Нийтлэл 11 сарын 13, 2023

ИЗРАИЛЬ БА ПАЛЕСТИН: Бурхны амалсан газар дээрх ялагч үгүй, төгсгөл үгүй дайн  

Уулын жижиг горхи урссаар, өргөссөөр, сүүлдээ салаалж 3 их мөрөн боллоо хэмээн төсөөлөгтүн. Абрахамын гурван шашны талаар судлаач Ричард Холловэи ингэж дүрсэлсэн байдаг. Абрахамын гурван шашин гэдэг нь Иудейн, Христийн, Исламын гурван шашныг хэлж байна.

Гурван мөрний эхлэл

Хүний түүхэнд төрсөн хамгийн нөлөө бүхий сартваахын нэг Абрахам ойролцоогоор МЭӨ 1800 оны үед одоогийн Иракийн газар нутагт Тигр-Евфрат хоёр мөрний хөндийд төржээ. Эдгээр шашинд Абрахамыг бурхны санааг дамжуулах чадвартай их зөнч байсан хэмээн өгүүлдэг. Хуучин Библид өгүүлснээр нэг өдөр бурхан нь Абрахамд ингэж айлджээ.

 

 

“Нутгаасаа, төрөл саднаасаа, эцгийн гэрээс явж миний заасан газарт очигтун. Би чамайг агуу үндэстэн болгоно, чамайг адислана, чиний нэрийг түүхэнд үлдээнэ, тэгээд чи хувь ерөөлт болно... чиний хувь ерөөлөөс энэ дэлхийн бүхий л гэр бүл ерөөгдөх болно.”

 

Ингээд Абрахам Канаан руу, одоогийн Израйль Палестин хавийн нутаг руу нүүдэллэв. Эндээс хамаг асуудал эхэлжээ. Палестин, Израйлийн дайныг чухамхүү яг энэ зөгнөлд өгүүлсэн “The promised land, Бурхны заасан нутаг” хэмээх ойлголтоос ангид ойлгох боломжгүй. Өнөөдөр ч дайн бурхны амласан газар дээр өрнөж буй. Бурхны амласан ёсоор Абрахам түүхэнд нэрээ үлдээж, хожмоо нэгэн агуу үндэстэн мэндлэв. Харин энэ дэлхийн бүхий л гэр бүл тэрхүү хувь ерөөлөөс хүртсэнгүй. Хүртээгүйгээр барахгүй хожмоо үндэстэн угсаатнаараа, сүсэгтэн бишрэлтнээрээ мянга мянган жил дамнан зөрчилдөж, харилцан хядалцахад хүрэв.

Абрахам нутаг сэлгэснээс гадна тухайн үед оршиж байсан олон бурхант шашинд цэг тавьж эцсийн нэг л бурхныг шүтэх үзэл номолсноор монотейст буюу абсолют бурхан тэнгэр бүхий шашин үүсгэж хөгжүүлжээ. Нэг гарал үүсэлтэй шашин хооронд нэг л бурхны заасан нэг л газарт тийм их цус асгарна гэдэг уг үндсэндээ тэрхүү “бурхан” нь хүний оюун санаанд абсолют буюу туйлын шинжийг олсонтой холбогдож ирнэ. Миний бурхан абсолют юм бол чиний бурханд бууж өгөх боломжгүй гэсэн үг.

