Нийтлэл 03 сарын 23, 2022

НОМЫН ТЭМДЭГЛЭЛ: Тахлын үеийн дурлал буюу тавин гурван жил, долоон сар, арван нэгэн өдөр

1926 онд Карибын тэнгисийн ойролцоо мэндэлсэн Габриель Гарсиа Маркес хэмээх эрхмийн 1985 онд бичсэн "Тахлын үеийн дурлал" роман эхлэлээс төгсгөл хүртлээ нүцгэн үнэнийг өгүүлнэ. Түүний энэ бүтээлийг нуршуу, ойлгоход хүнд гэж ярих хүмүүс цөөнгүй. Гэвч үнэндээ онцгой (зохиолч бүр өөрийн арга барилтай, зохиол бүр онцгой байдаг ч түүний бүтээл онцгойн онцгой) бүтээл юм. Онцгой гэж дүгнэж байгаагийн учир нь амьдрал, хайр дурлалын бүх сайн муу талыг нэгд нэгэнгүй бичсэн гэж тодорхойлж болох учраас тэр. Энэ бүтээлээс зөвхөн сайн сайхан, амар зүйлийг олж харахгүй ээ гэсэн үг.

Гуниг гомдлын их шуурган дунд тавин гурван жил, долоон сар, арван нэгэн өдрийг өнгөрүүлэхдээ хувирч хуучраагүй сэтгэлийг зугаа цэнгэл, завхралтай хослуулж бичнэ гэдэг яруу тод авьяас мөн биз? Үнэндээ хайр дурлал бидний бодсон шиг тийм ариухан ч зүйл биш. Ариухан биш байлаа гээд муу муухай зүйл ч бас биш юм. Сэтгэлдээ тээж явах нь ариун байснаас хэд дахин илүү үнэ цэнэтэй мэт.

Хайр дурлалд мансууран цэнгэж явахад бүх зүйл хялбар санагддаг ч гэнэтийн өөрчлөлтөөс болж нуран унахад амьсгаа авахад ч хэцүү санагддаг нь үнэн. Гэвч амьдрах л ёстой, яг л Флорентино Ариза шиг. Түүний итгэл найдварыг нурааж одсон Фермина Даза шиг ч байж чадах хэрэгтэй. Гэнэтийн бүхэн цочролд оруулж, үзэн ядах сэтгэл, асар их гомдлыг үлдээдэг ч хайрлах сэтгэл тийм ч амархан хувирдаггүй ажээ. Аризад дурласан бяцхан охин... Үс нь бууралтаж, нүүр нь үрчлээтсэн эрд яагаад дурладаг юм бол? Хүн хүний хайрын мэдрэмж өөр болохоор тэр үү, эсвэл дотоод мөн чанар тийм хүчтэй зүйл үү? Эмч Хувенал Урбино. Нэр хүндтэй эмч Урбинотой гэрлэсэн Фермина Даза тэдний амьдралын тавин жил. Тавин жил хүлээсний эцэст аялалд явж, амраглаж, үдийн зоог хамт идэх тэр мэдрэмж ямар байдаг бол?

Ямар нэгэн зүйлд баригдмал амьдарна гэдэг тун чиг төвөгтэй, амтгүй. Яг л давсгүй хоол өдөр бүр идэхтэй адилхан залхмаар зүйл гэдэгт эргэлзэх зүйлгүй. Гэвч гэрлэлт баригдмал зүйлд аваачвал яах вэ? Бид зөв хүнтэйгээ гэрлэсэн тохиолдолд баригдмал бус амьдардаг. Яг л Даза, Урбино хоёр шиг. Гэвч тэднээс илүү өгөөмөр сэтгэлтэй (өөрийгөө тайван, чөлөөтэй төлөвт байлгаж чаддаг) Флорентино тун гайхамшигтай хүн юм.

...Он жилийн уртад өөр маягаар хамт амьдрах боломжгүй, нэг нэгнээ өөрөөр хайрлах бүр ч боломжгүй, энэ зүйл байхгүй гэсэн мэргэн дүгнэлтэд өөр өөрийн замаар явж хүрсэн байлаа...

Сэтгэгдэл: Г.Ганбат.

Нүүр зураг: Д.Оюунгэрэл.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon