Ес дэх удаагийн УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр ойртож байна. Монголчууд биднийг санал хураалтын дараа ямар дэлхий, ямар цаг үе угтаж байна вэ? Монгол Улс маргаашийн дэлхийд хэн болон оршиж, ямар үүрэг рольтой оролцох вэ? Доорх тэмдэглэлийг энэ мэтийг бодож тунгааж саналаа өгөхөд тань зориулав.
Нэгд, өргөтгөсөн шинэ парламентыг олон улсын улстөрийн тогтворгүй байдал угтан авах нь хэн хүнд илт асуудал боллоо. Монгол Улсын тусгаар тогтнол дэлхийн хоёрдугаар дайны дараах олон улсын дэг журмаар баталгааждаг. Энэ дэг журамд 2022 оноос хойш хоёр том сорилт тулгарав. Нэг нь Орос-Украйны дайн. Нөгөө нь Газын зурвас дахь араб, жүүдийн дайн. Аль алиныг нь дэлхий өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж буй олон улсын дайны хууль болон бусад хэм хэмжээгээр зохицуулж чадалгүй өнөөдөртэй золгоод байна. Том дайн дуусахад томчууд дундаа харилцааны дүрмээ шинэчлэн бичдэг. Дайны төгсгөл ойртох тусам Орос, Хятад болон Энэтхэг, Турк зэрэг амбицтай тоглогчид дэлхийн шинэ дүрэм шаардах, АНУ болон Европын холбоотнууд уламжлалт дүрмээ хамгаалах байрлалд ороод буй. Дүрэм шинэчлэх процесс нэгд цэрэг армийн, хоёрт кибер мэдээллийн дайны, гуравт соёл, үзэл суртлын бүх фронтоор өрнөсөөр байна. Энэ мэтчлэн олон улсын харилцааны зөрчил ширүүссэнээр ОХУ, БНХАУ, барууны гурван талын эрх ашиг уулздаг оронзай болохын хувьд Монгол Улс улам бүр зөрчилт байр сууринд шахагдах магадлалыг нэмэгдүүлнэ. Үүнээс үүдэн тухайлбал ШХАБ-ын гишүүнчлэлийн статусыг жинхлэх шахалт нэмэгдэнэ. Шахалт болон магадлал нэмэгдэхийн хэрээр барууны манай дотоод улстөр дэх оролцоо нэмэгдэж, өнгөрсөн 34 жилийн түүхэнд хэрэглэж байгаагүй арга хэрэгслүүдийг сонгон хэрэгжүүлэх эрсдэл бодитоор бий болно.
Хоёрт, гурван талын зөрчил улстөрийн үзэл суртлын орчинд өрнөхийн зэрэгцээ эдийн засаг буюу уул уурхайн салбарт мөн ширүүсэх магадлалтай. Геополитикт хүчний шилжилт, хуваарилалтыг өдөөж буй нэг хүчин зүйл эрчим хүчний салбарт өрнөж байна. Дэлхийн хэрэглээ шатахуунт хөдөлгүүрээс цахилгаан машин руу шилжихийн хэрээр газрын тос, нүүрснээс илүү зэс, ховор металл тойрсон өрсөлдөөн ширүүсэх төлөвтэй. Зэсээс болж дайн гарч ч магадгүй гэж Голдман Саксын судалгаанд дурджээ. Монгол Улсын хувьд Тавантолгойн нүүрсний экспорт Хятадын хэрэглээнээс хамааралтай, зэсийн хоёр том ордын нэг нь төрийн мэдэлд, нэг нь Рио Тинто групп 66 хувийг эзэмшсэн байдалтай дэлхийн зэсийн циклийг угтаж байна. Энэ гурван төсөл гурвуулаа дэлхийн улстөрийн оронзайд зөрчилдөж буй том тоглогчдоос хамааралтай, түүнчлэн дотоодын нийт бүтээгдэхүүн бүхэлдээ энэ гурван төслөөс хэт хамааралтай байгаа нь Монголын эдийн засгийг эдийн засгийн гэхээсээ улстөрийн эдийн засаг, геополитикын шинжтэй эмзэг бүтэцтэй болгодог. Эрх барих Монгол Ардын Нам, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ бүтцэд ямар нэг суурь реформ хийж чадалгүй энэ сонгуулийг угтав.