Абрахамын ач хүүг Израйль буюу “бурхны таалал”  хэмээнэ. Израйлийн омог өнөр өтгөн болох үеэр Канаанд ган болсон тул Египт рүү Нил мөрөн тийш нүүдэллэсэн агаад тэндээ нутгийн олон бурхант шашинд дагаар оролгүй монотейст бурхандаа үнэнч үлджээ. Энэ ган гачиг, энэ нүүдлээс хойш еврейн зовлонгийн түүх эхлэв. 200 орчим жил Египтед буруу номтон хэмээн ад үзэгдэж, хар нялхаасаа хядуулж, боолчлогдож байсан израилчууд Абрахамын бас нэг их зөнч Мосегийн манлайллаар эргээд “бурхны заасан нутаг”-аа тэмцэж хүрч чадсан хэмээн тэдний судар бичигт өгүүлдэг. Мосе израилчуудыг “нутгийн бараа” харагдах газар хүртэл дөхүүлэхэд нэг насыг зориулав. Уг хүнд аяны үеэр израилчууд түүгээр нутаглаж байсан филистинчүүдийн дайралтад өртөж, ихэвчлэн ялагдаж машид хүнд бэрхийг туулсан хэмээн тэмдэглэгдэж үлджээ. Палестин гэдэг нь энэхүү филистинээс гаралтай үг боловч угсаатны хувьд өнөөгийн тусгаар Палестин улсыг гэхээсээ тэр хавийн газар нутгийг заасан үг. Филистин, Израйлууд хоорондын хүч тэнцвэргүй тулааны салхийг эргүүлж израилуудад ялалт авчирсан Дэвид тэдний хаан болсон нь МЭӨ 1000 оны үе.  Дэвид 30 жилийн засаглалаа дайн байлдаанд зориулсан бол түүний хүү Соломон хаан илүү тогтвортой засаглаж, Иерусалим хотод анхлан израилчуудад зориулан сүм босгосон агаад хожмоо цэцэн Соломон хэмээн алдаршив.

Бурхны заасан нутгийг еврейн талаас харвал ийм түүхтэй. Үүнээс хойш ч Вавилон руу цөлөгдөж, Грекүүдэд сүмээ булаалгаж, Ромын эзэнт гүрэнд хотоо алдаж, удаа дараагийн шашны их байлдан дагуулалтаар крусэидрүүдэд хядуулж, Оттоманы эзэнт гүрэнд шахагдаж явахдаа ганцхан абсолют бурханд тэнгэртээ итгэж, бурхны заасан нутгаа зорих тэмцэл хийсээр хорьдугаар зуунтай золгожээ.

Өөрөөр хэлбэл Израйль гэдэг нь хэл бичгийн хувьд ч, үзэл санааны хувьд ч еврей хүмүүсийн хувьд “бурхны таалал” юм. Одоо Иерусалим, Газа хавийг нөгөө талаас харъя. Хамгийн даажинтай нь Ислам гэдэг мөн л “бурхны санаа”, бурхны таалал гэсэн утгатай.

Исламууд

Их зөнч Абрахам хоёр эхнэртэй байсан ба залуу эхнэр болох Египтийн шивэгчин Хагараас төрсөн хүү Исмаил өнөөгийн Саудийн Араб дахь Макка, Исламийн хамгийн ариун хотын нэгийг үүсгэн байгуулсан хэмээн домогт өгүүлдэг. Христийн тооллын 570 онд тэрхүү Макка хотод мөн л дэлхийн шашны түүхэнд шинэ бүлэг нээсэн сартваахийн нэг зөнч Мухаммед мэндэлжээ. Иуресалимд төрсөн Жисус Иудейн шашныг шинэчлэх замдаа Христийн шашин хэмээх бие даасан идеологи бүтээсэн шиг Мухаммед ч Абрахамыг залгамжилж, бурхны үнэн, бурхны санааг төгсрүүлэх үүргийг өөрөө өөртөө хүлээлгэжээ. Яг тиймээс Исламийн шашин Иудейн болон Христийн шашнаас ч илүүтэй ганц Аллах бурхны абсолют шинжийг илүү хатуу номлолоор хамгаалдаг. Христийн шашинд итгэгчид бурхны санааг түүний хүү Жисус буюу махан бие махбодтой хүнээр төлөөлүүлж ойлгосноор бурхныг арай илүү хүнд ойртуулсан. Түүхч Веллсийн бичсэнчлэн Иудейн шашин мөн л монотейст бурхан тэнгэртэй авч бурхны санааг агуулсан Библийн судраа хүний гараар, зуун зуун дамжуулан бичиж хөгжүүлж явдаг. Исламийн хувьд харин Коран цор ганц. Тэнд л бурхны санаа бичээтэй буй, түүнийг л ягштал дагаж мөрдөх ёстой.

