Нийтлэл 01 сарын 22, 2021

Алтан Алим: КОВИД19 вакцинжуулалтын асуудал дөнгөж эхэлж байна...

Вирусийн халдвар

Ихэнх вакцинд хүч нэмэгдүүлэх тун хэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл эхний тун хийсний дараа тодорхой хугацаа өнгөрөхөд хоёр дахь тунг хийснээр хүний дархлааны системийг дахин идэвхжүүлж, эсрэг биетийг илүү ихээр үйлдвэрлэхэд хүргэж, дархлааны хариу урвалд тохируулга хийнэ гэсэн үг юм.  Дэлхий даяар тархсан хүүхдийн халдварт өвчин болох улаан бурхан, гахайн хавдар, улаануудын гуравт вакцинаар жишээлэхэд нэг тунгаар тариулсан хүмүүсийн 40% хувь нь энэ вирусын халдвар авах боломжтой бол товлолт хоёр тун бүрэн хийлгэсэн хүмүүсийн 4% халдвар авдаг аж. Эхний бүлгийн хүмүүс хоёр дахь бүлгийн хүмүүстэй харьцуулахад улаан бурханаар өвдөх магадлал нь дөрөв дахин их. Гэхдээ энэ нь хоёр тунгаар хийвэл илүү сайн, хүчтэй гэсэн үг бас биш, тухайн өвчин үүсгэгч вирусийн шинж чанар болон вакцины ажиллах механизмаас хамаарна.

Мэргэжилтнүүдийн хэлэх нь улаан бурханы дэгдэлт тодорхой үечлэлтэй, 3-7 жилд давтагддаг гэх. Хүмүүсийн олонх нь товлолт дархлаажуулалтад хамрагдаагүй бүс нутагт дэгдэлт тогтмол гардаг байна. ДЭМБ манай улсыг 2014 онд улаан бурхан өвчнийг устгасан улс болсон гэж зарлаж, гэрчилгээ өгтөл 2015.03 сараас 2016.6 сарын хооронд 53 737 тохиолдол бүртгэгдэн том дэгдэлт болжээ. Тухайн үед товлолт вакцинд хамрагдах хугацаа болоогүй буюу 9 сар хүрээгүй 105 хүүхэд нас барсан (140 хүн нас барснаас 134 нь 5 хүртэлх насны хүүхэд) тул түргэвчилсэн горимд шилжин 6 сартай хүүхдүүдийг вакцинд хамруулж байсан билээ.  Мөн өвдсөн хүмүүсийн дийлэнх залуучууд байсан нь 1986-1998 оны шилжилтийн эдийн засгийн хүчир цагт эрүүл мэндийн салбар жинүйдэн хөвж явах үед төрсөн, өссөн хүмүүсийн нэгэн үе байв. Дараа нь хийсэн судалгаануудаас харахад тэр үед эмнэлгийн орчинд халдвар тархах тохиолдол их байсан юм билээ шүү. Яг БЗД эмнэлэгт тарсан КОВИД19 халдвар шиг...

Монгол Улс үндэсний дархлаажуулалтыг 1962 оноос халдварт саагийн вакцинаар эхэлж, одоогоор 0-15 насны хүүхдүүдийг 12 янзын халдварт өвчнөөс сэргийлэх найман төрлийн товлолт дархлаажуулалтад хамруулдгийг доорх товлолын литээс харж болно. Энд иргэдийн хатгааны вакцин гэж нэрлэдэг нийслэлийн 2, 4, 9 сартай нярайд хийдэг пневмококкын 3-тунт 13 центийн вакцин бичээгүй.  

 

Олон тунт вакцины ажиллах механизм

Эхний тунг хийсний дараа хүний дархлааны систем чухал хоёр төрлийн цагаан эсийг идэвхжүүлнэ. Нэг нь эсрэг биет үйлдвэрлэдэг В эсийн бүлэг. Гэвч энэ эс их богино настай. Вакцин хийлгэсний дараа дархлааны систем идэвхжин эсрэг биет ихээр үйлдвэрлэх боловч хэсэг хугацааны дараа огцом буурна. Өөр нэг чухал эс бол Т эсийн бүлэг. Эс бүр нь тодорхой эмгэг төрүүлэгчийг таньж устгах үүрэгтэй. Зарим Т эс дархлааны ой санамж болж хэдэн арван жил хүний биед байж л байна. Өөрөөр хэлбэл өмнө нь “учирч” байсан эмгэг төрүүлэгчдийн тухай мэдээллийг цээжлээд дайсантайгаа дахин таартлаа амьдарна гэсэн үг. Ихэнхдээ дараагийн учрал хүртлээ тийм ч олуулаа мэнд гардаггүй.

