Нийтлэл 01 сарын 03, 2025

Урвагчид залуужжээ

Монголд асуудал улаан цагаандаа гарчээ. Өчигдөр Монгол комментын Билгээ Богд уулаар дүүрэн баячууд байна гэж ярьж байснаа тиймээс энэ уулыг ухах хэрэгтэй гэх ухааны юм ярив. Цаад эзэд нь ямар гээчийн маанаг учир шалтгааны холбоос сэдэхээрээ ийм юм захиалж яриулдаг байна даа. Өнөө өглөө харин Монголд суугаа Хятад элчин өөрөө туннел гайхамшигт бүтээн байгуулалт болох талаар монгол хэлээр бичиж сурталдаж байх юм.

Энэ туннелийн асуудал Оюун-Эрдэнэ сүүлд Хятад явж, Чаина Энержид нүүрс зарах яриа хийснээс эхлээд гарсан. Төслийг зүтгүүлж байгаа Зам тээврийн сайд Дэлгэрсайхан хятадуудтай төмөрзамын бизнесээр холбоотой. Мянган жил дэлхийн бизнест толгой цохисон хятадуудтай манай нүүдэлчид бизнес хийнэ гэж юу байхав дээ. Нэг хэсэг Оджаргал хүртэл Хонконгийн хятадуудад хамаг хурааснаа алдахад хүрч, тэр үеэрээ Тавантолгойн ордыг өрөндөө тавьж туух шахсан. Баримттай шүү. Дэлгэрсайхан энэ удаа өрөндөө дархан цаазат Богд уулыг амлаад ирсэн байх магадлалтай.

Хятад талаас харахад бас ойлгомжтой. Хойд айлын маанаг нүүдэлчдээс нүүрс тогтмол үнээр урт хугацаанд авна. Худалдаж авсан мөнгөндөө эргээд төмөр, цемент шахна. Төмөр цементээр зогсохгүй өөрсдийнхөө иргэдэд ажил олгох санаатай бололтой. Сайнзориг нарын УИХ дахь Нямбаатарын гишүүд, мөн Энх-Амгалан гишүүд гадаадын ажиллах хүчний хууль бариад явж байна. Дотооддоо үл хөдлөх, барилга уналттай байгаа орнууд ингэж бусад оронд төсөл шахаж, компаниуддаа ажил олж өгдөг. Хятад тооцоо гэдэг энэ ээ. Монголчууд өөрөө тооцоогоо хийдэгсэн бол ууланд цемент болгон булахаар яригдаж байгаа энэ асар их мөнгө бүхэл бүтэн нэг индастриал бүс үүсгэж хөгжүүлэхэд хүрэлцэнэ. Тийм бүс үүсчихвэл нүүдэлчид аяндаа шилжиж, Улаанбаатарын утаа, түгжрэл ч асуудал биш болно.

Хамгийн гол нь манай монголчууд ийм бодлого явж байхад харанхуй дагаж алга ташиж суух нь хөөрхийлөлтэй. Оны өмнө УИХ-аар Чаина Энержитэй гэрээ байгуулах төсөл орлоо. Цэнгүүн, Лодойсамбуу нар нэг өдөр Лу.Гантөмөрийн захиалгаар "Хятадуудтай хийх бүтээн байгуулалт бол харийн дарангуйлал биш" гэж мэдэгдлээ. Ердөө маргааш нь "Оросуудтай хийх бүтээн байгуулалт бол харийн дарангуйлал" гэж машид ноцтой царай гарган ярих аж. Ийм орж гарсан илт зөрчилтэй пиар мэдэгдлүүд хэний ашиг сонирхолд үйлчилж байгаа нь дэндүү ойлгомжтой. Манай үхэр монголчууд харин тархиа эргэтэл угаалгаж, алгаа хорстол ташиж, ийм увайгүй хоосон толгойтой пропагандистыг хаа байсан олон хэлтэй жинхэнэ сэхээтэн Хашбатын Хулантай хүртэл зүйрлэж маанагтах ажээ.

Монголчууд бид энэ дэлхийд үнэхээр ганцаараа шахуу хөгжихгүй үлдлээ. Үүний гол шалтгаан ерөөсөө л Баттулга Элбэгдорж Энхсайхан Баяр гээд өмнөх үеийн удирдагчид Монголын биш гаднын эрх ашигт хуваагдаж үйлчилсэнтэй холбоотой. Одоо тэд зүгээр залуу дүрээр солигджээ. Монголчуудын хүний чанар танихгүй гэнэн тэнэг нь бол солигдсонгүй.

Миний бие нэгэн цагт цаазын ялын эсрэг кампэин хийж явлаа. Одоо энэ мэт улаан цагаандаа гарсан хуйвалдаан илт явагдахыг үзвэл ерөөсөө авлигачдад цааз л зохих юм байна гэж бодох болов. Хэрэвзээ авлигачдад эцсийн ял оноодог болох юм бол Чаина Энержигийн гэрээнд Богд уулын туннелыг ил далд болзол болгож багтаасан Дэлгэрсайхан, Оюунэрдэнэ, Лу.Гантөмөр нарын хүмүүс эх орны эрх ашгаас урвасан хэргээр цаазын ял сонсох өдөр ирэх байх шүү. Урвагчид!!!

 

arrow icon