Арабууд энэхүү бурхны санаа, цор ганц судраа чанд дагаж мөрдсөнөөр Мухаммедийн амьд сэрүүнд буюу долдугаар зуунд цэцэглэн хөгжиж, Арабын их тэлэлт, байлдан дагуулалтын түүх бичигдлээ. Арабын энэ тэлэлтийг мөн л түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн эрчимтэй байлдан дагуулалтын нэг гэж түүхчид үздэг. Баруун тийш Испани, зүүн тийш Хятад хүртэл өргөн уудам газар нутгийг Зүүн Ромын, Персийн эзэнт гүрнүүдээс булаан эзэлсэн дунд Египт, Иордан, Ливан, Газа гээд хожмоо дайны бүс болох Ойрх Дорнодын газар нутаг, түүнчлэн гурван шашин дундын ариун хот Иерусалим ч мэдээж багтаж байв.

Гурван шашин, гурван тив, гурван тэнгис далайн дундын хөндүүр цэг Иерусалим хот хүний түүхэнд хамгийн олонтоо нурж, хамгийн олонтоо дахин сэргээгдэж, хамгийн олон төрөл итгэл үнэмшил хамгийн эвтэй зэрэгцэн оршихыг ч, харилцан цус асгаруулахыг ч үзжээ. Иерусалим дахь Соломоны сүм хоёр удаа нураалгаж, хоёронтоо дахин сэргээгдэж, хот бүхэлдээ 23 удаа бүслэгдэж, 50 орчим дайралт туулж, 40 гаруй удаа олзлогдож, бас чөлөөлөгджээ. Гэхдээ энэ бүх бүслэлт, чөлөөлөлт, дайн байлдаан эзэнт гүрнүүдийн эрх мэдлийн төлөөх тэмцлийн түүх болохоос хүн ардын хувьд соёл, гарал үүсэл нэгтэй Абрахамын шашинт семит хүмүүс хэдэн мянган жил холилдон нүүдэллэж, оршин сууж ирсэн бүс нутаг гэдгийг мартаж болохгүй.

Ийм олон соёл, олон төр, олон шашны нүүр үзсэн дөрвөн мянганы туршид Исламийн шашинтнуудын хувьд ч Иерусалим хот болон “the promised land” хавийн бүс нутаг мэдээж тэдний гэр болно. Ялангуяа долдугаар зууны их байлдан дагуулалтаар Иерусалимийг эзлэн сууснаасаа хойш тэнд сүм хийд олноор барьж байгуулан, шинжлэх ухаан, уран барилгыг хөгжүүлэн суусан тул ариун хотын түүхийг бичилцсэн, хотыг бүтээлцсэн хүмүүс мөн үү мөн.  Монголын Нууц Товчоонд Бөртэ Чоно гэргий Гоо маралын хамт тэнгис гэтэлж ирэв хэмээн өгүүлдэг. Аль тэнгисийг гэтэлж ирсэн нь сонирхолтой асуулт авч юутай ч хүн гэдэг амьтан тэнгис далайг гэтлэн суурьшсан нутагтаа гэрээ барин сууж, сууж дассан нутаг нь яваандаа эх орон нь болдог билээ. Түүн лугаа адил арабуудын хувьд ч мянган жил амьдран суусан гэр нь “бурхны таалсан” эх орон нь болно. Ийнхүү хорьдугаар зуун гарахад хоёр тал хоёр талын бурхны тааллын дагуу нэг гэрт, нэг газар дээр уулзахад хүрлээ. 

Зионизм

Английн Бөрминхамын гангстеруудын тухай BBC-ийн алдарт цуврал “Peaky Blinders”(2013-2022) дээр Соломон гэж еврей гангстер гардаг. Соломон хэмээх нэр ч найруулагчийн уран бүтээлийн шийдэл болох нь маргаангүй. Соломон “Америк бол миний хамгийн шилдэг бүтээл” гэж хэлдэг. “Америк орон бол еврейчүүдийн бүтээл” хэмээх санаа Бритиш найруулагчийн уран бүтээлийн хийсвэрлэл боловч ямартай ч дэлхийн улстөрийн газрын зураг дээр шинэ тутам мэндэлсэн Америкийн Нэгдсэн Улсын эрх чөлөө хэдэн мянган жилийн турш хавчигдан гадуурхагдаж, тэнэж төөрсөн еврейчүүдэд үйлдвэрлэл, банк санхүү, шинжлэх ухаан гээд олон салбарт амжилт гаргах оронзай, шинэ эх орон нь болж өгөв.

