Нийтлэл 12 сарын 21, 2016

МЭДЛЭГ эрх мэдэл хуваарилалтын гол ЦӨМ болно

Алвин Тоффлер 1990 онд “Power Shift” буюу “Эрх Мэдлийн Шилжилт” номоо гаргав. Уг номонд эрх мэдэл гэдэг зүйл хүчирхийлэл, эд баялаг, мэдлэг гэсэн 3 зүйлсээр дамжин хүмүүс хооронд шилждэг гэжээ. Мэдээж хүй нэгдлийн үеэс эхлүүлээд саяхныг хүртэл хүмүүс булчин шөрмөс, буу зэвсэг дээрээ дулдуйдан эрх мэдлийг бусдаас хүчээр булаан авдаг байв. Хүйтэн дайны оршил ба одоог хүртэл том гүрнүүд цөмийн зэвсгээр хөөцөлдөж буй нь нэгийг хэлнэ. “Мөнгөөр асуудлыг шийдэж болж байвал тэр бол асуудал биш” гэсэн Еврэй хэлц үг байдаг. Мөнгөтэй, эд баялагтай хүмүүс өөрийнхөө нийгэм ба дэлхийн бодлогыг тодорхойлоход шууд болон шууд бусаар оролцдог. Харин өдгөө мэдлэг нь эрх мэдэл шилжих хүчний гол цөм рүү улам бүр дөхсөөр л байна.

Мэдлэг эрх мэдлийн шилжих хүчний гол цөм рүү улам бүр дөхсөөр л байна.

Учир нь мэдлэг үгүй бол технологи үгүй, технологи үгүй бол мөнгө байхгүй.  

Star Power

1960 онд бий болсон “Star Power” гээд тоглоом бий. Дүрэм нь дөрвөлжин, дугуй, гурвалжин гэсэн нийгмийн 3 бүлэгт тоглогчдийг хуваан хооронд нь арилжаа хийлгүүлнэ. Тоглогч бүрт тоглоом эхлэхэд тав таван чип өгөх ба энэ таван чип нь өөр өөр үнэлгээтэй байна. Оролцогчид аль болох хувийн баялгаа арилжаа хийх замаар өсгөж, тэр хирээр нийгмийн статусаа дээшлүүлж дөрвөлжин бүлэг рүү орох зорилготой. Тоглоомын эхний дүрмүүдийн нэг нь ямар ч үнээр хамаагүй хоорондоо тоглогчид заавал арилжаа хийнэ. Гэхдээ арилжаанд оролцох мөч хүртлээ нөгөө хүндээ чипээ үзүүлэх ёсгүй. Манайхаар бол нударган дотроо наймаа хийнэ гэсэн үг. Мөн нийгмийн 3 бүлэг бүрт ялгаатай үнэлгээ бүхий бонус чипийг олгох ба бүлгийн гишүүд хоорондоо хэлэлцэн санал хурааж хэндээ тэр чипээ өгөхөө шийднэ. Арилжаагаар болон бонусын чипээр хувийн оноогоо ахиулж, эд баялгаа арвижуулсан хүн нь нийгмийн дараагийн дээр хэсэг рүүгээ шилжинэ. Хэдэн удаагийн арилжааны дараа хамгийн баян бүлэг нь (Дөрвөлжин бүлэг) тоглоомын бүх дүрмийг хүслээрээ өөрчлөх эрхтэй болно.

Шударга бус байдал

Дээрх тоглоомын дүрмээр хүн болгон хувийн оноогоо нэмэгдүүлж дөрвөлжин бүлэгт орохыг эрмэлзэнэ. Учир нь дөрвөлжин бүлэг шийдвэр гаргаж тоглоомын дүрмийг тэр чигээр нь өөрчлөх эрх мэдэлтэй. Тэр шийдвэр гаргагчдын бүлэгт орохгүй л бол ихэнх хүнд хэн ч биш санагдана. Арилжаагаа өөртөө ашигтай хийхийн тулд оролцогчид яваандаа бие биенээ хуурч эхэлнэ. Мөн бонус чип авахын тулд бүлгийнхээ хүмүүст амлалт өгч, бонусаа өөртөө өгөхийг ятгаж гуйж, аргадаж, айлгах ч хүмүүс байна. Ингэж дээшээ буюу элит хэсгийн дөрвөлжин бүлэг рүү явсан ихэнх хүмүүс хуучин бүлгээ мартдаг болохыг тоглоомноос та харна. Хамгийн гол нь шийдвэр гаргах элит бүлэг буюу дөрвөлжин бүлэг нь тоглоомын бүх дүрмийг өөрсөддөө ашигтайгаар орвонгоор нь өөрчилнө. Жишээ нь, бонус чипийг хэн хэзээ хэнд хуваарилах, хэн хэнтэй арилжаа хийх, үл хийх, дөрвөлжин бүлгийн гишүүд бусад бүлгийн хэнтэй ч арилжаанд орохгүй байх, орвол нийлж байгаад хамгийн өндөр үнэлгээтэй чипийг бусад бүлгээс цуглуулж хуу хамж бусад бүлгээ улам хүчгүй, эрх мэдэлгүй болгох гэх мэт. Энэ нь хэдийгээр тоглоом мэт боловч эдийн засаг, нийгэм, улстөрийн бүхий л асуудлыг бид шийдэж буй загвар юм. Энэ тоглоомны өмнө гоё юм ярьдаг, сайхан дүртэй хүмүүс тоглоомны дараа бүгд нүүрний багаа хуулсан байдаг.

