Нийтлэл 03 сарын 25, 2018

ПУТИНЫ ЭВОЛЮЦИ: Ельцины залгамжлагчаас Крым хүртэлх зам

В.В.Путин дахин Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хоёрхон хөрштэй манай улс түүнтэй дахин дор хаяж 6 жил, магадгүй түүнээс ч олон жил харилцах, хамтран ажиллах нь тодорхой боллоо. Нэгэнт хөршүүд маань нэг хүний засаглалтай болсон учир 2 тэргүүнийг хувь хүнийх нь хувьд танин мэдэх, түүнээс юу хүлээхээ мэддэг байх нь туйлын чухал гэж бодож байна. Путины талаар олон нийтлэл байдаг, монгол хэл дээр орчуулсан нь ч нилээн хэд бий. Гэхдээ ихэнх нь нэг бол түүнийг магтан дуулсан Орос нийтлэл, нөгөө бол түүнийг мангас болгосон барууны нийтлэл байдаг. Бидэнд аль аль нь хэрэггүй, харин бодитой, эрүүл анализ хэрэгтэй. Тийм нэг анализыг орчуулж та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. ОХУ-д үлдсэн цөөн хэдхэн чөлөөт хэвлэлийн нэг “Эхо Москвы” радиогийн Ерөнхий редактор А.А.Венедиктов 1990 оноос тус радиод ажиллаж эхэлсэн туршлагатай сэтгүүлч юм. Түүний 2018 оны 1-р сарын 19-д Вашингтон хотын Кеннаны институцид хийсэн уулзалтын үеэр хэлсэн Путины талаарх илтгэлийг нь орчууллаа. 

“... Үндсэн хуулийн дагуу Путины сүүлийн хугацаа /магадгүй сүүлийнх биш/ эхлэхээс өмнө, бид бүхэн, манай улс ямар цэг дээр ирээд байгааг эхлээд ойлгох хэрэгтэй. Тэгэхийн тулд бүгдээрээ 2 алхам ухраад өөрийн ажиглалтаасаа хуваалцъя. Ажиглалт маань зөвхөн миний хувийн үзэл бодол бөгөөд үүнд Навальныйн ч, Путины ч гар хөл ороогүй гэдгийг дахин хэлье. Би одоогийн ерөнхийлөгчийн үйл ажиллагааг удаан хугацаанд анхааралтай ажиглаж байгаа хүн.

Тэгэхээр ер нь хаант засаглалаа эргэн дурссан, авторитар наастр ихтэй улсад шийдвэр гаргаж буй хувь хүн маш чухал байдаг. Энэ бол миний илтгэлийн гол сэдэв юм. Бүгдээрээ Путины сонгогдсон 4 мандатыг эргэж хараад тэднийг тодорхойлохыг оролдъё.

Ноён Путин эхний удаа Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо бараг санамсаргүй тохиолдлын үр дүнд гарсан бөгөөд эхний мандатыг нь би инерцийн дагуу байсан гэж хэлнэ. Путиныг сонгогдох үед Америк Оросын харилцаанд сэв сууж эхэлсэн үе таарсан. 1999 онд Приштина руу хийсэн Оросын армийн марш тактикийг санацгаая. Тэр үед Путин ФСБ-н дарга байсан бөгөөд зарим нэгэн операцийг зохион байгуулж, удирдаж байсан. Энэ нь ч түүнд их тааламжтай байсан байх.

Түүний эхний мандатыг инерцийн дагуу гэсэн нь тэрээр Ельцины сүүлийн мандат буюу сүүлийн 3 жилийн хийсэн реформууд, сөрөг реформуудыг нь үргэлжлүүлсэн.

