Нийтлэл 03 сарын 13, 2022

Дотоод ертөнцөө дүүргэх зав гарга

Юу ч тохиолдсон, ямар ч уналт, бүр газар хөдөлж, гамшиг нүүрлэх мэт болсон ч хүсэл мөрөөдлөө, зорилгоо өчүүхэн ч мартагнаж, орхиж болохгүй. Хавийн юм нурж, эргэн тойрон гаслан ухилж байсан ч оюун санаа, сэтгэл зүрх, биеийн нөөц боломж бүхнээ шавхан зүтгэх хэрэгтэй. Тийм л улайрсан тэмүүлэл, зорилгодоо итгэсэн бат итгэл байх хэрэгтэй. Амжилтад хүн ингэж зүтгэж байж л хүрдэг ажээ.

Бүхнээ шавхан зүтгэсэн цагт чамд хэзээ ч байгаагүй мэт эрч хүч мэдрэгдэж, тэр газар хөдөлсөн мэт хүнд хэцүү мөчийн нуранги, балгас дундаас цоо шинэ боломж харагдана.

Форбесийн жагсаалтад орсон Балбын тэрбумтэн Бинод Чаударигийн номыг уншаад дуусахад ийм л юм бодогдож, ийм итгэл, эрч хүч мэдрэгдэнэ. Үүнийг урам зориг гэдэг. Урам зориг өгөхөөр ном юм аа. Гол нь бодит амьдралын унаж босон зүтгэсэн туршлага, түүнээс олсон ухаарал.

Ингэж улайрган зүтгэхийг хэтэрсэн амбиц, тэнэглэл гэх нь бий. Ялангуяа бизнесийн салбарт илүү их ашигт тэмүүлэхийг шунал хэмээн харж, дургүйцэх хандлага түгээмэл байдаг. Тэр их хөрөнгөөр яадаг байна аа, ямар алтан авсанд хэвтэх биш, хэвтлээ ч дахин төрөх биш. Тэр их хөрөнгөө хойт насандаа чирээд очих биш гэх мэтээр. Үнэхээр ч манайд дэлхийн бизнесийн алтан дундаж 30 хувийн ашигтай байхад 100 хувийн ашигтай болгох гээд үнээ нэмээд чичирчихдэг, нэг өсгөсөн бол ямар ч нөхцөл байдал бий болсон байсан ч буулгана гэдгийг таг мартчихдаг явдал бий. Энэ мэтэд дургүйцсэн дургүйцэл илрээд байгаа хэрэг. Товчхондоо манайд бизнесийн соёл түгэж байгаа ч агуулга нь төдийлөн тодорч илэрч харагдахгүй байна. Ашиг гэдгийг зөвхөн шунал гэж хардаг, бас үнэхээр ч тийн ширэн нүүрлэчихээд улайрчихдаг явдал аль аль нь байна.

Уг нь бизнесийн салбарт илүү их ашиг орлого гэдэг нь үнэ нэмэх биш, харин илүү нэмүү өртөг шингээх, бүтээгдхүүнээ улам чанаржуулах, бизнесээ бүх талаар өргөжүүлэх, улам хол цараатай харж хөдөлмөрлөсний үр дүнд ирдэг зүйл юм. Бидний хувьд энэ өнцгөөр нь харах цаг нь болсон.

Яагаад гэдгийг, яаж гэдгийг ч ”Зангарагтай хөдөл” номд нэн тодорхой өгүүлжээ. Чаудари өөрийнхөө туулсан, унаж боссон зүтгэсэн амьдралынхаа туршлагаар хариулжээ. Их ч баялаг сайхан амьдрал туулсан байх юм. Ердийн нэг жижиглэн худалдаа эрхлэгчээс дэлхийн тэрбумтан болсон түүх.

