Нийтлэл 12 сарын 25, 2020

Б.Болор-Эрдэнэ: 2021 онд нэмж 592 төрийн үйлчилгээ цахим болно

Технологийн дэвшлийг ашиглан хэдэн 100 сая ам.долларын үнэлгээтэй компанийн эзэд болж, хэдэн арван сая долларыг гадаад, дотоодоос босгон монгол залуусын эрдэм мэдлэг, ур чадварыг тамгалж буй шижигнэсэн залуусыг цувралаар танилцуулж байна. Энэ удаад харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.

E-Mongolia төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем олон нийтэд нээлттэй болоод удаагүй байна. Үр дүн хэр байна вэ?

 E-Mongolia цахим сайт, утасны аппликэйшн 10 дугаар сарын 1-нд нээгдсэн. Цахим хуудсаар төрийн 181 үйлчилгээ, гар утасны аппаар дамжуулж 130 гаруй төрийн үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгжид хүргэж байна. Бид өдөр тутам хөгжүүлэлт хийж, үйлчилгээний тоог нэмж байгаа. Цахим хуудсанд өнөөдрийн байдлаар 312 мянган иргэн хандалт хийж үйлчилгээ авсан. Хоёр сар гараны хугацааны энэ тоо бол өндөр хандалт. Мөн гар утсаараа 120 мянга гаруй иргэд үйлчилгээ авчээ. Ялангуяа хөл хориотой холбоотой иргэд гэрээсээ төрийн үйлчилгээг авахыг эрхэмлэн сүүлийн 2-3 долоо хоногийн хугацаанд E-Mongolia-ийн хандалт 35-45 хувиар өслөө. 

 E-Mongolia цахим хуудас болон гар утасны аппликэйшнээр хүргэж байгаа үйлчилгээний тоо яагаад ийм ялгаатай байна вэ?        

 E-Mongolia бол төрийн үйлчилгээг нэг үйлчилгээ болгон гаргаж буй цонх. Одоо бидний хүргэж буй 181 үйлчилгээний цаана төрийн 23 байгууллага байгаа. E-Mongolia-д орохын тулд төрийн байгууллагууд цахимжих ёстой. Жишээ нь, архи согтууруулах ундаа зарах зөвшөөрөл авахын тулд цаана нь үүнийг олгодог төрийн байгууллагын зөвшөөрлийг цахимаар дуудах ёстой болдог. Үүнийг цахим хуудсаар авч болж байгаа ч гар утсаар холбогддог болгоход жаахан цаг авч байгаа. Ийм системүүдийг бага багаар холбоод, хөгжүүлэлтүүдээ нөхөөд хийгээд явж байна.

Энэ бүх технологийн хөгжүүлэлтийн монгол залуус, монгол компани хийж байгаа юу?

Тийм. E-Mongolia төсөл дээр Эстони улсын цахим засаглалын акедеми архитектур, загварчлал талаас зөвлөх үйлчилгээ өгч байгаа хэдий ч бүх шатны хөгжүүлэлтийн ажлыг монгол залуус, монгол компани хийж байгаа.

 E-Mongolia гарсны дараа төрийн зарим нэг үйлчилгээ анхнаасаа огт шаардлагагүй үйлчилгээ байсан тухай инээдтэй бас харамсалтай мэдээг би саяхан цахим мэдэээллийн сайтаас уншсан. Одоогийн байдлаар төрийн үйлчилгээний хэдэн хувийг цахимжуулж чадаад байгаа вэ? Үлдсэнийг нь хэдэн жилийн дотор цахим болгох боломжтой вэ?

Төр иргэндээ үйлчилдэг субъект. Төрийн ажилтан бүр иргэнд үйлчлэх ажлыг дам болон шууд утгаар хийж байдаг. Энэ утгаараа хэдэн мянган төрийн үйлчилгээ бий. Иргэдийн авдаггүй төрийн үйлчилгээ ч хэдэн мянгаараа байдаг. Амьдралынхаа турш ганц удаа авдаг үйлчилгээ ч бий. Тухайлбал, төрсний гэрчилгээ, нас барсны тодорхойлолт гэх мэт. Бид судалгаа хийсний үндсэн дээр иргэдийн хамгийн их авдаг, ирэх таван жилд зайлшгүй авах 181 үйлчилгээг хамгийн түрүүнд цахим болгосон. 10 дугаар сарын нэгэнд E-Mongolia-г нээснээс хойш иргэд, хувийн хэвшил, төрийн байгууллагуудаас нэмж 592 төрийн үйлчилгээг нэн яаралтай цахим болгох хүсэлт ирсэн. 2021 онд энэ хүсэлтүүдийг ажил хэрэг болгон, төрийн 592 үйлчилгээг нэмж бүрэн цахимжуулан E-Mongolia руу оруулна.

