Нийтлэл 03 сарын 20, 2022

БОЛОВСРОЛЫН РЕФОРМ: Сургуулийн хөгжил ба тэгш хамруулах боловсрол

Монгол улс боловсролыг тэргүүлэх ач холбогдолтой салбарт тооцож ирсэн бөгөөд одоо та бидний өмнө боловсролын тогтолцоо, агуулгыг богино хугацаанд олон улсын жишигт хүргэх зорилт хурцаар тавигдаж байна. Сүүлийн жилүүдэд боловсролын салбарт төрөөс хэрэгжүүлж буй бодлогод ЕБС-ийн ангилал, хэв шинж, тогтолцоог төгөлдөржүүлэх, багш нарын ажлыг бодитой үнэлэх, нийгмийн асуудлыг зохистой шийдвэрлэхэд чиглэгдэж байлаа. Сайн багшдаа өндөр цалин өгч хангамж эдлүүлэх хэрэгтэй. Томоохон их дээд сургуулиуд англи хэлээр зарим хичээлээ зааж, хөрвөх чадвартай боловсон хүчин бэлддэг болох чиглэлд багш нараа одооноос бэлдэх тухай зарим эрдэмтдийн саналыг анхаарч судалж үзэх хэрэгтэй. 2006 онд Боловсролын багц хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр боловсролын удирдах ажилтныг томилох асуудлыг нээлттэй, шударга зарчмаар явуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд (ХБХ)-ийн суралцах орчин нөхцөл, боломжийг сайжруулахад чиглэсэн өөрчлөлт хийсэн болно. Боловсролын чанарын үнэлгээний үндэсний шинэ тогтолцоог буй болгох, төлөвшүүлэх бодит хэрэгцээ шаардлага байгаа бөгөөд энэхүү тогтолцоо нь боловсролын үйлчилгээнд оролцогч бүхий л талуудын тоон ба чанарын үзүүлэлтүүдийг нарийвчлан тогтоож үнэлэх замаар улсын төсвийн үр ашгийг дээшлүүлэх, боловсролын чанарыг сайжруулахад чиглэгдэнэ.

Монголын Багш нарын Улсын Анхдугаар Зөвлөгөөн 2007 оны 4-р сард зохиогдоход тухайн үеийн МУ-ын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын дарга Ц.Нямдорж, Ерөнхий сайд М.Энхболд, БСШУ-ы сайд Ө.Энхтүвшин нарын зүгээс дээрх бодлогын чиглэлүүдийг уг зөвлөгөөний оролцогчдод хандан дэвшүүлсэн мэндчилгээ, хэлсэн үгэндээ онцлон дурдаж байв. Бид арван тав \магад түүнээс ч олон\ жил эдгээр болон бусад боловсролын салбарын зорилго, зорилтуудыг мэтгэлцэн хэлэлцсээр л явж байна.

Тэгш хамран сургалт бол энгийн хүүхдүүдтэй хамт сурч хөгжих, харилцаж нийгэмшихээс ихээхэн үр шим хүртдэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд наад захын стандарт бүхий сургалтын орчин байх ёстой гэх нийтлэг үзэл онол манай улсад шинэ сэргэг байгаа юм. Гэхдээ энэ талаар хийгдсэн ажил, судалгаа, гарсан тайлан зөвлөмжүүд, хэрэгжсэн төслүүд цөөнгүй байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон хөгжлийн ялгаатай онцлогтой хүүхдүүдийг өрөвдөх, өрөвдсөн харцаар харж ярилцах, хөөрхийлөх эсвэл сэжиглэх хэмжээний мэдлэг ойлголттой байгаа бол та ихэд хоцрогдсон хүн юм. Орчин үед бүх хүүхдүүдийг хөгжүүлнэ, гэгээрэл, ухаарлын замд нь гэрэл асааж оюуны цар хүрээг нь тэлж урагш нь хөтөлнө. Боловсролын бодлогод ХБХ, хөгжлийн ялгаатай онцлогтой хүүхдүүд гэхээсээ илүү боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүд гэж нэрлэх нь зохимжтой гэж үздэг зарим судлаачидтай санал нэг байгаа тул энэ нийтлэлд боловсролын тусгай хэрэгцээ (БТХ)-тэй хүүхдүүд гэдэг нэр томьёог ашиглав. Тэдгээр хүүхдүүд бусдын л адил ирээдүйгээ бүтээх мөрөөдөлтэй, авьяас, ур чадвараа хөгжүүлэхийн тулд чанартай боловсрол эзэмших эрхтэй гэдгийг мэдэж нийгмээрээ хоцрогдсон мэдлэг хандлагаа өөрчлөх цаг болжээ. Хөгжлийн бэрхшээлийг хүнд, хөнгөн, дунд хэлбэрээр нь ангилах бус, бүх хүүхэд сурч хөгжих ёстой гэсэн хүний эрхэд суурилсан хандлагаар хандах, хичээл\сургалтаас хүүхдийг ялгахгүй байх ёстой. Хүний эрхийн мэдрэмжтэй хууль тогтоогчид тэгш хамруулан сургах бодлогыг хуульчлахаар ажиллахдаа БТХ-тэй хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчид болон тэдэнтэй ажилладаг байгууллагууд, ИНБ-ын оролцоог сайтар хангах ёстой гэж Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Байгууллагуудын Үндэсний Холбооны ерөнхийлөгч, хүний эрхийн зөвлөх Ц.Оюунбаатар үзэж байна.

