Хүн эхээс төрсөн цагаасаа л бие махбодийн хувьд генийн, оюун санааны хувьд үзэл суртлын нөлөө, хязгаарлалт дор явсаар насанд хүрдэг. Насанд хүрсэн хойноо генийн өгөгдлөө тодорхой хэмжээнд удирдаж чадвал бие махбодийн эрх чөлөөтэй, хүн болох зам зуурт тархи толгойд чинь үнэртэй ус мэт нэвчсэн элдэв үзэл суртлаас ангижирч чадвал оюун санааны эрх чөлөөт бодгаль болно. Аль алийг нь баргийн баагий барахгүй дээ. Би лав генээ баралгүй хавдраар үхэх байх. Загалмайлсан эцэг Маикл, Зуун жил ганцаардсан Аурилиано нар чинь генийн хараалаа дийлээгүй дүрүүд. Маниусыг 20 хүрч оюутан болох үед дэлхийд давамгайлж байсан неолиберал маягийн идеологиос 40 хүрэхдээ манай үеийнхнээс л гэхэд мултарч амжсан нь цөөхөн л бн. Орчин үеийн woke соёлд идэгдсэн үеийнхнээс ч цөөхөн хэд нь 60 хүртлээ ангижирч чадвал их юм. Энд би бичээд ч нэмэргүй. Нэлээн юм болж байж л чөлөөлөгдөнө. Гэхдээ яахав ядаж л хаанаас, яагаад ийм соёл мэинстрийм догма болсон шалтгааны талаар ганц нэг зүйл.
1, Дотоод хүчин зүйлийн хувьд. Эртээд нэг бичсэн. Хүн гэдэг амьтан нөхцөл байдлаа үлгэр өгүүлэн зөөлрүүлж, үлгэр өгүүлэн зөвтгөх чадвартай төрөл. Энэ чадвар нь хэтэрхий хөгжсөн. Монголд шилжилтийн шок, авлига гэх мэт шалтгаанаар ядуурал бүтэн үе үргэлжилмэгц нэг талаар энэ нөхцөл байдлаас зугтах, үзэн ядах, нөгөө талаар зөвтгөх гоёчлох, зөөлрүүлэх жинтүү догма зайлшгүй дагаад үүснэ. Жигд ядууг сурталддаг коммунист үзэл суртлыг шууд залгаад ядууг магтдаг, ядуурлыг үнэлдэг, гоёчилдог бүхэл бүтэн догма Монголд үүссэн. Ядарсан зураг харахаараа л "Өнөөдөр харсан хамгийн гоё зураг" гэхчлэн өмөлзөх жишээтэй, наад захын нэг л жишээ. Сүүл сүүлдээ ядуу байх, үнэн байх, гоё байх гурав нэг утгатай боллоо. Ядуу бол, ядарсан бол үнэн. Тэгээд үнэн бол гоё гэнэ. Үнэндээ бол ядуу чинь үнэн, гоё хоёрын дайсан юм. Энэ талаар энд бичиж багтахгүй. Энэ зайнд багтаж нэг л юм хэлье: Ядуудаа уярч өмөлзөж, ядуурлыг шүтэх замаар ядуурлаас гардаггүй юм аа. Энийг дэлхийн түүх нэлээн өндөр үнээр шалгаад өгсөн асуудал. Нэг л их хамтдаа ядууг магтаж, ядуурлыг магтан дуулсангүй гэж харааж зүхсэн бүхэл бүтэн сүрэг. Чадахгүй!!! Ядууг гоё гэж харж өссөн хүмүүс Ганчимэгийн нүдээр яаж ертөнцийг харах юм. Амжихгүй.
2, Гадаад хүчин зүйл. 1980 оноос хойш дэлхийн баячуудын(дэлхийн хүн амын 1%) дэлхийн нийт орлогод эзлэх хувь хоёр дахин өссөн. Ийм орлогын ялгаа пандемикаар бүр эрчимжсэн. Дэлхийн капиталыг удирдаж байгаа 1% бусад 99%-д соошил медиа хийж өгөөд, identity буюу хүйс, бэлгийн чиг, гарал үүсэл зэргээр нь нь хуваах неомарксист маягтай догмаг бүх төрлийн улстөрийн сангийн санхүүжилтээр дамжин хөгжүүлсэн. Энэ нь яваа яваандаа миний статус, миний ядуу статус, миний өнчин статуст халдсан юуг ч, үзэл бодлыг ч үл хүлцэх хохирогчийн улстөр болж хөгжөөд явж байна. Энэ талаар цувуулаад тал талаас нь өчнөөн бичиж байгаа. Гэнэт нэг пост дор өөртөө зориулсан ном нэхээд байв даа. Чадахгүй!!!
Энэ мэт дотоод ба гадаад, макро хүчин зүйлсээр нөхцөлдсөн цаг үеийг эзэлсэн мэинстрийм хүчтэй үзэл суртлаас залуу хүний сэтгэлгээ, оюун санаа ангид оршин байх бараг боломжгүй. Ялангуяа хүний critical thinking шүүмжит сэтгэлгээг хөгжүүлж өгдөггүй Монголд. Ямар ч гэсэн нэг л юмыг санаад авчих. Догма л бол догма. Барууны юу, зүүний юу, шинэ үү, хуучин уу, Путины юу, Америкийн уу хамаагүй. Бүх догма буруу!!! Догмад үйлчилсэн урлаг болгон буруу. Аливаа догманаас чөлөөлөгдөхийн тулд өөрийгөө хөндлөнгөөс гуравдагч этгээдийн нүдээр шинжлэх харах чадвартай байх хэрэгтэй болно. Юун түрүүнд соошилд сүрэглэхээ урдаа барьж сүрэг ноход шиг хуцалдаж уралцахаасаа өмнө дор бүрнээ гуравдагч нүдээ эрэлхийлсэн нь дээр байх шүү.