Энэхүү нийтлэлийг Д.Баярхүүгийн Блүүмбэрг ТВ-д өгсөн ярилцлагын шүүмж, хариу болгон бичив. Буруу ташаа ойлголт, түүхэн үйл явдлын өрнөл, баримт зэрэг шүүмжлэх зүйлс тоймгүй олон байсан тул нийтлэг зөв ойлголт өгөх нь зүйтэй гэж бодлоо. Ингэхдээ: Юу? Яагаад? Цаад учир шалтгаан нь юу юм? Монголчууд бидэнд ямар хамаатай юм? Зэрэгт асуултуудад хариулахыг хичээлээ.
Зураг 1: (Сулейманигийн оршуулга, Тегеран хот. ЭС: Ираны удирдагч Аятолллах Хаменейгийн оффис.)
Юу болов?
Өнгөрөгч 1 дүгээр сарын 2-нд Катаиб Хезболла бүлэг Багдад дахь АНУ-ын ЭСЯ-ны гадаах эсэргүйцлийн жагсаалаа зогсоох шийдвэр гаргав. Удалгүй Дональд Трамп нь Иракийн Ерөнхий сайд Адел Абдул Махди-тай утсаар ярьж АНУ-Ираны хороонд зуучилж өгөхийг хүсчээ. Гэвч маргааш өглөө нь буюу 1 дүгээр сарын 3-ны үүрээр, Трампын тушаалын дагуу Багдадын онгоцны буудалд Бейрут-аас нисэн ирсэн Касем Сулейманийг устгав. Түүний хамтаар Сулейманийг угтан авсан Катаиб Хезболлагийн тэргүүн Абу Махди Аль-Мухандис алагдав. Сулеймани Багдадад ирэхдээ Саудын Арабын зүгээс тавьсан бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах саналын хариуг дамжуулах зорилготой байжээ. Өөрөөр хэлбэл АНУ-ын Ерөнхийлөгч Иракийн ерөнхий сайдыг хуурахаас гадна 2014 оноос хойш АНУ-тай хамтран Исламын улсын эсрэг байлдаж ирсэн томоохон бүлгийн тэргүүнийг устгав.
Яагаад?
Шууд шалтгаан нь бол Трамп АНУ-ын ЭСЯ руу дайрсан үйлдлийн хариуг авсан бөгөөд Сулеймани АНУ-ын ашиг сонирхолд халтай үйл ажиллагааг төлөвлөж байсан гэх. Катаиб Хезболла нь харин өнгөрөгч 12 дугаар сарын 29-нд Ирак-Сирийн хэл орчим агаарын довтолгоон үйлдэж уг бүлгийн 25 дайчдыг устгаж, 50 гаруй хүнийг шархдуулсан үйлдлийн хариуд АНУ-ын ЭСЯ руу халдсан. АНУ энэ цохилт үүнээс 2 хоногийн өмнө Киркукийн ойролцоох АНУ-ийн К1 цэргийн бааз руу Катаиб Хезболла пуужин харваж 1 гэрээт ажилтан алагдаж хэд хэдэн цэргийг гэмтээсний хариуг барьсан юм.
Яагаад заавал одоо гэж?
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео сүүлийн хэдэн сарын турш Сулеймани-г устгуулахаар Трампыг шахалт үзүүлсэний хүчинд өөрийнхөө зорилгод хүрсэн талаар АНУ-ын Вашингтон Пост сонин мэдээлж байна. К1 бааз руу хийсэн халдлагын дараагаар Пентагоны зүгээс Трамп-д хэд хэдэн боломжит хариу арга хэмжээ санал болгосны дотор Сулеймани-г устгах хувилбар байсан аж. Хэдийгээр шууд түүнийг алах шийдвэрээ гаргаагүй ч гэсэн ЭСЯ дахь үйл явдлын дараагаар Трамп тушаал өгч яаравчлан тусгай ажиллагааг зохион байгуулсан байна. Үүнд нь импичменттэй холбоотой АНУ-ын дотоодын улс төр нөлөөлсөн өөрийнх нь жиргээнээс харагдана.
Түүнээс хойш нөхцөл байдал хэрхэн өрнөв?
Иракийн Парламент ээлжит бусаар хуралдаж, хэдийгээр Курд намууд уг хуралдааныг бойкот хийсэн ч гэлээ, АНУ-ын цэргүүдийг Иракийн газар нутгаас гаргахаар санал нэгдэв.
