Боловсрол бол бүх нийтийн үйл хэрэг бөгөөд боловсролын систем дэх бүх оролцогч талууд чанартай боловсролын үйлчилгээнд хувь нэмрээ оруулах үүрэгтэй байна. Боловсролын зорилгыг тодорхойлж байгаа үйл явц хүмүүсийн нийгмийн анги давхрага, хувь хүний бүрэлдэн тогтсон оюуны төлөвшил, экзистенциал үзэл хандлага болон идеологиос нь хамаараад нь маргаантай, янз бүр байдаг. Зарим хүмүүсийн боловсролын зорилгыг тодорхойлох гэсэн оролдлого нь барууны түгээмэл соёлын үнэт зүйл, үзэл санаа, хэл соёлыг заах ёстой гэх зэрэг зарчимд үндэслэсэн колоничлолын маягийн сэтгэлгээтэй холбоотой байж болох юм. Мөн боловсролын байгууллагууд ямархуу иргэдийг нийгэмд бэлдэж байгааг тасралтгүй ажиглан судалсны үндсэн дээр академик болон амьдралын туршлагадаа дулдуйдан боловсролын зорилгыг тодорхойлох гэж хичээдэг нийгмийн хэсэг бүлэг бас бий. Ямартай ч өөрийнхөө ашиг сонирхолд илүү үйлчилж байгаа гэж үзсэн боловсролын зорилгыг хүмүүс дэмжихээ илэрхийлэх нь нийтлэг үзэгдэл. Жишээлбэл энгийн дундаж амьдралтай хүмүүс боловсрол эзэмшснээр нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлнэ гэж боддог бол баян чинээлэг амьдралтай иргэд боловсролыг улс төр, эдийн засгийн илүү их эрх мэдэл, статус олж авахад ашиглах хэрэгсэл гэж үзэх магадлал илүү өндөр юм.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөлд тусгасан боловсролын зорилгуудыг харвал хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэмд амьдрах эрх чөлөөт иргэдийг бэлдэх нь чухал гэдэгтэй уялдсан эсэх нь эргэлзээтэй. БШУ-ы сайд боловсролын багц хуулийг Үндсэн Хуулийн дараа орох бага үндсэн хууль хэмээн мэдэгдсэн. Миний мэдэж байгаагаар сүүлийн 10-аад жилийн турш Боловсролын багц хуульд өөрчлөлт оруулах гэж байна гээд яам болон бусад байгууллагуудаас саналаа өгөөрэй гэсэн мессеж явсан билээ. Боловсролын багц хууль УИХ-д өргөн баригдсан хэдий ч парламентийн гишүүд саналаа өгөхийг олон нийтэд уриалж байгаа тул багш хүний хувьд өөрийн санал бодлоо нэмэрлэхийг хичээж энэхүү нийтлэлийг бичлээ.
Юуны өмнө өнөөгийн боловсролын салбарын засаглалын хомсдол, менежментийн хямралын бодит байдлыг товч эргэцүүлэн авч үзэх шаардлага тулгарч байна.
Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсрол олгож буй өнөөгийн байдал, үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитаар 2016-2020 онд БШУЯ боловсролын мастер төлөвлөгөөгүй ажилласан нь Боловсролын тухай хуулиа зөрчсөн гэж Үндэсний Аудитын Газар үзэж байна. Түүнчлэн салбар хоорондын эрхзүйн зохицуулалтууд хоорондоо уялддаггүйгээс хийдэл үүсдэг, МУ-ын жил бүрийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд боловсролын бодлогын зорилтуудыг бүрэн тусгадаггүй, өмнөх хуулиуд нэгдсэн үзэл баримтлалгүй явсаар өнөөдрийг хүрсэн. БШУ-ны сайд Засгийн Газрын бусад гишүүд, сайдуудтай хамтран батлах 24 журам дүрэм, хөтөлбөр стандартыг батлалгүй орхисон байх юм. Мөн Засгийн газар нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын хүүхдийн тооноос хамаарсан өсөн нэмэгдэх итгэлцүүрийг жил бүр шинэчилж батлах ёстой хэдий ч 2016 онд батлаад дахиж шинэчлээгүй гэлээ. Үүнээс үүдээд багш нарын цалингийн сан бага, хүрэлцэхгүй хэмжээнд байна гэсэн нь боловсролыг тэргүүлэх салбар гэж тунхагласаар ирсэн эрх баригчдын ажил хэрэгт хариуцлагагүйн "зуд нүүрлэсний" илрэл мөн. Боловсролын салбарын төсвийн төлөвлөлт ба гүйцэтгэл тааруу, ямар үндэслэлээр тооцоолж төсвөө хуваарилж байгаа нь тодорхойгүй байгааг одоо хэлэлцүүлж байгаа хуулийн төслөөр засч сайжруулах оролдлого хийж байгаа нь сайшаалтай.
Түүнчлэн боловсрол сургалтын байгууллагын өмчийн хэлбэрийн талаар хуулийн зохицуулалт хангалтгүй, сургуулиудын статус тодорхойгүй хэвээр байгааг засч сайжруулах, шийдэлд хүрэхийн тулд УИХ-ын БСШУС-ын Байнгын Хорооноос ойрын үед хэлэлцүүлэг хийх төлөвтэй байна. 2019 оны байдлаар төрийн өмчит ЕБС-ийн гурван хичээлийн байрны нэг нь 40-өөс дээш жил болж ашиглалтын хугацаа дууссан. Боловсролын яам улсын хэмжээнд 71-100 жил ашиглагдаж байгаа 11 сургуульд шинээр хичээлийн байр барихын оронд 9 суманд ямар ч судалгаа тооцоогүйгээр нэмэлт сургууль барьж төсвийн хөрөнгийг үр ашиггүй заржээ.
Боловсролын салбарын багшлах боловсон хүчнийг бэлтгэдэг, сургаж хөгжүүлдэг Багш нарын Мэргэжил Дээшлүүлэх Институт, БСУГ-ууд болон их дээд сургуулиуд уялдаа холбоогүй ажилладаг нь тогтоогдсон, улмаар багшийн ачаалал, хүрэлцээний байдал сургалтын чанарт сөрөг нөлөө үзүүлсэн гэдэг анхааруулга өгсөн, аудитаар нийт 200 гаруй тэрбум төгрөгний зөрчил илэрсэн гэхчлэн дурдаад байвал зөрчил дутагдлууд мундахгүй их ажээ.