ЮНИСЕФ-ын тооцоолсноор манай улсад 32,000 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байгаагийн 50 орчим хувь нь сургуульд сурдаггүй байх магадлалтай гэсэн байна. Хэдийгээр сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн 84% нь ямар нэг боловсролын хөтөлбөрт хамрагддаг ч БТХ-тэй хүүхдүүдийн  зөвхөн 1% нь л ийм хөтөлбөрт хамрагдаж байна гэсэн нь гунигтай дүр зураг юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ба тэдний эцэг эх, асран хамгаалагчдын амьдралын нөхцөл байдал, сурч хөгжих эрх, хэрэгцээ шаардлага хөгжлийн бэрхшээлгүй хүүхдүүдтэй харьцуулахад тэс өөр байдаг. Наад зах нь эцэг эхчүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ бусдаас нуух, айж эмээх, ичиж зовох зэрэг эмзэг асуудлууд тулгарна. Зарим хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хэт асарч бөөцийлөх, эсвэл ядарч залхан зөнд нь хаяж хайхрахгүй байх зэргээр хүүхдийн эрхийг зөрчдөг. ЕБС, цэцэрлэг дээр ч тэдгээр хүүхдүүдийг үл тоох, элсүүлэхгүй, хүлээж авахгүй байх нь мөн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлийн нэг хэлбэр болоод байгааг НҮБ-аас ирүүлсэн зөвлөмжид онцолсон. Ихэнх ЕБС-үүд ХБХ-эд ээлтэй бус орчинтой, бэлтгэгдсэн хүний нөөц хомсдолтой тул орон нутгийн албан бус боловсролын төвүүд тэдний очих ганц газар болж хувирсан бөгөөд тэдгээр төвүүдэд суралцагчдийн 40 орчим хувь нь ХБХ-үүд байна гэж судалгааны тайланд дурдсан байна. Цэцэрлэгийн хүртээмжийн асуудлаас үүдээд бага насны ХБХ-үүд гэртээ насанд хүрсэн "ажилгүй" хэн нэгний хараа халамжид байх сонголт л үлдэж байгаа юм. Сонсголгүй хүүхдийн эрх боловсрол эзэмшихэд хамгийн их зөрчигддөг байна. Жишээлбэл, ердийн сургуульд сурч буй сонсголгүй хүүхэд дохионы хэлмэрчийн хөлсийг өөрөө төлж сургуульд явсан тохиолдол гарав. Мөн сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн хос хэлний боловсролд анхаарч кирилл бичиг болон дохионы хэлийг давхар зааж бичгийн хэл сайн сургавал илүү эрх мэдэлжинэ гэж үзэж байгаа юм. Учир нь дохионы хэлний үгийн сан 3000 гаруй үгээр хязгаарлагддаг байна.