Пентагон-оос Иракийн Батлан Хамгаалах Яам-д хандсан “бид таны шийдвэрийг хүндэтгэн Иракаас цэргээ гаргаж эхлэх болно” гэсэн утга бүхий захиа хэвлэлд алдагдав. Пентагон уг захиаг албан ёсных мөн боловч Иракаас цэргээ гаргах шийдвэр гаргаагүй хэмээн мэлзэв.
Сулеймани, Мухандис нарын оршуулга 5 дахь хоногтоо 2 улсыг дамнан үргэлжилж олны хөлд мөн хэдэн арван хүн дарагдан амиа алдав. Сүүлийн хэдэн сар Иран, Ирак үргэлжилж байсан авилга, хээл хахууль, засгийн газрыг эсрэг жагсаалууд мартагдаж амь үрэгдсэн “баатрынхаа” дор Ираны ард түмэн нэгдэв.
Өнөө өглөөний баллистик пуужингийн цохилт бол Ираны зүгээс нөхцөл байдлыг зөвөөр үнэлж, хязгаарлагдмал хүрээнд өнгөцхөн “хурцатгаж”, дотооддоо цугларсан улс төрийн уур амьсгалыг нэг тийш нь чиглүүлэх алхам байв.
Ирак дахь АНУ цэргийн базад шууд өөрийн газар нутгаас цохилт өгөх нь дайнд бэлэн мэт дүр зураг боловч АНУ-ийн талд бүрэн хэмжээний дайн өдөөх шалтаг өгөлгүй, бүс нутгийн Израйль, АНЭ, Саудын Араб зэрэг улсуудад Вашингтон дахь нөлөөгөө ашиглан нөхцөл байдлыг намжаахыг сануулсан алхам юм.
Зураг 2: (Пентагоноос Иракийн БХЯ-д хандсан захианы хуулбар) (ЭС: Вашингтон Пост).
Хэн хожиж, хэн хохиров?
Уг үйл явдлын хамгийн том хохирогч нь АНУ-ын гадаад бодлого. Учир нь 2003 оноос хойш олон зуун тэрбум ам.доллар татвар төлөгчийнхөө мөнгийг зарцуулж Иракийг ардчилсан энх тайвныг авчрах гэсэн оролдлого нь замын хагасаас Вашингтоны шууд улс төр, цэргийн оролцоогүйгээр цааш үргэлжлэх нигууртай болж байна. Яагаад гэвэл Иракийн Катаиб Хезболла бүлэг АНУ-ын ЭСЯ-ыг хаахыг шаардаж, улмаар Иракийн армид АНУ-ын цэрэг, дипломат төлөөлөгчдийг өөрсдөөс нь хамгаалахгүй байхыг сануулж буй юм. 2000-аад онд АНУ-ын эсрэг ширүүн тулалдаж байсан Иракийн цэрэг, улс төр, шашны томоохон зүтгэлтэн Моктада аль-Садр “Махди-ийн арми”-ийг дахин байгуулахаар шийдэв. АНУ-ын эсрэг улс төрийн уур амьсгалын бодит байдал ийм аж.
Уг үйл явдлын өөр нэг томоохон хохирогчид бол Иран, Иракийн энгийн иргэд, тэр дундаа авилгал, хээл хахуульд баригдсан төрийнхөө эсрэг дуу хоолойгоо зоригтой илэлрхийсэн активистууд, тэдний гэр бүл, дарамт шахалтаас айгаагүй сэтгүүлчид, иргэний нийгмийнхэн. Өнгөрсөн намрын турш Иран, Иракийн томоохон хотуудад болсон жагсаал цуглаануудад амиа алдсан хүмүүсийн шаардлагуудыг одооны улс төрийн уур амьсгалд санах хүн байхгүй л болов уу.
Курдууд Иракийн аль нэг шашин, угсаатны бүлэг давамгайлж эхлэхэд хамгийн түрүүнд хохирогчдын нэг ба дотроо Катаиб Хезболла зэрэг олон арван зэвсэгт бүлгийн багтаасан Хашд Аль-Шааби болон Иракийн зэвсэгт хүчний эсрэг зогсож чадахгүй гэдгээ 2017 онд болсон хямралаар харуулсан.
