Нийтлэл 04 сарын 27, 2015

АРДЧИЛАЛД ГАРСАН КОНЦЕПЦИЙН АЛДААНУУД - ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРЭЭНД ( нийгэм зүйн судалбар 1-р хэсэг)

Дэлхийн аль ч улс гүрний туйлын зорилго бол яах ч аргагүй СОЁЛ ИРГЭНШИЛ мѳн. АРДЧИЛАЛ бол хүн тѳрѳлхтнийг соёл иргэншлийн дээд тѳвшинд хүргэх хамгийн дѳт, дэлхийн дийлэнхи орнуудын хувьд нийтлэг, түгээмэл замнал юм. Монгол улс ч гэсэн энэ л замаар соёл иргэншилд хандан урагшилж яваа. Монголчууд, энэ нийтлэг зорилго, соёл иргэншлийн тухай зайлшгүй их ярих ёстой, гэхдээ юун түрүүнд түүнд хүрэх арга замууд, ялангуяа монголд ирсэн ардчилалын гажуудлыг засах тухайд ярьцгаах нь илүү онох байх.  Монголын ардчилал дүр эсгэсэн гэсэн хочтой, гэхдээ ардчиллаас ухарсан гэсэн үг биш байх гэж ойлгож байна.  Эл нийтлэлээр, улс орны эдийн засаг, нийгмийн амьдралыг шүүмжилж, бүхэлд нь харлуулахыг зорьсонгүй. Монголын ардчилалд гарсан алдааг авчирсан эцэг ноёдод ѳѳрсдѳѳ гаргасан алдаагаа засаж, гажсан АРДЧИЛАЛыг голдиролд нь оруулж  чадах, гарц концепцийг олох чадавхи, хүсэл, эр зориг байгаа юмуу гэдэгт л хариу ѳгөхийг оролдсон минь энэ. Нийтлэлдээ нэг иймэрхүү жижигхэн хѳѳрхѳн тоорцгон малгай ѳмсгѳчихлѳѳ, одоо сэдэвтээ оръё!

 

Монголын ард түмэн ѳнѳѳдѳр олон зүйлийг ханатай ойлгодог болжээ, энэ ч бас ардчиллын л ач буян. 

 

Ялдамд, АРДЧИЛАЛ гэж хашхирсан болгон ардчилагч байдаг ч биш л юм байна гэдгийг харцгаалаа.  АРДЧИЛАЛ тугийн дор АВИЛГАЧИД тѳр самарч бас дѳнгѳдѳг юм байна гэдгийг ч ойлгоцгоолоо. АРДЧИЛАГЧ нэр зүүсэн ОЛИГААРХИУД бол ДАРАНГУЙЛАГЧ байдаг юм байна гэдгийг ч мэдэж авцгаалаа. АРДЧИЛАГЧ нар маань социалист ДАРАНГУЙЛАГЧ, ѳмнѳх үеийн АВИЛГАЧ  нарыхаа үе залгамжлагч байж, луйврын сэтгэлгээг нь ѳвлѳж аваад, бүр нэгэн хѳнжил дор орчихож чаддагийг  хоёр ч удаа нүдээрээ үзэцгээлээ. Тѳрд, нэг намын дарангуйлал олон намын дарангуйллаар солигдож, тѳрѳѳ зайдалсан намын гегемон тогтносныг бие сэтгэлээрээ мэдэрцгээлээ. Гол нь, улс нийтээрээ АРДЧИЛАЛын замаас хазайж замгүй газар руу халтирч орчихоод яахаа мэдэхгүй тэмтчиж, явах замгүй болоод мухардахын даваан дээр ирчихээд байгаагийн хамгийн хүнд ачааг нь ард түмэн үүрч байгаа нь л тун муухай. Монголын эдийн засаг ѳнѳѳдѳр бүрэн уначихаагүй байж мэднэ, гэхдээ нийгмийн ухамсар, ёс зүйн тѳвшин дээр доргүй унаж гамшгийн хэмжээнд очсон байна.  Монголд ирсэн, монгол маягийн  АРДЧИЛАЛын ѳнѳѳдрийн дүр тѳрх,сургамж гэвэл энэ байна.

 

Цагаан морин жилийн хавар, дэлхий дэлгэнэсэн сайхан цагаар, монгол оронд мэндэлсэн АРДЧИЛАЛ маань хийтэйгээ нийлээд энэ жил 26 насыг нэгэнт зооглоод авчээ. Тѳрѳлт, ѳсѳлтийн нэгэн үеийн давтамжаар баримжаалан жишихүйд энэ бол бага хугацааны түүх биш ээ!  Түүхийн улиран ѳнгѳрсѳн энэ агшинд, монгол зон олон маань хѳгжив үү, ухрав уу гээд асуугаатхвал тийм ч, үгүй ч гэж хариулах л байх.  Дээшээ доошоотой л байдаг эдийн засгийг энд яриад юүхэв, яригдсаар байгаад зурагдсан пянз шиг болчихсон юмыг юуг нь ч ярих вэ дээ. Элгээрээ мѳлхлѳѳ, хямарлаа, ѳрѳнд баригдлаа, тѳсѳв нь цоорлоо, ядуурлаа, нурлаа, дампуурлаа...ийм юм сонссоор байгаад олон түмэн үнэндээ бол чихээ таглахаар болсон байна шүү дээ. Зохион байгуулалттай айлгалт явагдаад байгаа ч юм шиг. Би гэхдээ энд ѳѳр сэдэв хѳндѳх гэсэн юм.

 

Ѳнгѳрсѳн 25 жилд монгол улс одоогоос хавьгүй илүү хѳгжих боломжийг алдсан, монгол хүний ухамсар ёс зүй гэж юм байхгүй болсоон гэж толгойтой болгон эргэцүүлж, амтай болгон хэлээд байгаа, үүний чухмын УЧИР ШАЛТГААН нь хаанаа байна гэдэг дээр л үгээ нэмэрлью. Ѳнгѳрсѳн түүхээ ухаж тѳнхѳхдѳѳ биш тэндээс сургамж аваад урагшлахад л гол нь байгаа гэж бодно. 

