Нийтлэл 05 сарын 01, 2022

Хаяаши Ёшимаса: Монголын ард түмний саруул ухаан, эр зоригийг бахдаж байна

Эрхэмсэг Монгол

“Хэнтий Хангай Саяны өндөр сайхан нуруунууд

Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд

Мэнэн Шарга Номины өргөн их говиуд

Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд

                  Энэ бол миний төрсөн нутаг

                  Монголын сайхан орон”

Монголоос төрөн гарсан нэрт найрагч Нацагдорж “Миний нутаг” шүлэгтээ магтан дуулсан үзэсгэлэнт орон, Монгол Улсад Япон Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн дурсгалт ойг тохиолдуулан Япон улсын Гадаад хэргийн сайдын хувиар айлчлах завшаан гарсанд миний бие туйлаас баяртай байна.

Япон Монгол хоёр улс “стратегийн партнерууд”.

Урьд цагт Япон Монгол хоёр ойрхон хэрнээ хол орнууд байлаа. Зүүн, баруун хөшигний хоёр талд хуваагдсан хоёр орон 1972 онд дипломат харилцаа тогтоосноосоо хойш Хүйтэн дайны үеийн янз бүрийн хориг, хязгаарлалт дор найрсаг харилцааны гараагаа эхлүүлсэн билээ.  

Тийм цаг үе дор Япон талаас 1977 онд Говь ноолуурын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар нийлүүлж, Монголд үйлдвэрлэсэн ноолууран бүтээгдэхүүний гарц, дэлхийд өрсөлдөх чанарын суурийг тавилцсан нь хоёр улсын харилцааны түүхийн нэгээхэн хуудсанд тод бичигдэн үлджээ.

1990 онд түүх эргэлээ. Монгол Улс тэр жил ардчилал, зах зээлийн эдийн засгийн замыг сонгож, Японы ард түмэн Монголын ард түмний тэрхүү зоригтой сонголт, сорилтыг дэлхийн бүх улсаас хамгийн түрүүнд бүх талаар дэмжих болов. Тэр үеэс хойш хоёр улсын харилцаа үсрэнгүй хөгжсөөр өдгөө эрх чөлөө, ардчилал, хуулийн засаглал зэрэг даяар үнэт зүйлсийн дор нэгддэг “стратегийн партнерууд” болж чадсан юм. 

Япон Монголын хооронд “харилцан туслах сэтгэл” байдаг

Япон улс Монгол Улсын хувьд хамгийн том донорын нэг гэдгийг бүгд мэддэг. Гэхдээ хоёр талын харилцаа зөвхөн нэг талын дэмжлэг дээр тогтдоггүй. Хоёр улсын ард түмний дунд “харилцан туслах сэтгэл” бат нот оршин буй. Монгол Улсын Засгийн газар болон Монголын ард түмэн манай улсыг 1995 оны Ханшин ・Аважи их газар хөдлөлт болон 2011 оны Зүүн Японы их газар хөдлөлт зэрэг гамшиг зовлонд нэрвэгдэх үед хамгийн түрүүнд тусламжийн халуун гараа сунгаж тусалж дэмжсээр ирсэн билээ. Урд хожид туулсан удаагүй уул усны гашуун зовлонд нэрвэгдсэн Японы ард түмэн тэр халуун сэтгэлээс ямар их урам, сэтгэлийн дэмжлэг авсныг хэлж эс мэднэ.

Хоёр улсын хооронд хүний хөл үл тасрах бөгөөд улстөр, батлан хамгаалах салбараас авахуулаад бусад олон салбарт харилцан яриа, хэлэлцүүлэг, хамтын ажиллагаа тогтмол явагдаж байдаг. Түүнчлэн бүс нутаг, олон улсын талбарт ч хоёр улсын харилцаа жилээс жилд гүнзгийрэн хөгжсөөр байна.

Эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар дахь хамтын ажиллагаа ч бодитой урагшилж буй. Өнгөрсөн жилийн зун нислэгээ эхэлсэн Чингис Хаан олон улсын нисэх онгоцны буудал бол Япон Монголын хамтын ажиллагааны бас нэгэн шинэ бэлэг тэмдэг юм. Шинэ нисэхийн бүтээн байгуулалтыг Япон улсын иенийн зээлээр барьж, үйл ажиллагааг ч мөн япон компаниас хамтран удирдаж байна. Миний бие ч энэ удаа анх удаа энэ нисэх буудалд буулаа. Түүнчлэн харилцаа холбооны салбарын хөрсөнд ч нягт хамтын ажиллагаа гүн үндэслэсэн буй. 

Соёл, спортын салбарт Монголд төрсөн сүмо бөхчүүд гялалзсан амжилт гаргаж, том орон зай эзэлсээр байна. Хоёр улсын ойлголцол, найрсаг харилцаанд оруулсан тэдний хувь нэмэр асар том бөгөөд нөгөө талаар тэдний дайчин эрэмгий дүр төрх өнөөг хүртэл япон, монгол олон хүнд эрч хүч бэлэглэсэн нь дамжиггүй. 