Уг үйл явдлын хамгийн том ялагч нь мэдээж Исламын Бүгд Найрамдах Иран улсын эрх баригч дэглэм. Эдийн засгийн хориг арга хэмжээ, дотоод улс төрийн шахалт зэрэг олон шалтгааны улмаас үе үе легитим чанарын хямралд ордог Тегеран энэ удаад ард түмнийхээ хамгийн нэр хүндтэй хүүг “дайсны гарт” алдсанаар олон нийтийг санаа бодлыг нэгтгэх, ард түмнээ гадаад аюулын эсрэг уриалах, улмаар дэглэмийнхээ насыг уртасгах хосгүй боломжтой болов. Түүнийгээ ч тултал нь ашиглаж чадаж байгааг бид оршуулгын цуваанаас харж байна. Дотооддоо олон нам, ашиг сонирхлын дагуу хуваагдсан Иракийн улс төр, олон нийтийг АНУ-ын эсрэг турхирах ховор боломж олдож, ганцхан “цэргийн” үнэ цэнээр АНУ-г бүс нутгаас гаргах боломжоо ашиглаж чадвал Сулейманигийн ч мөрөөдөл мөн биелж буй хэрэг. Чухам тэгвэл энэ эрхэм хэн байв? Түүний үхэл яагаад үл ойлгомжгүй их шуугиан дагуулах болов?
КАСЕМ СУЛЕЙМАНИ, БОДИТ БОЛОН ХИЙСВЭР ДҮР
Сулеймани-гийн намтрын өгүүлж цаг үрсний оронд Ираны батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын стратегийн талаар тайлбарлах нь илүү үр дүнтэй.
Хэдийгээр хэвлэл, олон нийтийн сүлжээгээр Дэлхийн гуравдугаар дайн эхлэх гэж буй мэт шуугин цуурсан ч уламжлалт дайн буюу “танкны эсрэг танк” хэлбэрийн байлдаанаар өөрийн аюулгүй байдлаа хангаж чадахгүй гэдгийг Тегранд маш сайн ойлгодог ба үүнийгээ ч 1988 онд Персийн буланд болсон мөргөлдөөнөөр сурсан. Тиймээс цэргийн стратегийн хэллэгээр ассиметри үүсгэх буюу дайсны тал нь ижил төрлийн арга хэрэгсэл ашиглах, хийсэн үйлдэлд нь шууд хариуцлага тооцох боломжгүй арга хэлбэр нь Исламын Бүгд Найрамдах Улс оршин тогтнож буйн гол шалтгаан.
1979 онд Исламын хувьсгал ялсан цагаас хойш Ойрх Дорнод дахь барууны орнуудын ашиг сонирхол, тэр дундаа АНУ болон түүний холбоотнуудыг хохироох чадал бүхий прокси бүлгүүдийг тэтгэж, харилцаа тогтоож ирсэн ба эдгээрт нөхцөл байдлаас шалтгаалан Ясир Арафатын Палестинийг Чөлөөлөх Байгууллага, Талибан хадөлгөөн зэргээс авхуулаад манай “ахан дүүс” болох Хазара нараас бүрдсэн Фатемиун бригад хүртэл энд багтана. Чухам хэрэгтэй үедээ Ливаны Хезболла-аар дамжуулж Тель-Авив руу пуужин харвуулж чадаж байна гэдэг нь Тегераны хамгийн том давуу тал ба “strategic deterrent”. Үүнийг Тель-Авив ч сайн ойлгож буйн нотолгоо нь 2000 онд Ливаны өмнөд хэсгээс цэргээ гаргасан, 2006 онд Хезболла-тай хийсэн дайнд ялж чадаагүй зэргээс харж болно.
Тэгвэл Сулеймани энэ дүр зурагт хаана байрлаж байсан юм бэ? Тэрээр Ираны зэвсэгт хүчний зөвхөн гадаад орнуудад үйл ажиллагаа явуулдаг “Аль-Кудс”(Иерусалим хотын Араб нэр) хэмээх нэгжийн командлагч байв. Өөрөөр хэлбэл газрын зурагт үзүүлсэн бүх прокси бүлгүүдтэй харилцах харилцаа, мөнгөний урсгал, зэвсэглэл, цэргийн тусламж, сургалт, хээл хахууль, дарамт шахалт, нууц ажиллагаа зэргийг гардан хариуцдаг хүн нь байв. Мэдээж түүний хамтаар бүхэл бүтэн бүтэц ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч цэргийн стратегийн хувьд Сулейманигийн тэргүүлж байсан байгууллага нь Иран улсад ямар ч цөмийн хөтөлбөр, уламжлалт цэрэг дайны зэвсэглэл, кибер нөөц бололцоо, баллистик пуужин зэргээс илүү амин чухал ач холбогдолтой.
