Нийтлэл 05 сарын 08, 2022

СТАГФЛЯЦ: 1970-аад оны Америк VS 2022 оны Дэлхий (II хэсэг)

Шийдэл

Стагфляц буюу эдийн засагт ажилгүйдэл, үнэ 2 зэрэг өсдөг үзэгдэл сүүлийн үед олон улсад түгээмэл яригдах сэдэв болоод байна. Энэ талаарх 3 цуврал нийтлэлийн эхний хэсэгт стагфляц яагаад сорилт болдог, 1970-аад оны Америкт хэрхэн бий болсон шалтгааны талаар тайлбарласан бол энэхүү 2-р хэсэгт шийдлийн талаар авч үзье.

1970-аад оны Америкийн сургамж

Америкт 1960-аад оны дунд үеэс хойш нүүрлэсэн харьцангуй өндөр инфляц 20 гаруй жил үргэлжилж (The Great Inflation буюу Их инфляцын үе ч гэж нэрлэдэг), 1970-аад онд өндөр ажилгүйдэлтэй давхцсанаар стагфляц бий болсон байдаг.

Нийгмийн бухимдлыг ихээр төрүүүлсэн уг асуудлыг шийдэхийн тулд төсөв, мөнгөний бодлогоос гадна чөлөөт зах зээлийн эдийн засагтай Америкт үнэ, цалинг хатуу барих захиргааны аргууд, зардал хэмнэх уриа лоозон, суртал ухуулга хүртэл хэрэгжүүлж байлаа. Алдаа оноотой олон бодлогын арга хэмжээг туршиж, эдийн засгийн 4 хямралыг туулсны эцэст стагфляц дуусгавар болсон байдаг.

Америкийн 1970-аад оны стагфляц нь бодлого боловсруулагчид болоод эрдэмтэн судлаачдын хувьд чухал сургамжийг үлдээсэн бөгөөд бүтээмжийг дээшлүүлэх бүтцийн бодлого, сахилга баттай төсвийн бодлого, хараат бус төв банк ба зохистой мөнгөний бодлого, нийлүүлэлтийн шок багатай гадаад худалдааны бодлого зэрэг хослолын үр дүнд шийдвэрлэгддэг нь харагджээ.  

 1.Бүтцийн бодлого ба бүтээмжийн өсөлт: Онолд ч тэр, практик дээр ч тэр эдийн засгийн урт хугацааны өсөлтийн мотор нь бүтээмж байдаг. Иймд бүтээмжийн өсөлт саараад байсан 1960-70-аад оны Америкт эдийн засаг зогсонги байдалд орж, үнэ өсөх суурь дарамт бүрдээд байв.

Бүтээмж бага байна гэдэг нь үйлдвэрлэл бага байна гэсэн үг, нөгөө талаар нэгж бүтээгдэхүүний зардал өндөр байна гэсэн үг учраас стагфляц яг энэ үетэй давхцсан нь санамсаргүй хэрэг биш юм.

Иймд Америкт бүтцийн бодлого (structural policy) бүтээмжийг дээшлүүлж стагфляцаас гарах нэг суурь шийдэл болжээ. Гэхдээ энэ нь цэвэр эдийн засаг гэхээсээ зарим талаар тухай үеийн Зөвлөлт Холбоот Улстай өрнүүлсэн геополитикийн өрсөлдөөний явцад бий болсон үр дүн гэж үзэж ч болох юм.

Хүйтэн дайны үед Америкийн засгийн газар суурь шинжлэх ухаан, сансрын өндөр технологид мөнгө хайрлахгүй зарцуулж байсан бөгөөд энэ нь хувийн хэвшил чадахааргүй, чадах байсан ч хийхээргүй зүйл байлаа. Улсаас хийсэн хөрөнгө оруулалтуудын үр дүнд Америкийн эдийн засгийн өрсөлдөх чадвар сайжрах шинэ хөрс бүрдсэн байдаг. 1980-аад оноос эрчимжсэн мэдээлэл, харилцаа холбооны технологийн хувьсгал ч тэр; компьютер, гар утас болон интернетийн хөгжил ч тэр; Microsoft, Apple, Amazon, Google тэргүүтэй технологийн компаниуд ч тэр, тэрхүү хөрсөн дээр боссон зүйлс юм. Америкийн эдийн засаг өрсөлдөх чадвараа алдсан аж үйлдвэрлэлээс шинэ эрин үеийн мэдээллийн технологи руу томоохон бүтцийн шилжилт хийснээр бүтээмж дээшилж, өсөлт эрчимжихэд чухал нөлөө үзүүлсэн байна.  