Уруудлын шалтгаан ердѳѳ ганцхан, алсаас эрэх хэрэггүй, бүр цорын ганц хариулттай, тэр нь  СУБЬЕКТИВ ХҮЧИН ЗҮЙЛ. Хүнээсээ болсон гэсэн үг, мэдээж тѳр барьж байгаа хүмүүсээс. Санаатай ч байг, санамсаргүй ч байг, ямартай ч ТЭД, ард түмний зүгээс уучлах аргагүй, уучилж болохгүй хэд хэдэн том АЛДАА гаргасан, тэр алдаанууд нь улс орныг унагаж, урагш явж чадахгүйгээр улдуулсаан. ТЭД гэдэг нь доор тѳрд шургалсан, тѳрѳѳс, тѳрѳѳр баяжиж нийт баялгийн дийлэнхийг гартаа оруулж чадсан, ард түмний нуруун дээр суусан хэдхэн тооны ОЛИГААРХИУД, тэдний сүлжээнд багтсан гар хѳлүүдийг зааж буй.  Үүний хажуугаар, шударга улс тѳрчид, улс орноо бодож зүтгэж явдаг улс тѳрийн зүтгэлтнүүд, түшмэдүүд, залуучууд тѳрд байгаа гэдгийг бол үгүйсгээгүй. Тѳсвѳѳс мѳнгѳ зувчуулаагүй, шударгаар хѳдѳлмѳрлѳж баяжин, бойжиж байгаа үндэсний хѳрѳнгѳтѳн байваас бас эсэргүүцэх аргагүй, гэхдээ яг ѳнѳѳдѳр тийм хѳрѳнгѳтѳн бий юу гэдэг нь удах тусам улам бүр л эргэлзээтэй болсоор байна, бүх юм улаан нүдэн дээр ил тод болж байна шүү дээ.

 

АРДЧИЛАЛД ГАРСАН КОНЦЕПЦИЙН АЛДААНУУД - Эдийн засгийн хүрээнд

 

  1. Зах зээлийн эдийн засагт шилжинэ гэсэн aгуу том зорилт тавьсан ч механизмыг нь зоригтой тогтоож чадаагүй. Энэ ѳнгѳрсѳн хугацаанд, тѳр ээлжлэн барилцаж ирсэн эрхмүүдээс хамааралтай хамгийн том алдаа, бүр сургамж гэж хэлж болхоор юм гэвэл энэ байна. Социалист хэвшлийн эдийн засгийн удирдлагын механизм нь нэгдсэн тѳлѳвлѳгѳѳ байлаа. УААА-г хѳгжүүлэх 5 жилийн тѳлѳвлѳгѳѳ гээд Улсын их хурлаар баталдаг, түүнд бүх мѳнгѳн капитал нь тохирч явдаг, түүнийг эрхлэн удирддаг УТ Комисс гэх нэртэй агуу том машин үйлчилдэг байв. Ардчилсан хувьсгалаар бүгдийг татан буулгаад ард олноороо чѳлѳѳт зах зээл гэгч рүү цүл, палхийтэл үсрээд орцгоосон. Нийгмээрээ жолоодлоггүй болж дураар дургих ѳвчин тусч улмаар эдийн засаг гэх амьд организмыг эрхтэн бүрээр нь,  эд эсээр нь ѳвчлүүлж эхэлсэн. Хуучнаа үгүйсгэчихсэн, дээрээс нь чѳлѳѳт зах зээлийн ѳѳрийх нь механизмыг тогтоохоос айж, мэдлэггүйтэж, туршлаггүйтэж, хажуугаар нь бас сонирхолд автаж хугацаа алдан ѳвчнийг ужигруулсан. Шилжилтийн гэх цолтой цаг хугацаа ѳнѳѳдрийг хүртэл үргэлжилсээр байна.

Польш зэрэг манайтай ойролцоо хувь заяатай зарим орнууд чѳлѳѳт үнийн механизмийг шууд тогтоосны үрээр, эхэндээ барьц алдаж лангуун дээрээ загасан консервноос ѳѳр бараагүй болж, ард олноороо ядуурч, дампуурлын ирмэгт очиж байсан түүхтэй. Гэхдээ л, тѳрийн менежментийн зѳв бодлогын ачаар чѳлѳѳт үнийн механизм үйлчилдгээрээ үйлчилж, тѳлѳвшдгѳѳрѳѳ тѳлѳвшиж  нийт дүнгээрээ цаг хожин улс нь ѳнѳѳдѳр амжилттай, асар хурдтай хѳгжиж байна. Хѳгжилтэй улс орнуудаас ХО-ыг дуудаж, үр шимийг нь хүртэж, 9 жилийн дотор гаднын ХО-аар 60 млрд евроны 81 мянган тѳсѳл амжилттай хэрэгжүүлжээ. Нутаг захиргааны социалист дарангуйллын хуваарийг түргэн ѳѳрчилж, зах зээлийн чѳлѳѳт механизмд яв цав тохируулан 49 нэгжээ цомхтгож, 13 муж болгон цѳѳлж орон нутгийг даргын дѳнгѳнѳѳс зоригтой салгаж чадсан. Том том мафиудыг задалж, Ревин толгойтой мѳнгѳ угаагчдын, Мѳрийтэй тоглоомын, Даатгалын, Банкны, Цагаан захтны, албан тушаалын...олон тооны олигархижсан гэмт хэргийн сүлжээг илрүүлж тас цохисон. Мѳнгѳний реформыг гайхамшигтай хурдтай хийж нүүрлэсэн аюулыг сѳрѳх дархлааг түргэн босгож амжсан, ер нь полякууд, шилжилтийн ѳвчлѳлѳѳс  аврагдах цорын ганц найдвартай арга, сайн эм бол ХУРД гэдгийг бүх нийтээрээ ойлгож байсан юм шиг байна.  

Дэлхийд эдийн засгийн хямрал газар авсан тэр он жилүүдэд ч ДНБ-ий үйлдвэрлэл нь ѳсѳлттэй, Европт ганцаараа эерүү балаанстай гарч, НОГООН АРАЛ хэмээх эрхэм цолыг европчуудаас хүртэн түүхэнд нэрээ мѳнхѳлжээ. Эдийн засгийг, даргаар биш ѳѳрийх нь ѳвѳрмѳц механизмаар дамжуулан  гайхамшигтай уран, урлагтай удирдаж, шилжилтийн хүнд бэрхшээлүүдийг хохиролгүй даван туулж чадсан Засгийн газрын лидер ( Туск) нь ѳнѳѳдѳр бүхэл бүтэн Европын Холбоог амжилттай удирдаад л явж байна. Манайтай нэгэн зурхайнаас гараалсан улс гэхэд атаархмаар байгаа биз!

 

Манайх тэгэхэд, одоог хүртэл зарим суурь үнээ ч чѳлѳѳлѳѳгүй, зах зээлийн эдийн засаг ѳѳрийн онцлогтой механизмаасаа холдсоор байна. Социалист нутаг захиргааны хуваариа ѳѳрчлѳхѳѳс бол бүр зүрхээ хагартал айцгаадаг болтой юм. Энэ бол ФАКТ. Мэдээж механизмгүй эдийн засаг жолоодлогогүй байх нь ойлгомжтой. Аливаа тѳр, эдийн засгийг механизмаар нь дамжуулж удирддаг, гэтэл монгол тѳр механизмыг нь үгүйсгэчихээд, эдийн засгийн ѳѳрийн хѳгжлийн динамикийг даргаар нь дамжуулан удирдах гэж 25 жил оролдоод бүтсэнгүй, эдийн засгаа бүхэлд нь унагаж орхив. Монголд эдийн засгийн АРДЧИЛАЛ ирээгүй, ардчилсан зах зээлийн эдийн засаг байхгүй, монголд эдийн засгийн либералчлал цогцоор явагдсангүй. Монголын эдийн засаг дан ганц босоо тэнхлэгийн удирдлагатай, хэвтээ тэнхлэгийн удирдлага хэрэгжээгүй, энэ талын ямар нэг ойлголт ч байхгүй явж иржээ. Ѳнѳѳдрийн монгол, тѳвлѳрсѳн тѳлѳвлѳгѳѳт механизмыг үгүйсгээд, оронд нь зах зээлийн чѳлѳѳт үнийн механизмыг тогтоож чадаагүй жолоодлогогүй эдийн засагтай л улс орон болж хувирав. Эдийн засгийн академик мэдлэгт ач холбогдол ѳгѳѳгүй ѳнѳѳдрийг хүрсний горыг их л ѳндѳр үнэ тѳлѳн амсаж байна даа.  

 

Энэ алдааг, ѳнѳѳгийн тѳр түшиж яваа эрхмүүд засаж залруулж чадах уу гэвэл ЧАДАХГҮЙ гэсэн нэгэн утгат хариу ирдэг юм. Аргумент гэвэл, олигаархжсан тѳр, ѳѳрсѳддѳѳ ашигтай үйлчлээд байгаа даргын механизмыг зоригтой ѳѳрчилж чадахгүй, ѳѳрчлѳхийг хүсэхгүй. УИХ нь дарга томилдог зуршлаасаа салж чадахгүй, бие биесээ ээлжлэн дэвшүүлдэг амтшилаасаа салахгүй, ашиг сонирхолоо тийм амархан орхихгүй. Ингэсгээд, зах зээл язгуур механизмаасаа холдсоор байгаад цаашид улс орны эдийн засаг бүхэлдээ олигаархийн дарангуйллын механизм дор бүрэн шилжиж, үндэсний аюулгүй байдал алдуурах зовлон ч алхаад ороод ирж болох үүд нээгдэхэд тулчихаад  байна.. Хэмжээгүй эрхт ОЛИГААРХ цѳѳнхитэй, амиа аргацаасан ядуус буюу эдийн засгийн БООЛЧУУД олонхитой, нийгмийн хэт ялгаралд ѳртсѳн, туйлдаа хүртэл хоцрогдсон тийм нэг болхи нийгэм бүрэлдэн тогтох бодит байдал нэгэнт бий болжээ. Одоогоороо үндэс суурь нь аль хэдийн тавигдчихсан байна.

 

  1. Нэмүү ѳртгийн нѳхѳн үйлдвэрлэлийг хийж чадаагүй. Таваарын энгийн нѳхѳн үйлдвэрлэлээс нэмүү ѳртгийн нѳхѳн үйлдвэрлэл рүү шилжин орход 4 үе шатыг дамждаг. 1. Капиталийн анхны түгээмэл хуримтлал 2. Нэмүү ѳртгийн үйлдвэрлэл. 3. Капиталийн дахин хуримтлал. 4. Нэмүү ѳртгийн нѳхѳн үйлдвэрлэл. Энэ бол хэн нэгний онол биш, зүгээр л хүний санаа зоргоос үл хамааран үйлчилж байдаг эдийн засгийн хѳгжлийн бодит хуулийн шаардлага юм. Энэ шаардлагыг дагаж мѳрдѳѳгүй, хэрэгжүүлж чадаагүй алдсан. Энэ бол хүний алдаа, байгалийн гамшиг биш.

Газар доорхио ухаж тѳнхѳж, гаднаас зээл босгож бариад эхний 2-ыг бол ямар нэг хэмжээгээр хийсээн, энд бол харин эерүү алхам, сайн үзүүлэлт байгаа, бүгдийг нь хараар будах боломжгүй юм. Гэтэл босгосон мѳнгѳн капиталаа дан олборлолт руу шидэж, борлуулалтын ашиг олоход зориулан цацаад,  үйлдвэрлэлийн ѳргѳтгѳлд буюу капиталын дахин хуримтлалд түлхэн  оруулж чадалгүй зүгээр л хэргэлчихсэн. Ойлголтын зѳрүүг саармагжуулах үүднээс капиталын дахин хуримтлал бол хадгаламж биш мѳнгѳн капиталын ѳѳрийгѳѳ арвижуулах функц гэдгийг онцлоё! Нѳхѳн үйлдвэрлэл амжилттай явуулахын тулд мѳнгѳн капиталын 75% орчмыг дахин хуримтлалд, 25% орчмыг хэргэлээнд зарцуулах хуваарилалтын суурь онол бий. Манай мундагчууд яг урвуугаар явсаан. Харин ч нэг бийлэгжүү загнасан даа. Капиталын анхны хуримтлал ганцхан удаа л болдог, тэр боломжийг алдчихвал нэмүү ѳртгийн үйлдвэрлэл явагдахгүй гэсэн эдийн засгийн бодит хуулийн шаардлагыг мэдэх, мэдрэх ч сѳхѳѳгүй баярхцгаасан шүү дээ. Ирэх ирэхгүй нь тодорхойгүй ирээдүйн ашгаа хүртэл урьдчилж аваад хэргэлчихсэн, тийм мулгуу юм гэж байхуу даа та минь. Бэлэн мѳнгѳ хамаагүй тарааж болохгүй ээ гэдгийг, энэ зовлонг туулаад ѳнгѳрсѳн улс орнуудын гашуун туршлага хэлээд л байсан, тэрийг ч ойшоосонгүй, дэлхийн хамгийн мэргэн хүмүүсийн рольд тоглоцгоосон. Үр дүн нь яаж гарав! Гэнэт цадах гэдсэнд халтай, гэнэт баяжих аминд цѳвтэйн үлгэр болоод л дууссан. 

