Монголчууд боловсролын салбарын хөгжлийн бодлого, стратеги, урт, дунд хугацааны төлөвлөлтүүдээ хэлэлцэж боловсролын салбарын хууль тогтоомжоо шинэчилж боловсронгуй болгохоор чармайж байна. Манай улсын бодлого, шийдвэр гаргагчид, улс төрчдийн хувьд боловсролын бодлого чухал хөзрийн үүрэг гүйцэтгэдэг тухай судлаачид тэмдэглэсээр ирсэн. Тэдний олонх нь олон нийтэд таалагдаж болох боловсролтой холбоотой янз бүрийн бодлого, хөтөлбөрийг шуугиулан ярьж анхаарлын төвд байх чин хүсэлтэй хүмүүс юм. Тухайлбал, эрх барьж буй МАН-ын лидерүүд, гишүүд PISA шалгалтаар дамжуулан олон улсын үнэлгээний систем сургалтад амжилттай нэвтрүүлэх, багш нарт ур чадварын урамшуулал бүхий цалин хөлс олгох, ЕБС-ийн удирдлагыг сааруулж хагас бие даасан тогтолцоонд шилжүүлэх зэрэг олон нийтийн анхаарлыг татсан мэдэгдлүүд хийсээр байна. Харин барууны үзэлтэй гэгддэг АН-ынхан 2012-2016 онуудад сургалтын цөм хөтөлбөр боловсруулж ЕБС-иудад амжилттай хэрэгжүүлсэн хэмээн өөрсдөдөө байнга оноо цуглуулахыг хичээдэг. Сонирхолтой нь Боловсролын суурь мэдээллийн тайлан (БСМТ)-д 2012-2016 онуудад боловсруулагдсан гэх “үндэсний шинэ стандарт” ба “сургалтын стандарт” одоогоор боловсрогдоогүй байна, эх сурвалж нь олдохгүй байна хэмээн онцлон дурджээ. Тухайн үед цөм хөтөлбөр боловсруулсан, удирдсан хүмүүсийг хөтөлбөр, стандарттай нь хамт улсаасаа хайгаад олохгүй байна гэж баймааргүй юм даа. Мөн тайланд "өнөөдөр төрийн өмчит Кембрижийн хөтөлбөртэй сургуулиуд нь шинэ төрлийн сургалтыг Монголд амжилттай нутагшуулан сургалтын хөтөлбөр, сургалтын технологи, сургуулийн менежментийн шинэ хувилбаруудыг бүтээж амжилттай ажиллаж байна" хэмээн ямар нэгэн баримт судалгаа эшлэлгүйгээр бичжээ. Төрийн өмчит Кембрижийн хөтөлбөртэй сургуулиудын үйл ажиллагаа, хөтөлбөрийн хэрэгжилт, чанар хүртээмжийн эерэг сөрөг үр дагавар, санхүүжилтийн үр ашгийн тооцоолол зэрэг хүчин зүйлсийг харгалзсан иж бүрэн судалгаа хийгдээгүй ч маш амжилттай ажиллаж байгааг "ямар нэгэн байдлаар илрүүлсэн" бололтой юм. Ийнхүү зөвхөн өөрсдийгөө зөвтгөсөн муйхар улс төрчдийн явцуу хандлага уг тайланд зэрвэс тусгалаа олоод амжжээ.
МУ-ын Засгийн газар ирэх хичээлийн жилд боловсролын салбарт ДНБ-ий 16% буюу 2.3 их наяд төгрөг зарцуулахаар төсөвлөсөн байна. ҮСХ-ны тооцоолсноор нийт хүн амд 2-18 насны иргэдийн эзлэх хувь 32.5 буюу өөрөөр хэлбэл 3 хүн тутмын 1 нь цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүд байна гэсэн үг юм. Улмаар эдгээр хүүхдүүдийн дийлэнх нь жилийн нийт хугацааны талаас илүү хувьд нь цэцэрлэг, сургуульд тогтмол суралцаж боловсролын үйлчилгээнд хамрагдаж байна. Ийм тусгай онцлогтой, байнгын тасралтгүй ажиллагаатай сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарын бодлогын хэрэгжилт, институциуд, байгууллагуудын үйл ажиллагааг хянах, үнэлж сайжруулах зориулалтын бүтэц нь албажиж тогтмолжоогүй өдийг хүрсэн юм. Боловсролын системд “бүх нийтийн боловсролын индикаторууд”, “тогтвортой хөгжлийн боловсролын индикаторууд”-аас гадна цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг тогтмол хянаж үнэлдэг зорилтот индикаторууд дутагдалтай байна. Хяналт-шинжилгээний тогтолцоот ажиллагааны чанар (Quality of monitoring systems, Quality Assurance systems)-ын талаар салбарын яамны зүгээс эрх зүйн зохицуулалт хийж удирдлагаар хангах чадамжгүй байгаа нь манай орны боловсролын салбарын хамгийн эмзэг, эрсдэлтэй - сүүдэртэй тал болж хувираад байна. Сургууль, цэцэрлэгт хүний хүчин зүйл, ялангуяа удирдлага, багш суралцагчдын сайн сайхан байдал, эрх ашиг зөрчигдөж байгаа эсэх, байгууллагын дотоод соёл, хэвийн үйл ажиллагааг ажиглаж, нотолгоонд суурилсан мониторинг хийж зөрчил доголдлыг арилгадаг үр дүнтэй тогтолцоог буй болгох нь нийгмийн захиалга болоод удаж байгаа юм.
Манай улс жил бүр сонгууль хийдэггүй мөртлөө СЕХ гэдэг байгууллага тогтмол үйл ажиллагаа явуулж байдаг. Тэгвэл боловсролын үйлчилгээний чанарын хяналтын хэт ерөнхий, барьцгүй байдлыг халж үндэсний хэмжээнд нэгтгэж бодитой дүгнэдэг тогтолцоог бүрдүүлэх үүднээс эргэх холбоотой, мэдээллийн ашиглалтын цогц шийдэл бүхий бие даасан бүтэцтэй, (яамны харьяа бус) хяналт үнэлгээний байгууллага байгуулах эсэхийг хэлэлцэж тодруулмаар байна. Үүнээс улбаалаад бүх түвшинд төсвийн зарцуулалтыг хянаж мөшгих, суралцагч, багш, сургууль, цэцэрлэгийн хэвийн ажиллагааг хангах болон суралцахуйн үр дүнг дорвитой ахицтай байлгахад чиглэсэн төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих хууль эрх зүйн актыг шинээр санаачлах эсэх тухай ойлголт бүрхэг байна.
МУ-ын Боловсролын Суурь Мэдээллийн тайланд “боловсролын чанар” гэдэг нь боловсролын зорилтуудаас эхлэн гаралтын дам үр дүнгүүд хүртэлх маш өргөн хүрээний асуудлыг хамарсан интерактив шинжтэй, өндөр эрэмбийн ерөнхий шалгуур юм хэмээн тодорхойлсон байна. Гэтэл саяхан болсон нэгэн чуулганы үеэр БШУЯ-ы Боловсролын чанарын үнэлгээний хэлтсийн удирдлага бодлогын хэрэгжилт, үр дүнд үнэлгээ хийх тухайд боловсролын чанарын хүрээг танилцуулж суралцагчдын, сургалтын чанарыг хэрхэн сайжруулах талаар онцолж, голчлон ярьж илтгэж байв. Сургалтын чанарын үнэлгээний тухайд Боловсролын яам үнэлгээний тогтолцоог сайжруулахаар зорьж PISA турших шалгалтад хамрагдсан бөгөөд 2022 онд үндсэн шалгалтад нь хамрагдана гэнэ.
