Бүтэлгүй юм ярих, бүтэлгүй юм хэлэх тэр байтугай бүтэлгүй юм бодохоо ч зогсоосон цагт хүн хөгжиж, урагшилж, дээшлэх боломжтойг тархи, сэтгэл судлаачид тогтоосон. Гэтэл Монголын нийгэмд бүтэхгүй, болохгүй гэх хандлага газар авч, төлөвшиж байгаа нь харамсалтай. Монгол хүн бол бүтэхгүй, илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ, алт хийсэн ч сэгсэрнэ гэсэн бүтэлгүй бодол нийтлэг хандлага болж буй.
Хүн яагаад өөрийгөө бүтэхгүйгээр нь дуудаж, бүтэхгүй юм ярихад хүрнэ вэ?
Мэдэхийг хүсэхгүй бол мэдлэгийг олж авч чадахгүй. Эрдэмгүй бол хүсэхгүй. Зорилгогүй бол зориглохгүй. Бодохгүй, өөртөө эргэлзэхгүй, асуулт тавихгүй бол өөртөө итгэлгүй, ноомой, бусдын эрхшээлд ороход бэлэн, тэсвэр, хатуужилгүй болдгийг философичд сануулсаар иржээ. Өөрийн үнэлэмж бага, өөрөө бодож хийдэггүй бол бусдын сайн туслагч төдий л байхаас бус хамтарч, хийж бүтээх хамтрагч байх боломжгүй талаар Жим Коллинс Сайнаас Агуу руу (Jim Collins, Good to Great: Why Some Companies Make the Leap and Others Don’t) хэмээх номдоо бичжээ.
Хүний хүсэл аар саархан, өдөр тутмын, өчүүхэн, жижиг тугалын бэлчих газраас холдож үзээгүй, зөвхөн өөрийн хар амиа зогоох, амь гарах тухай байх тусам тэр чинээгээрээ түүний ертөнцийн төсөөлөл нь бяцхан, мэдлэгийн хүрээ нь хязгаарлагдмал, өшөө хорсол, үзэн ядалтаар дүүрэн байдаг тухай Артур Шопенхауэр Ертөнц бол чиний хүсэл ба илэрхийлэл (Arthur Schopenhauer: World as Will and Representation) хэмээх номдоо бичсэн. Нэг талхны хойноос өрсөлдөх үү, нэг талхны үйлдвэр байгуулахын төлөө хамтрах уу гэдгээс хамаараад гүйцэтгэл өөр өөр байх болов уу.
Эдийн засагт хүмүүс хэрхэн хамтран амьдарч, хамтран ажиллаж, шийдвэр гаргаж, хувийн болоод нийтийн эрх ашиг (алдагдал) нэмэгдүүлж байдгийг Тоглоомын онол (Game Theory) судалдаг. Тус онолд Prisoner’ Dilemma буюу хоригдлын ацан шалаа гэх ойлголт бий. Тус тусдаа байцаалтад орсон 2 сэжигтэн (хоригдол) ямар шийдвэр гаргавал хамгийн хөнгөн ялтай үлдэж чадах вэ? Гэмт хэрэгтнүүд хүртэл хоорондоо хамтарч, нэг зорилгын төлөө байж чадвал ялын хэмжээгээ хөнгөлөх боломжтой ба амь амиа бодож хувийн тоглолт хийхэд ялын хэмжээ нэмэгдэж, аль аль талдаа ашиггүй үр дүнд хүрдэг тухай Prisoner’s Dilemma буюу хоригдлын ацан шалааны жишээнээс харж болно.
Товчхондоо, бид хамтарч, нэг зорилгын төлөө байж чадсан үед нийтийн (улс орон, аж үйлдвэр, компани, албан байгууллага г.м) эрх ашгаа нэмэгдүүлж чадах ба амь амиа бодсон үед хэн хэндээ алдагдалтай, ашиггүй ацан шалаанд ордог гэсэн үг.
Харин миний ашиг (алдагдал) бол бусдын алдагдал (ашиг) гэсэн сэтгэлгээ биднийг ацан шалаа руу, мухардал руу түлхсээр л байх болов уу (Zero sum game буюу миний ашиг таны алдагдал гэсэн нийлбэр нь тэнцүү тоглоом). Илон Маск бол нийтийн ашиг бол миний ашиг (миний ашиг бол нийтийн ашиг) гэж боддог нэгэн тод жишээ. Тэрээр бусад автомашины үйлдвэрлэгч нартай адил Теслагийн электрон машинаа патентжуулаагүй. Алдарт хөрөнгө оруулагч Варрен Баффет мөн л адил. Түүний хөрөнгө оруулалтын философи, арга барилд нууц гэх юм байхгүй бүгд олон нийтэд нээлттэй байгаа.
Миний бодлоор Монголчууд хамтдаа сайхан амьдарч, хийж бүтээхэд дараах сэтгэлгээнүүд хамгийн ихээр саад болж байна:
1. Муу муудаа дээрэлхүү, муна гадсанд дээрэлхүү. Бусдад дээрэлхүүлсэн хүн болгон муу байдаггүй. Бусдыг дээрэлхэж байгаа болгон хүчтэй биш. Бусдад дээрэлхүүлж, хүчирхийлэлд автаж, хүнд нөхцөлд байгаа хүний зовлонг ойлгох sympathy (бусдын асуудал,зовлон, эмоцыг ойлгох чадвар. 21-р зуунд лидер хүнд байх ёстой хамгийн чухал чадваруудын нэг хэмээгдэж буй)- тай байх нь хүн байхын наад захын шаардлага. Хэрэв хэн нэгэн бусдад дээрэлхүүлж, хүчирхийлүүлж буйг мэдсэн бол дуугүй өнгөрөлгүй бурууг буруушааж, зөвийн талд зогсох нь хамтрах энгийн нэгэн үйлдэл.
2. Дааганаас унаж үхдэггүй, дарвагараас болж үхдэг. Өөрийн бодлоо илэрхийлж, асууж лавлаж байгаа нэгнээ тэвчээртэй сонсож, ойлгож суръя. Өөрийн бодлоо илэрхийлж байгаа нэг нь ч гэсэн судалгаатай, үндэслэлтэйгээр бодлоо зөв илэрхийлж суръя. Яагаад заавал дуугарсан нэг нь буруутаж, чичлүүлэх орчинг бүрдүүлнэ вэ? Учирлаж, харилцан ярилцаж, ойлголцох нь хамтрахын эхлэл биш үү?
3. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлдөнө. Угтаа энэ үгийн утга нь үгээ цэгнэж, бодлоготой ярих. Гэтэл өнөөдөр бусдын төлөө, нийтийн төлөө дуугарсан нэгнээ буруушаах, гадуурхахад ашиглах хандлага нэмэгдэж буй мэт.
4.Ёс ёмбогор, төр төмбөгөр. Цаг үе өөрчлөгдөхийн хирээр зарим ёс заншил, соёл бас дагаад өөрчлөгдөж, дасан зохицох шаардлагатай. Техник технологийн хөгжил бидэнд асар олон хэвшмэл ойлголтоо өөрчлөх болсныг саяхан зохион байгуулагдсан ICT экспо харуулсан. Жишээ нь төр бүхнийг дур мэдэн шийдэхийн оронд хувийн хэвшлээ сонсож, хамтрахын чухалыг панел хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон.
5.Монгол хүн буруу ярьж зөв ойлгодог. Буруу ярьсныг яаж зөв ойлгоод байна вэ? Бурууг нуун дарагдуулаад, өөгшүүлээд байна уу? Ойлгож чадаагүйгээ нуугаад байна уу? Компьютер дээр буруу код бичвэл ямар үр дүн гарах вэ? Буруу өгөгдөл оруулсан бол эксэлийн програм хүртэл алдаа заадаг биз дээ? Нэг ойлголтгүй бол яаж хамтрах вэ?
Эцэст нь, хоригдлын ацан шалаанаасаа салж, хамтдаа хүсэн мөрөөдөж, сэтгэн бодож, түүнийгээ боловсруулан, бүтээж чадсан хэдэн жишээнүүнээс дурдвал:
• Байгалийн баялаггүй, хүн ам ихтэй, нутаг дэвсгэр багатай, байгалийн гамшиг үргэлж тохиолддог Япон улсыг 100 хүрэхгүй жилийн дотор дэлхийн тэргүүний орон болгож хөгжүүлж чадсан.