Юутай ч эрх баригчид тогтолцооны шинэчлэл хийхээр зорьж хүүхэд бүрт сурч боловсрох тэгш боломжоор хангах бодлого боловсруулж хуульчлахаар ярьж байна. Гэхдээ 21-р зуунд шаардагдах мэдлэг, ур чадвар, ковидын нөхцөл байдал, суралцагчдын нийгмийн статус, ялгаатай онцлог, хөгжлийн бэрхшээл,онцгой авьяас чадварыг харгалзсан эрх тэгш байдал, шударга ёсыг зүй зохистой хангах түвшинд реформ хийх хэмжээний хуулийн төсөл боловсруулж хэлэлцэхгүй байна гэж би хувьдаа харж байна. Аливаа хуулинд заагдсан тэгш боломжийг иргэд эдлэх нь шударга ёсыг ханган баталгаажуулсан гэсэн үг хараахан биш бөгөөд тэгш боломжоос илүү эрх тэгш байдал (equity), шударга ёсыг (justice) хангахад болон тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалт, шударга бус байдлыг арилгахад чиглэсэн стратеги байх хэрэгтэй юм. Санхүүжилтээр дамжуулж тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтыг гүнзгийрүүлэхгүй байхын эсрэг явж байгаагаа зарласан хэрнээ данхайсан төсөвтэй, зорилго нь тодорхойгүй төрийн өмчит Кембрижийн сургуулиудыг нэмж барихаар хуульчлах гэж зүтгэж байна. Боловсролын чанарын ялгааг төр өөрөө өдөөж байгаагийн сонгодог жишээ бол эдгээр олон улсын хөтөлбөртэй улсын сургуулиуд атал энэ талаар хийсэн цогц судалгаа, анализгүйгээр илтгэл сонсох хэмжээнд хууль тогтоогчид ажиллаж байгаа нь туйлын харамсалтай. БШУЯ-ны сайд төрийн сургуулиуд Кембрижийн хөтөлбөрийг үнэгүй хэрэгжүүлж байхад хувийн Кембрижийн сургуулиуд яагаад 5 - 15 сая төгрөгний төлбөртэй байгааг гайхаж байна хэмээн телевизээр ярьсан. Үүний оронд Монгол улсад ерөнхий боловсролын сургуулиудын хэв шинж, статус ямар байхыг тогтоож тодорхойлоогүй, хуулийн төслүүд тэгш боломж (equality)-оос эрх тэгш байдал (equity)-д илүү анхаарах тал дээр дутуу дулимаг, цоорхойтой бичигдсэн байгаад анхаармаар юм. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй болон хөгжлийн ялгаатай онцлогтой хүүхэд залууст сурах сургууль, боловсролын наад захын үйлчилгээ дутагдалтай хэвээр байна. Боловсролын үйлчилгээнээс нэг ч хүүхдийг хоцроохгүйн төлөө ажиллана, хүүхэд бүрийн онцлогт тохирсон хөтөлбөрүүд байх ёстой гэж үзэж байгаа бол эцэг эхчүүдэд, хүүхдүүдэд бодитой тэгш боломж олгомоор юм. Даам гарчихсан, сурахгүй бол болихгүй юу гээд очсон хүүхдүүдийн эрхийг зөрчдөг, хоцрогдсон, төр нь өөрөө ч анхаардаггүй хэдэн төрийн өмчит тусгай сургуультайгаа таг гацсан байдалтай хичнээн жилийг үдэх билээ. Тиймээс тусгай статустай сургуулийн хууль эрх зүйн зохицуулалтыг төгөлдөржүүлэх, гоц авьяастай хүүхдүүдийн боловсролд анхаарах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх зэргээр амьдралд нийцсэн эрх зүйн өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Ганц жишээ дурдахад зарим аутизмтай хүүхдүүдийг тохирсон сургалтаар нь сургаж хөгжүүлээд энгийн хүүхдүүдтэй хамт суралцуулах хүртэл үйлчлэх завсрын АВА сургалт ус агаар шиг дутагдаж байна. Санхүүгийн боломжтой эцэг эхчүүд хүүхдээ тохирсон сургалтад хамруулахаар гадаад орныг олноороо зорьцгоож эхлэв. Гоц авьяастай хүүхдүүдэд төр бодлогоор анхаарч хөгжүүлэх үү, эсвэл хэн нэгний хэдэн зуун хүүхдийг өндөр төсөвтэй Кембрижийн сургуульд сургаад, сурталчлаад яваад байх уу гэдэг асуулт өөрөө хариулт нэхэж байна.