Вакцины дараагийн тунг хийснээр дархлааны системийг дахин ачаална гэсэн үг. Дархлааны эсүүд ажилдаа орж эхний тунгийн дараа идэвхжээд үлдсэн В эсүүд маш хурдан хуваагдан олширч, эсрэг биетийн хэмжээг огцом нэмнэ. Мөн энэ үед ясны чөмгөнд дөнгөж боловсорч буй “орь залуухан” В эс тодорхой эмгэг төрөгчидтэй угсрагдаж, цаашид дэлүүнд очиж бүрэн нас биед хүрнэ. Энэ нь В эсийн тоо огцом нэмэгдэн, үйлдвэрлэж байгаа эсрэг биет нь илүү “чанаржина” гэсэн үг юм.

Ой сайтай Т эсүүд мөн огцом олширно. Чухам энэ эсийн ажиллагаанаас тухайн КОВИД19 халдвар авсан хүн хүндрэх үү, үгүй гэдэг хамаатай болохыг судалгаа харуулжээ. Хялбаршуулан хэлбэл нэг төрлийн титэмт вирусээр халдварлан ханиад томуу хүрч байсан хүний дархлаа КОВИД19 вирусыг таниж байна!

Өнөөдрийн байдлаар Монгол Улс яаралтай нөхцөлд хэрэглэхээр  Пфайзер (Pfizer), Астра Зенека (Astra Zeneca), Модерна (Moderna) үйлдвэрийн вакциныг эмийн бүртгэлд 2021.01.10-нд бүртгэсэн байгаа.

Вакцин дархлаа хоёр

2020.12 сард New England Journal of Medicine-д нийтэлсэн III шатны клиник туршилтын тайланд Pfizer BioNTech BNT162b2 mRNA  вакциныг 21 хоногийн зайтай хоёр тун хийсний дараа үр дүн 95% гэжээ. Сануулахад анагаахын клиник туршилт хийхдээ хэсэг бүлэг хүнд жинхэнэ вакцин, өөр хэсэг бүлэг хүнд плацебо (“хулхи вакцин”) хийгээд үр дүнг харьцуулж үздэг.

Энэ тайлангийн хамгийн сонирхолтой нь доорх график юм. Аль аль группын хувьд вакцин хийлгэснээс хойшх эхний 7 хоногт ямар нэг онцын зөрүү байхгүй явж байснаа 12 дахь хоногоос огцом зам нь салсан байгаа биз? Мөн 95% үр дүнтэй гэдэг нь хоёр дахь тунг хийлгэсний дараа дор хаяж долоо хоногийн дараагаас гэсэн үг төдийгүй халдвар авч өвдөхх эрсдэл 5% байж л байна. Энэ юуг илэрхийлж байна гэхээр вакцин хийлгэсэн өдрөөсөө л “сум нэвтрэхгүй хантааз өмссөн баатар эр” болчихно гэсэн үг биш. Дээр бичсэн дархлааны эсүүд өрөлтөө авч бүрэн ажиллагаанд ортол хугацаа хэрэгтэй.

 

Энд хамгийн сонирхолтой асуулт нь нэг тун хийлгэхэд хэдэн хувь хамгаалах юм бол? Пфайзерын вакцины хувьд энэ үзүүлэлт ойролцоогоор 52% гэж тайлагнажээ.

Их Британийн Дархлаажуулалты Хорооны өнгөрсөн оны хамгийн сүүлчийн өдөр (Жич: энэ өдөр мөн дээрх клиник судалгааны тайлан нийтлэгдсэн!) гаргасан үнэлгээгээр энэ үзүүлэлтийг 89%-92% гэж тооцжээ. Энэ тооцооллоо гаргаж ирэхдээ дээрх судалгааны үр дүнгээс 15-21 хоног дээр дараагийн тун ажиллаж эхлэх хүртэлх 7 хоногийн нэмж тоог авчээ. Ингэснээр дархлааны систем нь идэвхжээгүй үедээ халдвар авсан хүмүүсийг хасах боломж олдож судалгааны хэлээр хөндлөнгийн нөлөөг байхгүй болгожээ. Хэрэв санаж байгаа бол оны өмнөхөн “Pfizer”-ийн вакцины эхний тунг хийлгэсэн сувилагчаас халдвар илэрчээ (montsame.mn) талаар дэлхийн хэвлэл мэдээлэл шуугисан даа? Үүний учир нь энэ вакцин дархлааны системийг идэвхжүүлэх хүртэлх “цонх үе”-д халдвар авч өвдсөн гэсэн үг.