Нөгөө талаар Абрахамын гурван шашнаас Иудейн шашин арилжаа, мөнгө санхүүгийн хувьд харьцангуй чөлөөтэй. Жисус болон Мухаммед зөнч нар аль аль нь Абрахамаас хойш дэлхийн эдийн засагт баялгийн хуваарилалт илүү шударга бус, эрх тэгш бус болсон үед төрсөн тул материаллаг шуналыг хязгаарлах, эд баялаг хураах тухайд харьцангуй хатуу ёсзүйн зохицуулалт номлож үлдээжээ. Энэ ялгаа хожмоо семит үндэстнүүдэд эд баялаг, материаллаг хөгжлийн ялгаа үүсгэв.

Ингээд ардаа Америкийн Нэгдсэн Улс хэмээх артай, эдийн засагтай болсон еврей нар хорьдугаар зуун гарахад “бурхны амласан газар”-аа эргүүлэн олж авах дараагийн Exodus аяндаа гарлаа. Зионизм буюу еврейчүүд бурхнаас заасан ариун газар Палестинд буцаж очиж, улс орноо дахин төвхнүүлнэ хэмээх үзлийг 1897 онд Австрийн сэтгүүлч, зохиолч Теодор Херзл дэвшүүлэн тавив. Ингээд хорьдугаар зуун гарах үеэр жүүдүүд хэдэн мянгаараа Палестин руу шилжин суурьших болов. Эхэндээ арабын газрын эзэд өөрсдөө Ротшилд нарын еврей хөрөнгөтнүүдэд газраасаа зарсан байдаг. Улмаар Палестины газар нутагт дэлхийн хоёрдугаар дайн дуусах хүртэл хагас зуун жилд 600 мянга орчим еврей шилжин суурьшиж, Монголын нэг аймгаас ч жижиг газар нутагт хэдэн сая араб еврей холилдон амьдрах болжээ. Еврейчүүд олшрохын хэрээр Абрахамын зөгнөсөн ариун газар, ариун хот Иерусалимээ булаалдсан зөрчил гүнзгийрэх болов. НҮБ энэ зөрчилд цэг тавихын тулд 1947 онд АНУ-ын манлайлал, дэмжлэгтэйгээр түүхэндээ гаргасан хамгийн дуулиантай, бас будлиантай санал хураалтаар Палестиний газар нутгийг хоёр хуваасан юм. Иерусалим хот НҮБ-ын мэдэлд үлдэж, нийт газар нутгийн 55% 570 мянган еврейчүүдэд, 45% нь 1.2 сая арабуудад ногджээ. Гэхдээ тухайн үед Израйльд ногдсон газар нутагт амьдарч байсан хүмүүсийн 58% нь еврей, бусдаар Абрахамын шашинт ахан дүүс холилдон амьдарч байсныг дурдах нь зүйтэй. Түүхэн үүсэл хөгжлөөс хамаардаг ч шинэ тутам орнууд ихэвчлэн тусгаар тогтнолоо өөрөөсөө зарлан тунхаглах, түүнийг нь бусад улс хүлээн зөвшөөрөх зарчмаар тусгаар тогтнодог. Израиль улс газар нутаг хувааснаас хагас жилийн дараа 1948 оны тавдугаар сарын 14-нд тусгаар тогтнолоо тунхаглаж, түүнийг нь АНУ, ОХУ дараалан хүлээн зөвшөөрснөөр нэгэн шинэ улс дэлхийн газрын зурагт албан ёсоор нэмэгдэв.

Маргааш нь дайн эхлэв. Египт, Йордан, Ливан, Сирийн хамтарсан араб арми шинэ тулгар Израилтай нэг жил дайтаж дуусахад Израиль улс 1947 онд НҮБ хувааснаас ч том газар нутгийг Иерусалим хотын нэг талтай хамт хяналтдаа оруулав. Энэ дайнаар эх орон, гэр орноо алдаж дүрвэсэн 1 сая гаруй араб цагаачид дундаас хожмоо хоёр улсын засгийн газар ч хянаж хүчирдэггүй фанат бүлэглэлүүд төрөн гарах болно. Мөн 1948 оны дайнаас хойш энэ бүс нутагт 70 гаруй жилийн турш 7 том дайн дэгдэх болно. Эдгээр дайны дундуур том жижиг зөрчил мөргөлдөөн, байлдаан үл тасрах ба хоёр улсын засгийн газраас гадна бие даасан пауэр буюу бие даан бодлого хэрэгжүүлдэг зэвсэгжсэн фанатист, террорист бүлэглэлүүдэд хуваагдсан бүс нутаг болж хувирна гэдгийг тухайн үед хэн ч төсөөлсөнгүй.

Дуусахгүй дайн

Дээр дурдсанчлан энэ бүс нутаг дахь дайн Израиль, Палестин улс хоорондын дайн гэхээсээ Иудейн болон Исламын шашинт улсуудын хооронд дэгдэж ирсэн ба дайн дэгдэх болгонд эдийн засаг, цэрэг зэвсгийн давуу хүчтэй, дэлхийн хамгийн том гүрнүүдийн дэмжлэгтэй Израйль улс Зүүн Иерусалимийг Иорданаас салгаж авах, Газын зурваст блок босгох зэргээр ямар нэг байдлаар барьцаа ахиулах хэв маяг давтагдаж ирэв. Асуудал эхэндээ шашин идеологийн зөрчлийн шинжтэй эхэлсэн авч 1948 оноос хойш олон улсын эрхзүй, НҮБ, дайны хуульчлал, газар нутаг гээд дэлхийн хоёрдугаар дайнаас хойших олон улсын дэг журмын бүхий л талыг хамарсан асуудал болж өргөжсөөр ирэв.

Нэгд,  хоёр талын зөрчил дээр Египт, Их Британи, ОХУ, АНУ, Саудын Араб зэрэг бусад их гүрэн, бүс нутгийн тоглогчдийн улстөрийн болон геополитикийн эрх ашгийн оролцоо нэмэгдэж нөхцөл байдлыг улам ярвигтай болгодог. АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Баиден 1986 онд “Хэрэвзээ Израиль гэдэг улс байгаагүй бол АНУ Израилийг шинээр зохион бүтээх байсан” гэж хэлж байлаа.  Абрахамын бурхан газар амлахдаа тив тив, тэнгис далайн уулзвар, дэлхийд газрын тосоор хамгийн баян нутагт газар зааж орхисон нь нэг талаар ерөөл, нөгөө талаар хараал болжээ.

 

 

“Ливаны ард түмэн бид төлөөллийн дайнаас бид залхлаа. Төлөөллийн дайн хэзээ ч дуусдаггүй, учир нь жинхэнэ дайтагчид дайны талбарт байдаггүй.”
Ливаны зохиолч, нөлөөлөгч Насим Талиб

 

Хоёрт ямар ч дайн олон жилээр сунжрах тусам ариун зорилгын төлөө гэхээсээ өс хонзонгийн шинжтэй болж улам харгис, улам яахаас ч буцахгүй болох шинжийг олдог. Түүхч, дайн судлаач Стоессинжерийн дүгнэснээр сүүлдээ энэ бүс нутагт дахь дайн “аль нь дайралт, аль нь эсрэг дайралт, аль нь эсрэг дайралтын эсрэг дайралт болох нь үл ойлгогдох” болж ирээд байна.