Зураг 3: (Иран холбоотон зэвсэгт бүлэглэлүүд) (ЭС: Еврази Групп).
Сулеймани үнэхээр тийм чухал хүн байвуу, түүний үхэл Ираны батлан хамгаалах стратегид нөлөөлөх үү гэвэл бас үгүй юм. Үүнд бид нэг хүнээс хэт их хамааралгүй бөгөөд түүний хажууд мөр зэрэгцэн ажиллаж ирсэн хүмүүс өөрийнх орыг залгаж үлдэж байгаа гэдгийг санах хэрэгтэй. Тэгвэл яагаад ийм их шуугиан дэгдэх болсон талаар антопологи/социологи талаас нь тайлбарлах гэж үзье.
Шийтийн шашин болоод Перс соёл уламжлалд олноор хүндлэгдэх, үлгэр жишээ нийгмийн зүтгэлтэн байхын тулд тодорхой хэв шинжид багтах маш чухал байдаг. Шашин талаасаа энэ нь мэдээж шудрага ёсыг дээдлэх, “их шүүлтийн өдөр” буюу “Махди”-г эргэн ирэх өдрийг хүлцэнгүйгээр хүлээх бол соёл талаасаа энэ нь төлөв даруу байдал, нэр төрөө эрхэмлэх, өөртөө итгэх итгэл зэрэг буюу Монголчуудын хэлж заншсан “их мөрөн дөлгөөн“ гэж болох хүчин зүйлс. Цахим ертөнц хөгжсөн үед Ираны дэглэмд нь өөрийн нүүр царайг илтгэх дүр төрх, пропагандын хэрэгсэл хэрэгтэй болоход Кассем Сулейманигийн амьдрал, аяг, байгуулсан гавьяа зэрэг нь төгс тохирч байсан юм. Мэдээж түүний дайны талбар дахь чадвар, хүмүүсийг дагуулах харизм зэрэг нь суурь нөхцөлүүд боловч пропагандын машин ажиллалгүйгээр түүний нэр хүнд Путин-ыг “ичээм” 80 хувьтай байхгүй байхсан бизээ.
Зураг 4: (Кассем Сулеймани Нью-Йоркер сэтгүүлд.)
Барууны сэтгүүл зүй түүний хийсвэр дүр төрхийг мөн бий болгоход өөрийн гэсэн хувь нэмэр оруулсан нь мэдээж хэдий ч энэ нь Ойрх Дорнодыг ерөнхийдөө “харийн”, “экзотик” хэмээн төсөөлөх уламжлалт ойлголт одоо ч гэсэн хүчтэй гэдэг нь Нью-Йоркерийн “Сүүдрийн командлагч” зэрэг нийтлэлээс авхуулад бараг бүх хэвлэлээс “үнэртэнэ”. Эдвард Саидын “Ориентализм”, Бернард Льюис хоёр энэ дихотомийн хочр туйл болов уу.
Шийтийн шашны гол баатар болох Имам Хүсейн МЭ680 онд Кербелагийн тулалдаанд үнэн мөний төлөө баатарлагаар амь үрэгдсэний адилаар АНУ-ын эсрэг үзэл суртлын дайнд Сулейманигийн дүр төрх амьддаа бус харин үхлийнхээ дараа илүү ихээр хэрэг болно. Үүнийг л хүсэж байсан мэт Ираны одоогийн удирдагч Имам Хаменей түүнийг амьд ахуй цагт нь “хувьсгалын амьд золиос” хэмээн нэрлэдэг байв.
Цаашид юу болох вэ? ил зэвсэгт мөргөлдөөний магадлал
Шулуухан хэлэхэд уламжлалт, улс хоорондын дайн болох магадлал байгаа боловч энэ нь Ираны удирдагчид энэхүү мөчийг хэрхэн ашиглахаас ихээхэн хамааралтай.
