Нийтлэл 09 сарын 27, 2022

Нэрэлхүү Монгол

Нэг дурсамж. Нэгдүгээр курст орсон жил, ангийхантайгаа нарлангаа өндөгтэй шарвин гэж япон хоолны талаар ярилцаж суулаа. Сакүра цэцэглэсэн хаврын дулаахан өдөр байсан санагдана. Ангийн нэг охин гэтэл -Манайх дэндүү ядуу байсан болохоор өндөгтэй шарвинд өндөг хийдэггүй байсан гэх нь тэр. Өндөггүй өндөгтэй шарвин гэж ямар юм байдаг юм бол гэх ухааны гайхшралтай зэрэгцээд -Манайх ядуу гэж ирээд ний нуугүй ярьсанд нь их л гайхлаа. Би чинь тэгэхэд бүгд ядуу хэрнээ бүгд нэг нэгнээсээ ядуугаа үхэн хатан нуудаг Монголоос очоод удаагүй байсан хүүхэд. 

Монгол хүний нэрэлхүү зан манай үндэсний онцлогийн нэг гэдгийг тэр мэт туршлагаас яваандаа мэдэж авав. Ямар ч монгол яаж ч муудаад цагаан сараар өнгөтэй дээл өмсөнө. Гэрээ зараад 200 унаад нутгийн наадамдаа явдаг гэдэг нь ортой. Нэг сонирхолтой нь нэрэлхсэндээ бол яаж ийгээд хүрнэ ээ. 1990, 2000-аад оныг бодвол өнгөрсөн 20 жилд монгол хүн бүр гартаа смарт утас барьж, нэг нэг приус унаад хөдөө талаараа давхих боллоо.

Үүнтэй зэрэгцээд нэрэлхүү монголтой дайн зарлах улстөр, нийгмийн  хүчин ч төрөн гарав. НҮБ-с эхлээд элдэв гаднын сангууд Монгол дахь ядуурлын судалгааг санхүүжүүлэх болов. Тэдгээрээс санхүүждэг төрийн бус байгууллага хэдэн зуу, бүр хэдэн мянгаараа төрөн гарч, ядуу, өрх толгойлсон, эмзэг, зорилтот бүлэг гэхчлэн янз бүрээр цоллосон цаас үйлдвэрлэж, цаас үйлдвэрлэсэнийхээ төлөө цалинждаг бүхэл бүтэн систем бий болов. Тэдгээр цааснууд төрийн бодлогод хэрэглэгдэх бөгөөд, популист улстөрчдийн тараадаг халамж, элдэв татаасын зөвтгөл болж өгнө. Ингээд нийгмийн бүлгийн нэршлүүд шил дараалан бий болж яваа яваандаа хүний дор орохыг яснаасаа жигшдэг монгол хүнийг бага багаар ядуу статуст дасгаж гаршуулж авав. Хүний соёл иргэншил гэдэг хэл сэтгэлгээ нь урдаа явдаг тул элдэв нэршил үүсгэхийн хэрээр түүндээ дассан, хүний гар харсан нийгмийн бүлэг томрох бөгөөд томрох тусам өнөө сангуудын санхүүжилт нэмэгдэж, тэгэх тусам өнөө төрийн бусууд олшрох маягаар өөрөө өөрийгөө усалж томруулдаг self-fulfilling бодлогын экологи бий боллоо. Үүнийг нь  жүжигчин Ундармаа, Ганжавхлан нарын хандивын одууд нийгэм соёлын үзэгдэл болгон дархалж, “ядарсан монголчууд”  ба хаан банкны аппаа хуруугаараа нэг илээд л тэдэнд аврал үзүүлдэг ариун гэгээнтнүүд гэсэн нийгмийн хоёр каст бий болгов. Тэдгээр одууд хүүхдийн баяр, шинэ жил гээд боломж алдалгүй гэр хорооллоор уйгагүй тойрч монголчуудын, нэн ялангуяа хүүхдийн духанд “Чи ядуу” хэмээх том тамга дарах бөгөөд яваа яваандаа ядуу байх нь Монголд бараг л давуу эрх, амжилт, агуу их ялархал болж хөгжсөөр ирлээ. Нэрэлхүү монгол хүн ийнхүү амь тавихад ойр болов.

Хүний соёл гэхдээ долоон голтой аж. Хүн бүр л сэтгэлийнхээ мухарт ямар нэг юмны оройд зул болон залрах хүсэлтэй, амбицтай үндэстнийг “ул” гэж дуудсаныхаа төлөө нэг сайд огцров. Хамгийн цөөхөн үсэгнээс болж огцорсон рекорд ч байж мэднэ. Дэлхийн улстөрд ч эрхийн болон нийгмийн бүлгүүдэд суурилсан хэт зүүний улстөрийг эсэргүүцэх чиг хандлага ажиглагдах болов. Нэр төрийн соёлтой үндэстнүүд үгээр доромжлуулахыг хүлцдэггүй гэгддэг. Нэг үгээр доромжлоход хилэгнэх нь Монгол нэр төрийн соёлтой орон бөгөөд түүнийх нь дархлааны эсүүд амьд байгаагийн шинж юм. Одоо монголчууд бид энэ дархлаагаа багахан сэргээх болжээ. Оюун санаа гэдэг юм хоолоор сайжрахгүй тул бичих, унших, өргөнөөр хэлэлцэхээс өөр арга бол байхгүй ээ. Монгол хүний нэрээ хичээх соёл сэргээд ирвэл аяндаа ганц нэг үг үсэг төдийгүй ерөөсөө халамж, хандивын солиорлын эсрэг дархлаатай болоод ирнэ. Өнөөдөртөө бол сайн мэдээ: Халамж, хандив хоёрт удаан дарагдсан ч бардам, нэрэлхүү монгол хүн амьд нь амьд байна!

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

arrow icon