Нийтлэл 02 сарын 17, 2021

21-р зуунд хамгийн эрэлттэй оюуны чадварууд

Монгол хэлний толь бичигт “Сэжиглэх” гэдэг үгийн утгыг дараах байдлаар тайлбарлажээ:

  • Аливаа үйлдлийн зөв бурууг тогтооход энэ тийм болов уу гэж төсөөлөн тааварлах, хардах
  • Муу муухай юмнаас жигшиж дургүй хүрэх

Товчхондоо, сэжиглэх гэдэг нь хүн өдөр тутмын хувийн болон нийгмийн амьдралдаа зөв, оновтой шийдвэр гаргахын тулд тухайн зүйл яг юу вэ, мөн чанар нь юу юм, эм үү хор уу, сайн уу муу юу, буруу юу зөв үү, ямар үр дагавартай байх вэ зэрэг олон мэдээллүүдийг боловсруулан, өөрт тохирох зөв замыг сонгоход тусалдаг ач холбогдолтой оюуны үйл юм.

Зэрлэг байгал дээрх амьтдыг төсөөлөөд бодъё. Амьд үлдэж, үр удмаа үлдээх нь тэдний тэргүүн зорилт. Нэгэнт байгал дээр хүчтэй нь хүчгүйгээ гэсэн хууль үйлчлэх учир амьд үлдэж, бусдын өгөөш болохгүйн тулд амьтад маш өндөр сонор сэрэмжтэй байх ба бүх мэдрэгчүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байх ёстой. Аюул дан ганц, хүчтэйгээс ирэхгүй. Урхи, занга, зүсээ хувилгасан аюул хаа сайгүй нуугдах тул сэжиглэх чадвар дээд хэмжээнд хөгжсөн байх шаардалагатай. Эс бөгөөс бусдын идэш болох, урхинд унах, хууртагдах, хордож үхэх зэрэг эцсийн үр дүн хүлээж байгаа. Модонд ургасан амтат жимсийг идтэл хор байвал яах вэ? Сайхан үнэр ялгаруулсан амьтан, ургамал үнэндээ махчин байвал яах вэ? Тиймээс бусдын өгөөш болохгүйн тулд сэжиглэх шаардлага зайлшгүй үүсчээ. Сэжиглэх нь эволюцын явцад амьтад суралцаж, олж авсан хосгүй чадвар аж.

Хүн бас л нэг эст биетээс үүсч, хэдэн зуун сая жилийн эволюцийн явцад өнөөдрийн төрхийг олж, амьтны аймгийн нэг бүрэлдэхүүн болж чадсан нь сэжиглэх чадварт сайн суралцсаны баталгаа гэхэд хилсдэхгүй болов уу.

Суралцах суралцахдаа бусад амьтадтай харьцуулахад дан ганц гадны аюулаас сэргийлэх, амьд үлдэх, үр удмаа үлдээх зэрэг байгал-биологийн хэрэгцээг давж, өөрийгөө таньж мэдэх, хүрээлэн буй орчноо таньж мэдэхийг эрмэлздэг. Таньж мэдээд зогсохгүй, тэр мэдсэн нь баталгаатай, үнэн зөв үү гэж эргэлзэх, хардах зэргээр мэдсэнээ улам бататгах, буруугаа залруулж улам сайжруулсаар мэдлэг (улс, хот, физик, хими, математик, мөнгө, мэргэжил, үнэ цэнэ, зөв буруу, сайн муу, сайхан муухай г.м) бүтээх төвшинд хүрэхэд сэжиглэх процесс тулгуур нь болж өгчээ. Тиймдээ ч сэжиглэх нь хүн төрөлхтөний бүх мэдлэгийн тулгуур багана, оюуны дархлааны манаач байдаг аж.

Хүний амьдралд аюул дан ганц гаднаас биш тухайн хүнээс өөрөөс нь ирэх тохиолдол элбэг учир хүн өөртөө эргэлзэх шаардлагатай. Энэ нь бидний бусад амьтадтай харьцуулахад сэжиглэх чадварыг илүү эзэмшиж, хөгжүүлж чадсаны бас нэг илрэл юм.