Тэгш бус байдал

Өнөөдөр дэлхий даяар тулгамдаад буй хамгийн том асуудал бол тэгш бус байдал.

Кредит Суиссе 2016 оны байдлаар дэлхийн баялгийн пирамидийг зуржээ.

Энэ тайлангаар бол дэлхийн насанд хүрсэн нийт хүн амын ердөө 0.7% буюу 33 сая хүн л дэлхийн нийт эд баялгийн тэн хагасыг нь буюу 116 их наяд ам.доллартай тэнцэх баялгийг эзэмшдэг. Гэтэл 3.5 тэрбум хүн нөгөө үлдсэн дэлхийн тал баялгийн дөнгөж 2.4% дээр нь тоглож байна. Үлдсэн 1.25 тэрбум (насанд хүрсэн хүмүүсийн 26%) орчим хүмүүс 10,000-1,000.000 долларын баялагтай ажээ. Эндээс баян ядуу болон тэгш бусын ялгаа улам алсарч буйг бид харж байна. Зарим хүмүүс энэ 1% хүрэхгүй баян хүмүүс л үлдсэн 99%-иа тэжээж буй гэж нотлохыг хичээдэг бол зарим хүмүүс эсрэгээрээ 99% нь 1%-г тордож байна гэж маргадаг.

Азийн Африк Монгол

Бид саяхныг хүртэл муу муухай, бүтэлгүй юм болгоныг Африк тивийн улсуудтай зүйрлэдэг байв. Хэдхэн жилийн өмнөөс Африкийн улсууд ялангуяа уул уурхайн бүтэлгүй бизнес, геополитик, авилга, засаглалын муу жишээгээр Монголыг сонгож авч зүйрлэн бие биедээ хичээл заадаг болжээ. Хүн болгонд байгалийн өгөгдөл өөрөөр хүртээгддэг хэдий ч шийдвэр гаргагчдын хувьд алсыг харсан, нийгмийн бүхий л бүлгүүдийг хамруулсан оновчтой шийдлийг өөрийн гэр бүл, эд баялгаа бүрэн золиолж биш юм аа гэхэд авах гээхийн ухаанаар хандан гаргахад бэрх бололтой. Тоглоом тоглосон олон хүмүүсийн байгалийн реакц нь хичнээн ухаантай, мундаг, боловсролтой байснаас үл хамааран дөрвөлжин бүлэг буюу шийдвэр гаргадаг бүлэгт орсон л бол шууд арьсаа хамгаалах тактик руу шилжиж байв. Бусдыгаа бодох ёстой, шударга бусаар тоглох ёсгүй гэж дөрвөлжин бүлэг дотроо дуугарсан гишүүдийг бүлгийн бусад аажим аажмаар маш ухаалгаар бүлгээрээ шахан хөөн гаргахыг та бас харах болно. Энэ бол савраа нуусан муур шиг бидний байгаа л царай.

Мэдлэг

Нийгмийн тэгш оролцоо, идэвхитэй байх эсэх нь үнэхээр хувь хүний өөрийнх нь асуудал. Харин нийгмийн баялгаас хүртэх, шийдвэр гаргах процесст оролцох тэгш бололцоогоор хангах бол төрийн үүрэг мэт. Энэ том үүргийг хангах институцийг сонгох бүрэн эрх мэдлийг бид хэний янаагүй 4 жилд нэг өдөр л атгадаг. Харамсалтай нь бид эрх мэдлийн шилжилтийг мэдлэг бус эд баялаг, поп амлалт, цаашилбал хүчирхийллийг сонгон голцуу хийх гээд байх. Саяхныг хүртэл ерөнхийлөгчийн үзмэрч гэдэг албан цолтой төрийн далдыг харагчтай байсан бид Марз ууланд онгоц осолдоход онцгой байдлын албаа ашиглахаас илүү нисдэг тэргэнд 30 гаруй үзмэрчдийг чихэн суулгаад хайхаар одож байв. Одоо хүртэл бурзай бурзай гээд сошиал медиагаар могой, мөнгөний зураг лайкдаад баяжина гэж итгэдэг, хоосон түрийвчээ даллаад УБ паласыг дүүргэдэг, “боов” хадан дээр мордоод нөхөртэй, хүүхэдтэй болно гэж жинхнээсээ мөрөөддөг, шүүх хурал болохын өмнө шөнө бүх лам хардаг хүмүүсийг завгүй байлгадаг, улсын шалтгалтын өмнөх өдөр гандан дээр шавах оюутан залуустай хэвээр л байсаар байна. Жил гаруйн л өмнө дөө цэнгэлдэх хүрээлэндээ бид их эзэн Чингис хааныхаа хойд дүрийг тодруулан алдаа биз дээ (нээрээ хэн тодорсон бэ?). Бид нэгэнтээ бичиг үсэгт тайлагдсан байдлаараа цагтаа ЮНЕСКО-с шагнал авч байсан. Харин одоо уншсан юмаа яг ойлгож байна уу гэдгээ дахиад нэг ЮНЕСКО-гоор шалгуулмаар мэт. Мэдлэг агуулдаг ном бидний хувьд “Мэддэгт мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор” бус “Мэддэггүйд нь мэргэн цоохор, Мэддэгт нь эрээн цоохор” болоод удаж байнам.

arrow icon