Чадварлаг багш арга хэмжээний хөтөлбөр төлөвлөгөө баталсан ба багш нарын цалин үр дүнд суурилсан урамшууллын тогтолцоонд шилжинэ. Багш нарыг өрсөлдүүлэхгүй гэсэн атлаа өөрсдөө дотооддоо үнэлгээгээ хийгээд сайн ажилласан нь их цалин авна гэж УИХ-ын БСШУС-ын Байнгын Хорооны дарга Г.Дамдинням мэдэгдэв. Боловсролын байгууллагууд үр дүнд суурилсан үйл ажиллагааг аль ч түвшиндээ хэрэгжүүлдэггүй болох нь судалгаанаас харагдаж байна гэдэг. Судалгааны үр дүнг эргэцүүлж үзэхэд багш нарт ажлын үр дүн, гүйцэтгэлд суурилсан цалин хөлс олгосноор анхан шатны нэгжүүдэд суурь өөрчлөлт төдийлөн хийгдэхгүй байх магадлалтай. ЕБС-ийн багш гэсэн карьер дотроо л эргэлдэж байхаар "чадварлаг багшийн" зураглал хийсэн нь зохимжтой бус байна.
Боловсролын салбарт хоорондоо нийцгүй, салангид, тусдаа арга хэмжээ, бодлого шийдвэрүүд хол явахгүй, үр дүнгүй байх нь нийтлэг үзэгдэл болчхоод байна. Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийн агуулга, багшлахуй, суралцахуй болон үнэлгээ зэргийн онол, арга зүйн шийдлүүдийг хамтад нь харгалзан үзэж бодлого боловсруулна. Багш, эрхлэгч, захирлын асуудлыг тус тусад нь биш, цэцэрлэг сургуулийг цогцоор нь авч үзэж байгууллагынх нь хувьд системээр нь хөгжүүлэх тухай хэлэлцэж шийднэ. Мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийн дагуу жишээлбэл, магистрын түвшинг М - 5-р түвшин г. м кодлоод мастер, бакалавр гэлгүй тэддүгээр түвшний гэж хуульчилбал илүү цэгцтэй, ойлгомжтой баймаар юм.
Анхаарал татсан сэдэв бол боловсрол, сургалтын байгууллагын хэв шинж, статус бөгөөд эдгээрийг шинээр тогтоож хуульчлахгүй аваас төрийн, төрийн бус байгууллага, компани гэх мэт "төөрөлдсөн" хэв шинжтэй цаашид үргэлжлэнэ гэхэд эргэлзээтэй болж хувирч байна.
Ашгийн бус хувийн сургууль, цэцэрлэг ямар төлбөртэй байхыг тооцоолж тодорхойлоод төлбөрийн хязгаар, хөнгөлөлт чөлөөлөлт зэргийг хамт тогтоох хэрэгтэй. ИНБ-ын (БХАН) төлөөллүүд 50 хүүхэдтэй цэцэрлэг сард хүүхэд бүрээс 100,000 төгрөгний төлбөр авахад алдагдалгүй ажиллаж болох тухай мэдэгдэж байсан.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг ашгийн төлөө ажиллахыг зөвшөөрөх тухай хуулийн төсөлд тусгасан. Бүр компанийн зохион байгуулалтад ороод ашгийн татвараа төлөөд явж болно гэж зарим хууль тогтоогчид мэдэгдээд байгаа юм. Энэ мэтээр сонирхлын зөрчлөөс ангид байх боловсролын зарчимаас гажсан, зөрчилдсөн үзэл хандлага ажиглагдаж байна.
Төрийн өмчит Кембрижийн сургуулийг "олон улсын хөтөлбөртэй сургууль" гэж нэрлэхээр хуулинд томьёологдсон. "Олон улсын" гэж нэршил бүхий хөтөлбөр байхгүй тул, хуулинд хөтөлбөрийн нэрийг зааж бүтэц, зорилгыг нь тогтоож тодорхойлох ёстой болж байна. Тэгвэл ЕБС-иудыг "үндэсний хөтөлбөртэй" сургууль гэж ижил томьёоллоор хуульчлах уу?