Тиймээс тэдэнд шаардагдах үйлчилгээний хүртээмжийг сайжруулахгүй бол эрхээ эдэлж чадахгүйд хүрч байна. Ковидын үеийн сургамж бол БТХ-тэй хүүхдүүд цахимаар суралцаж чадаагүй, компьютергүй, интернэтгүй, амьдралын боломж тааруу зэргээс улбаалаад зарим эцэг эхчүүд хэрхэн хүүхэдтэйгээ ажиллах арга барилаа сайн мэдэхгүй байсан явдал юм. Түүнчлэн сургуулийн орчинд ялгаварлан гадуурхах, доромжлох, дорд үзэх хандлага түгээмэл байсаар байна. ЕБС-иуд дотоод дүрэм журамдаа ХБХ суралцвал ямар тохируулга хийх талаар оруулах, ганцаарчилсан\бүлгийн сургалт явуулах, түгээмэл загвар, тохирох хэрэглэгдэхүүнээр хангах тохируулга хийхгүй байгаа нь өөрөө ялгаварлан гадуурхалт мөн гэж үздэг. БТХ-тэй хүүхэд суралцах тохиолдолд хичээлийн хугацаанд өөрчлөлт\тохируулга хийх, амраах, тайвшруулах массаж хийх өрөөтэй байх зэрэг НҮБ-аас манай улсад ирүүлсэн зөвлөмжүүд нэлээд олон байдгийг энд дурдах хэрэгтэй.

Тэгш хамруулах боловсролын онол, үзэл санааг нухацтай хэлэлцэж ойлголцлоо нэгтгэх оролдлого өнгөрсөн хугацаанд төдийлөн хийгдсэнгүй. Тиймээс бид хоёр өөр зүйл, тодруулбал боловсролын тогтолцооны шинэчлэл гэдэг зүйлээс гадна боловсролд тэгш хамруулах бодлого гээд өөр юм байх юм байна гэж үзээд бүр хуулийн төсөлд тусгай бүлэг болгож оруулаад байдаг. Боловсролын системд бүх хүүхдүүдийг адил тэгш хамруулан сургаж чанартай боловсрол олгохын төлөө боловсролын цогц реформ хийж хэрэгжүүлнэ гэж эрх баригчид амлаж байгаа. Үр дүнтэй тогтолцооны шинэчлэл хийхийн тулд тэгш хамруулан сургах зарчим, үзэл санаа, бодлогыг боловсролын системд эргэлт буцалтгүй нэвтрүүлэх, боловсролын систем нь өөрөө хүүхдэд\суралцагчдад тохирсон инклюзив (inclusive) болох ёстой гэж Боловсролд Тэгш Хамруулах Иргэний Нийгмийн Сүлжээ (БТХИНС)-ний гишүүн байгууллагууд үзэж байгаа юм.

Нэгдүгээрт, улс орнууд бүх хүүхдэд боловсрол олгох нь төр засгийн үүрэг хэмээн хуульчлах нь нийтлэг байдаг бөгөөд энэ үүргээ биелүүлэх үүднээс орон нутгийн засаг захиргаагаар дамжуулан боловсролын бодлогыг хэрэгжүүлдэг. ЕБС-иуд Монгол Улсын иргэн бүрт суурь боловсрол заавал эзэмшүүлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажилласнаар хуулийн хүрээнд суралцагчид (өөрийн болон бусад сургууль хамаарна) сургуулийн\хичээлийн байр, автобус, сургуулийн нийтийн эзэмшлийн талбай, гадаа ба спортын зай талбай болон сургуулийн захиргаанаас хичээл сургалтын үеэр эсвэл сургалтын үйл ажиллагааны зориулалтаар ашигладаг бусад барилга байгууламж зай талбайг чөлөөтэй ашиглах эрх үүсдэг гэж үзэж болно. Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд сурч боловсрох ижил тэгш боломж олгох тухайд тэгш хамрах (inclusive) зарчим Монгол улсын Үндсэн хууль (1992)-аас эхлээд Боловсролын тухай багц хууль (2002), Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль (2016), Хүүхдийн эрхийн тухай хууль (2016) болон бусад хуулиудад тусгагдсаар иржээ. Улмаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх заавар (2018), БСШУСЯ-ы Сайдын тушаал (2019) “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулах тухай” (БТХИНС-ий оролцоо, санаачилгаар); 2018 оны А/155-р тушаал “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах арга зүй” (ЖАЙКА ОУБ-ын оролцоо, санаачилгаар); 2019 оны эхээр “Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээлтэй суралцахуйн орчин бүрдүүлэх тухай” журам, 2020 оны сүүлээр "Бүх шатны сургалтын байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн онцлогт тохирох хэрэглэгдэхүүн, сургалтын орчныг бүрдүүлэх журам" зэргийг баталсан. ХБХ-үүдийн сурч боловсрох асуудлыг эдгээр журмуудаар зохицуулж шийднэ гэж үзэх нь ялгаварлан гадуурхсан шинжтэй үйлдэл болоод байгаа юм. Тиймээс тэгш хамрах боловсролын талаар баримтлах манай улсын бодлого тодорхой болж, хэрэгжих механизм нь бүрэлдэн тогтож байгаа ч боловсролын тогтолцооны шинэчлэл болж чадахгүй байгаад ИНБ-ууд санаа зовниж байна.