Нийгэмд баян чинээлэг амьдралтай, эрх мэдэлд ойр байдаг хүрээллийн хүмүүс үр хүүхдэдээ илүү давуу талыг бий болгож, сайн боловсролыг эзэмшүүлэх боломжийг нэмэгдүүлэхээр заль мэх гаргаж лоббидож байдаг нь нууц зүйл биш. Эсрэгээрээ эцэг эх нь яах учраа олохгүй, хаана сурч боловсрох нь тодорхойгүй хэдэн мянган хөгжлийн ялгаатай онцлогтой хүүхдүүд нийгэмд байна. Тийм учраас боловсролын салбарын ИНБ-ууд улсын төсвөөр Кембрижийн сургуулиудыг нэмж өргөтгөн нийгмийн тэгш бус байдлыг өдөөх, боловсролыг ашгийн төлөөх бизнес хэмээн хавтгайруулан авч үзэх неолиберал чиг хандлагыг эсэргүүцэж байна. Суралцахуйн бэрхшээлийг оношлох, үнэлэх, ийм төрлийн бэрхшээлтэй суралцагчдад тохирсон хөтөлбөрийг боловсруулж сургалт явуулах зохицуулалтыг хуулийн төсөлд нарийвчилж тусгалгүй үлдээх вий. Хүүхэд бүрийн онцлогт тохирсон хөтөлбөрүүд хэрэгжүүлж хүүхдийг сургаж хөгжүүлэх ажлыг цогцоор нь хийнэ гэдгээ хууль эрх зүйн орчинд маш тодорхой, ойлгомжтой, бодит амьдралд нийцүүлж баталгаажуулмаар юм. Боловсролын үйлчилгээ эрэлт нийлүүлэлт дээр зохицуулагдана гэж тунхаглаж, тэгш хамруулан сургах бодлогыг үзэл баримтлалаа болгож байгаа бол хууль тогтоогчид боловсролын реформыг ул суурьтай авч үзэж далайцтай тогтолцооны шинэчлэл хийх талаар "мэдлэг бүтээж" мэргэжлийн түвшинд хэлэлцмээр байна.
Боловсролын салбарын бүтцийн гажуудал, урагшилж хөгждөггүйн учир шалтгаан юундаа байна вэ. Одоо бидэнд үйлчилж байгаа боловсролын хууль тогтоомжид зааснаар боловсролын салбарт чанарын үнэлгээний тогтсон систем гэх юм байхгүй. Гэтэл өргөн баригдсан хуулийн төсөлд ч хариуцлагын механизм бүхий боловсролын чанарын үнэлгээ, мониторингийг тасралтгүй хийх нэгдмэл тогтолцоо-системийг тоймтой тодорхойлолгүй, мэргэжлийн хяналтын улсын байцаагчид даатгаж байгаа нь тун ядмаг, аргаа барсан зохицуулалт юм. Нөгөө академик судалгаа тооцоо, эрдэмтэн мэргэжилтнүүдийн санал зөвлөмж, зөвлөх үйлчилгээний үр дүнгүүд хуулийн төслийн хаана нь тусгагдсан юм бэ. Яагаад ядмаг, мухардсан зохицуулалт гэж үзэж байгаагаа тайлбарлах үндэслэлүүд байна. ЭЕШ-ын оноо хэн ямар хоцрогдолд орсныг харуулаад байна гэнэ. ЕБС-ийн сургалтын чанар, сурагчдын мэдлэгээ хэрэглэх чадвар хангалтгүй, сургалтын хөндлөнгийн чанарын үнэлгээ нь сургуулийн өөрийн үнэлгээнээс 30-70%-иар зөрж байна гэж аудитын дүгнэлтэд дурджээ. БҮТ чанарын үнэлгээнд сургуулиудыг бүрэн хамруулдаггүй, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын сургалтын үнэлгээний аргачлалыг боловсруулаагүй, авсан шалгалтын дүнгийн мөрөөр сургалтаа сайжруулах зөвлөмжийг сургуулиудад хүргүүлж ажиллаж чаддаггүй. Товчхондоо БҮТ төсөл хэрэгжүүлж зөвлөх үйлчилгээ аваад ч сургуулийн, багшийн болон сурлагын үнэлгээг хийж жигд нэвтрүүлэх чадамжгүй гэдгээ өнгөрсөн 10 жилд харуулсан. Энэ байгууллага PISA шалгалтыг зохион байгуулснаар ЕБС-ын сургалтын чанарыг үнэлэх боломжтой мэт, уг шалгалтыг өгч байж сургалтын үнэлгээний систем сайжрах мэтээр тайлбарладаг ч үнэн хэрэгтээ тийм биш юм. Мөн багш нарын 70% нь одоо хэрэгжүүлж байгаа сургалтын хөтөлбөрөө ойлгохгүй байна гэж хариулсан хэмээн УИХ-ын гишүүн Ч.Ундрам мэдэгдэв.
