Нийтлэл 03 сарын 13, 2022

Давтах уу, Өөрчлөх үү? Яаж?

Бидний өөрийн мэдэлгүй зүгээр л хийдэг зүйл хэр их бол? Гэрийн ахмад хүмүүсээ дагаад яг л дууриаж ирсэн зүйлс цөөнгүй. Цагаан сараар жишээлбэл мөрөө гаргах, ул боов өрөх, ахмад хүний тохойг түшиж золгох гэх мэт. 

Гэвч, яг хэдий үеэс, ямар нөлөөнөөс өнөөгийн байдалд хүрсэн нь сонирхолтой. Нийслэл салат, хөөрөг, бууз гэх мэт одоо үед энгийн зүйл хирнээ яг Монгол зүйл мөн үү гэж эргэлзмээр. Цагаан сар гэлтгүй зул сарын модон дээр мөнгө тавих, шелапан малгайг дээлэн дээр өмсөх, дээлэн дээр хромон гутал зэрэг яаж ч бодсон анхнаасаа байгаагүй, уламжлал биш зүйлс. Сүүлдээ сар луу түрүүвчээ харуулж даллах, модонд хадаг ороох, уул овоог хогоор овоолох гээд дуусахгүй. 

Бичээд байвал шашин шүтлэгтэй ч мөн холбогдоно гэж бодогдох тул гүн гүнзгий оролгүйгээр энэ хүргээд, ер нь бид өөрсдөө аав ээжийнхээ л сургаалиар ирж, тэдний бүтээсэн нийгэмд оршиж буй мэт. Айл айлын, нутаг нутгийн хүмүүжлээр өдийг хүргэж. Бидний аав ээж ч мөн адил, бидний үр хүүхдүүд ч мөн адил яг энэ зарчмаар. Зөв, буруу гэлтгүй хүссэн хүсээгүй үр дагавар нь л тийм. Хувьсах нь хувьсаж, үлдэх нь үлдсэн уламжлал, ёс заншил.

Мэдээж сайн хүмүүжил, боловсролын үр дүнд өдий зэрэгтээ яваадаа баярлаж, аав ээжээрээ, багш нараараа бахархаж, тэдэндээ талархдаг. Гэвч нөгөөтээгүүр, өрийн хайртай, дотнын хүмүүсээ оруулаад хэлэхэд, уучлаарай гэвч үнэн, бидний бага насны хүмүүжилд Социалист үзэл байсан уу байсан, хээл хахууль байсан уу байсан, хүчирхийлэл байсан уу байсан. Багшдаа зодуулах, эмчид баярлалаа гээд набор өгөх, дүнгээ ном канондож дээшлүүлэх гэх мэт. Бид өөрсдөө жижиг том гэлтгүй хахууль, хүчирхийллийг туулж ирсэн.

Ажилчин ангийн 30 гарч байж л энэ бүхнийг эргээд анзаарч байгаа минь энэ. Юу гэвэл, бид өөрсдөө өнөөгийн нийгмийг бүтээгч гэж. Миний, таны бүтээчхээд байгаа одоогийн нийгэм угаасаа л ийм. Фейсбүүк дээрх үндсэн мэдээллийн дугаараар нь холбогдоход суудал байхгүй гэх МИАТ руу таньдаг эгчээрээ асуулгахад билет олдчихдог, өвдөөд ор олдохгүй үед таньдаг эмчээрээ асуулгахад эрүүл байсан ч хэвтэж болдог, цагдаа зогсооход таньдаг замын цагдаа руугаа залгадаг, ийм л нийгэм. Яг өөрийн чинь дотнын хүн дээр тулахаар хүн л болсон хойно бүхнийг хийдэг. Угийн шударга биш учраас, ярихаар болчихдог учраас бид авилгалддаг. Тийм ээ, та өөрөө энэ нийгмийг үүсгэсэн. Би ч гэсэн өөрийгөө жинхэнэ шударга гэж бодож явсан ч, яг үнэндээ авилгач байж.

Ийм байж бид яагаад өөртэйгөө адилхан (бидний хэлдгээр) авилгачдыг жихүүцдэг юм бол? Тэд зүгээр л биднээс арай илүү боломж л олдсон болохоор биш гэж үү? Тань шиг, над шиг хүн тэр авилгатай тэмцэх газар, шүүх прокурорт байгаа. Бидний л үүсгэсэн нийгэм, үзэл бодол, тийм ээ уламжлал! 

Бид энэ мөнгө тараадаг, календар тараадаг, хэвийн боов тараадаг өөрсдийгөө сонгосоор байвал Дорж нь Бат эсвэл Болд л болно уу гэхээс уг үндэс, уламжлал нь өөрчлөгдөхгүй, хэзээ ч. 

Гол асуудал нь бидний цаашдын зорилго буюу юуг зааж үлдээх. Туйлын шударга байх гэхээр урдуураа хүн оруулаад хохирдог. Туйлын тэгш эрхтэй, шударга нийгэм нь өөрөө бий болоогүй өнөөдөр яг юунаас эхлэх ёстой юм бол…

Сонголт танд үргэлж байгаа ч, үр дүнг нь та биш таны хүүхэд амсана. 

Одоогийн бүх зүйлийг муу гэсэнгүй, муу зүйлсээ сайжруулах арга зам нь юу юм бол доо.

25/2/2022

И.Ө

 

Сэтгэгдэл бичих

arrow icon