Дотоодын консерватив хүчнүүдийн шаарлагад автаж Тегеран цэргийн, эсвэл өөрийн холбоотон зэвсэгт бүлэглэлүүдээр дамжуулан хариу халдлага үйлдвэж нөхцөл байдлыг даамжруулбал Трамп нөхцөл байдлыг даамжруулахгүй гэж баталгаа байхгүй. Харин өнөөдрийн хязгаарлагдмал цохилт нь АНУ-ын иргэний аминд хүрээгүй, дараахан нь Жавад Зариц нөхцөл байдлыг намжаах мэдэгдэл хийж байгаа зэргээс нь “тунг нь нарийн” тааруулсны жишээ. Энэ эрсдэлийг зөв тооцоолох, үнэлэх нь Иерусалим, Риад, Тегеран, Багдад, Доха, Абу-Дабигийн бүгдэнгийнх нь асуудал болоод байгаа ба бөмбөг Трамдын талд шилжсэн үед АНУ-ын Конгресс болон Израиль, Булангийн орнуудын ашиг сонирхлыг хамгаалагч лоббичид одоо нөхцөл байдлыг намжаах талаар ажлаа хийх ёстой.
Иран-АНУ хоёрын хооронд ил зэвсэгт мөргөлдөөн гарах эрсдэл урьд өмнө байгаагүй үлэмж боловч, уг харилцаанд хамгийн тааварлаж болзошгүй хүчин зүйл бол мэдээж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп. АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн саяны адил цэргийн ажиллагааны шийдвэр гаргах механизм, эрсдэлийн үнэлэлтийн систем нь урьдын адил ажиллахгүй байгаа нь илт байна.
Одоогийн нөхцөл байдлын парадокс нь юу вэ гэвэл хэдийд ямарч хариу цохилт өгч болзошгүй мэт ойлгогддог Ираны тал энэ удаад илүү рационал бөгөөд хариуцлагатай тал нь болж хувирсан явдал юм. Хэдийгээр 13 төрлийн боломжит сценари боловсруулж АНУ-ын эсрэг өшөө авна хэмээж буй боловч Сулейманигийн үхлийн дараах эхний алхмууд нь Теграны хариу үйлдэл бодит гэхээсээ илүү бэлгэдлийн шинж чанартай байх болов уу гэсэн итгэл төрүүлж байсан ба үүнийгээ ч харууллаа. Эдгээр 2015 оны цөмийн хэлэцээрийн эрх үүргээ биелүүлэхээ бүрэн зогсоосон хэдий ч гэрээнээс гараагүй явдал, мөн Сулейманигийн оршуулгын үеэр “АНУ бүс нутгаас гарвал хамгийн том өшөө авалт болно” хэмээн сурталдаж буй Ираны гадаад хэргийн сайдын мэдэгдэл зэргээс харж болно.
Товчхондоо Тегеран улс төрийн нөхцөл байдлыг боломжийн хэрээр нь ашиглаж Иракаас АНУ-ын цэргийнг гаргахыг эрмэлзэх болно. Түүнчлэн ирэх 2 дугаар сард болох Ираны дотоодын Парламентын сонгуульд ирц өндөртэй байлгах, мөн консерватив намуудын төлөөллийг түлхүү ялуулах бодолтой байгаа биз ээ. Тэгж гэмээн дэглэмийн амьдрах чадвар бэхжиж, гадны нөлөө багасах, улмаар дотоодын тэрслүү дуу хоолойг дарах нөөц бий болох юм. Харин ялах бус харин амьд гарах нь чухал стратегийн тоглоомд АНУ-ын эсрэг жинхэн утгаар нь өшөө авах нь урт хугацаандаа хэзээ ч, бас ямар ч хэлбэртэй байж болно.