2. Эрэлтийн бодлого: Төсвийн сахилга бат. 1970-аад оны Америкийн зогсонги эдийн засаг дахь өндөр инфляц нь алсын хараагүй, түр зуур улстөрийн оноо авах гэсэн хэт тэлсэн бодлого эцэстээ сайнгүй үр дүнд хүрдгийг нотолсон нэг жишээ болжээ. Учир нь хэт тэлсэн бодлогууд ажилгүйдлийг бага байлгах анхны зорилгоо биелүүлж чадаагүйгээс гадна, инфляцыг өдөөснөөр томоохон сургамж болж үлдсэн юм. Иймд аливаа бодлогын богино болон дунд, урт хугацааны үр дүнгүүд нь хоорондоо ялгаатай буюу цаг хугацааны нийцгүй байдал (time inconsistency)-аас сэргийлэх нь чухал гэдэг үзэл баримтлал хүчээ авсан байдаг. Түүнчлэн, төрийн хэт их оролцоо нь эдийн засгийн асуудлуудыг шийдэх гэхээсээ дордуулсан, даамжруулсан гэдэг шүүмжлэл ч түгээмэл байв. Улмаар Америкийн эдийн засгийн бодлогод зарчмын том өөрчлөлтүүд бий болсон байна. 1980-аад онд хэрэгжсэн “Реганомикс” буюу Ерөнхийлөгч Р.Реганы эдийн засгийн бодлогын гол тулгуур нь эдийн засагт төрийн оролцоо/зохицуулалтыг бууруулах, татварыг багасгаж төсвийн зардлыг хумихад чиглэж байсан нь ч үүнтэй холбоотой юм. 

Америкт бий болсон энэхүү эдийн засаг, бодлогын талаарх сэтгэлгээний реформ нь бусад улс орнуудад ч ажиглагдаж, нийтийн санхүү дээр сахилга баттай байхад ихээхэн анхаарах болжээ. Тухайлбал, хөгжсөн болоод хөгжиж буй орнуудын төсвийн анхдагч тэнцэл 1970-89 оны дунджаас 1990-2002 онд сайжирсан болохыг доорх хүснэгтээс үзэж болно (II дугаар дайны дараах он жилүүдэд улс орнуудын дайны үед хуримтлуулсан өрийн хэмжээ өндөр байсан тул төсвийн нийт тэнцэл гэхээсээ хүүгийн төлбөрийг хассан анхдагч тэнцлээс төсвийн сахилга батыг дүгнэх нь илүү оновчтой). 

 

Түүнчлэн, улс орнууд төсвийн тогтвортой байдлыг хангах, төсвийн давамгайллаас сэргийлэх (fiscal dominance), төсвийн зардлын үр ашгийг тооцож хувийн хөрөнгө оруулалтыг шахахгүй байхад анхаарах (crowding-out), алдагдлын дээд хязгаар, улсын өрийн тааз зэрэг параметруудыг тогтоох, өрийн удирдлагыг зохистой хэрэгжүүлэх зэргийг чухалчлах болсон байна. Энэ нь мэдээж макро эдийн засгийг тогворжуулах бодлого, тэр дундаа өсөлтийг тогтвортой байлгах замаар ажилгүйдлийн түвшнийг зохистой хэмжээнд хадгалахын зэрэгцээ инфляцыг тогтвортой хадгалахад чиглэсэн зүйлс юм.