Мэргэжлийн хяналтын байгууллага сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинг хянаж ахуйн хэрэгцээ шаардлагыг үнэлэх хэмжээнд л үйл ажиллагаа явуулдаг. БШУЯ-ны хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын үндсэн чиг үүрэг хэрэгждэггүйгээс улбаалаад улсын хэмжээнд сургуулиудын дотоод хяналт хангалтгүй байгаа дүр зураг ажиглагдаж байна. Стандарт, хэмжил зүйн газар гэдэг байгууллага боловсруулсан стандартуудаа зараад сууж байдаг. Яамнаас эхлээд бүх харъяа байгууллагууд хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан хэлтсүүдтэй, тэд "ямар нэгэн ажил гүйцэтгэдэг".
“Засгийн газар улсын төсвийн 20 орчим хувийг жил бүр боловсролын салбарт зарцуулдаг боловч бодитой ахиц дэвшил, эерэг өөрчлөлтөд төдийлөн хүрэхгүй байгаад тус салбар дахь авлигын нөхцөл байдал сөрөг нөлөө үзүүлж байгаа" тухай 2018 оны сүүлээр АТГ-аас зохион байгуулсан хэлэлцүүлэг дээр АТГ-ын удирдлагууд мэдэгдэж байсан.
Ингээд үнэнтэй нүүр тулаад үзэхээр АТГ, мэргэжлийн хяналтын байгууллага болон Үндэсний Аудитын газар зэрэг байгууллагууд өөрсдийн чиг үүргийн дагуу БШУЯ-нд зөвлөмж хүргүүлэх төдий ажилладаг ба хариуцлага тооцох механизм, асуудлыг бүрэн шийдэх тогтолцоо, мэргэшсэн байгууллага өнөөгийн хууль эрхзүйн орчинд байхгүй. Жишээлбэл, Үндэсний Аудитын газар 2017-2019 оны боловсролын салбарын бодлого, үйл ажиллагаанд 2020 онд хийсэн аудитын дүгнэлтийг 2021 онд танилцуулж салбарын сайдад 12 зөвлөмж хүргүүлсэн байгаа юм. Боловсролын яам, харьяа байгууллагуудын хийсэн ажлуудыг харахад аль нь олон сая долларын зээлээр хэрэгжиж буй томоохон төслийн шугамаар хийгдсэн, аль нь ИНБ-ын оролцоо, санаачлагаар гүйцэтгэсэн, яг ямар ажлыг төрийн байгууллагууд өөрсдөө хийж бүтээснийг ялгах боломжгүй байдаг. Боловсролын салбарт багш, суралцагчдын эрх зөрчигдөх, төсвийн мөнгө хяналтгүй үрэгдэх, шударга ёс алдагдах зэрэгт хариуцлага нэхээд явахад хяналтаа алдсан тогтолцооны хана мөргөөд л зогсох нь олонтаа. Гэсэн хэдий ч төрийн байгууллагууд бие биедээ хариуцлага тооцдоггүй, зөвлөмж хүргүүлсээр гучин жилийг үдсэн системээ хадгалаад үлдэх хүсэлтэй байгаа нь ичгүүртэй хэрэг бус уу. Бодлого боловсруулагчид чанарын үнэлгээ хийх боломжгүй, үр ашиггүй ажилладаг боловсролын тогтолцоог сайжруулсан мэт харагдуулахын тулд "чанар, үр дүнд суурилсан санхүүжилт" хэмээн бүрхэг агуулгатай зүйлийг өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байна. Боловсролын яам, харъяа байгууллагууд дотооддоо хэнд ч хэрэггүй, зузаан цаасан тайлангаа нааш цааш шидэлцээд "жонглёрдсон хэвээр" үлдэхийг би хувьдаа зөвшөөрөхгүй. Аудитын байгууллага сургуулиудын сургалтын чанарт хяналт тавьж үнэлгээ мониторинг явуулах чиг үүрэгтэй байх боломжгүй. Боловсролын түвшин хоорондын уялдаа, бодлогын хэрэгжилт алдагдсныг салбарын яам хүлээн зөвшөөрч байна. Ядаж