 Хоёрдугаарт, хүүхэд залууст эрдэм боловсрол эзэмшүүлэх зайлшгүй шаардлагатай гэсэн ёс суртахуунлаг зарчмын үзэл санаа бол хүний нийгмийн туйлын чухал үүрэг хариуцлага гэдэгтэй маргах хүн гарахгүй байх. Философич Жон Дьюгийн үзэж байсанчлан шинэ зүйлс сурч мэдэх, хөгжих боломж гэдэг нь ардчилсан нийгмийн ашиг тусыг \үр шимийг\ бүрэн хүртэх боломж гэдэгтэй эн тэнцүү, ижил зүйл юм. Боловсролын салбарын лидерүүдийн хувьд эдгээр үнэ цэнтэй суурь зарчмуудыг хэлбэрэлтгүй дагаж мөрдөх сэтгэлтэй, ур чадвартай байх нь хөгжлийн бэрхшээлгүй хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн мэдлэг боловсрол олгоход зориулагдсан ерөнхий боловсролын системийн үйлчилгээнээс үр ашиг хүртэх боломж нь ихэнхдээ хязгаарлагдмал байдаг БТХ-тэй хүүхдүүдэд туйлын чухал болоод байгаа юм. Тусгай сургуулиуд ч ЕБС-тай адил, стандартад нийцсэн боловсролын үйлчилгээ үзүүлж сургалт явуулах ёстой. Тийм учраас салбарын удирдлагууд, хууль тогтоогчид тэгш хамруулах боловсролыг хуульчилж боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн суралцахуйн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн боловсролын үйлчилгээг үзүүлэхийн тулд онцлог мөн чанар, суурь ойлголтуудыг маш сайн судлах ёстой.

НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооны “Тэгш хамруулсан боловсрол эзэмших эрхийн талаарх 2016 оны 4-р Ерөнхий зөвлөмж” бол тэгш хамруулах боловсролыг тодорхойлсон маш чухал бичиг баримт мөн. Уг ерөнхий зөвлөмжид заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сурч боловсрох эрхийг сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсрол; мэргэжлийн сургалт, насан туршдаа суралцахуй; хичээлээс гадуурх болон нийтийг хамарсан үйл ажиллагаа зэрэг боловсролын бүхий л түвшинд тэгш хамруулах тогтолцоогоор дамжуулан бодит биелэл болгох явдлыг баталгаажуулах үүрэгтэй. Ингэхдээ хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран бүхий л суралцагчдыг ялгаварлан гадуурхалгүй, бусадтай адил тэгш боломжийн үндсэн дээр авч үзэх хэрэгтэй гэж заасан. Ерөнхий зөвлөмж 4-ийн арав дахь цогцолборт тодорхойлсноор тэгш хамруулах боловсролыг дараах байдлаар ойлгох хэрэгтэй:

  1. Бүх суралцагчийн хувьд хүний үндсэн эрх. Тодруулбал, боловсрол бол хүүхдийн хувьд тухайн хувь суралцагчийн эдлэх эрх бөгөөд эцэг эх эсвэл асран хамгаалагчийн эрх биш. Иймээс эцэг эхийн үүрэг хариуцлага нь хүүхдийн эрхийг хангахад чиглэгдэнэ;
  2. Бүх суралцагчийн сайн сайхан байдлыг эрхэмлэж, тэдний төрөлхийн эрхэм чанар, бие даасан байдлыг хүндэтгэж, нийгмийн амьдралд үр дүнтэй оролцох, хувь нэмрээ оруулах тухайн хүний чадвар чадамж болон хувь хүний зүгээс тавих шаардлагыг хүлээн зөвшөөрөх зарчим;
  3.  Хүний бусад эрхээ эдлэх арга зам. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд өөрийгөө ядуурлаас гаргах, орон нутгийнхаа амьдралд бүрэн дүүрэн оролцох арга замыг эрж олох болон мөлжлөгөөс хамгаалагдах арга зам билээ. Түүнчлэн энэ нь тэгш хамруулсан нийгмийг бий болгох үндсэн арга зам болно;
  4.  Сурч боловсрох эрхээ эдлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгахад чиглэсэн тасралтгүй бөгөөд идэвхтэй үүрэг амлалт бүхий үйл явцын төдийгүй бүх суралцагчийг үр дүнтэй байдлаар тэгш хамруулан сургах чиглэлээр ердийн сургуулиудын хэвшмэл соёл, бодлого болон практик үйл ажиллагааг өөрчилснөөр хүрэх үр дүн мөн (Карин Шелциг, Кирсти Ньюман, 2020) хэмээн "Монгол улсад тэгш хамруулах боловсролыг дэмжих нь" баримт бичигт өгүүлсэн байна.

Тэгш хамруулан сургах боловсрол нь бүх суралцагчдад хүрч үйлчлэх боловсролын тогтолцооны чадавхыг бэхжүүлэхэд оршино гэж үздэг. Энэ нь бүх суралцагчдыг ялгаварлан гадуурхалтаас ангид байлгаж боловсрол эзэмшүүлэхэд анхаарна гэсэн үг. Түүнчлэн сургалтын агуулга, заах арга, бүтэц, стратегидаа хийх өөрчлөлт, тохируулгыг агуулсан системийн шинэчлэлийн үйл явц юм. Тэгш хамруулах боловсролын үндсэн шинж чанаруудад тэгш хамруулах боловсролыг хөгжүүлэхэд бүхий л нөөц боломжоо хөрөнгө оруулж бүхий л системээр нь авч үзэх үзэл санаанаас эхлээд олон талт байдал, хүний ялгаатай байдлыг хүндэтгэх, бүх суралцагчдын суралцахуйг дэмжсэн сургалтын ээлтэй орчин болон бүх хүүхэд сурч хөгжих чадвартай гэдгийг хүлээн зөвшөөрөх зэрэг нийт 9 зүйлсийг багтаасан.

Боловсролын реформын хүрээнд үндэсний хэмжээний хэлэлцүүлгүүд, төрийн ордонд уулзалтууд удаа дараа хийгдэж байсан бөгөөд тэгш хамран сургах бодлого болон БТХ-тэй хүүхдүүдийн асуудлыг бодлогын түвшинд нухацтай хэлэлцэх, "Тэгш хамран сургах боловсролын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газраас баталсан 235-р тогтоолын хэрэгжилттэй танилцах ёстой гэдэг байр суурин дээр иргэний нийгмийн сүлжээний гишүүд санал нэгдэж байна.