 Дээр дурдсан асуудлуудыг бүрэн шийднэ гэж тооцвол монголчууд хэдэн жилийн дараа утгаараа Цахим үндэстэн болохоор байна вэ?

E-Mongolia төслийн дизайн болон хөгжүүлэлтийг хийж эхэлж байхад технологийн асуудлууд дээр төвлөрч байсан. Эхний шатыг амжилттай хэрэгжүүлсний дараа энэ төсөл өөрөө засаглалын асуудал гэдгийг манай хамт олон, хэрэгжүүлж байгаа байгууллагууд ойлгож байна. Ямар нэг үйлчилгээг цахимжуулахад цаана нь заавал төрийн байгууллага, төрийн албан хаагч байдаг. Хамгийн наад зах нь бичиг хэргийн ажилтан байдаг. Төрийн байгууллагын энэ бүх үе шат бүр цахимжих нь чухал. Нөгөө талаас онлайнаар гарын үсгээ зураад, тоон гарын үсэг ашиглаж байхад бусад төрийн байгууллага үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй, хүчин төгөлдөр гэж хууль эрх зүйн хувьд үзэхгүй бол цахим шилжилт хийж чадахгүй.

Эстонийн цахим засаглалын академийн хийсэн судалгаагаар Монгол цахим үндэстэн болж, Эстони улс шиг бүрэн цахимжихад зургаан жил шаардлагатай гэж гарсан. Энэ бүхнийг хийхийн тулд нэн тэргүүнд экосистем, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэж Эстони улсын болон Оксфордын их сургуулийн судалгаа гаргасан. Үүний үндсэн дээр бид одоо гурван хуулийн төсөл дээр ажиллаж байна. 2020-2024 онд багтан цахим шилжилтийг хийж дуусган, Цахим үндэстэн болох зорилгын хүрээнд Төрийн цахим харилцааны тухай хууль, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, Хувь хүний өгөгдөл хамгаалах хуулиуд удахгүй батлагдана. Энэ хуулиуд цахим шилжилтийн үндсэн суурь болно. Эдгээр хуулиар иргэн таны ямар мэдээлэл төрд байгааг мэдэх эрх, өөрийнхөө мэдээллийг хамгаалах, хянах эрх баталгаажна.

Хувийн хэвшилд мэдээллийн технологийн бизнес эрхэлж байгаа цөөнгүй залуустай ярилцаж байхад цахим аюулгүй байдлын тухай багагүй хөндөж байсан. Энэ бүхнийг зохицуулах гурван хуулийн төсөл яригдаж байгаа юм байна. Энэ хуулиуд хэзээ батлагдаж, амьдрал дээр хэрэгжиж эхлэх вэ?

Төрийн цахим харилцааны тухай хуулиар төрийн байгуулллагууд эрх зүй, хэм хэмжээг тодорхойлох юм. Жишээ нь, татварын байцаагч татвар бодохдоо тухайн хүний улсын бүртгэл дээр байгаа мэдээллийг харах шаардлагатай болно. Төрийн институтиуд ямар төвшинд иргэдийн мэдээллийг харж болохыг зохицуулна гэсэн үг. Хувь хүний өгөгдөл хамгаалах хуулиар (Personal data protection act) иргэдийн ямар мэдээлэл нээлтэй, эсвэл хаалттай, ямар мэдээлэл хязгаарлагдмал байхыг тогтоон, иргэний ямар мэдээллийг ашиглахдаа төр хувь хүнээс зөвшөөрөл авах ёстойг зохицуулна. Нөгөө талаас таны ийм хувийн мэдээллийг төрийн тийм байгууллагын ажилтан тэдэн сарын тэдэнд ийм зорилгоор ашигласан гэдэг мэдэгдэл E-Mongolia-р тань дээр ирдэг болно. Энэ бол ардчилал, хүний эрхийн суурь зарчим буюу миний ямар мэдээлэл төрд байгааг мэдэх эрх, мөн хувийнхаа мэдээллийг хамгаалах, хянах эрх цахим орчинд баталгаажна гэсэн үг.

Эдгээр хуулийн төслийг бэлдэхдээ бид 40 гаруй улсын ижил төстэй хуулиудыг судлан харьцуулж үзсэн. Энэ ажилд багагүй хугацаа зарцуулсан. Энэ намрын УИХ-ын чуулганаар оруулах бодолтой байгаа. Бүр амжихгүй бол 2021 оны хаврын чуулганаар оруулж батлуулна.

Мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль төслийнхөө хувьд нэршил нь өөрчлөгдөн 10 гаруй жил яригдаж байгаа ч одоо хүртэл батлагдаагүй. Жилээс жилд кибер аюулгүй байдлын нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж байна. Ирээдүйд ямар ч технологи гарсан ашиглах боломжтой хууль байх ёстой. Иймээс энэ хуулийн төсөл дээр маш том багийн шинэчлэн байгуулж ажиллаж байна. Энэ гурван хууль манай мэдээллийн технологийн салбарын залуусын ярьдаг гол асуудлуудын суурь зохицуулалтыг хийнэ гэж бид үзэж байгаа.

Технологи бүгдэд тэгш боломж олгож байна. E-Mongolia-р дамжуулан хүртээмжтэй нийгмийг цогцлоох ямар санаачилгууд явж байгаа вэ?

 Хөдөө, хот болон хот дотроо төвийн ба захын дүүргүүдэд цахим хуваагдал, боловсролын тэгш бус байдлын ялгаа улам гүнзгийрэх хандлагатай байгаа. Энэ бол бидний санаа зовоож байгаа асуудлуудын нэг. Иймээс хөдөө, орон нутаг, дүүргүүдээр сургалт хийж эхэлж байсан ч хөл хорионы улмаас түр завсарлаад байна. Энэ сургалтаар бид иргэдэд үйлчилгээ үзүүлэх биш үйлчилгээг хэрхэн авах тухай сургалт, хичээлийг ялангуяа өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зааж эхэлж байсан. Үүнээс гадна операторын цэгүүдийг байуулан, тэнд сургагч багш нар ажиллаж иргэдэд цахим үйлчилгээг зааж өгнө. Иргэддээ ингэж мэдээлэл өгч, сургаж байж бид цахим шилжилтийг амжилттай хийнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ E-Mongolia үйлчилгээг яаж хүргэх вэ гэдэг дээр нэлээд санаа зовж байна. Тэр утгаараа хүртээмж талаасаа нэлээд анхаарч ажиллаж байна. Үүний нэг жишээ болж байгаа эхний арга хэмжээ бол Чимэгэ гэдэг хэрэгсэл, аппликэйшнийг E-Mongolia дээр оруулж байгаа. Үүнийг хэрэглэвэл таны утсан дээрээ ямар ямар функц байгааг танд хэлээд өгнө. Нөгөө талаас харааны бэрхшээлтэй хүн үйлчилгээ хайхдаа Siri ажиллуулдаг шиг дуу хоолойгоороо комманд өгөх боломжтой.

Хөл хориотой холбоотой 10, 11 дүгээр сард 5600 иргэн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, гадаад пасспорт захиалсан. Бид Монгол Шуудантай хамтран нэг удаа иргэддээ үнэ төлбөргүй хүргэлт хийж өгч байна. E-Mongolia-г дагаад хөгжим ёстой хамгийн том салбар бол шуудан. Газрын зураг дээр байршлаа оруулаад хүргэлтийн цогц үйлчилгээ авдаг шинэ функцийг хийгээд хөгжүүлэлт нь бараг дуусч байна. Иргэд төрийн үйлчилгээ, тодорхойлолт, бичиг баримтуудаа цахимаар аваад Монгол Шуудан компаниар шууд хүргүүлэн авах боломжтой болж байгаа гэсэн үг. Энэ их түгжрэл дунд иргэд, аж ахуйн нэгжийн цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэсэн давуу талтай үйлчилгээ болж чадна гэж бид харж байгаа. Энэ бүхэн E-Mongolia үйлчилгээний үндсэн концепц юм.

Иргэдэд мэдлэг, мэдээлэл олгодог дэд бүтцийг E-Mongolia дээр шинээр оруулахаар ажиллаж байна. Тухайлбал, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хичээлийн гадуур нэмэлт мэдээлэл өгөх, Монгол Улсын хөгжлийн бодлогыг маш ойлгомжтой, богино, сонирхолтой байдлаар хүргэх, шатрын онлайн хичээл оруулах, фэйсбүүк дээр хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах гэх мэт хүний амьдралд хэрэгтэй мэдлэг түгээсэн контентууд удахгүй орж эхэлнэ.

 Гадаадад байгаа монголчууд энэ бүх үйлчилгээг авч чадаж байгаа юу?