Их амжилт, их ашиг орлогын төлөөх улайрсан зүтгэл тэмцэл нь эд баялгын төлөөх шунал биш, харин бүтээн босгохын тулд, илүү их боломжийг өөртөө төдийгүй бусдад нээхийн тулд байдаг гэнэ. Чухам ингэж л харж чадвал тэр жинхэнэ баялаг бүтээгч ажил хэрэгч хүн. Нийгмийнхээ өмнө, эх орон ард түмнийхээ өмнө хариуцлага үүрэн зүтгэж буй хүн.

Өр төлөөсгүй юм гэж үгүй. Энэ ч бараг байгалийн хууль юм. Бинодийн аав нь “Нэгийг авахын тулд чи нөгөөг золиослох учиртай” гэж хэлдэг байжээ. Бинод харин энэ хуулийг, аавынхаа үгийг ч сөржээ. Нэгийг нөгөөгөөр зольж бус, харин бүгдийг авахыг хүсжээ. Тэгэхдээ таван үндсэн хүчин зүйлд тулгуурлажээ. Юу юу гэдгийг номыг уншихад тодорхой болно. Тэгээд амжилтад хүрсэн байна, бүр бүгдийг авсан мэт.

Ер нь Бинод их тэрслүү хүн юм. Амбиц гэдэг үгэнд бид ихэнхдээ “Алдар нэр, эрх мэдлийн шуналтай хүн” гэсэн сөрөг утга шингээж ойлгодог. Заримдаа зөв, учир нь үнэхээр тийм хүн амьдралд олон тохиолдох. Гэвч зарим тохиолдолд хол зөрнө. Бидний тэр ойлголт том төөрөгдөл байна. Биногийн эх орон Балбад ч мөн адил амбиц гэдгийг ихэнхдээ буруугаар нь хүлээж авдаг байна. Харин Бинод таг эсрэгээр нь зүтгэжээ.

“Катмандуд хүнсний дэлгүүртэй, түүндээ сэтгэл ханасан аавын үеийн хүн бишгүй олон. Заримдаа тэд өөрсдийгөө зориг гаргасангүй гэж бодоод бидэнд атаархдаг. Бизнесээ өргөжүүлж, групп байгуулан, олон улсад гарахыг хүсдэггүй бол атаархаад яах вэ дээ”

хэмээн тэр бичжээ. Адилхан л нэг гараан дээр, байдаг л нэг сүпэрмаркеттай, тэрүүхэндээ хоорондоо үйлчлүүлэгчидээ булаацалдсан шиг байцгаажээ. Гэтэл нэг л мэдэхэд нэг нь сугарч тасраад, олон брэнд бүтээгдхүүний зөвхөн ганц нь л Энэтхэг даяар жилдээ тэрбумаар зарагддаг дэлхийн тэрбумтан болчихож. Яагаад ийм болчихов оо? Бусдад нь том амбиц байсангүй, жалгадаа л сэтгэж, харсаар үлдэж, харин нэг нь дэлхийн энгээр харж, зангарагтай хөдөлжээ. Өнөөх газар хөдөлж байсан ч орхиогүй амбиц, хүсэл мөрөөдөл нь ийм боломжийг нээж өгсөн байх юм.

Үүнийхээ төлөө тэрбээр мөч хором бүрийг “зольжээ”. Том хөдлөхөд бас зөвхөн мөрөөдөл амбиц хангалттай биш. Том зориг, тэсвэр тэвчээр хэрэгтэй. Бизнесийн өрсөлдөөн хайр найргүй гэдэг. Зарим үед бизнесийн өрсөлдөөнийг тулааны талбартай зүйрлэсэн нь байдаг. Тулаанд өрөвч зөөлөн сэтгэл гэж байх боломжгүй. Өчүүхэн тийм сэтгэл гаргаваас ялагдана. Цэрэг эрс унаж байхад ч давшихыг, эсвэл хориглохыг тушааж байна. Харин өнөөх тэрслүү зөрүүд Бинод бас өөрийнхөөрөө хийжээ. Тэр хамтрагчидаа төдийгүй өрсөлдөгчиддөө хүнлэг энэрэнгүй байх бүх боломжийг эрж хайжээ. Ингэх бүр улам алсын бараа харагдаж, улам амжилттай болж байсан байх юм.