Казах, Тува зэрэг үндэстний цөөнхийн хувьд "хос хэлний боловсрол", "хос хэлний сургууль" гэж нэрлэж, хэлэлцэж байна. Төрөлх (монгол) хэлээрээ сурч байгаа суралцагчид англи хэлээр хөтөлбөр зэрэгцүүлэн судлах нь хос хэлний боловсролоос өөр үү?
Хүүхэд төрөлх хэлээрээ сургуульд сурахаас гадна хоёрдогч буюу тухайн нийгмийн нийтлэг эсвэл өөр гадаад хэлээр сурч боловсрохыг "хос хэлний боловсрол" гэдэггүй юу? Сонсголгүй хүүхдийн хувьд дохионы хэл эх хэл, монгол (болон бусад) хэл хоёрдогч хэл гэж үзвэл хос хэлний боловсролд тооцогдох уу?
Хос хэлний сургууль, олон улсын сургууль, ерөнхий боловсролын сургууль гэсэн ангилал байх юм уу, "лицей, тийм тийм хөтөлбөртэй" гээд нэр зааж төрөлжүүлж ангилах уу?
ЕБС нь тусгай зөвшөөрөл аваад олон улсын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж болно гэсэн мөртлөө амьдралын хэрэгцээ, шаардлагад үндэслэсэн тэгш хамран сургах (тусгай онцлог бүхий) хөтөлбөр, онцгой\гоц авъяастай хүүхдүүдэд зориулагдсан хөтөлбөр хэрэгжүүлж болох тухай заалт байхгүй байгаа нь ямар учиртай вэ?
Товчхондоо хүүхэд бүрт (ялгаатай хөгжлийн онцлогтой хүүхдүүд, онцгой авьяастай хүүхдүүд, суралцахуйн бэрхшээлтэй хүүхэд, гадаадад суралцаж байгаад эх орондоо эргэн ирсэн хэлний бэрхшээлтэй хүүхдүүд, эцэг, эх нь гадаад улс оронд хууль бусаар ажиллаж, амьдарч буй хүүхдүүд зэргийг оруулан тооцвол) боловсрол эзэмших гарааны тэгш боломж олгох тухай тодорхой (inclusive) бодлого дэвшүүлж хэлэлцүүлэхийг иргэд хүлээж байх хооронд хэний хүүхдүүдэд ямар сургуулиуд хэрэгтэй байгааг л хуульчлах гэж оролдож байна гэсэн хардлага төрүүлээд байгааг онцолж дурдахыг хүсч байна.
Төрийн өмчит Кембрижийн хөтөлбөртэй сургуулиуд нь олон улсын сургуулийн (international schools) ангилалд багтах хэмжээний цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг гэж үзэхэд төвөгтэй. Мөн үндсэн зорилго нь бүдгэрсээр байгаа лаборатори сургуулиудын статус шинэ хуулийн өөрчлөлтөөр хүчингүй болж байгаа гэж ойлгогдов. Нэмж хэлэхийг хүссэн зүйл бол их, дээд сургууль болон бусад сургалтын байгууллагууд ерөнхий боловсролын дараах үе шат–түвшний хөтөлбөрөөсөө дунд сургуулийн түвшний агуулга, мэдлэг чадварын давхцлыг хасах, арилгах нь зүйтэй байгаа юм.
ЕБС-ийн тогтолцоо 10 жил байхад суурь боловсрол 8 жил, 11 жилийн тогтолцоонд шилжихэд энэ хугацаа 9 жил болж өөрчлөгдсөн.
Тэгвэл 12 жилийн тогтолцоонд шилжихэд заавал эзэмших суурь боловсрол 10 жил болж өөрчлөгдөхгүй юу, өөрчлөгдөхгүй бол яагаад?