• Дэлхийн хамгийн их ядуу бөгөөд боловсролгүй хүн амтай байсан Дундад улс 20 гаруй жилийн дотор дэлхийн хүн төрөлхтнийг гайхуулсан хурдаар хөгжсөн, хүчирхэг орон болж төлөвшиж байна. Хүн ам их гэдэг бол хөгжлийн маш хүнд дарамт хэдий ч Дундад улс үүнийг даван туулж чадаж байна.
• Элсэн цөл, тэмээний мах сүүнээс өөр юу ч үгүй, хүн ам цөөн Арабын Эмират Улсын Дубай 10 хүрэхгүй жилийн дотор дэлхийн хөгжлийн гайхамшиг болж хүн төрөлхтөний туулж өнгөрүүлсэн хэдэн зуун, мянган жилийн хөгжлийг 20 хүрэхгүй жилд бүтээж чадсан.
• Мөнхөд оршин тогтоно гэж төсөөлж байсан ЗСБНХУ түүхийн тавцангаас арчигдсаны дараа нийгэм, эдийн засаг, улс төрийн гүн хямралд орсон ОХУ өнөөдөр хүйтэн дайны үетэй дүйцэхүйц хэмжээнд байр сууриа сэргээж байна.
• Модны бизнес, Нокиа гар утаснаас өөр орлогогүй, тавхан сая хүн амтай, асар хүйтэн уур амьсгалтай Финланд улс сүүлийн 10 гаруй жил хүрэхгүй хугацаанд дэлхийн мэдлэгийн хүчирхэг орон болж төлөвшиж байна.
• Хөлсний цэрэг борлуулах замаар амьжиргаагаа залгуулдаг, байгалийн баялаггүй, хөрш зэргэлдээ хүчирхэг улс гүрнүүдийн дарамтанд байсан Швейцарийн Холбооны Улс өнөөдөр дэлхийн санхүүгийн болон олон улсын улстөрийн, энх тайвны, дэлхийн шинжлэх ухаан ба инженерчлэлийн төв болж төлөвшиж, баян чинээлэг амьдралыг зохиож чадсан.
• Феодлын нийгэм хөгжиж, нийгмийн давхарга үүсээгүй, аж үйлдвэрийн хувьсгал явагдаагүй байсан малчин соёлтой Норвеги улс “Тэгш боломж”-ийг үндэсний үнэт зүйл болгож, хүн ам цөөхөнтэй сул талаа ухаарч, “нийт нь нэгний төлөө”, “нэг нь нийтийн төлөө” ухамсрыг улс төр, нийгэм, эдийн засгийн бүх салбарын амьдралын амин сүнс болгон хэрэгжүүлж, тэгш боломжийг олгодог нийгэм нь хамгийн хүчтэй нийгэм байдгийг хүн төрөлхтөнд үлгэр жишээ болгож чадсан. Норвеги улс байгалийн баялгаас олсон орлогоо үндэсний баялгийн сан болгон зохион байгуулж, тус санг нь дэлхийн улс орнуудын нийтийн өмчит компаниудын хувьцааг саналын эрхтэйгээр худалдан авч засаглалд нь оролцохоос гадна дотоодын аж үйлдвэрийг дэлхийн түвшинд хөгжүүлэх сан болгон зохион байгуулж дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай орон болж хөгжиж байна.
Маш сайн нийтлэл бичжээ.Эдгээр орны жишгээр Манай улс оронд хегжих боломж их байна.Даанч хувиа бодсон хулгайчид луйварчид тер засагт vvрлэчихээд тереес хулгайлаад олсон менгеерее гадаадад хэдэн амбаар аваад байхаар яаж улс орон хегжиж вэ. Тиймээс терийн луйвар хулгайг л ард нийтээрээ тэмцэж байж зогсоох хэрэгтэй. Хегжлийн банк, ЖДV, Эрдэнэс монгол, Дарханы темерлегийн vйлдвэр, гэх мэтээр цаашид луйварчдыг vргэлжлvvлэн илчлэх ингэсэн цагт улс орон хегжине.