Капитал дахин хуримтлагдаагүй болохоор мэдээж, нэмүү ѳртгийн нѳхѳн үйлдвэрлэл явуулах боломж, нѳхцѳл тасалдаж, хѳрѳнгийн эх үүсвэргүй болж үлдэцгээсэн. Гаднаас нь ѳнгѳцхѳн харахад Кейнсээр ( тѳрийн зохицуулалттай эдийн засаг) яваад байгаа юм шиг мѳртѳѳ, агуулгаар нь шинжээд үзэхээр тѳр нэрийн дор олигаархиуд дотор нь ороод хутгалдчихсан, олигаархийн мэдэлд оччихсон, хэргэлээ давамгайлсан эдийн засаг болон хувирсан. Баакны бензин үүрдийн юм шиг санан зардал гарган давхицгаасны гор нэг л ѳдѳр гарч эдийн засгийн нүсэр механизм шатахуунаар тасалдан суусаан.

Гадны ХО-д ч гэсэндээ, туршлагагүй дээр нь хүйтэн сэтгэлээр, эх адаггүй популизмдаж хандсан голдуу шалтгаанаар, учиргүй эмзэг энэ эх үүсвэр мэдээж салхинд хийссэн хамхуул шиг л арилж ѳгнѳ биз дээ. Энэ бол дэндүү гэхэд арай л дэндүү гэнэн алдаа болсоон. Эхнийхээ мега тѳслийг л чамбай, бүр маш сайн хийх ёстой байсан, тэгсэн бол шуугиан ч гарахгүй, популизмдах ч шаардлаггүй, гадныхан ч ум хумгүй зугтаачихгүй л байсан байх.

 

Энэ гэнэн алдаагаа одоогийн тѳр засаг залруулж чадах уу гэвэл бас л ЧАДАХГҮЙ гэсэн нэгэн утгат хариу гардаг. Аргумент нь юу вэ гэж үү? Тѳрийн олигаархиудын сэтгэлгээ бол ѳѳртѳѳ улам ихийг олж авахад шүглэсэн ШУНАЛЫН ДОН байдаг. Макро эдийн засагт эерүү нѳлѳѳ үзүүлхүйц том хѳрѳнгѳ оруулалт хийхийг олигаархиуд сонирхдоггүй, тэдний ясны сонирхол хувьд чиглэгдсэн байдаг. Мега тѳслүүд дээр булуу харсан ноход шиг зан гаргаж, нэгдмэл шийдвэрт хүрч чадахгүй булаалдан, учир нь олдохооргүй хойшлуулан нийгмийн амьд цагийг их хэмжээгээр үргүй алдаж байна. Аргумент эрэхийн оронд Тавантолгойн тѳслийн явцыг л судалчихад хангалттай. Үндэстнээ боддог баялаг үйлдвэрлэгчдийг ҮНДЭСНИЙ ХӨРӨНГӨТӨН, хувийн сонирхлоо  тѳрѳѳр гүйцэлдүүлдэг баячуудыг ОЛИГААРХ гэнэ, ялгаатай зүйл. 

 

ОЛИГААРХ хүн, уул уурхайн тѳсѳл ч юмуу, ашигтай тендер гартаа оруулж авахын тѳлѳѳ улс орны эрх ашгийг золиослоход ч бэлэн байдаг, энэ бол тэдний язгуур чанар, аль ч орны амьдралд тийм л байдаг. Тѳрийн албан тушаалд хүрээд авсан олигаарх, албан тушаалаа ашиглан мѳнгѳ угаах, хахууль авах ажиллагааг далд, маш уран аргаар шуурхай хийдэг, ард нь мѳнѳѳх л улс орны эрх ашиг хохирч байдаг. Олигаарх, олигаархитайгаа ѳрсѳлдѳж шуналын донгоо ноцоож, гал руу бензин цацах шиг ѳрдѳж байдаг. Тэдэнд улс орон, ард түмний нийтлэг  эрх ашгийг хувийхаас дээгүүр тавих эр зориг байхгүй, сэтгэл ч байхгүй, тийм рационал бодол нь аль хэдийн арилсан байдаг, тийм учраас л ОЛИГААРХ гэгдэж байгаа юм. Олигаархиудын ашиг сонирхлын дайн  гэхэд эндээс л эхэлдэг, Украины жишээнээс бэлээхэн харж болно. Донбасс, Кузбассыг эзэгнэх гэсэн дэлхийн зартай олигаархиудын ѳрсѳлдѳѳн, эхлээд олигаархиудын сѳргѳлдѳѳн болж, улмаар иргэний дайнд хүргэж, Орос Америк тэрий нь улс тѳрийн зорилгод ашиглан дэлхийн дайн гарах хэмжээний ноцтой байдалд хүргэчихээд байгааг бид харж л байна. Олигаархиудаа анхнаас нь нам дарж чадаагүй, тѳрѳѳс зайлуулж дийлээгүй, тѳрийн ѳндѳрлѳгүүд нь олигаархиудтайгаа ноололдон нэг хѳнжил дор орсны хожмын гай ийм аймаар юманд хүргэдэг ажээ. Орос орны жишгээр Березовскийг амий нь золиож, Ходоровскийг мүгдэнд хатааж, Сахалины губернаторыг баривчилан 5 млрд доллараар хэмжигдэх хѳрѳнгий нь хуу хамсан шиг тэмцэл явуулсан бол ийм юм болохгүй л байсан биз. Олигаархийг олигаархиар нь намнуулах харгис ч гэсэн үр дүнтэй аргыг сонгож хэрэгжүүлсэн нь Путины удирдлагын бас нэг тѳрлийн урлаг гэлтэй юмдаа.

 

Монголын олигаархиуд ѳнѳѳдѳр, улс тѳрийн хандалтаасаа үл хамааран нэг орон дээр, нэгэн хѳнжил дор хэвтэцгээж л байна, маргааш ашиг сонирхлын зѳрчлѳѳсѳѳ болон зодолдож, буудалцаж хэвтэж байгаа ороо, амьдран суугаа гэр орноо түйвээгээд хаячихгүй гэх баталгаа байхгүй, монголын ард түмэн энийг гадарлахтайгаа болсоон. Зүүн европын зүрхэн тольтод байрладаг тодорхой тѳвшингийн соёл иргэншилтэй нэгэн улс, олигаархиудаасаа болоод ингээд сүйрчихнэ гэж саяхан болтол хэний ч ой тойнд орж байгаагүйтэй л адил юм. Тэнд улс тѳрийн дайн зогссон ч гэсэн ѳнѳѳдѳр олигаархиудын хувийн армиуд байлдсаар л байгааг харцгааж л байна шүү дээ. Иргэний дайн түр зогссон ч гэсэн Ахмедов, Прощенко, Пентусс, Коломойский...хоорондоо байлдсаар л байгаа биз дээ. Олигаархийн хувийн сонирхол, шуналын дон бол дэлхийн улс тѳрѳѳс ч хүчтэй, бас аюултай байдаг ажээ. Энэ бол СУРГАМЖ.

 

  1. Эдийн засгийн хѳгжлийн координаци алдагдаж уул уурхайгаас хараат эдийн засаг бүхэлдээ уначихсан. Том алдаануудын нэг бол чухам энэ. Газар доорхио ухаж борлуулан хѳгжинѳ гэдэг бодлогыг тѳрийн бодлого болгон түгээмлээр тунхаглаж монголоороо уурхайчид болцгоосон. Тѳрийн тэрхүү бодлого гэгч нь тѳрд шургалсан олигаархиудын ѳѳрсѳддѳѳ зориулан хийсэн бодлого байсан нь ѳнѳѳдѳр хэнд ч ойлгомжтой болжээ. Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хѳлѳѳ олж ядаж байсан мянга, мянган жижиг дунд үйлдвэрүүд тѳрийн анхаарлын гадна үлдэж, учиргүй оволзсон уул уурхайд ширвэгдэн хаалгаа барьцгаасан. Хѳгжлийн энхэл донхолд тѳрѳѳс дэмжлэггүй дундчууд барьц алдаж, эргэж босч чадахгүйгээр унан, дийлэнхи нь ядуусын армид шилжин үлдсэн нь далд орлогочид болцгоосон. Ар гэрээ тэжээхийн тулд аль нэг чухал нѳлѳѳтэй намын гарт, эрхэнд аргагүйдэн орцгоосон. Жижиг наймаачид, тохиолдлын орлого хѳѳгчид, ченж, жижиг мѳнгѳ хүүлэгчид, лам хувраг, бѳѳ, мэргэ тѳлѳгчид, тохиролцооны үйлчилгээ эрхлэгчид, янхан, нинжа..татваргүй орлого эрхлэгчидийн бүхэл бүтэн арми бий болсон. Салбаруудын тэнцвэртэй хѳгжлийн координаци алдагдсан яг энэ үед гай газар дороос, гахай модон дотроос гэгчийн үлгэрээр гадаадад түүхий эдийн үнэ унаж улсаараа алийгаа алдацгаасан, ийм л юм болсон. Солонгорсон эдийн засгийн бодлогыг анхнаас нь баримталж, барьцгүй юм руу баасны ялаа шиг багшраагүйсэн бол ингэхгүй л байсан байх. Ингэх байж, тэгэх байж гэсэн оройтсон бороо, хожимдсон гэмшил  ѳнѳѳдѳр дэндүү их болж дээ, унгачихсан хойноо хавчаад, нүүрээ таглаад ч яах юм билээ дээ л болж байна.

 

Энэ алдааг ѳнѳѳгийн тѳр засаг засч залруулж чадах уу гэвэл ҮГҮЙ гэсэн ганцхан утгат хариу орж ирдэг.  Яагаад гэвэл олигархиудын хѳлжсѳн эдийн засгийн эх үүсвэр, тулгуур суурь, эх сурвалж нь уул уурхайн салбарт байдаг, хэнд ч ойлгомжтой. Цаашдаа ч ийм янзаар байх л тѳлѳвтэй, тэхээр тэд хѳл гараа тасдаж хаяна гэдэг бол галзуу хүний толгойд л орох бодол байх. Олигаархиуд, нүдний нь ѳмнѳ тодроод, бэлхнээр харагдаад байгаа алт мѳнгѳнѳѳс татгалзана гэвэл ёстой үлгэрт ч тийм юм байхгүй. СТРАТЕГИЙН ОРД гэдэг нь ОЛИГАРХИУДЫН ОРД гэдэгтэй утга дүйнэ, учир нь тэндээс унасан ашиг нь ард түмэнд очих биш, тѳрийн олигаархийн хармааг зузаалж байдаг, бусад нь бүгд худлаа, тархи угаалт, давхар стандарт, далд санааны хэрэгжилт. Олигаархиуд, томхон орд газруудыг барьцаанд тавьж гэрээний урьдчилгаа аван зувчуулдаг байсан, одоо ч тийм байгаа нь нэгэнт ил болжээ. Оюутолгойн ордыг жишээлхэд л гадны Хѳрѳнгѳ оруулагчдад найр тавин ѳхдѳѳ тэдний гарт орж, баялагаа ухуулснаас ашиг олох биш асар их хэмжээний мѳнгѳ нэмж тѳлѳх байдалд оруулчихсны хариуцлагыг гадаадад оффшоор хийсэн олигаархиуд ѳѳрсѳдтэйгѳѳ тооцох уу? Тийм инээдтэй юм хаана ч, хэзээ ч байхгүй.

 

  1. Хѳгжлийн модельгүй, хэтийн тѳлѳвгүй эдийн засаг, хямралын ѳмнѳ сѳхѳрсѳн.  Ямар моделиор хаашаа яваа нь тодорхойгүй эдийн засаг, хямрал бэрхшээлийн ѳмнѳ  ѳѳрийн тэмцлийн ямарч сѳрѳх чадавхи, дархлаа байхгүй, зѳѳлѳн хоол болон ѳртлѳѳ. Энэ бол гарцаагүй субьктив алдаа, хямралд бурууг ѳгѳѳд байх үндэслэлгүй. Хэрвээ хѳгжлийн хэтийн тѳлѳвтэй, болзошгүй бэрхшээлийг саармагжуулах тогтсон механизмтай байсан бол хямралын үргэлжлэх хугацаа нь хүртэл хавьгүй богино, хүч нь суларч ирэх байлаа. Ниргэчихсэн хойноо одоо дуу тавьцгаан хашгиралдаад ч яах юм билээ дээ. Тѳрийн түшээдийн цэвэр буруу, ѳнѳѳдѳр ч тэд хэтийн тѳлѳв тогтоохоос зугтаацгаагаа л байгаа биз дээ! Ямар ч нам нь засагт гарсан ялгаагүй адилхан дагаж мѳрдѳх хэтийн зураглал гаргаад хуульчлан баталчихаж чадахгүй л байгаа биз дээ!

 

Энийг ѳнѳѳдрийн тѳр түшиж байгаа ноёдууд, олигаарх голдуу эрхмүүд засч чадна гэж бодож байна уу! Мэдээж ҮГҮЙ. Яагаад гээч! Алс хэтийн хѳгжлийн модельгүй явах нь ард түмэнд биш олигаархиудад ашигтай. Олигаархиудын үндсэн орлого нь тѳсвѳѳс зувчуулсан, далд эх үүсвэрүүд байдаг. Тэрийг ил гаргаж тѳсѳвлѳж, бүр урт хугацаагаар тѳлѳвлѳхийг олигаарх   хүн л лавтайяа хүсэхгүй, хийхгүй, тийм олигаарх гэж байхгүй. Далд орлогоо хаагаад улсын эдийн засгийн хѳгжлийн тѳлѳвийг загварчилна гээд сууж байдаг олигаарх байх уу даа таминь, тэгвэл олигаарх биш болчихно биз дээ. Олигаархиуд ѳѳрсдийхѳѳ орлогыг хаасан модель хийнэ гэж байх уу! Энэ бол зүгээр л энгийн логик гаргалгаагаар ҮГҮЙ гэж нотлогдох зүйл. 

Энэ хаврын чуулганаар гэнэт сэрсэн юм шиг баахан л АЛСЫН ХАРАА ярих болтой, гэхдээ энэ бол ажил биш, оройтсон яриа, бичиг цаас, давхар стандарт. Иймэрхүү ТУНХАГаар ард түмэн яах юм бэ, хэтийн тѳлѳв хийнэ гээд тунхагийн чанартай ДЭД ҮНДСЭН ХУУЛЬ л ярьцгаагаад байна. Тэрийгээ УРТ ХУГАЦААНЫ ХѲГЖЛИЙН БОДЛОГО гэж нэрлэх болтой, бодлогоор монгол улс дутаагүй. Бодлогын баримт бичиг бол шийдвэр. Шийдэл биш шийдвэр, шийдвэр л гаргаад байдаг, шийддэг юм байхгүй. ШИЙДЛИЙН биш ШИЙДВЭРИЙН Засгийн газар гэвэл ононо.

Зүй нь одоо байгаа түвшингүүдээ нэгтгэж гаргаад тэдэн жилийн дараа тийм түвшинд очино гэдгийг үндэслэлтэйгээр зураглаад, үзүүлэлт бүр дээр нь санхүүгийн эх үүсвэр тѳсѳвлѳѳд цаггүй ажиллах ёстой юм биш үү! Тухайлвал, иргэдийн тавлаг орчингоор 120-т жагсдаг гэж байгаа, хэзээ 100-гийн дотор орж ирэхийг тѳлѳвлѳхийг  зураглалаар харуулсан модель хийх шаардлагатай г.м. Нэг хүнд ноогдох ДНБ, үндэсний орлого, үйлдвэрлэл, хүний хѳгжлийн гол гол үзүүлэлтүүдээр хѳгжлийн модель гаргах ёстой, шинээр сонгогдсон Засгийн газар бүр үзүүлэлтүүдийг сайжруулах хариуцлага үүрэх ёстой, ингэхгүйгээр бодлого амилахгүй. Бодлого гэж нэртэй тунхаг хийж сонгуулийн ухуулга хийх хэрэггүй юм. Хѳгжлийн бүх үзүүлэлтүүдийг жагсаавал 1000 орчим хувьсагч гарна, энийг тийм амархан бүтээчих юмуу! Одоогийн улс тѳрчдийн хувьд л лав зангууны үлгэр.

Улс орныхоо хѳгжлийн хэтийн тѳлѳвт хандив болгоод, гадаадад данс нээгээд орхичихсон оффшоорын мѳнгѳнѳѳсѳѳ олигаарх тус бүр сая долл. авчраад улсын банкинд тушаачих, тийм эр зориг, эх оронч үзэл тэдэнд байгаа юу гэвэл юу л бол гэсэн хариулт гарна. Улсын хѳгжлийн моделийг монголчууд ѳѳрсдѳѳ санхүүжүүлье, олигаархиудыхаа оффшоорт байгаа хѳрѳнгѳнѳѳс нь удаан хугацааны зээл авъя, эх үүсвэрийг нь нууцлаад хариуцлага тооцохоо больё, зүгээр л Засгийн газар олигаарх бүрээс 1 сая долл зээлье гэвэл хѳдлѳх монгол олигаарх байгаа юу? Мэдээж үгүй л гэх байх, гэхдээ Засгийн газрын зүгээс оролдоод үзэхэд гэмгүй.