Заавал эзэмших суурь боловсролыг 12 жилийн хугацаатай болгож хуульчлахад суралцагчдад ямар давуу тал, үр ашиг авчрах болон тэдний хүсэл сонирхлыг боомилоогүй, эрх ашгийг нь хөндөөгүй гэдэгт үндэслэлтэй нотолгоо зайлшгүй шаардагдана. Зарим УИХ-ын гишүүдийн зүгээс суралцагчид 12 ангиа төгсөөд мэргэжлийн боловсролын сургуульд үргэлжлүүлэн суралцах талаар мэдэгдэж байх юм.
Монгол улсын боловсролын төлөвлөлтөд сургуулийн насны хүүхдийн тооны бодит өсөлтийн прогноз, бүс нутгийн хөгжлийн хэтийн бодлогод үндэслэгдсэн сургуулийн зураглал (school mapping)-ын асуудал анхаарлын төвд орж ирсэн нь сайшаалтай. Сүүлийн үед бодлого боловсруулагчид боловсролын үйлчилгээний үр ашиг, үр өгөөжийг сайжруулахад сургуулийн оновчтой зураглал ашиглах тухай ярьж эхэлсэн. Тэгш хамран сургах, боловсролоос хэнийг ч орхигдуулахгүй байх зарчмыг баримталбал сургууль, цэцэрлэгийг төлөвлөж зураглахдаа олон шийдэл боловсруулах хэрэгтэй болно. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх заавраас хальж үр дүнтэй тэгш хамруулах бодлогоо амьдралд нийцүүлж хуульчилмаар юм. Тухайлбал нэгж сургууль, цэцэрлэгт суралцах боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийн тоог тогтоох эсэх тухай байна. Ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийг энгийн сургуульд хамруулах талаар судлан зөвлөлдөж ихээхэн хүчин чармайлт гаргахгүй бол хүүхэд бүрийн боловсрол эзэмших эрх хангагдахгүй. Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүд ачааллаа даахад хүндрэлтэй байгаа нөхцөлд хотын ойр байршилтай бүрэн ашиглалтгүй, хүүхэд цөөтэй гэгдээд байгаа сум, суурингийн цэцэрлэг, сургуулиудыг тэгш хамран сургах хөтөлбөртэй сургууль болгон хөгжүүлж дотуур байртай нь хамт ашиглаж болох юм. Боловсролын тусгай хэрэгцээг хангахад санаачлага гаргаж тэгш хамруулахад чиглэсэн хөгжүүлэх сургалт, хөтөлбөрүүдийг бий болгож ашиглахад ИНБ-ууд болон хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих хэрэгтэй. Ийм зохицуулалт нь эцэг эхчүүдийн хувьд хөгжлийн ялгаатай онцлогтой хүүхдэдээ сургууль, сургалт хайж цаг алдах, улмаар гадны улс орныг зорьж санхүүгийн хүндрэлд орох зэргээс хавьгүй илүү дээр шийдэл байж болох юм гэж төсөөлж байна. Иймд нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөлтөд суурилсан цэцэрлэг, ЕБС-ийн ангилал, хэмжээ, хэв шинж, бүтэц байршлыг тооцоолсон цэцэрлэг, сургуулийн зураглалыг шинээр боловсруулж баталгаажуулахаар шамдан ажиллах нь биднээс хол хөндий элдэв гадны судалгаа, мэдлэг, олон улсын туршлага цэцэрхэн онолдож, хөөрөлдөж суухаас илүү чухал ач холбогдолтой байх болно.