Ялагчгүй дайн

Энэ удаагийн Израиль-Хамасын дайн аравдугаар сарын 7-ны Хамасын халдлагаас үүдэн эхлээд одоогийн байдлаар 3 долоо хоног үргэлжилж байна. The Associated Press-ийн мэдээлснээр одоогийн байдлаар Израилийн талаас 1400 хүн нас барж, 5431 хүн гэмтэж шархадсан бол Газын зурваст нас барсан болон гэмтсэн палестинчуудын тоо тус бүр 8000, 20242 болоод байна. Энэ бүхнээс дүгнэхэд Палестины тал, тэр дундаа энгийн иргэд, хүүхдүүд хамгийн том хохирогч болсон. Гэхдээ дайны дам хохирол палестинчуудаар тогтохгүй. Нэгд сөрөг дайралт бөмбөгдөлтөөр энгийн иргэд, олон улсын хүмүүнлэгийн ажилчид, тэр дундаа хэдэн мянган хүүхдийн амь нас хохироож буй Израиль улс өөрөө дэлхий нийтийн ширүүн шүүмжлэл, уур хилэнгийн бай боллоо. Европ, Ойрх Дорнод, АНУ, Азийн хотуудаар Газын зурвас дахь бөмбөгдөлтийг зогсоох шаардлага бүхий хэдэн зуун мянган хүн хамарсан жагсаалууд зохион байгуулагдсаар байна. Өмнөх дайнуудтай харьцуулахад соошил медиа өргөн хэрэглээнд нэвтэрч мэдээллийн хүртээмж жигд болсноор уламжлалт медиагаар дайны зөвтгөл, үзэл суртал хийх боломж хязгаарлагдаж ирсэн. Хоёрт, дэлхийн улс орнуудад дүрвэж, орогнож буй арабууд, исламын шашинтнуудын дуу хоолой ч тэдгээр улсын дотоод ардчилалд тусгалаа олох болов. 2020 оны байдлаар дэлхийд Ойрх Дорнод, Хойд Африкын дүрвэгсэд 30 саяыг даваад буй. 2008 онд мөн л сөрөг дайралтаараа НҮБ-ын сургууль, хүүхдүүдийг бөмбөгдсөн Израиль дэлхийн нийтийн шүүмжлэлд өртөж Газын зурвасаас цэргээ татахад хүрч байлаа. Удаа дараагийн дайны гэмт хэрэг Израиль улсын дотоодын улстөрийн тогтвортой байдал, засгийн газрын нэр хүнд, бусад улсын еврей үндэстэнд хандах хандлага, олон улс дахь байр суурьт сөргөөр нөлөөлж урт хугацаандаа Газын зурваст ялж олсноосоо илүүг төлөхөд хүрч мэднэ. Нөгөө талаар энэ удаагийн дайралтаар зорьсондоо хүрч Хамасыг нэгмөр арчлаа гэхэд Газын зурвасын засаглалын асуудал Израилийн толгойны өвчин хэвээр үлдэнэ. 2.3 сая арабыг Израилийн арми өөрсдөө хянаж засаглахад дэндүү зардалтай, эрсдэлтэй. Нөгөө талаар Израилийн дэмжлэгээр төвхнүүлсэн ямар ч засаг захиргааг арабууд өөрсдөө урвагч гэж үзэх, цээрлүүлэхээр эмгэнэл, өс хонзон хуримтлагдсан. Энэ дайныг тиймд ерөөсөө ялагчгүй, төгсгөлгүй дайн гэж үзэж болно.  Дараагийн дам хохирогч Украйнь улс болох магадлалтай. Энэ удаагийн дайн сунжирч, Иран АНУ хоорондын зөрчил дахин сэдэрвэл Украйнь руу илгээгдэж буй зэр зэвсгийн дэмжлэг, санхүүжилт нөгөө тийш хуваарилагдахад хүрнэ. Ганцхан жишээ, Германы Рейнметаллын тооцооллоор Украйнь цаашид Оросын дайралтыг хориглож хамгаалахын тулд жил тутам 1.5 сая сум хэрэгтэй ажээ. АНУ Ойрх Дорнодын дайнд татагдан ороход хүрвэл энэ тоог ханган нийлүүлэх боломжгүй болно. Энэ бүхнээс харахад нэг талаар Хятадад хигемоноо алдахгүй байх, нөгөө талаар Оростой мөн “proxy war төлөөллийн дайн” хийж буй АНУ ч өөр фронтууд дээр ялагдаж хохирох эрсдэл бүхий дүр зураг үүсэв. АНУ-ын зүгээс дайн улам өргөжихөөс өмнө Израилийг гал зогсооход уриалж, уламжлалт “хоёр улс бүхий шийдэл” дээр зогсох буюу Палестины газар нутгаас армиа татахад уриалах, шахах магадлалтай.

Дэлхий нийт ч эдийн засаг болон улстөрийн хохирол хүлээхэд хүрнэ. Газрын тос олборлогч бүс нутгийн хямрал дэлхийн эдийн засгийн бүхий л механизмаар дамжин үйлдвэрлэл, хэрэглээний өртөг нэмэгдэхэд нөлөөлнө. Дэлхийн эдийн засаг ковидын дараах шарталтын инфляцаас сэргэж амжаагүй байхад цаашид газрын тосны нийлүүлэлт нэмж доголдвол хямрал өдөөх эрсдэлтэй. 

