Нийтлэл 02 сарын 12, 2021

Цагаан сар цуврал : Монголын цагаан сар, бид бол монголчууд

Дэлхийн олон үндэстэн ястан өөр өөрийн гэсэн өвөрмөц соёл, иргэншил, ёс заншилтай байдаг. Энх тэнгэртээ залбирч, этүгэн газраа хайрлан амьдардаг эх үндэстэн монголчууд бид байгаль, дэлхийн ааш аяг зөөлөрч хаврын тэргүүн барс сар гарахад шинэ он ирлээ хэмээн он тооллыг арга, билгээр шинжин, арван хоёр амьтны нэрээр нэрлэж өдөр хоног, сар, улирлаа тооцдог өөрийн гэсэн уламжлалт ёс заншилтай билээ. Эзэн Чингис хаан 1227 оны улаагчин гахай жил Тангуд иргэнийг дайлан эзлээд хаврын тэргүүн Барс сарыг Монгол тооллын жилийн тэргүүн сар болгон тоолсноор цагаан сар эхэлдэг хэмээн түүх өгүүлдэг. Он жил нэгээс нөгөөд шилжих энэ мөчид бүхнээ хүлээсэн шинэ он, цаг эхлэн монгол орон даяар газар сайгүй баяр хөөр болж энэхүү өгөөмөр үеийг цагаан сар хэмээн бултаар тэмдэглэн, үндэсний ёс заншлаа дээдлэн, тэнгэр хангайдаа сүүн цацлаа өргөн, улс үндэстнээрээ эв нэгдлийг бэлгэдэн золгодог уламжлалтай. Энэ билэгт сайн өдрөө монголчууд ёс төртөй угтаж, амь нас, аж амьдрал, хувь заяагаа даатган тэнгэр бурхандаа залбирдаг бөлгөө. Нар хаяалбараасаа улам дээшлэн мандаж, ирэх бүр өдөр буудайн чинээ уртсан, хаврын урь орж, хүн бүхний сэтгэл тэнийн урин цаг, улирал ирлээ хэмээн бэлгэшээдэг юм. Эдүгээ аргын тооллын 2016 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр бидний бага наснаас хэлж сурсан “Үзсэн бүгдээ элэглээд байдаг... бичин жил” буюу арвандолдугаар жарны гал бичин жил гарах тул бүх бичин жилтнүүдийн жил орж бусад бүхний хамтаар нэг нас нэмнэ. Жил орох гэдэг энэ арван хоёр жилийн тойруулга нэг бүтэн эргэж, төрсөн жил нь эргэн ирж буй тул 13, 25, 37, 49, 61, 73.. гэх мэт настны жил орно. Бичин жилд төрсөн хүүхдүүд нэг хий настай хэмээн мөн энэ тойруулгад эхлэн орж буй.

Өнгөрсөн хөхөгчин хонин жил бидэнд тусгаар Монгол улсын 3 сая дахь иргэнийг өөрийн биеэр тээн ирсэн аз, хийморь төгс, бяцхан охин Монголжин маань моринд жилд төрсөн нэг хий настай тул билгийн тооллын энэ бичин жилд (хуучны ёсоор бол) мөн нас нэмэх учиртай юм. Жилээр бус сар дөрөөлөн нас нэмж буй охин хүүхэд төрнө гэдэг монгол түмэн улам олон болж, өсөн дэвжихийн билэгдлээр гарч буй сар шинээ бид гурван саяулаа өнөр өтгөн болж монгол түмний амьдралын эх сурвалж болсон мал сүрэг маань тавин саяд хүрсэн батбэлэгдлээр бичин жилээ угтаж буй юм. Улсынхаа Ерөнхийлөгчөөс нэр хүртсэн Монголжин охин маань энэ хүнд цаг үед, монголчууд биднийг тийм ч амархан хүрдэггүй эв нэгдэлд дагуулсан онцгой сайн үйл болж төр засаг, иргэн бүхэн түүнийг “Бид олуулаа боллоо, Бид гурван саяуулаа боллоо” хэмээн билэгшээн угтаж байлаа.

