдсан хуулийг хуучин хандлагаар хэрэгжүүлэх гээд алдаж, эцэст буруутан нь хууль өөрөө болж хувирсан саяхны тохиолдол цөөнгүйг мэднэ

Иймийн учир Засгийн газар, Яамд өнөөгийн удирдлагын төвлөрсөн байдлаас ангижирч Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гарсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэхдээ шинэ хандлага, шинэ арга барилыг баримтлах шаардлагатай.

Түүнчлэн энэ хууль батлагдан гаргаснаар эдүгээ хүчин төгөлдөр үйлчилж буй 300 орчим хуульд их, бага хэмжээгээр (Хурал болон Засаг даргын эрх хэмжээ голдуу) нэмэлт, өөрчлөлт оруулах нүсэр ажил хийгдэх учиртай. Мэдээж хэрэг энэ бол хууль тогтоомжийн уялдааг хангах том ажил.

Мөн цаашид нэгжийн хуулийг дагалдан гарч буй Төсөв, Татварын хуулиудыг нэмэлт, өөрчлөлтийг дагаж өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй олон дүрэм, журмуудыг шинэчлэх, өөрчлөх ажлыг Сангийн яам манлайлан хийх ёстой.

Хэрэв дээрх өгүүлж буй шинэтгэлийг эс хийвээс хэдэн ч зүйлтэй Нэгжийн хуулийг, Хэдэн ч удаа баталсан өөрийн тусыг эс өгнө гэдгийг бүү мартаасай билээ!

 

Монгол Улс өнө мөнхөд мандан бадраг ээ!  

 

 

 

Хууль зүйн доктор (Ph.D) А.Бямбажаргал

 

Сэтгэгдэл бичих

arrow icon