 

  1. Монголд суурь тулгуургүй тѳсѳв дэнжигнэж байна. Монголын тѳр энэ асуудалд суурь мэдлэггүйтэй холбоотой концепцийн алдаа гаргасан. Эдийн засаг ѳсѳѳд байвал тѳсѳв ѳсѳѳд байдаг гэсэн бүдүүн хадуун, механик ойлголттой улс тѳрчид, улс орны нүүр царай болсон энэ асуудалд дэндүү сэтгэл муутай хандсан даа. Улсын тѳсвийн гол тулгуур нь эдийн засгийн ѳсѳлт биш, ТАТВАР байдаг гэдгийг ѳнѳѳдрийг хүртэл ойлгоогүй л яваа шүү дээ. Монгол улс татвар тѳлѳлтѳѳр дэлхийд 154-т жагсдаг юм гэсэн, татвараа хурааж чаддаггүй улс гэсэн үг. Хүн амын дийлэнхи хэсэг тохиолдлын орлоготой, малчид гэдгээр нийгмийн бүрэлдхүүн зарим хэсгийх нь татвар тѳлѳх эрх нь хасагдчихсан, татвар тѳлж байгаа хэсэг нь орлогоо бүрхэгдүүлдэг, татварын сайн тогтолцоо байхгүй, зѳѳлѳн чихтэй хэдээс нь хэдэн тѳгрѳг албан тулгалтаар чангаадаг, сайн дураар татвараа тѳлѳх ухамсар суугаагүй гэхчилэн байдал үнэндээ иймэрхүү л байна. Татваргүй бол тѳсѳвгүй, тѳсѳвгүй бол ард түмний амьдралын тавлаг орчин байхгүй. Нийгмийн амин чухал энэ асуудлыг шийдэлгүй 25 жил мунгиналаа. Татварт хандах рационал бодлого нь угтаа татварын эх үүсвэрийг эхлээд бүрдүүлэхэд, орлогыг ѳсгѳхѳд хандсан механизмыг олж тогтооход байгаа юм. Тэр механизм нь нѳгѳѳ л суурь үнээ чѳлѳѳлѳх. Суурь үнийг чѳлѳѳлчихвѳл үнийн монопольтогтоно гэж айх явдал уг нь байхгүй л дээ, эргүүлээд татвараар, зах зээлийн суурь нѳхцлүүдээр үнээ барьчих ѳч тѳчнѳѳн арга бий шүү дээ. Татварын сайн тогтолцоог тѳлѳвшүүлсэн улс орнуудын туршлага энийг хэлээд л байгаа, үнээ эхлээд чѳлѳѳл, тодорхой дээд доод хязгаар  (frequency) тогтоо гээд. 

Одоо яригдаад байгаа татварын реформын үзэл баримтлалыг сонирхож үзсээн, татвар тѳлѳх эх үүсвэрээ нэмэгдүүлэх аргыг бодолцоогүй, гадаадын тогтолцооны хуулбар л байна лээ, тэр бүтэхгүй ээ, Тэмүүжингийн гадаад хуулийн хуулбар шиг л унах байх. Эхлээд үнээ чѳлѳѳлѳхгүйгээр орлого босохгүй, орлогогүй бол юунаас татвар авах гээд, татвар нэмэх гээд байгаа нь ойлгомжгүй. Татвар дарамт биш, татвар эдийн засгийн хѳгжлийн гол хѳшүүрэг болон үйлчлэх ёстой, тийм тогтолцоог босгох ёстой. Энэ бол татварын бодлого.

 

Эндээс гарах дүгнэлт гэвэл, татварын асуудалд гаргасан, гаргасаар байгаа АЛДААгаа ѳнѳѳгийѳн улс тѳрчид л лав засч чадахгүй нь ойлгомжтой байна. Татвараа цэгцэлж чадахгүй нѳхцѳлд эдийн засаг ѳссѳн нѳхцѳлд ч улсын тѳсвийн алдагдал багасахгүй, цоорсоор л байна. Нѳгѳѳ л шүүрэн шанага шиг цоорхой, далан давхар нѳхѳѳстэй ТѲСѲВ амь тавчих гэж байгаа аятай чичигнэсээр л байх болно. Монголын тѳсѳв бол татваргүйгээс шалтгаалж байнгийн эх үүсвэр нь тогтворжоогүй, эдийн засгаас ѳсѳлт гарвал багахан цадаад авдаг, эдийн засаг ѳсѳхгүй бол мѳнгѳний эрэлд гардаг архаг архичин шиг болчихсон ХѲЛЧҮҮ ТѲСѲВ. Ѳнѳѳгийн тѳрд, байгаа янзаараа бол тѳсвѳѳ эрүүлжүүлэх найдвар тун хомс.

 

  1. Олигаархиуд хүчээ авч, тѳрд шургалан, тѳрийг эрхэндээ оруулж, эрхшээлдээ аван далд эдийн засгийн бүхэл бүтэн систем цогцлоосон нь нийт ард түмний хувьд зүгээр л эмгэнэл. 

Ардчилал үүсч бойжих эхэн үед, үндэсний хѳрѳнгѳтнийг зохион байгуулалттай тѳрүүлье, дэлхийн зах зээлийн тавцанд түлхэж гарган биржэд тоглуулъя, араас нь нийт ард түмнээ хѳрѳнгѳжүүлье гэсэн рационал бодлого анхандаа байсан байх. Бодлого нь бодлоор болсонгүй, мѳнгѳжсѳн, хѳрѳнгѳжсѳн хэд нь диллер, мѳрийтэй тоглоомд донтож завхран юм үзээгүйгээ харуулж, үлдсэн нь ОЛИГААРХ болон хувирсан. Мѳнгѳн капиталын эргэлт, биржийн харилцаа дотооддоо ч, ѳнѳѳдрийг хүртэл  хѳлѳѳ олоогүй л явна.

Баялгийн дийлэнхи хувийг эзэгнэсэн тѳрийн олигаархиудын далд эдийн засаг нь улсын эдийн засгаас хүчтэй, эргэлт нь шуурхай, зохион байгуулалт сайтай хѳгжиж байна. Тѳр ѳѳрѳѳ олигаархиудын нийгэмлэг болсон байна.  Далд эдийн засгийг жолооддог нам, фракцийн албан, албан бус сүлжээ бий болж, улсын эдийн засагтай далдуур ѳрсѳлдѳж байна, ѳрсѳлдѳѳн хурцдах тусам улсын тѳсѳв хүчгүйдэн сѳхѳрч байна. Ер нь олигаархиудын, олигаархжсан тѳрийн ажиллагаа ийм, гэхдээ жижиг орны хувьд санаанд оромгүй уршигтай, ард түмний амьдралд дэндүү хүнд тусдаг болтой юм. 