Сэжиглэх нь олон хэлбэрээр явагддаг аж. Хамгийн энгийн нь юу вэ, яагаад вэ, яаж вэ, би хэн бэ зэрэг танин мэдэхүйн асуултуудаас эхэлдэг. Мэдсэн нь үнэн, баталгаатай эсэхийг мэдэхийн тулд олон янзын туршилтууд хийх нь сэжиглэхийн нэг хэлбэр. Хүний хараа, сонсгол зэрэг 5 мэдрэхүй төгс биш алдаатай учир тухайн мэдрэхүйн эрхтэнээр дамжин орж ирэх мэдээлллүүд алдаатай байх бүрэн боломжтой. Бид алдаж сонсох, буруу харах магадлал тун өндөр тул зөвхөн харсан сонсоноо баталгаатай гэж андуурсан тохиолдолд ямар их алдаа гаргаж болох талаар Даниел Каннеман “Thinking, Fast and Slow” номондоо онцолсон. Олон тохиолдолд эцсийн, баталгаатай, яг тэр гээд дүгнэлт хийхэд мэдээлэл дутуу болон алдаатай байх магадлал өндөр байдаг. Түүнчлэн, эмоци, мүүд (кофе уусан үгүйгээс мүүд нь хамаарах хүн олон) хэрхэн, хүний шийдвэр гаргалтад нөлөөлж, аливааг яг байгаагаар, бодитоор харахад саад болж, бүр өөрийн төсөөлөөгүй чиглэл рүү хөтөлдөгийг дээрх номноос тод харж болно.

Тиймээс хүн зөвхөн сонссон, харсан эсвэл өөрийн үзэж туулсанаа баталгаатай мэдчихлээ гэж дүгнэлт өгөх маш том алдаа шүү гэдгийг хүн төрөлхтөн аль эрт ухаарчээ.

Эртний Грекчүүдийн боловсролын тулгуур болох “Know Thyself” буюу өөрийгөө танин мэд гэсэн нь дээрхи бүрэн мэдчихлээ гэж итгэлтэй болох хүртлээ өөрийгөө сэжиглэх, эргэлзэх, өөртөө байнга асуулт тавьж байх хэрэгтэй гэсэн санааг хэлсэн хэрэг биз.

“Өөртөө эргэлзэх гэдэг нь өөрийн мэдрэхүйнүүдээр дамжин орж ирсэн мэдээлэл бүрийг баталгаатай мэдлэг гэж эцсийн дүгнэлт шууд хийлгүй, мэдээллээ сэжиглэх, мэдээллийн эх үүсвэрийг хардах, давхар шүүлтүүрээр оруулах процессыг хэллээ”.

Цаашлаад оюуны дээд түвшинд критик хийх (critic гэдэг нь эртний Грекийн критикос буюу сайнаас мууг, сайхнаас муухайг, үнэнээс худлыг, зөвөөс бурууг, алдаагаас оноог ялгах гэсэн утгатай үг) чадварууд дээр мэтгэлзэх, дискурс хийх зэрэг багтдаг аж.

Сэжиглэх чадвар эзэмшсэн хүн өөртөө итгэлтэй байдаг. Яагаад гэвэл тэр юу мэдэх, мэдэхгүйгээ сайтар мэдэх учир мэдэхгүй зүйлдээ яаран дүгнэлт өгөхгүй бас мэддэг зүйлдээ жанжин шугамаа алдахгүй. Мэдэхгүй зүйлдээ яаран дүгнэлт хийхгүй учир хэт нэг талийг барьж туйлшрахгүй.

Сэжиглэдэг хүн дутуу дулимаг мэдсэн зүйлээ бусдад хүчлэхгүй харин дутуугаа нөхөж мэдэхийн тулд бусдын санал бодлыг анхааралтай хүлээж авна. Нэгэнт хүн алддаг, дутуу мэддэг гэдгийг ойлгох учир тэрээр бусдын алдааг уучлах, хамтрахыг илүүд үздэг. Асуудлыг зэмэлж суухын оронд шийдэл олохыг эрмэлзэх нь тэдний түгээмэл шинж.

Сэжиглэх чадварт суралцсан хүний критик хийх чадвар өндөр учираас аливаад хар сохроор итгэж, хууртахгүй, мухар сүсэглэхгүй бас шүтэхгүй. Сэжиглэдэг хүн муу, муухай, буруу, бурангуйг жигшиж, аливааг сайжруулахын төлөө, урагш хамтдаа хөгжихийг эрмэлзэх учир шүүмжилдэг.

Сайжрахыг, сайжруулахыг хүссэн хүн л шүүмжилдэг гэж Плато бичсэн байдаг.

Дээр онцолсон шүүмжлэх нь AD HOMINEM буюу бусдын зан чанар, гадаад төрх зэрэг тухайн хэлэлцэгдэж буй аргументэд ямар ч хамааралгүй хувь хүний шинж чанар луу дайрч, доромжлох, гүтгэх үйлдэлтэй тэс ондоо болохыг анхаарна уу.

Нэг ёсондоо, хүн байх суурь чадварт сэжиглэх чадвар тэргүүн байр эзлэх ёстой аж. Юуг сэжиглэх вэ гэхээр, юун түрүүнд өөрийгөө. Амьдралыг асууж, шалгааж, сэжиглэхгүй бол тэр амьдралын үнэ цэнэ нь хаанаа байна вэ, өөрийгөө л хуурсан хэрэг биш үү гэж Сократ 2600 өмнө сургажээ.