Гуравт, дээр дурдсан хоёр үндсэн салбар дахь зөрчил эхний ээлжинд манай нийгмийн орон зайд мэдээлэл, үзэл суртал, соёлын капиталаар илэрч зөрчилддөг. Зөрчлийг үзэл суртлын агентууд, намууд доторх жигүүрүүд, тархи угаагчид, мэдээлэгчид зэрэг үндсэндээ бол Монгол Улсын үндэсний эрх ашгаас урвасан гар хөлүүд төлөөлөн хэрэгжүүлнэ. Жирийн иргэдийн хувьд ч эдгээр агентуудад угаагдах, дагаж балиашиглах, итгэл үнэмшлээр хагаралдах, хуваагдах процесс үргэлжилсээр байна. Ийм хагарал шинэ асуудал биш боловч Орос-Украйны дайнаас хойш Украйны далбаагаар халхавчилсан гудамжны улстөр идэвхжих, Ц.Элбэгдорж болон Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нарын дундын зөрчил хурцдах, дэлхийн нийтийн нүдэн дээр гутамшигтай гудамжны хэрүүл хийх, Х богдын ар гэрийн бизнест халдах зэргээр хэм хэмжээгээ алдах шинжтэй болж байгаа нь манай дотоод улстөр, олон нийтийн оронзайд өрнөсөөр ирсэн геополитикын зөрчил ил гарах, хурцдах үйл явц өрнөж байна гэж үзэх үндэстэй.
Тэгээд ийм нүргээнтэй, хөдөлгөөнтэй, тогтворгүй дэлхийд Монголын сонгогч бид яах вэ гэдэг асуулт. Юугаар баримжаалж, ямар үнэт зүйлээр, итгэл үнэмшлээр хэнийг дэмжиж саналаа өгөх вэ?
Нэн түрүүнд ардчилал, эрх чөлөөний сонголт тогтвортой байдлын баталгаа болж өгнө. Ардчиллын индекс бөмбөрцөг даяар унасаар буй нөхцөлд нэг талаас Монголыг ардчилсан бус, хаалттай дэглэмд оруулах, нөгөө талаас зүүн хойд Ази дахь ‘ардчиллын арал’ хэвээр үлдээх сонирхлоос болж талуудын эрх ашиг зөрчилддөг. Лежитим буюу зүй ёсны сонгуулиар ард түмний сонголтоор баталгаажсан ардчиллын хүлээн зөвшөөрөгдөх шинж дээрх хоёр оролцооны аль алиных нь боломжийг хязгаарлах болно.
Хоёрт, ардчилсан сонголт хийхийн зэрэгцээ ардчилал хэмээх ард түмний хүсэл зоргыг гудамжны улстөр, геополитикийн сэдэв болгож хөөсрүүлдэг, улстөрийн бараа бүтээгдэхүүн болгодог, улмаар Монгол Улсын гадаад бодлогоос өөрсдөдөө улстөрийн завшаан эрэлхийлдэг бүхий л экстрим нам, хөдөлгөөн, улстөрч, тэмцэгчдийг сонголтоосоо хасахад уриалж байна. Жишээ нь no war хөдөлгөөний Ц.Уянга, Д.Монголхүү нар, Слава Украйн хөдөлгөөний Б.Цацрал зэрэг ийм дүрүүд ардчиллыг дээр дурдсанчлан ард түмний дотоод хүсэл, сонголт биш, гаднаас өдөөн хатгасан, найруулсан үзэгдэл болгож хувиргадгаараа жинхэнэ ардчиллын дайснууд, тогтворгүй байдлын үр хөврөлүүд юм. Дахин давтахад эрх чөлөө нь гаднаас өдөөсөн өгөгдөл биш монголчуудын өөрсдийн сонголт юм гэдгийг батлан харуулах нь манай үндэсний эрх ашиг, тогтвортой байдлын баталгаа болно.
Гуравт, эдийн засгийн бодлогын хувьд “нээлттэй”, “чөлөөтэй” араа руу солих цаг боллоо. Монголчууд уг нь 1990 онд энэ сонголтоо хийсэн. Замын дунд гажуудал үүсэж, клептократ, крони капиталист хэлбэрт орсноор ард түмний дунд 30 гэр бүл, бүлэглэл, олигархууд гэхчлэн нэрлэгдэх болсон. Эрх барих нам, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр бүлэглэлээс Эрдэнэт үйлдвэр, улсын орд, өмчийг эргүүлж авахад амжилт олсон хэр нь дэлхийн практик зарчмаар нь реформ хийх биш, төрийн төсөв, тусгай санд төвлөрүүлэх социалист халамжийн загварыг сонгож авсан. Төрд дэлхийн хамгийн эрэлттэй металл, түүний орлого төвлөрөх тусам дотоодод авлига нэмэгдэж, бизнесийн орчин муудахаас гадна 2009 онд хийгдсэн Оюу Толгойн гэрээ шиг гаднаас ирэх шахалт, дарамтад эмзэг болж ирнэ. Аливаа систем нээлттэй, либерал, олон нийтийн оролцоог хангасан байх нь өөрөө хамгаалалт юм.