Бинодыг 18 настай, Энэтхэгт очиж суралцахаар бэлтгэж байхад аавынх нь бие муудаж, гэр бүлийнхээ бяцхан бизнесийг үргэлжлүүлэх үүрэг хүссэн хүсээгүй ууган хүүгийн нуруун дээр буужээ. Ганцхан шөнийн дотор амьдрал нь орвонгоороо өөрчлөгдөв. Сургуулиа хойш нь тавихаас өөр сонголт байсангүй. Харин тэр дотроо байгаа ер бусын хүчийг мэдэрчээ

Хожмоо тэр “Би Харвард, Массачүсэтсийн Технологийн сургууль, эс бөгөөс Вортонд сурч байгаагүй. Туршлагаараа банкны үйл хэрэгт суралцсан ч зах зээлийн тухай хэлэлцвэл Харвардын профессорыг давж гарна гэж боддог” гэж бичжээ. Боломж хаана ч байдаг л гэж хэлээд байна.

Жижиглэн худалдаагаа өргөжүүлж, үндэстэн дамнасан гэрээ хийж, шинэ шинэ салбарт хөрөнгө оруулж, дэлхийн брэндийг бүтээхийн төлөө зүтгэжээ. Мэдээж алдаа бишгүй. Гэвч алдаа бүхэн нь ухаарал, дахин өмнөхөөсөө ч илүү том алхах боломж байж.

Балба улсын газар нутаг нь манай бага шиг аймгийн хэмжээтэй. Тэндээ 30 саяулаа амьдарна. Нэг талаас Хамилайд шахагдсан, нөгөө талаасаа Энэтхэг гэдэг аварга том улсад шахагдсан орон. Үйлдвэрлэл технологи, нийгмийн олон талт харилцаа сул. Гэвч тэндээс дэлхийн хэмжээний бизнесмэн төрөн гарчээ. Тэдний удам хэдэн үе дамжсан бизнесмэнүүд байсан ч жижиг бизнесээс хэтэрч байсангүй. Харин Бинодын үед өөрчлөгдөв. Өөрчлөгдөөд зогсохгүй олон балба залууст урам зориг, санаа сэдэл өгсөн байна.

Ийм нэг ном уншив. Манайд бизнесийн соёл, агуулга жинхэнэ утгаараа хөгжихөд санаа үлгэр болох бодит туршлагыг өгүүлжээ. Энэ хувь хүний хөгжлийн ном биш шүү. Хэдэн жилийн өмнө Стив Жобсын номыг уншиж байхад нэг бүдэг бадаг санаа төрж билээ. Энэ удаад Балбаас төрсөн дэлхийн тэмбумтан Бинод Чаударигийн “Зангарагтай хөдөл” номыг уншихад өнөөх бүдэг бадаг санаа маань тодроод ирэв. Тэр юун санаа вэ гэдгийг номоос уншина биз ээ.

Бинод Чаудари бизнесийн салбарт орж буй бүхэнд хандаж нэг үг хэлжээ. “Дотоод ертөнцөө дүүргэх цаг зав гарга”. Үүний тулд яах вэ? Яадаг вэ? Энэ зөвхөн бизнесийнхэнд ч биш, ерөөс хүн толгойтой бүхэнд хандсан болов уу. Хэзээ нэгтээ дэлхийн түвшний монгол бизнесмэний тухай хэлэлцэж суух цаг ирэх буй за. Тийм цагийг ойртуулахад магад энэ мэт туршлага хэрэг болох байх.

Ер нь дотор дүүрэн бол гадаах ч дүүрэн байдаг.

Б.Номинчимэд

2022.03.13

 

Сэтгэгдэл бичих

arrow icon