Ийнхүү ээлжлэн урсах он жил, сар, өдөр, цаг, мөч бүхэлдээ байгаль, дэлхий орчлонтойгоо амин холбоотой агаад монгол хүний заяа төөрөг ямагт өөдрөг, өсөн дэвжихийн үндэс болсоор ирсэн юм. Бидний туулсан амьдралд жаран жилд нэг удаа тохиох гал бичин жил сайн, саар янз бүр л байсан нь л даа. “Бич дургуй зүйлээ нээн элэглэж, дуртай зүйлээ нэхэн дуурайдаг гэдэг. Энэ нь хүний хувьд бол дургүй зүйлээсээ дутагдлыг амархан олдог гэсэн утгатай юм. Иймээс гарч буй гал бичин жил сөрөг харш бүхний үүдийг хааж, бид бүхний хүсэн хүлээж буй сайн сайхан амьдралыг тэтгэн, саар бүхнийг элэглэн арилгах болтугай хэмээх билэгдлээр сар шинээ угтацгаая.

Цагаан сар бол өнө эртнээс өдгөө хүртэл өвөг дээдсээс маань уламжлан үлдсэн шашин, төрийн гүн утга агуулга, язгуур ёс заншил, өнгө төрх бүхий үндэснийхээ онцлогоо хадгалан үлдсэн монгол түмний цорын ганц баяр, бидний түүхэн уламжлал, ахуй соёлын маань үнэт өв юм. Эл бүгд нийлвээс улс үндэстний эв нэгдэл, туурга тусгаар монгол түмний өнө мөнхөд оршин тогтнохын үндэс суурь нь болно.

Бид бээр улаан залаат, хөх толбот монгол хүн шүү гэдгээ ямагт санаж, бид бол өрнө дорныхноос огт өөр, бид бол өөрийн гэсэн бичиг үсэг, хэл яриа, цаг тоолол, ахуй соёл, зан заншилтай энэ бүхнийхээ дагуу цагаан сар, баяр наадмаа хийдэг улс үндэстэн, бид бол бусадтай адилгүй, бид бол үндэсний үзэл, өөрийн гэсэн уламжлал, түүх соёлын өвтөй ард түмэн гэдгээ илэрхийлж буй нэг том боломж юм. Хаана төрсөн нь хамаагүй ээ, удам угсаа нь, сэтгэл санаа нь би монгол хүн гэсэн эх оронсог сэтгэхүй нь хамгаас чухал. Энэ нь хилийн чандад буй монгол гарал үүсэлтэй бүх хүмүүст хамааралтай гэсэн үг. Иймээс Цагаан сар, Балданлхам бурхнаа дагуулан Та бидэнд, дээрх батбэлгэдэл бүхнийг өвч биедээ агуулсан ёс заншилт монгол хүн гэдгээ ямагт эргэн санах тэр мөчийг жилийн жилд үргэлжлүүлэн авч ирдэг юм. Цагаан сарын баяр бол монгол хүний уужим ухаан, ариун цагаан сэтгэл, цог хийморийг бадрааж, гарч буй жилийн эхнээс зөв замнахад зууч болох учиртай, жилдээ нэг тохиох бэлгэдэл чанарын маань агуулга юм.

Гадаад орнууд баярын өмнө

Гадаад орнуудад иймэрхүү үндэсний чанартай том баяр болгоны өмнө нийтийн тээвэр, харилцаа холбоо, нийтийн өргөн зугаалга болон урлаг, спортын тэмцээн зохион байгуулж, нийтийн аюулгүй байдалд онцгой анхаарч байдаг. Баярын өмнөх өдрүүдэд үйлчилгээний байгууллагууд үнийн хямдрал зарлан уртатгасан цагаар ажиллаж, үзвэрийн газруудад үндэснийхээ соёл урлагийн түүхэн бүтээлүүд, үндэсний дуу хөгжим, ёс заншлын болон ардын урлаг хуучны наадгай тоглоом зэргийг гадаа гудамж талбайд өргөн дэлгэр гаргаж иргэд олон бүгдээр баярын уур амьсгалд сэтгэл тэнүүн ордог.