Дөрөвт, аливаа геополитикын зөрчил, эрх ашгийн мөргөлдөөний гол багаж мэдээллийн манипюляц, үзэл суртал, тархи угаалт байдаг. Тэр утгаараа нэн тэргүүнд энэ сонгуулиар монголчууд бидний хувьд үнэнээ хүлээн зөвшөөрсөн сонголт хийх чухал байна. Үнэнийг сонгох хэрэгтэй. Үнэн гэдэг үзэгдэх биегүй. Гэхдээ Монголд өнөөдөр юу үнэн болохыг, юуг үзэх, юу сонсох, хэнийг шүтэхийг нэг нам, нэг Засгийн газар, нэг Ерөнхий сайд дангаар өмчлөх, соёл, спорт, урлагийн толгойтой болгоныг талдаа татаж яриулах, асар их хүч хөрөнгөөр олон суваг эзэгнэн үзэл суртал цацах зэрэг гажуудал хавтгайрах боллоо. Монгол Улс бүхэлдээ пиарын шоу, худал хуурмагийн их тайз болж хувирлаа. Энэ бүхэн цаанаа асар их хор уршиг дагуулна. Олон нийтийн олон талт мэдээлэл хүлээн авах, шүүн тунгаах, эрүүл саруул дүгнэлт хийх чадвар унаж, унахын хэрээр мэдээллийн манипюляцид дархлаагүй болно. Мэдээлэл өмчлөгдөх тусам монголчуудын сэтгэлгээ дэлхийгээс алсарч, үндсэндээ хүн төрөлхтний үнэн бодит оюун санаанаас таслагдах болов. Тиймд үнэнийг өмчилсөн тархи угаалтаас давж бодит амьдрал, үнэн мөнийг өнгөт линзгүй нүдээр харж сонголт хийх үүрэг хариуцлага бидэнд ногдсон сонгууль болж байна.
Хэн мэдээллийн урсгалыг хамгийн их хянаж өмчилж байна, түүнийг эсрэг санал өг гэсэн үг.
Тавд, хүний хөгжлийн хувьд монголчууд бид хувь заяагаа хүнээр заалгадаг, нам төрөөр халамжлуулдаг байх уу, өөрөө удирддаг байх уу гэдгээ сонгох өдөр ирж байна. Оюун ухаант хүний хувьд монголчууд бид халамжийг биш хөдөлмөрийг, хуваарилсан баялгаас хүртэхээс илүүтэй өөрийн баялгаа бүтээх боломжийг, тархиа угаалгах биш сэтгэн бодох хувь заяаг сонгомоор байна.
Толгойтой бүхэн хохирогчийн дүрд тоглож, хохирсон болгоныг халамжлах тусгай сан ба хандивын буянтнууд олноор бий болж, сан болгон авлигад идэгдэж, идсэн авлигачдыг бурхан болтол сурталдсан мэдээлэлд угаагдаж суусаар байгаад монгол хүн хүн болж төрсөн утга учир болох өөрийн толгойгоор сэтгэн бодох, хувь заяагаа өөрийн гараар бүтээх эрх чөлөөгөө алджээ. Сонгууль бол алдсанаа нэхэх, мартсанаа санах боломж.
Дэлхийн их хүчнүүдийн ашиг сонирхол уулздаг гэдэг утгаараа Монгол дэлхийн улс мөн. Тэр утгаараа монголчууд бид ч төр улсаа сонгож бүрдүүлэхдээ дэлхийн цар хүрээтэй сэтгэж сонголт хийх үүрэгтэй. Бидэнд дэлхийн ашиг сонирхлыг сөрөх, няцаах бодит нөөц, боломж байхгүй ба цорын ганц үр ашигтай хамгаалалт бол дэлхийтэй цуг үлдэх, налж тоглох арга зам юм. Дэлхийтэй цуг үлдэнэ гэдгээр аль нэг улс гүрний ашиг сонирхолд нийцүүлэх бус хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг хүлээн зөвшөөрөх, оюун ухаан, үнэн бодит байдлыг эрхэмлэх, хүний нийтлэг үнэт зүйлийг сахин хамгаалах, дэлхийд ойлгомжтой нээлттэй, ардчилсан тогтолцоог хөгжүүлэх зэргийг хэлж байна. Өрнийн их багш Хегель “Хүн төрөлхтний түүх бол эрх чөлөөг ухамсарлах оюун санааны хөгжлөөс өөр юу ч биш” гэж хэлсэн байдаг. Монгол хүн таны энэ удаагийн сонголт хүн төрөлхтний, жам ёсны талд байх болтугай.
If you’re searching for site supervisor jobs near me, you’re likely looking for roles that involve overseeing construction or project sites. It’s worth considering the College of Contract Management to boost your qualifications, as they offer excellent online courses in site management and safety. Local positions can reduce your commuting time, which is always a bonus. https://www.theccm.co.uk/looking-for-a-new-job-in-2023/