Хүн бүр амьдралдаа ямар нэг мэдлэгт суралцаж, мэргэжил эзэмших ёстой хэдий ч аливааг хэрхэн хийхийг суралцахаас өмнө хүн байхын суурь чадвар болох сэжиглэх чадварт суралцах ёстой.

Суурь боловсрол гэж байгаагийн гол учир нь аливаа фактыг цээжлүүлэх, цээжилсэнээ дуржигнатал уншиж сургахдаа биш дээрх суурь чадвар буюу сэжиглэх чадварт сургахад оршино.

Сэжиглэх нь тэгэхээр боловсролын амин сүнс байх учиртай. Боловсрол нь ардчилалын амин сүнс юм бол сэжиглэх чадвар нь ардчилалын амин сүнс байж таарах нь ээ. Асууж, эргэлзэж, сэжиглэж, шүүмжилж хөгжих эрмэлзэлтэй хүмүүс л ардчилсан нийгмийн иргэд байж таарах нь.

Хүн төрөлхтөний энэхүү хүн байх суурь чадварыг (сэжиглэх чадвар) эзэмшүүлэх боловсролын тогтолцооны шав тэртээ 2600 жилийн өмнө Афинд тавигдсан ба өнөөдөр асуух, критик хийх зэргээр сэжиглэх нь өндөр хөгжилтэй орнуудад институцичлагдан, институцийн төвшинд хөгжсөөр өдийг хүрчээ.

Америк, Англи, Герман, Япон гээд өндөр хөгжилтэй орнуудад парламентийн төвшинд хүртэл аливаа нэг чухал асуудлын талаар сонсгол, зөвлөгөөн явагддагийг бид мэднэ. Төрийн чухал албан тушаалтныг томилохын өмнө тухайн кандидатыг парламентийн гишүүдийн өмнө авчирч шалгааж гардаг бодит жишээ бий.

Бизнест хүртэл бүтээгдэхүүн үйлчилгээгээ эцсийн хэрэглэгчийн гарт хүргэхийн өмнө олон шатлалтай чанарын шалгалт хийж, дахин дахин тест хийж байж сая нэг зах зээлд гаргадаг.

Ирээдүйд технологийн хөгжлийн улмаас олон арван мэргэжил, чадварууд устаж, ямар ч хэрэгцээгүй болох ч харин эсрэгээрээ хамгийн эрэлттэй байх оюуны чадваруудын тэргүүнд эгнээд критик хийх чадвар, асуудлыг шийдэх чадвар зэрэг үндсэн сэжиглэх чадварууд багтаж байна. Техник технологи улам хөгжихийн хэрээр хүний оюуны суурь чадвар улам эрэлттэй болох тренд байгааг онцлох хэрэгтэй болов уу.

Сүүлийн жилүүдэд дэлхийн олон оронд, тэр дундаа өндөр хөгжилтэй орнуудад хүртэл, популизм эрчээ авч, хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйлүүд рүү шившигтэйгээр халдах тренд ажиглагдах болсон нь сэжиглэх чадвар дэлхий даяар уналтад орж буй мэт.

Сэжиглэх чадвар бол оюуны дархлаа. Өөртөө эргэлзэж, зөв буруугаа дүгнэж үзэх нь оюуны дархлааны витамин юм уу даа.

Монголчууд бид сэжгээр өвдөж, сүжгээр эдгэрнэ гэж ярьдаг. Хүн төрөлхтөний түүхэнд, сүжиг маргаангүй амьдарлын чухал нэгэн хэсэг байсан. Гэвч айсуй цагийн салхийг ажихад хүн өөрөө бодож, шийдэх чадварт суралцахгүй бол сүжиг байгаад байгаад хангалтгүй болох нь ээ.

Нүүр зургийн эх сурвалж: Toggl

Сэтгэгдэл бичих

    • Tavanerdene
    • 2021-03-18

    Buun ergelzeetei yvaad bn, zuv gesen ug uu

    • Зочин
    • 2021-02-19

    Gegeenten tsaana chin galand orood shatdaggui, selem nugaldag gejin shd. shinjleh uhaan IT gej guij hereg bna uu manaihan. Id shidtenguudee sain ashiglah heregtei ym bish uu

    • Зочин
    • 2021-02-18

    taalagdlaa

    • Өнөр
    • 2021-02-18

    Маш сонирхолтой шүүмж байна. Сэжиглэх гэдэг үгийг сэжигч гэдиму уг үгийн утгаас өөрөөр боддог байж. Бид сэжигч гээд тийм хүмүүсийг гадуурхдагдаа

    • Батсайхан
    • 2021-02-17

    Энэ нийтлэл маш сонирхолтой, уншсаны дараа хожсон мэдрэмж өгч чадлаа. Бусдад хуваалцах ёстой санагдлаа. Нийтлэлийн автор-т, мөн чанартай нийтлэлүүдийг түгээж байдаг сайтын хамт олон баярлалаа.

arrow icon