Маш энгийн, та УИХ-ын гишүүн больё гэж бодож байгаа бол маш баян байх хэрэгтэй. Нэр дэвших тойрогтоо жилд 1 тэрбум төгрөг зарцуулж чаддаг баян байх хэрэгтэй. Хэрэв чи хангалттай баян биш бол улс төрд нөлөө бүхий нам дамнасан бүлэглэлүүдийн үнэн ч гар хөл болох ёстой. Тэгвэл тэд чамайг санхүүжүүлнэ. Чи сонгогдоод эргээд тэд нарын дохиураар ажиллана, улс төрд бол “кнопчин” гэж нэрлэгддэг.
Тойргийн иргэд сонгогчдод баяр бүрээр бэлэг тараах хэрэгтэй. Бар жилийн босго дээр баахан УИХ-ын гишүүд боов, гурил, бэлэг тараасан шиг. Бүр зарим нь бэлэн мөнгө шилжүүлдэг болчихсон байна. Улсын баяр наадмаар бас л бэлэг сэлт тараах хэрэгтэй. Тойргийн багш, эмч нар болон бусад төрийн албан хаагчдын дунд уралдаан тэмцээн байнга зохион байгуулах хэрэгтэй болно. Тэд хотод бөөнөөрөө ирвэл заавал хоолонд оруулж бэлэг өгч хүлээн авах ёстой.
Намын гишүүд гэж бас нэг маш чухал бүлэг бий. Шинэ жилийг нь хийхэд дэмжлэг үзүүлэх ёстой, ахмад гишүүддээ байнга бэлэг өгөх хэрэгтэй. Ер нь намд ямар хэмжээний мөнгө хэрэгтэй байна, тэр бүгдийг олж өгөх үүрэгтэй. Хэн намын гишүүддээ их мөнгөлөг байж чадна, тэр хүн дэмжлэг авна гэсэн үг.
За тэгээд гишүүн болчихвол та заавал ЖДҮ, эсвэл тендер концесс, Хөгжлийн банк гэх мэтээс нэн хөнгөлөлттэй зээл авах ёстой, авахаас өөр арга байхгүй. Дээр дурдсан тэр их улс төрийн зардлыг санхүүжүүлэх гэж та толгойтой үсээ зулгаахаас наагуур юм болох нь тодорхой. Танд мөнгө л байвал та бүгдийг шийднэ, та бодлого бодож толгойгоо өвтгөх шаардлагагүй, мөнгөөр шийдэх нь хамаагүй амар. За ер нь та дараагийн сонгуулийн мөнгөө бодоод тэрийгээ хөөцөлдөх хооронд бүх цаг хугацаа нь чинь бараг хүрэлцэхгүй дээ.
Харамсалтай нь өнөөдрийн энэ арга ядсан байдлаас гарах гарц шийдлийг ярьж байгаа хүн бараг алга. Бид зүгээр л үзэгдэл дээр шуугилдаж байна, нэг үзэгдэл тойроод байлдаж тоглож байгаа аятай. Асуудлыг гол шалтгааныг огт ярихгүй байна, яаж шийдэх арга зам дээр мэтгэлцээн өрнөхгүй байна. Энэ талаар их ярьж бичвэл бараг мэдрэл муутай хүн шиг харагдаж мэдэхээр байна. Бид тоглоомын дүрмээ өөрчлөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй. Улс төрийн санхүүжилт, улс төрийн намын үйл ажиллагаа, сонгуулийн хууль, тэр дундаа сонгуулийн сурталчилгаа, компанит ажлын зохион байгуулалт, санхүүжилтийг зөв зүйтэй болгохгүйгээр бид энэ тойргоосоо хэзээ ч гарахгүй.