Нүүдэлчдийн түүхэнд ингэж их олон монгол нэгэн зэрэг зэрэгцээ амьдарч байсан удаа түүхэнд байхгүй аж. 500 мянган хүнд зориулж босгосон энэ хотод өнөөдөр 3 дахин их хүн амьдран сууж, үүнийг дагасан байгаль орчин, нийгэм, эдийн засгийн маш хүнд сорилтуудыг махан биеэрээ туулж сууна.
Дэлхийд дээгүүр орох агаарын бохирдлын асуудал, хэмжиж болох бүх хэмжүүрүүдийн дээд цэгт тулсан хөрсний, орчны бохирдлын асуудлууд, бас сүүлийн 10 жил эрчимтэйгээр нэмэгдэж буй машины тоо, үүнээс үүдэн гарах түгжрэл бүгд л хот ба хотжилттой холбоотой асуудлууд.
Эдгээр том асуудлуудад хариу барьж байгаа бидний арга барил их өвөрмөц: хотоо тэлэх, дэд бүтэц нэмэх зэрэг асуудлыг ул сууриар нь шийдэх урт хугацааны бодлого боловсруулахын оронд Монгол улс, Улаанбаатар хотын эрх баригчдын хамгийн тогтвортой бодлого нь “тэсэж өнгөрөөх” аж. Яалт ч үгүй хотжилттой холбоотой энэ том асуудлууд өвлийн хүйтэн саруудад хамгийн тодоор мэдрэгдэж, зуны урин дулаан саруудад буурдаг нь бараг уламжлал болжээ.
Нүүдэлчин Монгол хүн ч төр засгийн “тэсээд өнгөрөөх” гэсэн энэ албан бус бодлогод уужуу хандаад, хүлээн зөвшөөрсөн байдалтай өдийг хүргэлээ. Энэ талаар нухацтай бодоод үзэхээр нүүдэлчин хүний орчиндоо дасах чадвар асар өндөр аж. Олон монголч болон нүүдэлчин соёлыг судалдаг эрдэмтдийн дүгнэснээр хатуу ширүүн байгальд амьд гарах цорын ганц арга нь орчиноо хянах, хэлбэр формд оруулах бус, харин дасан зохицох тухай бичсэн байдаг.
Дасан зохицох чадвар сайтай байнаа гэдэг нь бид аливаа асуудлын урт хугацааны шийдлийг олох гэхээсээ илүү тэсэж өнгөрөөх тал руугаа илүү хэлбийнэ. Өвлийн 6 сарыг тэсчвэл, дараа нь зуны 6 сард асуудал байхгүй (өвлийн оргил үеэсээ хамаагүй багассан) болох учраас тэсэхгүй гээд ч яалтай билээ.
Ийнхүү өвлийн 6 сарын хэзээ ч ирдэггүй автуусыг хүлээж зогсох, 2 км замыг туулах гэж 2 цаг түгжирдэг, хоолой хорсом утаан дунд баян ядуугүй нирвэгдэж амьдарч байгаа нь хотод суурьшсан хагас нүүдэлчин хүний тэсээд гарах нэгэн тавгүй байдал, амьдралын хэв маяг болсон гэмээр.
Тэснээ гэдэг нь огт дуугүй байгаа явдал бас биш юм - жаахан юм үзэж харсанууд нь толгойндоо эхэндээ орсон хурц, радикал шийдлүүдийг шидэж, тэрхүү галзуу хүний гэмээр санаанууд нь сүүл рүүгээ бодит үнэн, үүнээс өөр үнэн шийдэл байхгүй болтлоо нийтийн ухамсарт бэхжих болов.
Олон нийтийн сүлжээний түгжрэл хариуцсан экспертүүдийн ганган санаануудаас дурдвал буруу рультэй машинуудыг (нөгөө Приуснууд) явуулахгүй байх, хотыг нүүлгэх, оюутнуудыг хөдөө рүү цөлөх, зах худалдааны төвүүдийг хэн ч байдаггүй газар лүү гаргах, метро барих гэх зэргээр энэ жагсаалт үргэлжлэнэ. Энэ нийтлэлийн зорилго нь эдгээр санаанууд яагаад амьдралаас тасарсан тухай тайлбар өгөх биш учраас дараагийн боломжоор дэлгэрүүлий.
Гэвч, энэ долоо хоногт Их Хурлын нээлттэй сонсгол дээр түгжрэлийн асуудлаар шийдвэр гаргах эрх мэдэлтэй албан хаагчид маань хуран чуулаад нийгмийн сүлжээний хагас галзуу санааг цорын ганц шийдэл мэтээр зүтгүүлээд, тайлбарлаад сууж байгааг хараад үнэндээ хэлэх зүйл олдсонгүй.