Дэлхий даяар боловсролын салбарт явагдсан өөрчлөлт нь салбарын удирдлагын төвлөрлийг сааруулахтай зэрэгцээд хэрэглэгчдэд сонголтыг бий болгосон явдал юм. Социалист нийгэмд ерөнхий боловсролын үйлчилгээ жигд чанартай, үнэ төлбөргүй, түүнийгээ дагаад хэрэглэгчдийн сонголт хязгаарлагдмал хүрээтэй байв. Чөлөөт зах зээлийн нийгэмд шилжснээр сургуулиуд бүтцийн хувьд өөрчлөгдөж, гүнзгийрүүлсэн, төрөлжсөн гэх төлбөртэй сургалтуудыг явуулж эхэлжээ. Ингэснээр сурагчид, эцэг эхчүүдэд суралцах сургуулиа чөлөөтэй сонгох боломж нэмэгдсэн. Ийм бүтцийн өөрчлөлт хийсэн анхны сургуулиудын нэг нь БГД-ийн Монгени Цогцолбор сургууль юм. Тус цогцолбор сургууль өдгөө улсын төсвөөс санхүүжихийн зэрэгцээ сурагчдаас сургалтын төлбөр авдаг. Сонирхуулахад, төрийн өмчит Кембрижийн хөтөлбөртэй сургуулиудтай харьцуулбал гаднаас хуулж импортлоогүйгээрээ онцлог шинжтэй бөгөөд "Монгени- 21" төслийн үр дүнд бий болсон, шаталсан сургалттай, хувилбарт сургалтын хөтөлбөрүүдтэй цогцолбор сургууль билээ. Хожим хувийн сургуулиуд байгуулагдаж зах зээлийн өрсөлдөөний зарчмаар ажиллан чанартай боловсрол олгохыг чармайж хэрэглэгчдийг татаж эхлэв. Төрийн зүгээс ч лаборатори сургуулиуд болон Кембрижийн хөтөлбөртэй сургуулиудыг нэмж байгуулсан. Суралцагчдын тоо тухайн сургуулийн төсөв санхүүжилтэд нөлөөлдөг тул хувийн болон улсын сургуулиуд хэрэглэгчдэд зориулсан маркетинг хийх, олон суралцагчидтай байх нь одоо үед нийтлэг үзэгдэл болжээ. Сонголт нь зах зээл гэдэг ойлголттой агаар нэг бөгөөд өрсөлдөөн, бараа үйлчилгээний эрэлт нийлүүлэлт, үнэ төлбөр, түүнийг дагасан нөхцөл шаардлагуудыг агуулж байдаг. Ийнхүү зах зээлийн механизм боловсролын салбарт нэвтрээд ирэхээр ихээхэн түвэгтэй байдлыг үүсгээд байгаа юм. Зарим иргэд, эцэг эхчүүдийн тухайд үр хүүхдэдээ чанартай боловсрол олгох боломж хэмээн үзэж боловсрол дахь зах зээлийн зохицуулалтыг дэмждэг. Тэд өрсөлдөөний үр дүнд сургуулиуд идэвхжиж улмаар боловсролын чанар сайжирна хэмээн итгэдэг. Хувийн сургуулиудын зүгээс мөн хэрэглэгчдэд сонголт бий болгож, тэдний хүсэл сонирхолд нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлж байна хэмээн олон нийтэд тайлбарлах нь олонтаа. Тиймээс сүүлийн жилүүдэд ялангуяа хот, суурин газруудад хувийн сургуулиуд эрчимтэй үйл ажиллагаа явуулж "ашигтай бизнес" болтлоо хөгжин тэлж байгаа дүр зураг ажиглагдаж байна. Нөгөө талаар сургууль, цэцэрлэгүүдийн хэтийдсэн хувийн ашиг сонирхол, орлогын хойноос хөөцөлдөж мөнгөнөөс өөр зүйлд захирагдахгүй байдал зэрэг хүчин зүйлүүд нь эцэг эхчүүдийн дургүйцлийг төрүүлэх, тэдний үйл ажиллагааг дэмжихгүй байх хандлагыг нэмэгдүүлж итгэл алдрахад хүргэсэн хариуцлагагүй байдлыг эрс шүүмжилсэн санал бодол, бичвэрүүд олон нийтийн сүлжээнд тааралддаг. Түүнчлэн ИНБ-ууд, хүний эрхийн активистууд, иргэд болон боловсрол судлаачид боловсролын салбарын ашгийн төлөөх үйл ажиллагаа нь улам бүр нийгмийн тэгш бус байдалд хүргэж байгаа, ялангуяа ялгаатай байдалтай суралцагчдын эрх тэгш байдлыг хангахгүй байгаад санаа зовнин шүүмжлэлтэй хандсаар байна. Монгол улсад хувийн өмчийн боловсролын үйлчилгээг ашгийн төлөө байхаар хуульчилж бүх түвшний хувийн өмчийн боловсролын байгууллагад ямар нэгэн нэмэлт шаардлага тавьж стандарт тогтоолгүй явсаар ирсэн асуудлыг бодлого боловсруулагчид хэлэлцэж зохицуулалт хийхээр оролдож эхлэв. Боловсрол ашгийн төлөө байж болох эсэх тухай маргаан бүх улсын боловсролын системд өрнөдөг бөгөөд манай улсын хувьд хуулиар зохицуулан шийдэх, боловсролын реформ хийх хүсэл зориг гаргах түүхэн сорилтын өмнө ирээд байна.
