Нийслэл хотын албан татварын хууль батлагдаж, улмаар өчигдөр НИТХ-ын хурлаар татварын хувийг уг хуулиар заасан хязгаарын дээд хэмжээ буюу 1 хувиар батлагдав. Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигдөж, зөрчилгүй болгох гэхээр мөнгө дутаад байна гэдэг нь уг хуулийг өргөн барьсан үндэслэл.
Тогтоосон хувь хэмжээ, иргэдэд очих бодит ачааллаас илүү “мөнгө дутаад байна” гэсэн энэ үндэслэл Улаанбаатар хотын иргэн танд ямар сонсогдож байна вэ?
Мөнгө дутаад байна гэдэг нь одоо байгаа хөрөнгөө зохистой зарцуулж ажил хийгээд тэр нь яах аргагүй хүрэлцэхээ байсан хүний хэлэх үг. Нөхөр нь эхнэрээсээ авсан мөнгөө баардаж, наадаж, найз нөхдөө урамшуулж, гадаадаар зугаалж үрмэгцээ эргэж очоод би энэ жорлонгоо нэг тордох гэсэн чинь мөнгө дутаад байна аа гээд дахиад нэхвэл ямар вэ?
Хаана баардаж, наадаж, урамшуулж, зугаалсан байна, хамаг ажлаа хичээнгүйлэн хийгээд хөөрхий мөнгө нь дутаа биз гэж өмөөрөх хүн гарах нь лавтай(бодвол өөрсдөө голдуу). Хотын зарцуулалт ямар байгааг энд давтан нурших хэрэггүй хэмжээнд хэвлэл мэдээлэл, олон нийтэд мэдээлэгдэж ирсэн. Энэ оны 8-р сарын зардал энд бий, бусад сарын зардлыг цаашид хүргэнэ. Рэйлбус ч бас өөр хэрэг, тээврийн шинэчлэлд хүчээ сорьсон алхам байсан нь бүтэлгүйтсэн байдаг байж. Энэ удаа нийслэлийн татвараас бүрдүүлэх 13 тэрбум төгрөг жишээ нь нийслэлийн ямар зардалд ногдож болохыг тоймлоод харъя. Нийслэлийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийн мэдээнээс:
Гадаад албан томилолтод ойролцоогоор 2,5 тэрбум төгрөг(үүний дунд бодвол нөгөө Бразилын 18 багтаж буй)
, ой тэмдэглэхэд 1,83 тэрбум, төсвийн урамшуулалд 2,1 нийт 6,5 тэрбум. Үүний дээр бусад алдарт төр шашин, улаан ногоон хосолсон хөтөлбөр, арга хэмжээнүүдээс алийг нь нэмж үзвэл 13 тэрбум болох нь амархан ухагдах буй заа. Ой тэмдэглэхэд 2,6 тэрбумыг батлаад 1,8-ыг зарж, 812 сая төгрөгийн хэмнэлт гаргасан гэж тайлагнажээ.
Цалин танах, сүүний мөнгөнд таталдахдаа хүрдэг төсөв дээр гадаад “зугаалганд” 2,6 тэрбумыг баталж гэж бухимдах уу, 800-г хэмнэж гэж баярлах уу, хэмнээд ч хүрэхгүй байгаа юм байна төлье гэх үү, Бат-Үүл мээр сайн ажиллаж байна, баатрын ажилд мөнгө нь л дутаж гээд магтан дуулах уу, татвар төлөгч таны сонголт мэднэ.
Ийм хэрэглээтэй төсвөө нэмж зузаалахаар баталсан татварын талаар Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа
“УИХ-аар энэ хуулийг батлахдаа давхар тогтоол гаргасан. Тогтоолдоо хотын татвараар төвлөрөх хөрөнгийг нийслэлд зохион байгуулах олон улсын үзэсгэлэн, хурал, зөвлөгөөн, дэд бүтцийг хөгжүүлэх ажилд зарцуулна гэж заасан. Үүнийг бид нэг ч мөнгөний зөрүүгүйгээр иргэддээ тайлагнана. Юу хийх гэж буйгаа эхэлж мэдэгдэнэ.
” гэжээ.
Иргэн таныг бухимдахад ийм үгээр ам таглавал мөнгө гэмээ нь мөнгө, хэмнэж гаргана уу татаж гаргана уу ямар ч эх үүсвэрээс гаргасан ийм ажил хийх боломжтой универсаль чанартайг байдгийг, шинэ татвар татаж тэрийгээ тайлагнахын өмнө хуучнаа бас тэгэх хэрэгтэйг, эхэлж мэдэгдээд сүүлдэж тайлагнахад ер нь гол биш сэтгэл гаргаж хүний төлөө зохистой зарцуул гэж татвар болон итгэл дайснаа нэг сануулаарай.
tatvar nemsen nam bol hamgiin muu bodlogotoi subject geh yum bilee