Бүрэн хэмжээний зэвсэгт мөргөлдөөн гарахгүй өөр нэг шалтгаан бол саяхныг болтол Вашингтоныг Ираны эсрэг турхирч байсан бүс нутгийн орнууд болох Саудын Араб, Израйль, Арабын Нэгдсэн Эмират зэрэг нь стратегийн нөхцөлд байдалд дахин үнэлэлт өгч Тегераны хариу үйлдэл бүгдэнгийнх нь эрх ашгийг хөндөх вий гэдгээс айж байгаа. Риад, Абу-Даби нарын хувьд энэ нь мэдээж өнгөрсөн 9 сард дэлхийн хамгийн том газрын тос боловсруулах цэг болох Абкайк-ийн халдлагын дараа гарсан өөрчлөлт. Хэн хаанаас хийсэн нь тодорхойгүй ч Йемений Хути нар хариуцлага хүлээсэн уг халдлага Тегераны ашиг сонирхолтой нягт холбоотой нь хэнд ч ойлгомжтой ба агаарын довтолгооноос хамгаалах системийнхээ цоорхойг ойлгосон Риад нь Сулейманигийн үхлийн дараагар яаравчлан батлан хамгаалахынхаа дэд сайдыг Вашингтон руу илгээн нөхцөл байдлыг намжааж буй юм. Ирэх 3 дугаар сард дахин нэг удаа сонгууль хийж буй Израйлийн хувьд ч гэсэн аливаа хурцадмал байдал хэрэггүй байгаа нь мөн харагдана. Ираны аюулгүй байдалд АНУ зүгээс заналхийлсэн хэвээр байгаа цагт, мөн Тегераны батлан хамгаалах чадавхид урт хугацааны оршин тогтнох баталгаа (Жишээ нь цөмийн зэвсэг) гарч ирээгүй цагт бүс нутгийн хурцадмал байдал үргэлжлэх нь тодорхой. Гэвч яг өнөөдрийнх шиг ийм эрсдэлтэй байдал Дональд Трамд, Майк Помпео нараас бусад хүмүүсд ашиггүй.
МОНГОЛЧУУД БИД ҮҮНЭЭС?
Эдийн засгийн хүчин зүйлс, эрсдэл нь ойлгомжтой боловч төсөвтөө жилд 42 сая тонн нүүрс экспортлоно гэж бичээд, зээл тэглэнэ гэж яваа улсад АНУ-Ираны асуудлыг зөв үнэлж, бодлогодоо тусгана гэдэг холын зэрэглээ мэт мөрөөдөл биз.
Үүнийг орхиод, бидэнд хамаатай өөр нэг зүйл гэвэл Иракийн дайны дараагаар тус орны соёлын дурсгалтай юу тохиолдсон тухай санахад хангалттай. Трамп хэдий соёлын ач холбогдол бүхий өвийг онилсон гэдгээ зарласан боловч Монголчууд бидний түүхтэй холбоотой дурсгал эдгээрт байхгүй, байвал жагсаалтын нилээн ардуур л байгаа болов уу. Бодит эрсдэл нь гэвэл харин ямар нэгэн үймээн, хурцадмал байдлын үр дүнд Иранд тодорхой хэмжээний эмх замбараагүй байдал, хүчний вакуум үүсч соёлын өв зандалчдын гарт өртөх магадлал юм. Хэдий холын мэт сонсогдох хувилбар боловч энэ бол биднээс огт хамааралгүй өрнөх сценари. Өлзийт хааны бунхан, Исфахан дахь түүний мөргөлийн индэр зэрэг бүрэн сүйддэггүй юмаа гэхэд аль нэг хэсэг нь алга болох, хэсэгчлэн гэмтэхэд л та бидний хосгүй өв хохирно.
Хосгүй гэдгийг нь очиж үзсэн хүний хувьд батална.
Хятад, Орос зэрэг хөршүүдтэй маань харьцуулахад бидэнтэй угсаа гарвал нэгтэй Монгол үндэстнүүдээр минь дамжуулан өөрсдийн үндэстний нарративыг бидний түүхийг ашиглан бэхжүүлэх шаардлага Иран Улсад байхгүй. Харин манай түүхийн, тэр дундаа их гүрний түүхэн туршлагын хамгийн өхь нь болсон соёл, урлаг, уран барилгын гайхамшиг зөвхөн энд л байгаа. Тэр утгаараа бид азтай. Гэхдээ үүний төлөө санаа зовохын өмнө бид бас түүхээ хангалттай мэддэг, судлаачид нь ч бас академик эрх чөлөөтэй орчинд бүтээж туурвидаг болох ёстой.
Зураг 5. Өлзийт хааны бунхан (ЭС: http://www.amotrip.com/)
Нүүр зургийн эх сурвалж: News.mn
Goyo. Bayrlalaa
Юу бичцэн юм бэ.ойлгомжгүй нуршуу .талибанууд яахаараа шийтүүдтэй хамаатай болдог юм
Love you bro <3
мэргэжлийн хүний хувьд маш сайн үндэслэлтэй юм бичжээ. цаашдын судалгаанд нь амжилт хүсэе