Япон Монгол хоёр орны том ялгаа

Даяар үнэт зүйлс дор нэгддэг хоёр улсын хооронд томоохон ялгаатай тал ч байдаг. Тэрхүү ялгаа Япон бол далайгаар хүрээлэгдсэн орон бөгөөд Монгол Улс далайд гарцгүй эх газрын орон гэсэн газарзүйн онцлогт оршино.

Ийм онцлогтой, хувь заяаны оноолт гэж ч хэлж болохуйц газарзүйн өгөгдөл дунд 1990 оноос хойш ардчиллын замаар алхаж, өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй бүс нутаг, олон улсын харилцааны орчин нөхцөлд эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг үнэт зүйлсээ тууштай хамгаалж, энхийг сахиулах ажиллагаа зэрэг идэвхтэй оролцоогоор олон улсын нийгэмд хувь нэмэр оруулж, нэр төртэй байр суурь эзэлсээр ирсэн Монголын ард түмний саруул ухаан, эр зоригийг чин сэтгэлээсээ бахдан магтмаар санагдаж байна.

Япон Монгол орнууд газарзүйн хувьд томхон ялгаатай ч аль аль нь “эрх чөлөө, ардчиллын амин сүнс”-ийг эрхэмлэдэг сайн нөхдийн хувьд Япон улс цаашид ч Монголын “гуравдагч хөрш”-ийн хувиар Монголтой хамт орших болно.

Олон улсын дэг журамд сорилт тулгарлаа

Энэ өдрүүдэд олон улсын харилцааны өөрчлөлт хөдөлгөөн улам бүр хурдасч, улам бүр ярвигтай болсоор байна. Өнөөдрийн Украйнийн асуудлаас харж болохчлон өнөөдрийг хүртэл бүтээж бий болгосон олон улсын хууль, олон улсын хэм хэмжээний өвийг бүхэлд нь үгүйсгэсэн олон улсын хуулийн ил цагаан зөрчил, бүхнийг хүчээр шийдэх нэг талын дур зоргын шаардлага, Ази тивийг ч оруулаад олон улсын дэг журмыг тэр чигт нь сууриас нь ганхуулах ноцтой нөхцөл байдал үүсээд байна. Ийм нөхцөл байдал дор хуулийн засаглалд суурилсан эрх чөлөөтэй бөгөөд нээлттэй олон улсын дэг журмыг дэмжих, бэхжүүлэх явдал хэзээ хэзээнээс илүү ач холбогдолтой болж байна.

Нацагдоржийн “Миний нутаг” шүлэг зөвхөн Монголын үзэсгэлэнт байгалийг магтан дуулсан шүлэг биш ээ. Төгсгөл хэсэгт найрагч бээр Монголын буурал түүх, уламжлалаас дурдаж, үндэсний бахархал, бардам сэтгэлээр төрсөн нутгаа хайрлан хамгаалж, хөгжүүлэх чин бат сэтгэлийг мөн магтан шүлэглэжээ.

Япон улс дараагийн 50 жилд ч бас ийм бардам, бахархалт Монгол оронтой хамтдаа хөгжихсөн гэж хүснэ. 

Япон Монгол хоёрын маргааш

Миний бие болон Батцэцэг сайд энэ жил тэмдэглэн өнгөрүүлж буй Япон Монголын дипломат харилцааны 50 жилийн ойг өнгөрсөн хагас зуун жилийг эргэн харж, дараагийн 50 жилийг угтсан суурийг тавих жил болгон өнгөрүүлэхээр санал нэгдээд буй. Түүнчлэн хоёр улсын засгийн газрын тэргүүнүүд энэ жилийг “Хүүхэд залуусын найрамдал, солилцооны жил” болгон зарлаж, дараа үеийг авч явах хоёр улсын залуусын харилцааг гүнзгийрүүлэхүйц төсөл, арга хэмжээнүүд зохион байгуулах дээр мөн санал нэгдсэн.

Дараагийн 50 жилд Япон Монголын ард түмэн улам бүр харилцан ойлголцож, нэг нэгнээ хүлээн зөвшөөрч, хоёр талын хүчийг нэгтгэж эх орноо болон хоёр орноо, түүгээр зогсохгүй бүс нутаг, дэлхийн ирээдүйн төлөө юу хийж чадах вэ хамтдаа тунгааж, шинэ түүхийн эхлэлийг бичнэ. Миний бие энэ удаагийн айлчлалаар чухам үүнд л хувь нэмэр болохсон хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.

Төгсгөлд нь миний бие Нацагдоржийн магтан дуулсан “Эрхэмсэг Монгол”-ыг өөрийн нүдээр үзэж, тэр л газар нутагт оршсоор ирсэн Чингис хааны үр садтай нүүр тулан уулзаж, хоёргүй сэтгэлээр харилцан ярилцаж чадаж байгаадаа ихэд аз жаргалтай байна.

Япон улсын Гадаад хэргийн сайд
Хаяаши Ёшимаса
2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр

 

 

 

arrow icon