Боловсролд Тэгш Хамруулах Иргэний Нийгмийн Сүлжээг бүх хүүхэд хамтдаа сурч боловсрох эрхийг хангуулах, хэрэгжүүлэх зорилготойгоор 50 гаруй ИНБ, ТББ-ууд үнэт зүйлээрээ нэгдэн 2014 онд Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр байгуулсан. Сүлжээний гишүүд харилцан мэдээлэл хуваалцах, суралцах, хамтын хүчээр нэг зорилго, үзэл бодолтойгоор бодлогын нөлөөлөл хийдэг төдийгүй боловсролын салбарын төсвийн шинжилгээ зэрэг бодлогын судалгаанууд хийж, үр дүнг шийдвэр гаргагчид болон олон нийтэд хүргэж ажилладаг. 2014 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол”, 2015 онд “Тэгш хамруулах боловсрол" зэрэг үндэсний форум хийж БШУЯ, МУБИС, эрдэмтэн судлаач, олон улсын байгууллагуудыг оролцуулж тэгш хамран сургах талаар иргэний нийгмийн байр суурийг илэрхийлж байсан. Тус сүлжээний гишүүн байгууллагууд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг боловсруулж батлуулахад идэвхийлэн оролцож, тэгш хамруулах боловсролын талаарх холбогдох журмууд, боловсролын багц хуулийн төсөл боловсруулахад саналаа өгсөн. Монгол улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц (ХБХЭТК)-д нэгдэж Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталсан мөртлөө боловсролын хуулийн реформд тэгш хамруулах боловсролыг хуульчлах хүчин чармайлт гаргахгүй байна хэмээн сүлжээний гишүүд шүүмжлэлтэй хандаж байна. Тиймээс одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа тэгш хамруулах журам зааврыг боловсронгуй болгох явцдаа боловсролын багц хуульд тэгш хамруулах бодлогыг үе шаттай оруулах, хуулийн төсөлд эцэслэн боловсруулалт хийхэд ИНБ-уудын идэвхтэй оролцоог хангах хэрэгтэй хэмээн ННФ-ын менежер, судлаач А.Гэрэлмаа мэдэгдэв. МУ-ын ХБХЭТК-ийн хэрэгжилтийн тайланг НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн хороогоор хэлэлцээд манай улсад өгсөн боловсролын талаарх зөвлөмжид тэгш хамруулах боловсролын тогтолцооны тухай Боловсролын хуулиудад, Боловсролыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд тусаагүй, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө байхгүйд Хороо санаа зовж байгаа тухайгаа илэрхийлээд  тэгш хамруулах боловсролын тогтолцоог хөгжүүлэхэд төсөв хуваарилах, хөтөлбөр гаргах тухай зөвлөмж өгсөн байдаг.

Боловсролын зорилго нь төрт ёс, түүх, соёл, уламжлал, үнэт зүйлсийг өвлөсөн, ардчилсан, хүмүүнлэг, ёс зүйг дээдлэн сахисан иргэнийг бэлтгэнэ гэж Боловсролын ерөнхий хуулийн төсөлд тусгасан байна. Тэгэхээр дагалдах хуульд Монголын дунд сургуулиуд суралцагчдаа ирээдүйд энэ улсын иргэн болж хүмүүжиж төлөвшихдөө ямар үнэт зүйлсийг эрхэмлэдэг болгох үүрэг хуулиар хүлээх ёстой вэ гэдгийг тодруулах хэрэгтэй байгаа юм. Бид өнө эртнээс улбаатай баялаг түүх соёл, ёс заншил, өв уламжлалаараа бахархдаг хүмүүс билээ. Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай нэгэн хэлэлцүүлгийн үеэр Монголын Нууц Товчоо бол монгол хүний дагаж мөрдөх (ёс суртахууны) өнө мөнхийн кодекс байх ёстой хэмээн мэдэгдэж байсан.  Ямартай ч "олон талт байдлыг хүлээн зөвшөөрч, (БТХ-тэй хүүхдүүдийн эрх тусдаа биш) хүний ялгаатай байдал гэж хүлээж авах, хүндэтгэлтэй хандах" гэдэг үнэт зүйл лав байх шаардлагатай гэж бодож байна. Бүх үнэт зүйлсийг цогц байдлаар тодорхойлж, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх зөвлөмжийг Боловсролын Яам гаргах нь зүйтэй. Боловсролын Ерөнхий Газар сургуулиудад хяналт шалгалт явуулахдаа хуулиар тодорхойлсон үнэт зүйлсийг байгууллагын зорилго зорилтууд, хөтөлбөртөө оруулсан эсэх, хэрхэн ажиллаж байгаад үнэлгээ мониторинг хийх бодлого журмыг бий болгож ажиллана гэж ойлгож байна. Ингэснээр сурагчид дунд сургуулиа төгсөхдөө ирээдүйн амьдралд бэлтгэгдсэн, ардчилсан нийгмийн идэвхтэй иргэн болно гэх мэтээр монголын нийгмийн, монгол хүний үнэт зүйлсийг тодорхойгүй тунхаглаад явах бус, тодорхой хэрэгжихүйц байхаар бодлогын реформ хийвэл зохимжтой юм.

