Нийтлэл 08 сарын 13, 2017

Ерөнхийлөгч бүх шатны шүүхийн шүүгчдийг томилох нь зөв

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн талаар хуульч Г.Ганбаатарын байр суурь цуврал-4

Цувралын өмнөх дугаарыг эндээс үзнэ үү

 

Шүүгчдийг томилох тухай

/Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/  

Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт : ...”бусад шүүхийн” гэсний дараа “шүүгч, Ерөнхий” гэж нэмэх,

“Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх” гэснийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн санал болгосноор шүүгчдийнх гэж нэмэлт, өөрчлөн найруулга хийх саналтай байна.

Учир нь Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг нягтлахад Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг хэрхэн томилуулах асуудал бүрхэг туссан.    

“Ерөнхий шүүгчийг УДШ-ийн санал болгосноор шүүгчдийнх /гишүүдийнх/ нь дотроос 6 жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно” гэсэн заалтыг бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчид хамааралтай гэж тайлбарлан ойлгох биш үү гэдэг нь маргаан дагуулдаг. Тухайлбал, Ерөнхий шүүгч гэдэгт бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч гэж ойлгоно, учир нь ямар нэгэн шүүхэд хамаатуулаагүй байгаа учраас, мөн гишүүдийнх нь дотроос гэснийг “Ерөнхий шүүгчийн орон тоо гарсан тухайн шүүхийн шүүгчид” гэж  ойлгоно гэж тайлбарлан ойлгох, мэтгэх нь бас байдаг.

Гэхдээ тухайн зүйл хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дэмжиж болохгүй. Улсын дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулснаар байсныг “танилцуулж, дэмжсэн”-ийг гэж өөрчилж байгаа нь УИХ бас дэмжихгүй байх эрх хэмжээг өөртөө нэмсэн, харин Ерөнхийлөгч томилж байгааг болиулж, УИХ дэмжсэнийг нь батламжлах чиг үүрэгтэй болгожээ.

УИХ шүүгчид нэр дэвшигчийг дэмжихгүй хууль зүйн үндэслэл, шаардлага байгаа юу, байгаа бол үндэслэлийн эх сурвалж, нотолгоо нь юу байна вэ?

Улс төрийн бодлого, шалгуураар аль ч шатны шүүхийн шүүгч дэмжигдэх, томилогдох ёсгүй болно. Энэ бол 1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл санаа гэдгийг хатуу санах ёстой.  

Улсын дээд шүүхээс бусад шүүхийн шүүгч нарыг Шүүхийн ерөнхий зөвлөл томилох эрхтэй, энэ тухайгаа санал болгосныг Монгол Улсын Ерөнхийлөгч батламжлах чиг үүрэг хүлээх юм байна. Шүүх эрх мэдлийн асуудалд ингэж буруу бодлого, үзлээр хандаж болохгүй. 

Бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилох одоогийн зохицуулалтыг хэвээр хадгалах нь зөв, харин томилохгүй байх шалгуур үндэслэлийг тодотгон тогтоох асуудал байж болно. Учир нь Ерөнхийлөгчөөс томилогдоогүй хэсэг шүүхийн шүүгчдийн асуудал яригддаг.    

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай

/Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 1, 2, 60 дугаар зүйлийн 2

МУ-ын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод, аймаг нь сум, хот /орон нутгийн харьяалалтай/-д, сум нь баг болон тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд, хот нь хороонд тус тус хуваагдах юм байна.Хот нь улсын ба орон нутгийн харьяалалтай гэж 2 өөр статустай байх юм байна.

Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 1-д “тосгоны” гэж нэмэлт хийгээгүй атлаа Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2-т...тосгоны Засаг даргыг томилох асуудал явж байна.  

   

Мөн баг, хороо, тосгоны Иргэдийн нийтийн хурлаас нэр дэвшүүлсэн хүнийг Засаг даргаар томилдог эрх зүйн үндсийг тасалж, дээд нэгжийнх нь Засаг дарга шууд томилох болгож байгаа нь ардчилсан Үндсэн хуулиар баталгаажсан Засгийн эрх ард түмний мэдэлд байх, төрийн үйл ажиллагаанд дахь иргэдийн шууд оролцоо буюу шууд ардчиллын чухал хэлбэрийг устгаж байна. Үндсэн хуулиар баталгаажсан, хамгаалсан үнэт зүйлс, зарчимд нийцэхгүй, ардчилсан сонголтоос ухарч байна гэж үзэх үндэслэлтэй.     

Албан тушаалтны дур зорго, үзэмжээр бус тухайн нэгжид амьдарч буй иргэдийн өөрсдийнх нь байр суурь, санал сонголтоор Засаг даргыг сонгох нь ардчилсан ёсонд бүрнээ нийцнэ. Энэ талаар иргэд үгээ хэлсээр байна, хурц хэлбэрээр ч илэрхийлэх нь тодорхой болохыг анхаарах нь зүйтэй.  

Хуулийн засаглал, шударга ёс тогтооход шууд хамааралтай нэн чухал асуудлыг хөндөлгүй орхигдуулсан нь Үндсэн хуулийн зөрчил үүсгэхэд хүрч байна.

Энэ бол Монгол Улсын засаг захиргааны нэгжид өөрчлөлт оруулж байгаатай холбоотойгоор Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн асуудал зайлшгүй хөндөгдөх ёстой атал орхигдуулсан буюу Үндсэн хуульд дотоод зөрчил үүсгэсэн.

Нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд шинээр улсын харьяалалтай хот, бас сумаас тусдаа орон нутгийн харьяалалтай хот тус тус шинээр бий болох юм байна.

Тухайн тохиолдолд хотуудад дор хаяж анхан шатны шүүх, улсын харьяалалтай хотод давж заалдах шатны шүүх байж таарах нь мэдээж хэрэг. Гэтэл Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцийн “шүүхийг гагцхүү нутаг дэвсгэрийн харьяаллын зарчмаар байгуулах тухай“ удаа дараагийн шийдвэрийн дагуу аймгаас тусдаа засаг захиргааны нэгж буюу улсын харьяалалтай хот, сумаас тусдаа орон нутгийн харьяалалтай хотуудад тус тус шүүх байгуулах боломжгүй болох буюу Үндсэн хуулийн ноцтой хийдэл үүсгэхээр байна.  

Тийм учраас Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн : Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс гэснийг : “Шүүхийн үндсэн тогтолцоо нь анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээсгэж өөрчлөн найруулах нь хамгийн зөв шийдэл болно.

Үүнд хамаарах бодлого, зохицуулалтын хэрэгжилтийн бодит илрэл нь нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжид гарсан захиргааны бүх хэрэг маргааныг харьяалан шийдвэрлэх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх, мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж дэх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянан магадлах Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулсан явдал.

Үүний нэгэн адилаар шүүхээс хэрэг маргаан хянан шийдвэрлэх газар зүйн байршил буюу шүүхэд харьяалагдах хэрэг маргааны харьяаллын тойргийн зураглалыг хэрхэн хийж, энэ дагуу шүүхүүдийг хаана, яаж, хэрхэн байгуулахыг “шүүхийн үндсэн тогтолцоо”-ны хүрээнд нийгмийн  эрэлт, шаардлага буюу хэрэг маргааны төрөл, гаралтын түвшин, хүн амын төвлөрөл, эдийн засгийн чадавх, үр ашиг зэргийг үндэслэл болгон УИХ шийдвэрлэх бүрэн эрхтэй учраас тийнхүү өөрчлөхөд ямар нэгэн хийдэл, зөрчил гарахгүй юм.

Сэтгэгдэл бичих

arrow icon