 3.Эрэлтийн бодлого 2: Хараат бус төв банк

Стагфляцын үед дэлхий нийт ойлгосон нэг чухал зүйл бол төсвийн сахилга батаас гадна, “төв банк хараат бусаар зохистой мөнгөний бодлого хэрэгжүүлэх ёстой” гэдэг сургамж байв. Бреттон Вүүдс тогтолцоо нурсны дараа алтан стандарт үгүй болж, фиат мөнгөний үнэ цэнэ итгэл дээр тогтдог болсон гэхэд болно. Нэгэнт алтаар баталгаажихаа больсон мөнгөний нийлүүлэлтийг зохистой удирдаж, төв банк сахилга баттай мөнгөний бодлого хэрэгжүүлнэ гэдэг итгэлийн тулгуур нь өөрөө хараат бус төв банк болжээ. Өндөр инфляцаас сэргийлэхийн тулд “мөнгөний хэмжээ бараа бүтээгдэхүүний хэмжээнээс их байх ёсгүй” буюу мөнгөн дээр сахилга баттай байх нь чухал гэсэн энгийн логик үүний ард бий. “Инфляц хэзээ ч, хаана ч мөнгөний үзэгдэл” учраас хараат бус төв банканд инфляцыг хариуцуулах замаар үнийн түвшний өсөлтийг тогтвортой хадгалж чадна гэдэг философи хүчтэй болсон байна.

1979 онд Америкийн төв банк – Холбооны нөөцийн сангийн тэргүүнээр П.Волкер сонгогдсоноор бодлогын хүүг өсгөж, мөнгөний нийлүүлэлтийг хумин эрс чанга бодлого хэрэгжүүлэх замаар инфляцыг бууруулах алхам хийсэн байдаг. Энэ нь Америкийн эдийн засагт ужгираад байсан өндөр инфляцыг тогтворжуулж, эдийн засгийг хэвийн гольдролд оруулахад зайлшгүй “гашуун эм” байв.

 

П.Волкерийн хэрэгжүүлсэн мөнгөний чанга бодлого нь хэдийгээр инфляцыг хазаарласан боловч, эдийн засгийн агшилтыг бий болгосон тул сонгогчид болоод улстөрчдөд таалагдах зүйл байгаагүй юм. Жишээ нь, 1984 оны Америкийн сонгуулийн өмнө түүнийг Цагаан ордонд дуудаад “сонгуулийн өмнө бодлогын хүүгээ өсгөж болохгүй” гэхэд хариу үг хэлэлгүй гараад явсан тухайгаа хожим нь өөрийн номондоо бичсэн байдаг. Мөнгөний хатуу бодлого ч тэр, Цагаан ордоны үгэнд орохгүй байх нь ч тэр Холбооны нөөцийн сангийн хараат бус байдал харьцангуй сул байсан өмнөх он жилүүдэд боломжгүй шахуу зүйл байв. Гэхдээ нэгэнт 20-оод жил Америкийн эдийн засагт ужгирсан өндөр инфляцыг шийдэх нь нийгмийн захиалга, сонгогчдын хүсэлт байсан тул төв банкны хараат бус мөнгөний бодлогыг дэмжихээс өөр сонголт улстөрийн түвшинд байгаагүй байна.

4.Нийлүүлэлтийн шокоос сэргийлэх нь: Олон улсын худалдаа

Стагфляцын үед эрэлт талын буюу төсөв, мөнгөний бодлогоор нийлүүлэлтийн гаралтай инфляцыг удирдахад хүндрэлтэй нь харагдсан юм. Азаар 1970-аад оны нефтийн хямрал шиг нийлүүлэлтийн гаралтай үнийн том шок дахин бий болоогүй нь стагфляц төгсгөл болоход чухал нөлөөтэй байв. Харин ч эсрэгээрээ 1980-аад он бол олон улсад санхүү, худалдааны либералчлал түргэсч, Хүйтэн дайн дуусч, ЗХУ-ын задрал эхэлснээр эдийн засгийн глобалчлал дэлхий дахинд эрчтэй явагдах эхлэл тавигдсан он жилүүд байв. Төмөр контейнерүүд ачаа тээврийг хямд болгож, олон улсын төлбөр тооцоо хялбар болж, тарифууд буурснаар дэлхийн худалдаа огцом нэмэгдсэн байдаг.

