Undarya Tumursukh-ийн оруулсан тэгш бус байдлын тухай доорх тэмдэглэлийг үзээд нэмж дэлгэрүүлье гэж бодлоо.
"Тэгш бус байдлыг хэсэгчилэн илтгэдэг жини коэффициент сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдсөнийг харах гэсэн чинь хараад ч хэрэггүй бололтой. Аль 1995 онд л 33.20 байж гэнэ, тэгээд 2007 онд 35 болж нэмэгдээд тэрнээс хойш буураад 2012 онд 33.75 болж тэгш бус байдал багассан юм байх аа. Энэ 33 - эсвэл 0.33 гэж бас бичиж болно - гэдэг тоо нь манайд хүмүүсийн орлого харьцангуй тэгш хуваарилагдаад байгааг илтгэж байна гэнэ шүү. Дээрээс нь нүдэн дээр илт баян хоосны ялгаа нэмэгдээд байхад статистик маань ийм сайхан тогтуун байгаад байдаг нь манай ядуус нэрэлхээд орлогоо нэмж мэдээлээд байгаагаас үүдэлтэй байна уу, эсвэл өнөөх баячууд нь татвар, хариуцлагаас бултаад "даруухан царайлж" бага орлого мэдүүлээд байгаагаас уу? Ямар ч байсан
"дэлхий дээр 3 төрлийн худал байдаг: худал, адгийн худал, тэгээд статистик"
гэдэг англи хэллэгийг санагдуулчихлаа." гэжээ.
Манай Gini (~.34) Канад, Австрали, Япон зэрэг улстай бараг ижил хэмжээнд байгаа нь нэг талаасаа манай дотоодын онцлогтой, нөгөө талаасаа Gini коэффициентын сул талтай холбоотой. Дотоод онцлог нь цөөн тоотой мөртлөө тархалт ихтэй хүн ам, татвар болон бүртгэлийн сул тогтолцоо, далд эдийн засаг, авилга, хахууль гаарсан, гэр бүл хамаатан садны холбоо чанга г.м. олон хүчин зүйлээс болж зөв тодорхойлоход их хэцүү. Таны “эсвэл өнөөх баячууд нь татвар, хариуцлагаас бултаад 'даруухан царайлж' бага орлого мэдүүлээд байгаагаас уу?” гэдэг бас л дотоод онцлог. :) Gini коэффициентын өөрийн сул тал нь бас дээрхээс дутахгүй олон. Хэрэв манай үзүүлэлтийг татварын дараа хэмжиж үзэх аваас .34 нь бараг .6 болж ч магадгүй. Учир нь хэрэглээний, орлогын, нэмүү өртгийн зэрэг татвараар дамжин явж буй манай татварын тогтолцоо нь шударга бус /регресив/ чанартай. Нэг ёсондоо, ядуу иргэдэд хамаагүй хүнд тусдаг. Тэгэхээр татварын дараах Gini нэлээдгүй хувиар өсөх нь дамжиггүй. Орлогын бус харин хөрөнгийн тэгш бус байдлын хэмжсэн Gini үзүүлэлт гаргавал бүр аймар тоо гарч ирнэ.
ҮСХ нь ийм хангалтгүй үзүүлэлтээр нийгмийн хамгийн эмзэг асуудлыг хэмжээд олон жил болж байхад төр засаг нь яагаад зүгээр суугаад байдаг билээ?! "3 төрлийн худал байдаг: худал, адгийн худал, тэгээд статистик" гэдэг хэллэг нь ямар ч асуудал дээр, элдэв тоо ашиглан олон түмнийг самууруулж болдгийг бидэнд сануулсан хэрэг. Энэ нь мэдээж мэдлэг ба эрх мэдлийн амин холбоо, шүтэлцээтэй нягт холбоотой. Монгол сэхээтнүүд ямарваа нэг мэдлэг, онол, дискурсийг туйлын үнэн гэж үнэн голоосоо итгэдэг онцлогтой. Хэнд ч олдохгүй сүүлийн үеийн тоглоом авчихсан юм шиг аашилна. Эхэн үедээ нууж хаана, элдэв чамин нэр нэршлээр халхлах гэж оролдоно. Дараа нь тэгээд нөгөө шинэ тоглоомоо бүх хүнд гайхуулна, ухуулна, сурталчилна. Нэг ёсондоо эрх мэдэлд хүрэх зэмсэг хэмээн бодно. “Хөгжилтэй” орнуудын өндөр чамин барилга, тансаг эд хэрэглэл, хөрөнгө зойр, ганган хээнцэр байдал нь гарцаагүй зөв онолтойн шинж гэж бодно. Гэтэл мэдлэгийн социолог (sociology of knowledge) гэж социологийн бүхэл бүтэн дэд салбар бий. Судлагдахуун нь ->эрх мэдэл->мэдлэг->эрх мэдэл->мэдлэг->... хэмээн үргэлжлэх мөнхийн тойрог. Илүү нарийвчилбал, хэн, ямар зорилгоор, хэний эрх ашгийн төлөө онол, мэдлэг, дүрэм журам зохиодог мөн тухайн мэдлэг нь буцаад яаж эздэдээ эрх мэдлээ хадгалах, цаашид өргөжүүлэх боломж олгодгийг судалдаг.
Тэгэхээр бид нийгмийн чухал үзүүлэлтүүдийг хэт цөөн, бас дутуу дулимаг үзүүлэлтүүдээр хэмжих гэдэг аргазүйн колоничлолоос үтэр түргэн салах хэрэгтэй болоод байна. Яаж? Судлаачид, оюутнууд, улстөрчид, иргэд бид бүхэн ямарваа нэг онол, арга зүйг нэвтрүүлэх, ашиглах гэж оролдохдоо тухайн мэдлэг ээ дор хаяж доорх 3н шүүлтүүрээр оруулах шаардлагатай. 1-т, ямар ямар сул болон давуу талтай; 2-т хэдийд, хаана, ямар нөхцөлд яаж ашиглавал илүү тохиромжтой; 3-т, хэн, юуны тулд, ямар түүхэн нөхцөлд боловсруулав гэдгийг тус тус заавал судлах ёстой. Мэдлэгийг ингэж шүүхгүйгээр ашиглахаар ядуурал 21%-тай, тэгш бус байдал Канадтай ижил, "эрх чөлөөний" түвшин Азид номер 1 гэж гараад буй юм. Бид нэг муу утас авахдаа л шалгаж үзэж, хүн амьтнаас асууж, веб дээрх шүүмж уншиж, бөөн юм болж байж авдаг даа. Гэтэл улс үндэстний бодлого тодорхойлох нэн чухал үзүүлэлтээ хэмжихдээ ийм хойрго хандаж буй нь нэн харамсалтай. Gini бараг өөрчлөгдөхгүй 20 гаруй жил болж буй нь манай улстөрчдөд бол Канад орныг удирдаж байгаа мэт “сайхан” л байдаг байх.
Сэтгэгдэл бичих