мэргэшлийн үндэсний шаталсан бүтцээ шинэчлэн баталж мөрдмөөр юм. Дэлхийн Банкны судалгаагаар бусад улсуудад боловсролын салбарын санхүүжилтийн хэмжээ ба суралцахуйн амжилтын хоорондын харилцан хамааралтай байдаг зүй тогтол Монгол улсад харагдахгүй байна гэсэн байна. Өөрөөр хэлбэл боловсролын салбарын санхүүжилтийн хэмжээ өсөхийн хэрээр сургалтын чанар сайжраагүй, сурлагын амжилтад эерэг нөлөө үзүүлээгүй гэсэн үг. Бодит амьдрал дээр өнөөдрийн тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд тухайн цаг үед нь үнэлгээ мониторинг хийж ажлаа сайжруулж зөрчил доголдлыг арилгаж чадах үр дүнтэй, эргэх холбоотой тогтолцоо хэрэгтэй болохоос цаасан тайлан үйлдвэрлээд, зөвлөмжүүд ийш тийш хүргэгдээд шинэчлэл хийгдэх боломжгүй гэдгийг бүгдээрээ харж байна шүү дээ. Боловсролын салбарт бүтцийн өөрчлөлт зоригтой хийхийг бодит байдал шаардаж байна.
Нийгэм шударга ёсыг хангаж чадахуйц ил тод хариуцлагын тогтолцоогоор цангаж байгаа тухай ярьцгаадаг. Боловсролын салбарын хууль тогтоомжид реформ хийж салбарын шат шатны бүх удирдлагууд, орон нутгийн засаг захиргаа гаргасан бодлого шийдвэр, хийсэн үйлдэл бүрийнхээ төлөө хариуцлага хүлээх механизмтай болж удирдлагын манлайлал үзүүлэх хэрэгтэй. Тэд сайн ажиллаад шагнуулж магтуулж байгаа шигээ гаргасан аливаа бүтэлгүй шийдвэрийнхээ үр дагаварыг бүрэн хариуцах нь зүй ёсны хэрэг. Боловсролын чанар хүртээмж, сургалтын үйл ажиллагаанд салбарын удирдлагууд шууд нөлөө үзүүлэх эрх мэдэлтэй учраас гаргасан бодлого, шийдвэрээ зөвтгөдөг, зөв гэдгийг батлан харуулдаг байх ёстой.
Тиймээс хууль тогтоогчид эргэлт авчирсан суурь өөрчлөлт хийж, төрийн байгууллагуудын бүтцийн гажуудлыг засч боловсролын засаглалын хомсдлоос ангижрах түвшинд хууль эрх зүйн реформыг хийх улс төрийн хүсэл зориг гаргах цаг ирлээ. Бодит хэрэгцээ, судалгаа тооцоог авч үзвэл боловсролын багц хуулиас гадна хэдэн бодлогын бичиг баримтууд батлагдаж зэрэгцэн, харилцан уялдаатай хүчин төгөлдөр мөрдөгдөх ёстой болно. Боловсролын багц хуулийн хүрээнд гол зохицуулалтыг тодорхой томьёолоод дагалдах хууль эрх зүйн актуудаар нарийвчилсан зохицуулалтуудыг дэлгэрүүлэн оруулж дагаж мөрддөг түгээмэл туршлага бий. Бид боловсролын үйлчилгээний хяналт-шинжилгээ, үнэлгээ мониторингийн систем, хариуцлагын механизмыг цогцоор нь шийдээгүй өнөөдрийг хүрсэн учраас дээр дооргүй өнгөрсөн хойно нь халагласан, өнөөгийн тогтолцоонд буруугаа чихсэн, танин мэдэхүйн түвшинд асуудлуудыг олж харснаа уралдаж ярьсан дүр зурагтай байна. Боловсролын тогтолцоо ийм байдалтай цааш үргэлжилбэл бодлого боловсруулагчид тулгамдсан асуудлуудыг цувруулан ярьж хэлэлцээд шийдэл олох найдлага тавьсан өрөвдөлтэй байдлаас ч ангижрахгүй, боловсролын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянаж үнэлэх чадавхгүй, улам уналтад орох шинжтэй байна.