Үр дүнтэй шинэчлэл хийхээр шийдвэр гаргагчид шийдэл эрэлхийлж судлан зөвлөлдөж байгаа үйл явцад хувийн зүгээс асуулт бүхий эргэцүүллээ нэмэрлэхийг хичээлээ.
Жишээлбэл, боловсрол сургалтын байгууллагын тусгай статусыг бий болгох, бизнес эрхэлдэг хувийн сектороос хувийн цэцэрлэг, сургуулиудыг ангид авч үзэх шаардлагатай юу?
Хувийн цэцэрлэг, сургуулиудыг төрийн хараа хяналтад байлгаж (улсын сургуулийн ашгийн төлөөх үйл ажиллагааг мөн) хүүхдүүд, багш, удирдлага, эцэг эхчүүдийн эрх ашгийг хамгаалах ёстой юу?
Боловсрол бол бизнес биш гэдэг зарчмын үзэл санаанд нэгтгэгдэх үү, үгүй бол яагаад? Сургуульд сурч боловсрол эзэмших нь хүний нийгмийн ашиг тустай үйл хэрэг, түүний шууд үр нөлөө гэж үздэг бөгөөд учир нь боловсрол эзэмшисний үр шимийг тухайн иргэн төдийгүй нийгмээрээ хүртдэг. Сургууль, сургалтын байгууллагуудын гол зорилго нь төрийн бодлогоор нэгдмэл сургалтын хөтөлбөр, стандартаар хүүхдүүд, залуу үедээ боловсрол эзэмшүүлж нийгмийн тэгш, тогтвортой байдлыг хангахад оршдог гэсэн уламжлалт ойлголт үйлчилсээр ирсэн. Хэрвээ зах зээл нийгмийн тодорхой хэсэг бүлгийн эрэлт рүү чиглэж "нийлүүлэлт хийгээд" байх юм бол бүх хүүхдүүдэд нэгдмэл сургалтын хөтөлбөр, стандарттай нийтлэг хэв шинжийн сургуулиудад суралцах боломж олдохгүй. Ингээд нийгмийн янз бүрийн бүлгийн хэрэгцээ сонирхолд нийцсэн зах зээлийн сегментүүдэд хуваагдаж төрөлжилт, сонголт, ялгарал-өрсөлдөөн, "солонгорол" ноёлно. Сургуулиуд өрсөлдөөнд орохдоо стандартчилагдсан боловсролын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээсээ илүү эцэг эхчүүдийн сонирхсон, илүүд үзсэн сонголтод нийцүүлж боловсролын бүтээгдэхүүнийг "төрөлжүүлэн" үйлдвэрлэнэ. Ингээд сонголтуудад уягдсан олон янзын, өөр өөр үнэт зүйлс, үнэлэмж, эрхэмлэх зүйлд үйлчлэхийн хирээр нийтлэг стандартаар ижил тэгш боловсрол олгох нийгмийн зорилгыг саармагжуулах, үгүй хийх магадлалтай болгож байгаа юм. Зах зээл, эрэлт нийлүүлэлтийн үйл явц нь эмзэг бүлгийн суралцагчдын ашиг хүртэж болох арга хэмжээ бүхий сургуулиуд хоорондын хамтын ажиллагаанд саад учруулдаг төдийгүй төрийн байгууллагуудын оролцоогүйгээр эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хүүхэд хамгаалал болон хүүхдэд зориулагдсан бусад нийгмийн үйлчилгээнд боловсрол, сургалтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах боломжгүй байгааг харуулсан судалгааны үр дүн гарсныг гадны судлаачид цохон тэмдэглэсэн байна.
