Нийтлэл 06 сарын 29, 2022

Сурахад бүхнийг зориул

Саяхан нэг төгсөх ангийн сурагчидтай ярилцсан юм. Нэг сурагч -Би энтэрпренёр болох мөрөөдөлтэй. Их сургуульд суралгүйгээр бизнес хийхийг юу гэж боддог вэ гэж асууж байна.

Асуудлыг эхлээд цалин орлого, мөнгөний ертөнцөд авч үзье. Дундаас дээш боловсролтой хүмүүс дунд сургууль төгсөгчдөөс 84 хувь илүү орлоготой амьдардаг гэсэн нэг тоо байдаг. Өөрөөр хэлбэл "Боловсролтой тусмаа орлоготой" энэ дүрэм статистикаар нотлогддог. Өнөөдөр шууд мөнгө олох ажил хийгээд явлаа гэхэд 4 жилийн дараанаас эрдэм сурсан хэд чинь чамаас илүү цалин аваад, дээр нь хамт олондоо үнэлэгдсэн, хүндлэгдсэн мэргэжилтнүүд болоод явчихна. Монголд ар гэр, амьдрал ахуйн асуудал мэдээж байна. Гэхдээ хүүхэд залуучууд өнгөрсний өмнө биш ирээдүйн өмнө үүрэг хүлээдэг юм шүү. Залуу хүмүүсийг хүний гэдэс хооллохын тулд биш өөрөө хоолгүй хоноод ч хамаагүй сурахын төлөө яваасай л гэж хүсэх юм. Тэр утгаараа гэр бүл төлөвлөлт ч их чухал. Дипломгүй ч хамаагүй ажилд ор гэж урьж байгаа ажил олгогч чамайг бодсондоо биш шүү. Хямд ажиллах хүчинд бага цалин өгч их ашиг олохоо бодно уу гэхээс чиний ирээдүй тэдэнд падлийгүй. Дээр нь бас манай худ инфлүүзэрүүд залуучуудыг их уруу татаж байна. Диплом хэрэггүй гээд бга инфлүүзрүүдийн үгэнд орж яваад тэд нар шиг хулхи токен зарж, хүн хулхидаж амьдардаг бачка болчив доо.

Одоо чи гоц бизнесмэн болж үнэхээр чадлаа гэж үзвэл дараагийн асуудал: Хүний амьдралын чанар. Товчдоо бол Монголд зөндөө л тэрбумтан "орк" байна. 1990-ээд онд цаг үеийн шуурганд дөнгөж 18, 20 хүрсэн олон залуус хүссэн хүсээгүй шууд ганзагын наймаанд гарсан. Нөгөө суралгүйгээр бизнес хийх зам руу чинь татагдан орсон гэсэн үг. Надад 70аад оны найз, танил зөндөө л байна. Тэд маань мөнгө олсон уу олсон. Аж ахуй чинээлэг хангалуун уу хангалуун. Ихэнх нь л сурах насандаа сурч чадаагүйдээ харамсаж харагддаг. Ер нь хүн үр хүүхэд нь насанд хүрсэн үеэс эхлээд эдийн засгаас илүү оюун санааны амьтны хувьд амьдарна. Твиттерт ороод үз. С.Баяр, Н.Золжаргалаас авахуулаад залуудаа үхэх гэж байгаам шиг эд хөрөнгө хураачаад одоо үнэтэй машинуудаа ч унах сонирхолгүй эмороод, санаа алдаад суудаг хэдэн хөгшин тэнд бий. Тэр утгаараа боловсрохуй гэдэг зөвхөн цалин мөнгөний төлөө юм бишээ. Харин ч бараг гол хэрэг нь шал өөр юманд гарна. Яваа яваандаа эрх чөлөөгөө олсон оюун санаа, зөв явсан зам мөр, нэр төр хүний гол капитал болж ирнэ. Гол нь эдгээр капитал мөнгөнөөс ялгаатай нь олох үедээ олоогүй бол хожим нөхөж олоход хэцүү.

Тиймд одоохондоо зүгээр сураад бай. Сурахад бүхнийг зориул. Бусад нь аяндаа болно.

 

arrow icon