Тэр үед ардчиллын ч хөгжил байсан, түүний хажуугаар дотоод, гадаад бодлогын хүрээнд ардчиллаас ухарсан зүйлс ч байсан. Тэгэхээр Путины эхний мандат бол Ельцины сайн муутай бүхнийг үргэлжлүүлсэн мандат болсон. Одоо бодоход энэ үед хийж байсан зүйлс түүнд нэг их таатай байгаагүй байх. Ер нь улс төрчийн ажил түүний хийдэг ажил биш байсан. Тэрээр түшмэлээс улс төрийн эрх мэдэлд хүрсэн хүн. Түшмэл, улс төрч 2-н ялгааг бид бүгд мэднэ. Өөрөөр хэлбэл тэр хэзээ ч сонгогдож байгаагүй, түүнд дарга болон доод тушаалын ажилтнууд л байсан. Захиргааны тогтолцоо. Тийм учраас түшмэл хүн яаж тушаал биелүүлэх вэ, яаж хариуцлагаас бултах вэ гэж бодож байдаг. Гэтэл тэр төрийн толгойд гарч, одоо улс төрч шиг янз бүрийн ашиг сонирхлыг зохицуулах хэрэг гарлаа. Олон янзын эрх ашиг байсан учир бас олон янзын Путинг бид харсан. Нэг талаас Люблянд Буштэй уулзаж, харилцан тохиролцохыг оролдож байсан Путин. Өнөөдөр надад Америк нөхөд маань үүнийг баталж өглөө. Энэ уулзалт дээр Путин тоглоом шоглоомын байдлаар Орос НАТО-д орвол яасан юм бэ гэж санал тавьсан байдаг. “Жорж хоёулаа энийг хийвэл яасан юм бэ, бас чухал юм шүү” гэх байдлаар. Гэвч 2004 онд буюу 2 дах мандатын эхэнд Бесланы халдлага болох үеэр бид өөр Путинг харна. Магадгүй тэр анх удаа тэгж ярьсан байх. Тэр хэлэхдээ, эдгээр террористуудыг америкийн Засгийн газар, тэдний тусгай албад дэмждэг гэж мэдэгдсэн. Түүнийг ийм байдлаар бид харсан. Түүний хоёр дах мандатын үеэр зарим нэг өнгөт хувьсгал болоход гаргасан Путины хариу үйлдлүүдийг санацгаая. Хамгийн алдартай нь Мюнхений илтгэл буюу баруунтай сөргөлдөх гадаад бодлогынх нь хөтөлбөр юм. Түүний энэ 2 дах мандатыг би түүний хүчээ нөөсөн үе гэж хэлнэ.

Тэр нөхцөл байдлыг өөртөө тохируулж эхэлсэн. Тэр шинэ үе, дотоод болон гадаад харилцааны шинэ бодлогуудаа боловсруулж эхэлсэн. Эхний мандатынхаа сүүлээр Ходорковскийг аль хэдийн суулгачихсан. Засгийн газраа өөрчилж, засгаа ерөнхийлөгчийн дараагийн сонгуульд бэлтгэх шат болгож хувиргасан байлаа. Зубков, Фрадков нар Ерөнхий сайд болохоосоо өмнө хэн байв? Тэгээд л аажмаар инститүцүүдийг өөртөө тохируулж эхэлсэн. Бесланы халдлагын дараа орон нутгийн шууд сонгуулийг үгүй болгох жишээтэй. Ингээд удаанаар, болгоомжтойгоор улс төрийн системийг өөртөө таатай болгож хувиргасан. Тэр үргэлж барууныг өрсөлдөгчөө, дайснаа гэж үздэг байсан. Тиймээс барууныхан өөрт нь тэгж ханддаг гэж боддог.

Дараагийн 3 дахь  мандат бол Медведевийн мандат. Тэрээр нэг алхам ухраад юу хийснээ дахин дүгнэсэн гэх үү дээ. Мэдээж эрх мэдлээ түүнд өгөөгүй ч хэд хэдэн тохиолдолд тэр Медведевтэй санал нийлэхгүй зөрсөн ч эцэст нь “Ерөнхийлөгч тэгж шийдлээ. Түүний эрх” гэж хэлсэн байдаг. Нэг сонин түүх ярья. Ерөнхий редакторууд Ерөнхий сайдтай уулзсан уулзалтын үеэр манай зарим бөгс долоогч редакторууд Медведевийг муулж, “Ерөнхийлөгч горьгүй байна, таны үед сайхан байж” гэх үед тэр байнга маш ууртайгаар яриаг нь тасалж Ерөнхийлөгчийнхөө тухай ингэж ярьж яаж чадаж байна гэж хэлдэг. Өөрөө буцаж Ерөнхийлөгч болохоо мэдсэн болохоор энэ суудлыг хамгаалдаг байсан байх. Гэхдээ түүний эргэн ирэх болсон нэг шалтгаан нь Медведевийн Орос орныг хараад урам хугарсантай холбоотой. Тэр үед юмс зөөлөрч, одоо мартагдаад байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн салбарт шинэчлэл хийгдэж, Медведевийн хугацааны эхэнд Орос нэг сая хоригдолтой байсан бол түүний хугацаа дуусахад 600 000 үлдсэн байдаг. Эрүүгийн процессийн хуулийг өөрчилж олон реформ хийгдсэн.