 E-Mongolia дээр маш олон магтаал сайшаал ирж байгаа ч нөгөө талаасаа хамгийн том шүүмжлэл энд гардаг. Бид гадаадад байгаа монголчууддаа бүрэн үйлчилгээ үзүүлж хараахан чадахгүй байгаа. Иргэдийн мэдээллийг хамгаалах, иргэнээ таних ажил E-Mongolia-ийн хамгийн чухал хэсэг. Одоо байгаа хувилбар дээр иргэд утасны дугаар, тоон гарын үсэг, эсвэл Монгол Улсад хэрэглэдэг интернэт банкны эрхээр нэвтрэн орох боломжтой. Гадаадад олон жил амьдарч байгаа иргэдэд эдгээрийн аль нь ч байхгүй асуудал гарч байгаа. Бид Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар, Улсын бүртгэлийн газартай хамтарсан ажлын хэсэг байгуулж, тухайн иргэнээ зайнаас таних асуудал дээр ажиллаж байна. Нэгэнт систем дээр амжилттай өөрийгөө таниулсан иргэн дэлхийн хаана ч байсан Монгол Шуудан компанийн олон улсын илгээмжийн үйлчилгээгээр бичиг баримтаа авах боломжтой болно. Гадаадад олон жил амьдраагүй, жишээ нь түр хугацаанд сурахаар явсан залуус интернэт банкны эрхээр ороод төрийн үйлчилгээг цахимаар авахад ямар ч асуудалгүй.

Иргэд E-Mongolia руу гурван чиглэлээр ханддаг. Магтаал сайшаал, шүүмжлэл, бас санал хүсэлт. Цаг хугацаа хэмнэсэн, төрийн хүнд суртлаас ангид үйлчилгээ авсан хүмүүс маш ихээр талархлаа илэрхийлдэг. Монголдоо ирээгүй олон жил болсон хүмүүсийн хувьд дээрх асуудал үүсч байгааг бид шийдэхээр ажиллаж байгаа. Эдгээр иргэдийн зүгээс багагүй шүүмжлэл ирдэг. Бид үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Гадаадад байгаа иргэдээ орхигдуулж болохгүй. Аль болох шуурхай ажиллахыг хичээж байна.

Өнөөдөр өглөө бид иргэдийн санал хүсэлтийг шүүж үзэхэд Мэргэжлийн хяналтын газрын долоон төрлийн зөвшөөрлийг цахим болгож өгөөч гэдэг хүсэлтүүд байсан. Газар авах, аялал жуулчлалын бизнес эрхлэх зөвшөөрөл, бар нээх гэх мэт олон шатлалт үйлчилгээний эрхийг цахимжуулаад өгөөч гэдэг хүсэлтүүд багагүй ирж байна. Энэ дээр иргэн тухайн хүсэлт цахимаар өгсний дараа асуудал нь аль төрийн байгууллагын ямар албан хаагч дээр явж байгааг харж хянадаг функц оруулахаар ажиллаж байна. Төр зөвшөөрөл өгөхийн тулд хуулийн хүрээнд яах аргагүй иргэн, аж ахуйн нэгжийг шалган баталгаажуулах процесс явагддаг. Энэ процесст хугацаа шаардагддаг. Төрийн байгууллагын нэг мэргэжилтэй биш хэд хэдэн мэргэжилтэн шалгасны дараа даргын зөвшөөрөл гардаг. Энэ процесс хэн дээр, ямар шатанд явж байгааг иргэн, аж ахуйн нэгж цахимаар харж хянах боломжтой болно гэсэн үг.   

 Сонирхолтой, чухал мэдээлэл өгсөн танд баярлалаа!

 

Сэтгэгдэл бичих

    • Miss Veronica
    • 2024-01-24

    Pročitajte moje svjedočanstvo o tome kako sam dobio brzi zajam od pouzdane tvrtke. Pozdrav, ja sam gospođica Veronica iz Hrvatske. Bio sam u financijskoj situaciji i trebao sam kupiti kuću. Pokušao sam potražiti zajam od različitih kreditnih tvrtki, privatnih i korporativnih, ali nije išlo, a većina banaka mi je odbila kredit. Ali kako bi Bog htio, upoznali su me s privatnim zajmodavcem koji mi je dao zajam od 90.000 eura i danas imam svoju kuću i vlasnik sam tvrtke i trenutno mi je dobro, ako morate ići na tvrtka za osiguranje zajma. bez kolaterala, bez provjere kreditne sposobnosti, samo 3% kamatna stopa i supotpisnik s boljim planovima i rasporedom otplate, kontaktirajte Davidson Albert Loan ([email protected]). On ne zna da to radim, ali sada sam tako sretna i odlučila sam dati ljudima više informacija o njemu i želim da ga Bog još više blagoslovi. Možete ga kontaktirati putem njegove e-pošte. [email protected]

arrow icon