Манлайлагчгүй дэлхий

НҮБ аравдугаар сарын 26-ны өдөр Израиль Хамасын дайн эхэлснээс хойш 20 хоногийн дараа Иорданы оруулсан саналаар “Газын зурваст нэн даруй хүмүүнлэгийн үүднээс гал зогсоох” төсөл хэлэлцүүлж 120 орон дэмжсэн, 14 орон эсэргүүцсэн, 45 орон түдгэлзсэнээр төслийг баталсан. Гэвч төсөл батлагдсанаас хойш Израилийн арми Газын зурвас дахь бөмбөгдөлтөө үргэлжлүүлж, явган замын цэргээ нэмж нэвтрүүлэв. Израилийн Ерөнхий сайд Нетанъяху “Хамасын армийн болон захиргааны баазыг үндсээр нь устгаж, барьцааны хүмүүсийг суллана” гэж мэдэгдээд энэ удаагийн дайныг израилчуудын “хоёр дахь удаагийн тусгаар тогтнолын дайн” гэж нэрлэв.

Ийнхүү “бурхны заасан газар” тойрсон дайн дэлхийн хоёрдугаар дайны дараа бүрэлдсэн дэлхийн дэг журамд  ч сорилт тулгах болов. Хоёрдугаар дайны дараа дэлхийн улс орнуудын харилцаанд гарсан нэг дэвшил дайныг хуульчлахад оршиж байв. Дайныг хуульчилна гэдэг нь дайтсан ч тодорхой дүрэм, хуульд захирагдана гэсэн үг. Нэгд Израиль улс олон улсын дайны хуулийг удаа дараа зөрчих, хоёрт энэ асуудлаар АНУ олон улсын эрхзүйгээс илүүтэй АНУ, Израилийн эрх ашгийг хамгаалах тул НҮБ төвтэй олон улсын дэг журам доголдох, олон улсууд АНУ-ын манлайлал хигемониг хүлээн зөвшөөрөхгүй болох чиг хандлагууд ажиглагдах болов. Хятадын хувьд энэ үүргийг орлох, энх тайвны хэлэлцээрт манлайлах оролдлого хийж байгаа ч нэгд улстөрийн коммунист системтэй, хоёрт дотооддоо Шинжаан Уйгурын асуудалтай тул мөн даяар хүлээн зөвшөөрөгдөхгүй. 

Монголчууд бидний хувьд Газын зурвас дахь дайны эхлэл, өрнөлд нөлөөлөгч орон биш тул дотооддоо энх тайван, эв нэгдлийг сахин хамгаалахад төвлөрөх нь зүйтэй. Үүнд нэгд шашны хувьд нэгдмэл байдлыг эрхэмлэх, монотейст, абсолют бурхны үзлийг олон бурхант буддын уламжлалт сэтгэлгээгээр шүүн тунгааж авдаг байх чухал. Хоёрт, дэлхийн улстөрийн тогтворгүй циклд хоёр хөрш болон бусад оронтой энх тайванч, дипломат харилцааг тууштай хөгжүүлэх, гадаад бодлогоо нэг цонхны зарчмаар гаднын бодлогын нөлөөллөөс ангид  хэрэгжүүлэх. Гуравт, хотын амьдрал, хэрэглээний сагсны импортын шатахуунаас хамаарах хамаарлыг бууруулах, эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэхгүй бол дотоод валютын худалдан авах чадвар дэлхийн улстөр, газрын тосны үнээс хамаарч савлах тусам тэр нь яваандаа нийгэм, улстөрийн хямрал болж хувирах эрсдэлтэй.

Хар Тэнгисийн хойд талд славын соёл иргэншилт ахан дүүс, урд зүгт Абрахамын шашинт ахан дүүс дайтаж буй дэлхийд бид аж төрж байна.  Нэн ялангуяа бүрханд итгэх итгэл үнэмшил гэдэг юмыг хожим их мөрөн болон салаалсан хойно нь сал хатгаад гаталж бардаггүй, эргээ халин урссан хойно нь эзэн бурхан нь ч тогтоож дийлдэггүй аж. Уулын горхи салаалж буй эх дээр нь нэг анзаарч, урсгал нэгтгэх талаас санаа тавьж явбал зохилтой.

 

 

arrow icon