Уг хороо цаашид Пфайзер болон Астра Зенекагийн вакциныг хоёр тунгаар хийх нь зөв, гэхдээ богино хугацаанд олон хүн хамруулах шаардлагатай, ялангуяа өндөр халдвартай шинэ омог эргэлтэд орсон энэ үед вакцин хоорондын зайг сунгаж 3-с 12 долоо хоног хүртэл болгож, эхний тунг хийх ажилдаа хүч нөөцөө төвлөрүүлэх нь ойрын хугацаанд нийгмийн эрүүл мэндийн байдалд нөлөөлөх, цаг бус үхлийг бууруулах юм гэжээ.

Туршлага

Манай төр засаг КОВИД19 вакцинжуулалтын төлөвлөгөөгөө хийж байгаа. Удахгүй батлах биз. 2009 оны А хүрээний (H1N1/09) томуугийн цартахлын (гахайн ханиад)  үеийн дархлаажуулалтын төлөвлөгөөнөөс харахад 11 жилийн өмнө манай хүчин чадал ийм байжээ. Үүнд:

  • Хуурай агуулах 161 500 л.,
  • Сэрүүн агуулах (+2- +8C хэм) 25 830 л.
  • Хүйтэн агуулах (-15C - -25C хэм) 10 509 л

Тухайн үед хүн амынхаа 60% буюу 1 293 600 хүнд вакцин хийхээр төлөвлөж байжээ. (Жич: ҮХС статистикаар 2010 онд Монгол Улсын хүн ам 2 760 968 байсан юм. Хувь хэмжээний зөрүү нь мань мэтийн гадаадад байсан хүмүүс шүү!) Хорогдох тунтайгаа нийлээд 1 672 000 хүн/тун вакциныг нийт 10 028 600 сая* төгрөг буюу  2010 оны улсын төсвийн нийт орлого, тусламжаас ГУРАВ дахин их? төлөвлөжээ. *Энд ЭМЯ-ны санхүү-нябо орон алдсан байх. 

Эхний ээлжийн 100 000 хүн/тун (нэг тун 14000 төг буюу тухайн үеийн ханшаар 10 орчим ам доллар) вакциныг ДЭМБ тусламжаар өгсөн бөгөөд дархлаажуулалтад хүн амын 4% буюу халдвартай нөхцөлд ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, онцгой байдал, хил, гааль, мэргэжлийн хяналт, агаарын болон төмөр замын тээврийн зайлшгүй шаардлагатай албан хаагчид, 20 долоо хоногтойгоос дээш жирэмсэн, уушгины архаг эмгэгтэй хүмүүст хийжээ. Нийт 1.5 тэрбумыг төсөлвлөснөөс Засгийн газар 156.4 сая төгрөг гаргана гэжээ. 

Зардлын задаргаа

Томуугийн энэ вакциныг  9 хүртэлх насныханд хоёр тунгаар, насанд хүрэгчдэд нэг тунгаар хийх заалттай байв. Өндгөнд ургуулж гаргаж авсан вирусээр хоёр хэлбэрийн вакцин хийсэн ба тарьдаг идэвхгүй вирустэй, нөгөөх нь хамарт цацдаг идэвхтэй вирустэй байсан. Жич: Улирлын томуугийн вакцин хийлгэхэд өндөгний харшилтай эсэхийг асуудаг нь уг вирусыг өндгөнд ургуулж гаргаж авсантай холбоотой юм.

Цар тахлын ид үед Шотландад хийсэн судалгаагаар уг вакцин 95% үр дүнтэй нь нотлогдсон боловч 2010 оны эхэн гэхэд хүн амын 30% ямар нэг хэмжээнд уг вируст дархлаатай төдийгүй 1918 оны Испани ханиадны дархлаатай хүмүүс уг вирусээр өвдөх нь бага, харин залуучууд ихээр өвдөж байгааг тогтоожээ. 2010 оны дөрөвдүгээр сар гэхэд үйлдвэрлэсэн вакцины ихэнх нь шаардлагагүй болжээ. Жишээлбэл, АНУ 229 сая хүн/тун вакцин худалдан авсан атлаа 91 сая хүн тунг хэрэглэж, 5 саяыг хадгалаад, 15 саяыг нь хөгжиж буй орнууд руу тусламж болгон явуулж, 71 сая тунг устгажээ. 

Гахайн ханиад 2009 онд дэлхийн хүн амын 25 орчим хувийг халдварлуулж, 285 мянга орчим хүн нас барсан гэж тооцдог. Монголд гахайн ханиадны 1505 тохиолдол 2009-2011 онд бүртгэгдэж, 30 хүн нас барсан ба нийт 700 000 хүн вакцинжуулжээ. Нийт өвчлөлийн 45.5 хувь нь 15-29 насны залуучууд байсан. (Г.Сүрэнханд: Гахайн ханиад дэгдэх үед хамгийн эрсдэлтэй хүмүүс нь жирэмсэн эмэгтэйчүүд байсан (ikon.mn))

Цаашаа яах вэ хэдүүлээ?

Ямар ч байсан эхний 100 000 тунд хүртлээ хүн бүр амь бие, эрүүл мэндээ сайтар хамгаална. Гараа угаана, маскаа зүүнэ, хүн хоорондын зай барина, гадуур хэсэхгүй, гэртээ сууна. Битүү орчинд 15 минутаас илүү болохгүй.

Төр засаг нь халдварлах чадвар өндөр вирусын шинэ омог оруулж ирэхгүй байхын төлөө чадлаараа үзнэ. Эмч нар нь шантралгүйгээр халдвар мөшгих, олж тусгаарлах, шинжлэх ажлаа үргэлжлүүлэн хийнэ. Тэгж байтал вакцинтай золгоно. Ерөнхийлөгчийн сонгууль ч болох биз.

Эхний вакцинаа хийж байтал стратеги, тактикаа өөрчлөх асуудал гарна. Өмнөх алдаануудаасаа сургамж авч цаашдаа улам л хичээх хэрэгтэй болно байх.

Хүмүүсийн зан дадал, нийгмийн араншин ажиглан судалдаг хүний хувьд хэлэхэд хорио цээр тогтоосон нэг жилийн (бараг) хугацаанд нийт монголчуудын хувьд дараах өөрчлөлт гарчээ.

  1. Бид маск зүүж сурлаа. Утаанаас хамгаалж зүүлгэх гээд чадаагүй зүйлийг корона гуай гялс журманд нь оруулчихлаа. Одоо бүгдээрээ зөв зүүх гэдэг дээрээ жаахан анхаарах хэрэгтэй байна. Бас маскаа ил задгай хаяхгүй байхад анхаарахгүй бол болохгүй нь.
  2. Монголчууд хотын соёлд дадаагүй, сумын төв хавьцааны иргэншилтэй хэвээрээ л байгаа юм байна. Иймд цагаан сараар ард биднийг гэрт нь уяхын тулд хэд хоног ТВ-р бөх барилдуулж л таарах нь дээ. Угаасаа бөх бол төр юм чинь.
  3. Төр улсын хувьд бид бас болоогүй л юм байна. Уг нь хэдүүлээ энэ жил ТУЛГАР ТӨРИЙН 2230, ИХ МОНГОЛ УЛСЫН 815, АРДЫН ХУВЬСГАЛЫН 100, АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН 32 ЖИЛийн ой тэмдэглэж байгаа тийм ээ? Тэгсэн атлаа хэдийгээ хилийн цаана хаячихаад оруулахгүй новшроод л. Эрх баригч Ардын нам 100 жилийн ойгоо угтаж гадаадад гацсан элэг нэгтнүүдээ бүгдийг нь татаасай. Гадаад байгаа хэдэд маань вакцин олдоосой.
  4. Бидний хоймортоо залж, амь амьдралаа даатгасан улс төрчид, дарга нар, төрийн албаныхны чадал, чансаа, бодит байдлыг олж харцгаалаа. Өөрөөр хэлбэл Монголчууд өөрсдийнхөө ямар ч гоёл чимэг, будаг шунх, засвар замазкагүй нүцгэн төрхөө олуулаа зэрэг олж харлаа.

Жичийн жич: Израиль вакцинжуулалт хурдтай, хамралт хамгийн өндөр байгаа нь ганц тунгаар хийж байгаа юм билээ. Алдаа гарч байна гэж мэдээлж буй ч нэг тунгаас болсон уу, угаасаа өндөр халдварлах чадвартай вирусын омгоос уу гэдгээ чг одоогоор ялгаж салгаж судлаагүй байгаа...

 

2020.01.20

 

 

 

Сэтгэгдэл бичих

    • ЗУЛАА
    • 2021-01-25

    бас л хэрэгтэй мэдлэг мэдээлэл өгөхөөр бичжээ. Болушка та 2 күүл шүү

    • ч.ганзориг
    • 2021-01-23

    баярлалаа

    • Уншигч
    • 2021-01-23

    Баярлалаа. Бөх барилдуулах санал бол үнэхээр зөв шүү.

    • Dulamjav.D
    • 2021-01-23

    Bayarlalaa

arrow icon