Үүний нэг эерэг тал нь аливаа улса орон дотоодод хомсдолтой эсвэл өндөр үнэтэй байгаа ямар нэг бараа бүтээгдэхүүнийг дэлхийн өөр нэг газраас илүү хямд үнээр тээвэрлэн авчраад хэрэглэх боломжтой болсон явдал юм. Эдийн засгийн даяарчлал эрчимжсэн нь дэлхий даяар дисинфляц буюу инфляц саарах үзэгдэл өрнөхөд нэг чухал хүчин зүйл болсон байдаг. Мөн энэ үед монополийн эсрэг зохицуулалтууд өрсөлдөөнийг нэмэгдүүлж, аль нэг компани үнэ тогтоох боломжийг ч хязгаарласан байна.   

 5.Үр дүн муутай аргууд: Стагфляц америкчуудын амьжиргаанд муугаар нөлөөлж, нийгмийн бухимдлыг ихээр төрүүлж байсан тул 1960-70-аад оны Америкийн Ерөнхийлөгч нар эдийн засгийн бус, захиргааны шинж чанартай, “гал унтраах” түр зуурын арга хэмжээг хүртэл туршиж үзсэн  боловч төдийлөн үр дүнд хүрээгүй юм. 

Алдартай жишээнүүд гэвэл Р.Никсон Ерөнхийлөгч хэрэглэгчдийг хамгаалахын тулд үнийг захиргааны аргаар барих оролдлого хийтэл бензин колонкууд дээр хомсдол бий болсноор, урт очерь үүсэж байв.

Ж.Форд инфляцыг “нийгмийн дайсан” хэмээн зарлаад америкчуудыг хэмнэлтэд уриалж, хэмнэлт сайн хийсэн хэрэглэгчдийг WIN тэмдгээр урамшуулсан ч рейтинг нь хурдтай унаж, сонгуульдаа ялагдаж байв.
Ж.Картер эрчим хүчний хэмнэлтийг уриалан Цагаан ордоны халаалтыг зогсоож, өөрөө ноосон цамц өмсөж байсан ч дахин сонгогдоогүй байна.

Хүсээгүй үр дүнд (unintended consequences) хүргэсэн захиргааны арга хэмжээ, татаас хөнгөлттэй хөтөлбөрийн жишээ өөр олон бий. Тухайлбал, Америкт бага орлоготой иргэдийг хямд орон сууцаар дэмжихээр барьсан нийтийн байрнууд эцсийн дүндээ ядуусын хорооллыг бий болгон алдаа болсон байдаг. Өнгөт арьст хүмүүст туслахын тулд цалингийн доод хэмжээг тогтоотол ажилд ороход илүү хүндрэлтэй болж, эсрэгээрээ зорилтот бүлгийнхээ ажилгүйдлийг нэмэгдүүлж хүсээгүй үр дүнг авчирч байв.

1970-аад оны Америкийн стагфляц нь нийгэм, эдийн засагт хүчтэй нөлөөлсөн том сорилтуудыг бий болгож, шийдэл хайх явцад эдийн засгийн сэтгэлгээ, төрийн бодлогын филсофит ч мөн суурь өөрчлөлтийг бий болгожээ. Эдийн засгийн ухаанд 1930-аад оны Их хямралаас хойш ноёлж байсан Кейнсийн филосфи суларч, харин Милтон Фрийдманы чөлөөт эдийн засгийн номлолууд, шинэ сонгодог онолыг эрхэмлэсэн эрин үе эхэлсэн байдаг. Америкт бодлогын түвшинд ч сэтгэхүйн том реформ өрнөж, төрөөс эдийн засагт оролцох оролцооны талаарх үзэл баримтлал сууриараа өөрчлөгдөн, төрийн оролцоог аль болох бууруулж эдийн засгийн либералчлаыг эрчимжүүлэх чиглэлд шинэчлэлүүд хийгдсэн байдаг.

Өнөөдөр дэлхий нийтийг хамaрсан цар тахал болон геополитикийн асуудал дунд олон улс оронд эдийн засгийн өсөлт саарч, инфляц өссөнөөр “Стагфляц 2022 оны дэлхийд эргэн ирэх үү?” гэдэг асуулт чухлаар тавигдаж байна. Энэ талаар цуврал нийтлэлийнхээ 3 дахь хэсэгт авч үзье.



Сэтгэгдэл бичих

arrow icon