Сайн сургуулийг илэрхийлэх нэгдсэн тодорхойлолт байдаггүй. Муу, тааруу ажиллаж байгаа сургуулийн тухайд хэт дуулгавартай, нэг хэв шинжид баригдсан байгууллагад идэвхгүй, дүр эсгэсэн байдал ноёлж, төлөвлөгдөж шийдэгдсэн бүх бодлого шийдвэрийг дагахаас өөр аргагүй хэмээн итгэдэг байна. Багш нар, удирдлагууд мэдээ баримт тасралтгүй цуглуулцгааж, бодит байдлыг олж харж асуудлыг шийдэхэд сэтгэлийн хөдөлгөөнөөр хандахаас учир шалтгаан зүй тогтлыг олох гэж оюун бодлоо зардаггүй. Тийм сургуулиудад хянаж цагдаж дүрэм журмаар далайлгаж сайн муу, ялагч, ялагдагчдыг тодруулж, цоллож ажилладаг хатуу соёл тогтдог. Ингээд суралцахуйг үл тоож орхигдуулснаар суралцагчид бусадтай харилцах нь багасаж зөвхөн өөрийгөө бодсон байдал газар авч амжилттай суралцсан нь гавьяа байгуулж, дундаж болон доогуур түвшинд мэрийж хичээгээд суралцсан ч гай таригчид мэт үзэгдэх явдал хаа сайгүй байна. Түүнчлэн ЕБС, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж үнэлгээ мониторинг хийх ажил бодитой хэрэгжээгүйгээс үүдэлтэй бугшсан асуудлууд ил болж зарим нэг сургуулийн асуудал нийгэмд шуугиан тарьж байна. 

Боловсролын салбарт ЕБС судлал, цэцэрлэг судлалыг хөгжүүлэх, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг тандан судлах, ажиглах, газар дээр нь богино бус хугацаагаар ажиллаж өгөгдөл мэдээлэл цуглуулж боловсруулах шаардлагатай байна. Сургууль, цэцэрлэгийг хөгжлийн хурдыг нэмэгдүүлэх үйл явцад олон хүн идэвхтэй оролцож, шийдвэр гаргахад хамтарч, шинэ санал санаачилгаас суралцаж хамтдаа мэдлэг бүтээж, мөн хуваалцаж ажиллах хэрэгтэй байгаа юм. Манайх шиг хүнд сурталтай, хуучинсаг боловсролын системд үнэлгээ мониторинг бүхий хариуцлагад суурилсан хяналтын тогтолцоог бий болгоход боловсролын системд оролцогч бүх талуудын харилцааг нягтруулан сайжруулж, үүрэг хариуцлагыг нь тодорхой болгож чадах мэргэшсэн мэргэжилтнүүдийн нэгдмэл ур чадвараас их зүйл шалтгаална. Тэд эрх тэгш байдал, шударга ёсыг баталгаажуулан хангах үүднээс сургуулиуд, сургалтын байгууллагуудад нүүрлэсэн тогтолцооны саад бэрхшээлийг арилгах, суралцагчдын язгуур эрх ашгийг хангахад чиглэн ажиллана гэсэн үг.