Эцэст нь одоогийн 4 дэх мандат болон албан ёсны 3 дахь мандат. Энэ мандатыг би хэт хуучинсаг /реакционный/ буюу эргэж ухарсан мандат гэж нэрлэж байна. Минийхээр түүний бодлого улс төр судлалын агуулгаараа хэт хуучинсаг байгаа юм. Миний таамаглаж байгаагаар тэрээр энэ улс төрийн бодлогодоо дуртай бас түүнд энэ нь таатай байдаг. Түүнд энэ бодлого маш ойрхон байгаа гэж бодож байна. Үүнийг харуулсан сүүлийн жишээ бол Александр III-ын хөшөөтэй холбоотойгоор болсон явдал. Түүнд Екатерина II биш харин Александр III илүү ойрхон санагдсан байна. Мэдээж хэрэг Александр III-ын тухай эцэг Тихон, Владимир Мединский нарын ярьсан домогт тэр итгэсэн байх. Заримд нь таалагддаг, заримд нь таалагддаггүй боловч тэр улс төр, гадаад бодлого, үзэл баримтлалдаа ийм байр суурь баримталдаг. Энэ нь түүнд таатай санагддаг. Энэ нь 3 юм уу 4 дүгээр мандатын хаа нэгтээ эхэлсэн. Гэхдээ энэ нь Украинаас эхлээгүй, хүүхэд үрчлүүлэх хуулиас эхэлсэн /орч. Гадаадын иргэдэд хүүхэд үрчлүүлэхийг хориглосон хууль/. Бүр үүнээс өмнө Болотный хөдөлгөөний /орч. Болотный өргөн чөлөөнд болсон сонгуулийн луйврын эсрэг хийсэн жагсаал/ жирийн гишүүдийг барьснаар эхэлсэн байх магадлалтай. Мэдээж хэрэг тэр жагсаалд зөрчил байсан юм чинь 15 хоног баривчлах нь хуулийн дагуу шийдвэр. Гэвч тэрээр баривчлагдагсдын талыг шууд сулласан. Тэр үед Медведевийн тэнцвэржүүлэлт үлдсэн мэт санагдсан боловч үгүй байсан юм. Тэр маш хатуу байр суурь эзэлж эхэлсэн. Хүүхэд үрчлүүлэх хуулийн талаар нэгэн сонирхолтой зүйл байгаа нь түүн дээр багийнх нь олон хүн ирж энэ хуулийг батлах хэрэггүй гэдгийг олон үзүүлэлтээр харуулахыг оролдсон. Жишээ нь Лавров энэ талаараа нээлттэй ярьсан: ингэж болохгүй, гадаад харилцаанд муу гэж. Голодец очоод бас л салбарт нь муу талаар ярьсан. Сангийн сайд ч гэсэн. Өөрөөр хэлбэл тэр анх удаа ил тодоор өөрийн хүрээллийн үзэл бодлыг үл тоосон. Энэ бол хаан хүрээллээсээ илүү хуучинсаг болж эхэлсний эхний дохио байлаа. Тэгээд цаашлаад Крым, Украин гээд явсан. Крым дээр гэхэд өөрт нь олон хүмүүс хэлж байсан, Крым мэдээж манайх, Оросын газар нутаг, тэгэхдээ Владимир Владимирович үүний үр дагавар ийм хүнд болно оо гэж. Мэдээж бид таны шийдвэрийг дэмжилгүй яах вэ. Гэвч тэдэнд нэг л хариу хэлж байсан. Би улс төрийн шийдвэрээ гаргачихсан, та нарын ажил бол хохирлыг багасгах, ажлаа хий гэсэн. Ийм уулзалтад орсон хэд хэдэн хүний ярьснаар энэ хариугаа олон хүнд хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл тэрээр шийдвэр гаргахдаа зөвшилцөхөө больсон буюу шийдвэр гаргах тогтолцоог өөрчилсөн.