Боловсролын багц хууль үнэхээр бага Үндсэн хууль юм бол, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн эрдэмтэн, судлаачдыг оролцуулан найман зөвлөх багийг байгуулан ажилласан юм бол боловсролын ерөнхий хуулийн төсөлд тусгасан боловсролын хяналт шалгалт, чанарын үнэлгээний зохицуулалтыг тогтолцооны шинэчлэл авчрахуйц түвшинд боловсруулж болсонгүй гэж үү дээ? Энэ мэтээр хуулийн зохицуулалтуудыг ор нэр төдий боловсруулж, ирсэн саналуудыг энд тэнд нь эвлүүлж оруулаад орхисноос үүдээд одоо УИХ-ын гишүүд хэлэлцүүлгүүд хийх шаардлага байна, үндэсний зөвшилцөлд хүрч тодруулж шийдэх зүйлс байна гэж зарлаж сууна. Иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс боловсролын хууль тогтоомжуудыг иргэд уншиж танилцахад ойлгомжтой энгийн үг хэллэгтэй, хоёрдмол салаа утгагүй, багш, суралцагчдын эрх ашгийг хамгаалсан өнцгөөс тодорхой бичигдэх хэрэгтэй гэсэн санал дэвшүүлсээр байна.
Зайлшгүй анхаарч үзэх өөр нэг асуудал нь чанар, үр дүнд суурилсан сургалт явуулахад төсвийн зардал хүрэхгүй учраас төр - хувийн хэвшлийн түншлэл рүү шилжүүлэх зэргээр боловсролын төсвийн зарцуулалт, зардлын шинэчлэлийг зоригтой хийх ёстой гэж судлаач Б.Отгонтөгс мэдэгдэв. Эдийн засагчдын үзэж байгаагаар манай улсын гадаад өрийн асуудал бидэнд харангын дохио дэлдэж байгаа тул төсвийн алдагдлыг яаралтай багасгах ёстой. Ийм арга хэмжээ авахгүй бол өр нэмэгдэхийн хирээр боловсролын салбарын санхүүжилт буурах аюул нүүрлэж эхэлж байгаа юм.
Боловсролын салбарт реформ хийх зорилгод нэгдэж сэтгэлгээний өөрчлөлтийг шингээсэн, дэвшилтэт хуулийн төсөл боловсруулж хэлэлцэх, батлаж хэрэгжүүлэх үүрэг хариуцлага 100 дахь хичээлийн жилийн босгон дээр бидний өмнө тавигдсан байна. Тиймээс бид байрандаа эргэлдсэн зогсонги байдлаас ангижирч хөгжлөөс ухарч хоцрохгүйн тулд боловсролын салбарт хөгжил дэвшил авчрах хүсэл зориг, мэдлэг чадвартай хүмүүс өөрсдөө мөн гэж үзээд алсын хараа, сорилт бэрхшээлийг даван туулах ур чадвараа дайчилж итгэл төгс урагшлах ёстой.
Боловсрол судлаач Г.БАЯНЗУЛ