Их хурлын индэр дээрээс түгжрэлийн асуудал нь зөвхөн буруу рультэй машинуудаас үүдэлтэй юм шиг судалгааны дүн танилцуулж, түгжрэлийг хар цагаан өнгөөр илэрхийлж, муу нэртэй приуснуудыг л байхгүй болгочвол цэнгэлийн манлайд хүрэх мэтээр энэ нийгмийг талцуулаад сууж байгаа нь хамгийн эмгэнэлтэй санагдав. Иргэдээс приусуудээ болих золиосыг гаргахыг асууж байгаа бол хариуд нь юу өгөх, ямар боломжыг бий болгож байгаа тухай ардчилсан нийгэмд нийтээрээ ярилцах ёстой.
Түгжрэлд хувь нэмэр оруулж байгаа машинуудын хамгийн том төлөөлөл Приус яах аргагүй мөн: Улаанбаатар хотод бүртгэлтэй байдаг 650 мянга гаруй машины 250 мянга орчим нь Приус гэсэн Нийслэлийн статистикийн газрын судалдаа байна. Эдгээр Приуснуудын хамгийн ихээр бүртгэгдсэн харьяа дүүргүүд нь Сонгино-Хайрхан, Баянзүрх, Чингэлтэй аж. Өөрөөр хэлбэл манай гэр хорооллын хамгийн их төвлөрөл байдаг дүүргүүд.
Тэгэхээр хотын замаар явж байгаа приус бүрийн дийлэнхи нь гэр хорооллын өрхтэй ямар нэгэн байдлаар холбогдож байнаа гэсэн дүгнэлт хэлэхэд хол зөрөхгүй болов уу. Үүнээс үүдэн, түгжрэлийн асуудал бол гэр хорооллын асуудал бөгөөд гэр хороололд байгаа асуудлуудыг шийдэж байж түгжрэл, агаарын бохирдол гэх эдгээр шинж тэмдгүүгийг эмчлэх нөхцөл бүрдэх юм. Гэр хорооллын хамгийн том асуудлуудыг тоймловол:
- Гэр хороололд нийтийн тээвэр алга - гэр хорооллын дундуур явах төв зам дагуу нийтийн тээвэр зорчоод, төв замаасаа салаалаад хашааны хаалга хүртэл зарим газруудаар 2 км газрыг ямар ч тохижилтгүй, харанхуй шороотой замаар алхаж гэртээ хүрэх эсвэл эхний боломжоор муу нэртэй приусыг авах сонголттойгоор 600 мянган иргэн амьдарч байна;
- Гэр хороололд соёл, үйлчилгээний газрууд алга
- Гэр хороололд тѳр, хувийн хэвшлийн байгууллагууд алга
- Гэр хороололд амьдралаа дээш нь татах эдийн засгийн боломж алга
Гэр хороололд шороо, худаг, хашаа 3 л байх бѳгѳѳд УБ хотын 60% нь амьдарч байгаа иргэд ѳдѳр бүр соёл, үйлчилгээ, ажил, боломж хайж хотын тѳв рүү их нүүдэл ѳглѳѳдѳѳ хийж, оройдоо буцацгааж байна. Энэ нүүдлийг яаж багасгах, ая тухтай болгох, эдийн засгийн чадамжыг яаж бий болгох тухай шийдлүүд бидэнд хэрэгтэй байна.
Нийтийн тээвэр гэр хороололд байхгүй учир эхний боломжоороо машин авна, тогтсон ажил байхгүй учир таксинд явж хувиараа хѳдѳлмѳр эрхэлнэ. Ийм нѳхцѳл байдалд манай зарим их хурлын шийдвэр гаргагчид болон олон нийтийн сүлжээний экспэртүүдийн ярьдаг “хуучин машиныг хорих” шийдэл нь өнгөц харвал маш гэнэн, нарийн харвал асар харгис бодлого юм.
Нэмж олон км урт зам бариад түгжрэлийн асуудал дангаар шийдэгдэхгүй, харин хот төлөвлөлт, боловсрол, эдийн засаг, соёл урлагийг хамарсан 1000 жижиг асуудлыг тал бүрт нь шийдэж, холбож байж нүүдэлчдэд анх удаагаа ийм том хэмжээнд тохиож байгаа түгжрэл гэх суурин соёлын асуудлыг шийднэ. Тэр 1000 жижиг асуудлыг хооронд нь холбох, шийдэх ажил нь иргэн Та бидний бус шийдвэр гаргах эрх авцгаасан тѳрийн албан хаагчдын үүрэг. Үүрэг дотроо тэд нар маань хар цагаанаар будсан ардын дайсан тодруулах зохиол бус асуудлын цөмөө тайлбарласан, жинхэнэ шийдэл санал болгомоор байна.
Монголын ард түмний уужуу сэтгэл асуудлын мөн чанарыг онилсон шийдлийг сонсоод өөрийн хэмжээнд шаардлагатай золиосыг гаргах бүрэн чадвартай гэдэгт би эргэлзэхгүй байна. Хүүхдийн сургууль амарсан, түгжрэлийн ачаалал ахин буурсан энэ үеэр тулгамдсан энэ асуудлаа мартах бус, асуудлыг шийдэхийг шат шатны бүх хүмүүсээс шаардацгаая!