Эх дэлхийнхээ унаган төрхийг хамгаалах, тогтвортой ирээдүйг үр хойчдоо үлдээхээр өдөр бүр хичээн ажилладаг олон олон хүмүүсийн хичээл зүтгэлийг нь үнэлэх, урамшуулан сайшаах зорилгоор 2021 онд Олон улсын нөлөөллийн үнэлгээний холбоо тэргүүтэй АНУ, БНСУ, Шинэ Зеланд, Өмнөд Африк, Мексик, Нигер, Канад, Португал улсуудын мэргэжлийн холбоод хамтран жил бүрийн 4-р сарын 15-ны өдрийг "Байгаль Орчны Мэргэжилтнүүдийн Өдөр" болгон тэмдэглэх санаачилгыг гаргасан билээ.
Энэхүү тэмдэглэлт өдөр нь зөвхөн байгаль орчны мэргэжилтнүүд төдийгүй байгаль орчныг хамгаалах, байгалийн болон хүн төрөлхтний амьдралын чанарыг нэмэгдүүлэх, эрүүл, аюулгүй орчныг хангахад чухал үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа хүн бүрийн өдөр юм.
Монголын байгаль орчны мэргэжилтнүүдийн холбоо, Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн холбоо болон мэргэжлийн байгууллагууд хамтран энэ жилээс тус санаачилгад нэгдэж буйгаа мэдэгдэхэд таатай байна.
Монгол орны уудам газар нутгийн онгон төрхийг хамгаалах, байгаль болон хүн төрөлхтөнд тулгараад буй сөрөг нөлөөлөл, хүндрэл бэрхшээлийг бууруулах чиглэлээр ажиллаж буй Монголын байгаль орчны салбарын бүхий л мэргэжилтнүүддээ олон улсын "Байгаль Орчны Мэргэжилтнүүдийн Өдөр"-ийн мэнд дэвшүүлье.
Сэтгэгдэл бичих