Дэлгүүрүүд ингэж үнээ хямдруулах гэрээг анхнаас хийн, үйлчилгээнийхээ зөвшөөрлийг авч байдаг. Шинээр орон сууц барих компаниуд мөн ялгаагүй тодорхой хувиар бага орлоготой гэр бүлийг хөнгөлттөй үнээр суулгахаар гэрээлж барих эрх авдаг. Нийт иргэд баярын хямдралд зориулж хадгалсан хадгаламжаараа хэрэгцээт эд зүйлсээ, хүүхдүүд мөрөөдсөн бэлгээ авахад зориулж өргөн боломж энэ үер нээгддэг тул оны эхнээс онцгой хүлээдэг үйл бол энэхүү үнийн хямдрал юм.

АНУ-д хамгийн том үнийн хямдрал жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлчээр тэмдэглэдэг “Талархлын баяр” болон Шинэ жилийн өмнө болдог. Энэ бол манай цагаан сартай төстөй ёс заншил бүхий бүх нийтийн баяр. Иргэд энэ өдрүүдийг анаж байгаад үр хүүхэд, ах дүү төрөл садан, амраг ханьдаа өх бэлэг сэлт, гол хэрэглээний зүйлээ хямдралтай авч баяр хөөр болж сэтгэл нь сэргэж, баярын урам нэмэгдэнэ. Дэлгүүрүүдэд нь өргөтгөсөн худалдаа, хямдрал зарлаж үнээ сайн буулгаж иргэд энэ үеэр бэлэг сэлтээ авдаг. Хүүхдийн тоглоом, бүсгүйчүүдэд гоёлын барааны болон төрөл бүрийн хямдралын купон, карт гаргаж хүмүүс баярын уур амьсгал дунд энэ мэтээр бүгд бэлдэж, дэлгүүрүүд сарын өмнөөс үнээ хямдруулж эхэлдэг. Зарим хүмүүс тодорхой хэмжээний мөнгөн агууламжтай цахим карт өгч түүнийг авсан хүн дуртай бэлэг дурсгал болон бүх зүйлийг ямарч дэлгүүрээс чөлөөтөй авч болдог. Ийм зүйлийг тэд нарийн бодлого хөшүүргээр зохицуулдаг. Манайд ч гэсэн цагаан сар болон бусад нийтлэг баярын өмнө ийм үнийн хямдрал гаргавал буянтай үйл болох нь дамжиггүй. Бид чинь төрийн зохицуулалттай эдийн засагтай орон гээд байгаа шүү дээ. Ийм зүйлийг хийж чадахгүй бол юуных нь зохицуулалт байх юм. Баярын өмнө эд бараа, хоол хүнсний үнэ тэнгэрт хадаж, ихэнх иргэдийнх нь авдаг цалин, олдог орлого нь баярын хэрэгцээгээ хангахгүй бол сэтгэл дүүрэн баярлаж чадахгүй шүү дээ. Иймийг үндэсний хэмжээний баяр гэж нэрлэх нь учир дутмаг байхаа. Гэсэн ч манайхан “Сар шинэдээ сайхан оров уу?”, “Сайхаан” гээд л амны бэлэгтэй золгоцгоодог юм.

Сар шинэ болон бусад нийтлэг баярын өмнө иймэрхүү ажил зохион байгуулж дэлгүүрүүд өргөтсөн худалдаагаар үний сайн хямдрал гарган үндэсний үйлдвэрүүдээ дэмжин бүтээгдэхүүнээс нь бэлэг сэлтээ сонгоцгооё. Өвлийн хүйтэнд гаднын гаалийн үүдэнд өнжин, хонон хүлээж үнэт цаг, мөнгөө барж байхаар үндэснийхээ бэлэг сэлтээр цагаан сараа тэмдэглэх нь үндэсний хэмжээний баяр гэх агуулгадаа нийцэх буйзаа. Үүнийг зохион байгуулах нь гар дээр бэлэг тавихгүй, бүсээ чангал гэснээс илүү өгөөжтөй зүйл болно. Уул нь бүсээ чангалахаас өмнө бид ханцуйгаа шамлах нь дээр байж л дээ. Бүсээ хичнээн чангалавч, ходоод хоосон бол өлсөх бус уу.

Н.Бадарч

 

Сэтгэгдэл бичих

arrow icon