Сайн сургуулиуд суралцагчдын суралцахуйг дэмжсэн сонирхолтой, хөөр хөгжөөнтэй, тэгш хамруулсан, тэдэнд тэгш эрх, тэгш боломжийг олгосон орчинг бүрдүүлдэг. Тэд бүх суралцагчдыг баримт нотолгоонд түшиглэн шийдвэр гаргахыг дэмжиж, өөрсдийнхөө талаар эргэцүүлэхийг урамшуулж ажиллах соёлыг эрхэмлэдэг. Сайн сургуулиуд хэн нэгэнд үндэслэлгүйгээр, шударга бусаар дургүйцсэн, шүүмжилсэн үг яриа, үйлдэлд зөв зүйтэй аргаар хаалт тавьж, "ядуу айлын, хүмүүжил төлөвшил муутай эсвэл хөгжлийн ялгаатай онцлогтой учраас сайн сурдаггүй" гэх мэт хэн нэгнийг буруутгаад түүндээ бат итгэдэг, тэд ахиж дэвших, амжилт гаргах боломжгүй мэт ойлгодог тогтсон хандлагаас татгалзаж чадах арга зам, стратегиудтай байдаг. Тиймээс сургуулиуд эрх тэгш зарчимд үндэслэн шийдвэр гаргаж бие биесээ дэмжсэн эерэг, урам зоригтой харилцааг хөгжүүлэхийн зэрэгцээ багш сурагчид хамтдаа сургуулийн талаар ажил хэрэгч яриа, шүүмжлэл өрнүүлэхийг дэмжих хэрэгтэй. Хүүхдүүдэд бие биендээ тусалж дэмжих нь сайн санааны үүднээс үзүүлж буй "дэмжлэг, хандив" бус, үзэл бодол, үйл ажиллагаагаараа нэгдмэл байгаагийн шинж гэдгийг ойлгуулмаар байгаа юм. Сургуулийн зүгээс эцэг эхчүүдэд боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдийнхээ авьяас, давуу талыг нь хөгжүүлэхэд анхаарч дугуйлан секцид хамруулах, гүнзгийрүүлсэн сургалтад явуулж байх зэргээр хүүхдээ хөгжүүлэх бүх боломжийг ашиглахыг зөвлөж дэмжлэг үзүүлэх үйлчилгээг буй болгох хэрэгтэй. Казах, Тува зэрэг үндэстний цөөнхийн хүүхдүүдийн сургалтын чанарыг сайжруулах гэж байгаа бол нэг ангид байх хүүхдийн тоог цөөлж, туслах багш нарыг ажиллуулж сүүлийн үеийн сургалтын технологи ашиглахыг бодлогоор дэмжих нь зүйн хэрэг. Эх түүхээ дээдэлдэг, сайн мэддэг настан буурлууд, нэр төртэй хүмүүс, мэргэжлийн судлаачид нь (ялангуяа Тува) хүүхдүүдэд хэл соёлоо зааж сургуулийн гадна болон дотоод орчинд суралцагчдад суралцахуйн дэмжлэг үзүүлэхэд анхаарууштай. Багш ажилтнууд, суралцагчдад ижил тэгш хандаж эцэг эхчүүдтэй боловсрол сургалтыг тойрсон асуудлаар харилцан ярилцдаг байх нь зүйтэй.

Сургуулийн удирдлагууд бүх суралцагчдын эрдэм боловсрол эзэмших боломжоор ханган ажиллах үндсэн үүрэгтэй байна. Тэгш хамруулан сургах явцад тэд янз бүрийн оролцогч талуудын эрх, ашиг сонирхлын огтлолцол дээр хоорондоо зөрчилдсөн хууль эрх зүй болон ёс суртахууны хэм хэмжээнд хязгаарлагдан ажлаа гүйцэтгэх нөхцөл байдал үүснэ. Дахин сануулахад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг эх, асран хамгаалагчдын эдлэх эрх, хэрэгцээ шаардлага хөгжлийн бэрхшээлгүй, энгийн хүүхдүүдийхээс тэс өөр учраас сургуулийн удирдлагууд бүх хүүхдүүдийн сурч хөгжих боломжийг олгохуйц боловсрол, сургалтын үйл ажиллагааг дэмжин ажиллах түвшинд тэгш хамруулах боловсролын талаарх мэдлэг ур чадвараа нэмэгдүүлэх ёстой. ХБ-тэй болон хөгжлийн ялгаатай онцлогтой хүүхдээ асарч халамжилдаг, сургуульд нь явуулдаг эцэг эхчүүд, гэр бүлийн гишүүдэд учирч буй сорилт бэрхшээл нарийн төвөгтэй, зарим үед үгээр илэрхийлэгдэмгүй байх нь олонтаа. Хэрвээ тухайн сургуулийн захирал, удирдлага боловсролын тусгай хэрэгцээний талаар мэдлэг туршлагагүй бол эцэг эхчүүд, хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагад анхаарч тэдэнтэй дотно, итгэлтэй харилцааг үүсгэж чадахгүй. Хүүхдийнх нь сурч боловсрох эрхээ эдлэх асуудлыг нь сайтар мэдэж сэтгэлээсээ хандсан тохиолдолд эцэг эхчүүд тэдэнтэй итгэлтэйгээр харилцаа үүсгэж урамтайгаар хамтран ажиллах болно.

 

Үргэлжлэл бий...

 

Сэтгэгдэл бичих

arrow icon