Тѳрд гарсан олигаархиуд ѳѳрсѳддѳѳ хѳрѳнгийн эх үүсвэр хуваарилж түүндээ тѳрийн ѳмчит гэсэн чамин нэр оноожээ. Тѳрийн ѳмчит гэдэг нь олигаархийн ѳмчит гэдэгтэй утга дүйнэ, учир нь монголын тѳр бол олигаархжсан тѳр мѳн. Олигаархи (oligarhy) гэдэг нь цѳѳнхийн дарангуйлал гэсэн утгатай грек үг. Олигаархийн засаглал, олигаархийн эсрэг тэмцлийг хэзээ ч явуулахгүй. 

 

ОЛИГААРХИУД тѳрѳѳс сайн дураараа зайлах уу! Тэрэн шиг худлаа юм байхгүй. Эцэг болсон титэм хуулиа, нийт ард түмний бүтээлийг хэдхэн олигаархи тѳрчид нийлж байгаад, чоно борооноор гэгчээр шинэ жилээр ѳѳрчлѳлт оруулж дордуулсан гашуун түүх ард түмний санах ойноос гараагүй байна. Зѳвхѳн энэ баримтаас харахуйд л улам л цааш ахих болохоос шуналаасаа ухрана гэж юм байхгүй болох нь тодорхой болжээ. Үндсэн хуулийн ѳѳрсдѳд нь саад болоод байсан заалтыг  олигаархиуд ѳѳрсѳддѳѳ ашигтай, нийт ард түмэнд хохиролтой болгон ѳѳрчилсѳн, тэрнийх нь лай ланчгыг ард түмэн нуруун дээрээ одоог хүртэл үүрч, дааж ядаж байхад, дахиад Үндсэн хуулиа ѳѳрчилнѳ гээд түмний тархийг угаацгаах боллоо. Олигаархийн бүрэн эрхийг үндсэн хуулиар баталгаажуулж, тэдэнд бололцоо олгосон улс орон үндсэндээ дампуурдаг гэдгийг дэлхийн зарим орны гашуун туршлага ( тухайлвал Грек, Аргентин г.м.) хэлээд л байгаа шүү дээ. 

 

Цагийн аясаар, хѳгжлийн хүрдээр мэдээж Үндсэн хуулийн зарим зүйл анги, дэлхийтэй хѳл гараа ололцон алхах, зэрэгцэн хѳгжих шаардлагад нийцэхгүй болж ирэх тал байгааг хэн ч ойлгоно, гэхдээ энэ хэдэн олигаархи сайжруулаад ѳѳрчилнѳ гэдэгт бол итгэх арга байхгүй. Ард түмний итгэлийг хѳсѳр таягдан хаячихаад, ямар ч нэр хүндгүй болчихсноо ч ухаарахгүй сайхан бурцгаах юмдаа, бүр Үндсэн хуулинд ѳѳрчлѳлт оруулах ажлын хэсэг гаргачихсан гүйж явцгаана гэвэл яахав, бас л муйхар байна шүү. Tэдэнд ард түмэн итгэнэ гэж үү!  Гар хѳл нь болж яваа албан тушаалд дѳрлүүлсэн хэдийг эс тооцвол авилгач, олигаархиудад итгэдэг монгол хүн үлдсэн юм уу!?  Үндсэн хуулийг ѳѳрчилж, олигаархиуд ѳѳрсѳддѳө ашигтай хувилбар гарган, хэдэн үеэрээ идэх хоолоо базааж авах санаа явж байна гээд иргэний хѳдѳлгѳѳнийхний хэлээд байгаа хардлага бодитой байж мэднэ. Улс орны доройтлын шалтгаан нь ХҮН-ий хүчин зүйлд биш, тогтолцоонд байна, тогтолцоогоо, Үндсэн хуулиа л ѳѳрчилчихвѳл бүх юм сайхан болно оо гээд 16 оны сонгуульд санал авах л тархи угаалт хийгээд байх шиг санагдах юм. Ард түмэн ийм гэнэн ятгалганд амар орохгүй байлгүй дээ, түмэн олныг мѳн ч голгүй басамжилж байна шүү.

 

 

 

Жич:

Ноднин, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгт оролцон ярилцлага ѳгч байтал, Нарантуяа гэх сэтгүүлч бүсгүй,

...бид тогоон дотроо янз бүрээр л ярьцгаадаг, танд бол гаднаас нь харaхад мэдээж ѳѳр, их сонин санагдаж байж болох юм. Монгол улс ингэхэд зѳв замаар явж байна уу? Та юу гэж хэлмээр байна? 

хэмээн сэтгүүлч хүний овсгоо гарган палхийтэл асууж билээ. Би ч тулгамдсандаа,

зѳв байхаа, харин зѳв замаар буруу яваад ч байгаа юм шиг... 

гэж хариулаад нэхэл хатуутай сэтгүүлчийн амнаас мултарсан юмдаг. Тэндээс санаа аван, энэ сэдвийг барин, тавин сонирхож, монгол улс ардчиллын зѳвүүд, зарим үнэтээс нь ухарчихсан юм биш биз гэх эргэцүүлэл дотроо тээн, эх сурвалж, элдэв дээдийн судалгаанууд ухаж тѳнхсѳѳр ѳнѳѳдѳр эргүүлэн харахуйд басчиг хэлэх юмтай болоод авсан юм байна. Энэ удаад, УЛС ТѲРЧДИЙН АЛДААНУУД гэсэн сэдвийг тэндээс сугалж, нилээдгүй боловсруулалт хийгээд, нийтлэлийн хэлнээ хѳрвүүлснээ та бүхэнд толилуулж байна. Нийгэм зүйн интерпритаци гэхүү дээ. Нийгэм зүйн гэсэн нь sociology гэдгийг монгол хэлнээ утга дүйцүүлэн хѳрвүүлсэн хэрэг. Social  нь бол нийгмийн гэдгээр ерѳнхийдѳѳ хэвшиж яваа юм билээ, гэхдээ ерѳнхийлэгч сая УИХ-д тайлан тавих үеэр, олны гэдгээр явъя гэсэн санал дэвшүүлж харагдсан. Тэрэндээ тулвал олон нийтийн гэдгээр нь үлдээсэн дээр байх гэж бодно. Цаашид нийгмийн судалгаа, социологийн тандалт гэдэг дээр ч ялгаа гаргаж, нийгмийн гэлгүй, нийгэм зүйн, эсвэл социологийн гэж аялгуулж заншвал үгийн агуулга талаасаа зѳв оноолт болно байхаа хэмээн бодож явдгаа дашрамд хэлье.

Сэтгэгдэл бичих

arrow icon