Сургууль, сургалтын байгууллагууд нийгэмд юу хийж бүтээх зорилготой вэ?
Ерөнхийдөө улс үндэстнээ нэгдмэл хүчирхэг болгон цэцэглүүлэн хөгжүүлэх, нийгэм, улс төр, эдийн засгийн институциудын үйл ажиллагаанд эрх тэгш идэвхийлэн оролцох, улмаар шийдвэр гаргахад хүүхэд залуусыг бэлдэх, сургаж төлөвшүүлэх зорилготой. Ардчилсан, чөлөөт нийгмийн амьдралд үр бүтээлтэй оролцох оролцоо нь нийтлэг үнэт зүйлс, хэл зэргээс гадна нийгэм, улс төрийн талаарх суурь мэдлэг ойлголт болон нийгмийн зорилгын талаарх нийтлэг, ижил түвшний мэдлэг туршлага иргэдээс шаарддаг. Ардчилсан нийгэмд хувийн эрх ямба, эд баялгаас илүү хувь хүний авьяас, эрдэм чадал, хичээнгүй хөдөлмөр зүтгэл зэрэг хүчин зүйлүүдийг эрхэмлэж иргэд шударга ёс, эрх тэгш байдлаар хангагдахыг чухалчилдаг.
Эдгээр зорилгууд нь нийгмийн зарим иргэд, гэр бүлүүдэд зориулагдсан сургалтын хөтөлбөр бус, бодлогоор нэгдмэл сургалтын хөтөлбөр, стандартаар бүх хүүхдүүдэд боловсрол олгох ёстойг зөвтгөсөн гол үндэслэл болох бөгөөд үнэ цэнтэй, чухал үзэл санаа юм. Бидэнд энэ чиглэлээр баримт нотолгоо, үндэслэл, судалгааны үр дүн бага, мэдлэг туршлага янз бүр байгаа хэдий ч улс үндэстнээ, нийт иргэдээ бодсон шийдвэр гаргахад төдийлөн хэцүү биш байх болно. Өнөөгийн нөхцөл байдлыг эргэцүүлэхэд төрийн зүгээс ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэг, сургуульд хараа хяналтыг чангатгаж, төлбөрийн дээд хэмжээ болон бусад зохицуулалтыг боловсронгуй болгож хэлбэрэлтгүй мөрдөх арга хэмжээ авахад болохгүй зүйл алга. Тиймээс боловсролын салбарт сонголт, өрсөлдөөн, зах зээл байгаа ч гэсэн иргэд, олон нийтийн ашиг сонирхлыг хангах үүднээс суурь стандартууд, хязгааруудыг тогтоох ёстой. Бид сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарын хөгжлийг цогцоор нь авч үзэж хэлэлцэхэд төсөөлөл, төсөөлөн бодсон хүсэлдээ баримжаалах, хуулбарлаж нутагшуулах зэргээс зайлсхийж стратегийн алсын хараа, тэнцвэртэй эргэцүүлэл, бодит мэдлэг туршлагадаа үндэслэж бодлого боловсруулмаар байна.