Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай бүх намуудад хамтарч, нэгдэж, нийлж Засгийн Газраа байгуулах “хайрын захидлаа” илгээсэн. Хайрын захианыхаа хариуг ч санаснаараа авч чадсан. Хайрын захидал дотроос хамгийн их анхаарал татсан нь “засаглал хоорондын харилцан тэнцвэр, хяналтыг сайжруулж, парламентын засаглалыг бэхжүүлэх зорилгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах” талаарх санал юм.
Тэгвэл Үндсэн хуулийн ямар заалтууд өнөөгийн “Засаглалын хямрал”-ын үндэс болчхоод байгааг энд тайлбарлая.
Үндсэн хуулийн 25-р зүйл буюу УИХ өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэх асуудлууд дотор “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бүрэлдэхүүнийг томилох, өөрчлөх, огцруулах” гэсэн заалт хамгийн эхэнд хөндөж байна. Энэ заалтаас үүдэн Засгийн газар нь бүхэлдээ УИХ-ын барьцаанд орчихсон, энэ барьцаа жил ирэх тутам лавширч байна
гэж олон хүн ярьж, бичиж байгаа. Өөрөөр хэлбэл Гүйцэтгэх засаглалын тэргүүний танхимаа байгуулах үндсэн эрх мэдэл УИХ-ын онцгой бүрэн эрхэд харьяалагдчихаад байна.
Тодруулбал сайд бүрийг УИХ-аас томилдог тул УИХ-ын гишүүн бүрээс хараат байна. УИХ-ын гишүүний ямар нэгэн хүсэлтийг биелүүлэхгүй бол унжирсан улс төржилт эхэлдэг
, улмаар ажиллах нөхцөл нь бүдгэрдэг байх жишээтэй. Зарим жишээг дурдъя. О.Баасанхүү гишүүн Хууль Зүйн сайдыг огцруулах талаарх төслийг 2014 онд УИХ-д өргөн барьж бүтэн нэг чуулганы хугацаанд улс төржилт хийсний эцэст саналаа эргүүлэн татаж авсан. Дэндүү хариуцлагагүй жишээний нэг бол энэ. Энэ хугацаанд УИХ хэчнээн чухал хууль, бодлогын асуудал батлах байсан, хэр их алтан цаг үр ашиггүй зүйлд зарцуулагдсан тооцоо хараахан гараагүй байна. Мөн 2012 оноос хойш УИХ нийтдээ долоон удаа сайд, ЕС-ыг огцруулах асуудлыг УИХ-аар хэлэлцсэн байх юм.
Тэгвэл Парламентын засаглалтай зарим улс орнуудын жишээг авч үзвэл Их Британи улсын хувьд Ерөнхий сайд нь бусад сайдуудаа шууд томилдог. Герман, Австри улсуудын хувьд Ерөнхий сайд нь томилж, Ерөнхийлөгч нь баталгаажуулдаг ажээ. Итали улсын хувьд Ерөнхий сайд сайдуудаа томилж, түүнийг Ерөнхийлөгч баталгаажуулж, Парламент итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураадаг. Австрали улс мөн адил Ерөнхий сайд сайдуудаа томилж, Ерөнхийлөн захирагч баталгаажуулдаг юм байна.
Мөн Монгол Улсын засгийн газрын тухай хуулиар Засгийн газар нь асуудлыг хамтран хэлэлцэж, олонхийн санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж шийдвэрлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг дангаар хариуцах, үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлага хүлээх, нутаг дэвсгэрийн болон салбарын зарчмыг хослуулах үндсэн дээр ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, кабинетын зарчмаар ажиллах ёстой байтал манай улсад сүүлийн хэдэн Засгийн газарт зөвхөн уриа, лоозонгоос хэтрэхгүй болчхоод байна. Зарим салбарын сайд Ерөнхий сайдтайгаа санал нийлэхгүй асуудал дээрээ зөвшилцөж эцсийн шийдэлд хүрэхгүй удах, зарим тохиолдолд Засгийн газрынхаа шийдвэрийн эсрэг ганцаарчилсан тоглолт хийсэн жишээнүүдийг бид мэднэ. Энгийн утгаар авч үзвэл салбарын сайд Ерөнхий сайдынхаа өмнөөс “би УИХ-аас томилогддог сайд байна, би УИХ-д ажлаа тайлагнаж ажиллана” гэж хариулж болох тийм л эрх зүйн үндэс бүрдчихээд байна. Хэрэв Ерөнхий сайд аль нэгэн сайдаа огцруулах санал УИХ-д өргөн баривал эсрэгээрээ Засгийн газар тэр чигтээ унах асуудал болтлоо өндрөө авах нөхцөл байдал амархан бүрдэж мэдэхээр орчинд ажиллаж байна.
Засаглал хоорондын харилцан тэнцвэр, хяналтын хүрээнд Үндсэн хуулийн бас нэгэн заалтыг энд хөндье. “Дордуулсан 7” хэмээх тодотголтой өөрчлөлтүүдийн нэг буюу УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж болох заалт 2000 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөөр орж ирсэн. Энэ заалтын ачаар өнөөдөр хууль тогтоох, хянах эрх мэдэл бүхий УИХ-ын үндсэн үүрэг Гүйцэтгэх засаглалтай нэгэн дээвэр доор үндсэндээ бүрэн орсон. Зарим хүмүүсийн яриагаар
тийм л бүтэц, дүр төрх ажиглагддаг болжээ.УИХ-ын байнгын хорооны хурал ЗГ-ын хурал шиг харагдах, намын бүлгийн хурал мөн л ЗГ-ын хурал аятай
Дээр дурдсан хуулийн заалтуудтай үүдэн манай улсад ямар нөхцөл байдал үүсэв? 1990 оноос хойших 24 жилийн хугацаанд нийт 14 Засгийн газар солигдсон. Тодруулбал “Засаглалын хямрал” тасралтгүй үргэлжилсэн гэж хэлж болохоор
байна. УИХ нь сайд нарын томилгоогоор дамжуулан гүйцэтгэх эрх мэдлийг “барьцаалсан” гэж судлаачид болон зарим их хурлын гишүүдийн ярьж байгаа зүйл амьдралд ил болчихлоо. Парламентын зөрчил шууд Засгийн газрын зөрчил болон хувирч засаглалын тогтворгүй байдлыг үүсгэсээр
байна. Ерөнхий сайдын эрх мэдэл хязгаарлагдмал болж, Засгийн газар танхимын зарчмаар ажиллаж хөгжлийг удирдах боломж маш хомс болсон нь сүүлийн жилүүдэд улам ил болсоор байна.
Тэгвэл Парламентын засаглалтай зарим орны жишээнээс авч үзвэл, Англи улс 1990 оноос хойш 4 дэх Засгийн газартайгаа, Герман улс 1982 оноос хойш ердөө 3 дахь Засгийн газартайгаа өнөөдрийг хүртэл тогтвортой ажиллаж байна.
Харин Сингапур улсын хамгийн өндөр өсөлттэй буюу 1960-аас 1990 оны хооронд Ерөнхий сайд нь солигдоогүй
ажиллаж тус хугацаанд нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлтийг 2310$-оос 14220$ хүргэж чадсан байна. Мөн Япон улсын хувьд 1946-аас 1976 оны хооронд 12 удаа Засгийн газар солигдсон хэдий ч энэ хугацаанд нэг Ерөнхий сайд 20 жил Засгийн газраа тэргүүлсэн бөгөөд тус хугацаанд Япон улсын нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлтийг 1444$-оос 11669$ хүрчээ.
Тэгвэл манай улс энэ засаглалын хямралаас хэрхэн гарах бэ, сонгодог парламентын засаглалыг хэрхэн бэхжүүлэх үү гэдэг асуудал өнөөдрийн УИХ-ын өмнө шийдлээ хүлээсээр байна. Мэдээж засаглал хоорондын харилцан тэнцвэр, хариуцлагыг сайжруулах асуудал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шийдэгдэхээс өөр гарц алга. УИХ-ын эрхэм гишүүдийн ¾-ээр буюу 57 гишүүний саналаар дээрх өөрчлөлтүүдийг хийх хуулийн заалттай. Заавал Засгийн газарт орж хамтарч байж энэ асуудал нааштай шийдэгдэнэ гэж олон гишүүд ярьсан. Энэ яриа хэлцлийнхээ дагуу ЗГ-т УИХ-д суудалтай бүх намууд хамтарч баг болж ажиллаж байгаа. Гагцхүү УИХ-д суудалтай намууд, Шинэчлэлийн Засгийн газар, УИХ-ын гишүүд улс орны ирээдүйн хөгжлийн гол зангилаа асуудал дээр нам, хувийн эрх ашгаа хойш тавин чухал шийдвэрийг хэрхэн гаргахыг бид чих тавин хүлээх л үлдлээ
.
Сэтгэгдэл бичих