Мандатуудын тухай миний харж байгаа өнцөг ийм байна. Одоо эхлэх 5-р мандатын талаар юу гэж бодож байна вэ гэж. Миний бодлоор шинэ сонин юм болохгүй, трэнд үргэлжлэх байх. Яг л 4 дэх мандат шиг тэр хэт хуучинсаг, хатуу, дайсантай тэмцсэн хэвээрээ үлдэх байх. Түүнийг явуулж буй бодлогоо өөрчлөх, санаанд оромгүй зүйл хийх үндэслэл олж харахгүй байна. Мэдээж ерөнхийлөгчөөс юу ч хүлээж болно. Миний бодлоор 5-р мандат маань түүнийг 6-р мандатад бэлтгэх үе байх болов уу. Гэхдээ надад нэг эргэлзээ байгаа юм. Тэр юу вэ гэхээр жил хагасын өмнөөс Путины хийж эхэлсэн хүний нөөцийн бодлогод шинэ зүйл ажиглагдаж эхэлсэн. Тэр нь юунд байв? Нийтлэлчдийн дуртай хэлээр ярих юм бол тэр ахан дүүсээ, үеэлүүдээр сольж эхэлсэн.

Өөрөөр хэлбэл та бүхэн түүний сүүлийн жил хагасын амбан захирагчдын томилгоог харвал ихэнхдээ 40-45 насныхан байгаа юм. Шинэ үе, Горбачевын үе.

Тэд нэгдсэн нэг үзэл суртал байхгүй, хаос бужигнааны үед насанд хүрээд ихэнх нь төрийн албанд багахан хэсэг нь бизнесд хөлөө олсон хүмүүс. Ийм хүмүүс амбан захирагч болсон. 

Сайн харья. Орлогч сайд нарын томилгоо-40 нас. Цэргийн тойргийн командлагч нарын томилгоо 45 нас. Сирийн дараах генералуудын томилгоо 40-50 нас. Товчхондоо түүнийг чи гэдэг эсвэл “Вова” “Володя” өөр ямраар ч дууддаг юм найз нөхөд, нэг үеийнхэн нь аажмаар холдож байна. Түүнд хамгийн ойр дотно байсан хүмүүс. Хамгийн гол албан тушаал болох Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар хамтран ажиллаж байсан хүн биш, найзыгаа биш, үзэл суртал, хүмүүжил, боловсролын хувьд өөртэйгээ адил хэн нэгнийг биш Антон Вайног томилсон. Вайногын аав нь намын удирдлагад байсан нь үнэн, гэхдээ тэр өөрөө Гадаад Яамны гаралтай, шал өөр боловсрол, хүмүүжилтэй хүн.

Дахиад хэлэхэд, Путины хийсэн сүүлийн 100 гол томилгоог авч үзвэл дундаж нас 42,5 байна. Энэ юу гэсэн үг вэ? Яаж тайлбарлах вэ? Үеийнхэн нь үхээд дууссан эсвэл ядаргаанд орсон юм биш. Энэ бол зорилготой, маш чимээгүй явуулж байгаа бодлого гэж би хэлнэ. Энэ томилогдсон хүмүүс бол технократууд буюу ямар ч даргатай ажиллах чадвартай хүмүүс. Дарга солигдсон ч тэдний ихэнх нь ажиллаж л байна.

Эцэст нь түүний консерватив үзлийг харуулах нэг баримт бол төсөв юм. Хууль, хүчний байгууллагуудад хамаагүй илүү их төсөв хуваарилсаар байна. Уржигдар гэхэд Ерөнхий прокурор үг хэлэхдээ, Ерөнхий прокурорын газрын гол зорилт бол хууль бус жагсаал цуглаантай тэмцэх юм гэсэн. Энэ бол Ерөнхий прокуророос хамтран ажиллагсаддаа хандаж хэлсэн үг. Ямар нэгэн цай хоолон дээр ярьсан яриа биш. Өөрөөр хэлбэл та бүхэн хэлмэгдүүлэлтийн гэх байх, минийхээр бол цагдсан, хуучинсаг байр суурийг харж байна. Энэ нь өөрт нь ямар байгааг мэдэхгүй юм. Өөрт нь таатай байгаа учраас ийм бодлого явуулж байгаа юм уу эсвэл дотоод гадаад бодлогын үр дүнд ийм бодлого барих болов уу.

Ийм учраас дотоодын зөрчил улам нэмэгдэх төлөвтэй байгаа гэж харж байна. Ер нь дүгнэхэд Путины шинэ мандат эдийн засгийн хувьд их хүнд хэцүү болно байх, харин гадаад бодлого, инститүцийн бодлогын хувьд гадны дайсантай тэмцсэн, өөрсдийгөө гаднаас тусгаарласан хэвээрээ байх болно гэж бодож байна. Ингээд яриагаа дуусгая даа.

 

Орчуулсан,

С.Энхтөр

 

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon