Нийтлэл 03 сарын 22, 2022

Боловсролын тусгай хэрэгцээ юу, тусгай хэрэгцээт боловсрол уу?

БОЛОВСРОЛЫН РЕФОРМ цуврал нийтлэлийн өмнөх дугаарт хөгжлийн ялгаатай хүүхдүүдийн суралцах орчны талаар болон тэдгээр хүүхдүүдэд тэгш хүртээмжтэй боловсрол олгох хэрэгтэйг онцолсон. Харин энэ дугаарт боловсролын тусгай хэрэгцээ гэдэг нэр томьёо оновчтой эсэх болон чухам яаж ялгаварлан гадуурхахгүй тэгш суралцах боломж олгох, юун дээр анхаарах хэрэгтэйг бодлого боловсруулагчдад хандан бичлээ. 

Манай улсад боловсрол дахь ялгаатай байдал болон хувь хүний боловсрол эзэмших эрх хоёрыг тууштай холбосон зүйл алга байна. Боловсролын тогтолцоонд тусгай хэрэгцээтэй хүүхдийн тодорхойлолт, нэгдсэн ангилал байхгүй, хүн бүрийн боловсролын тусгай хэрэгцээг хангах боловсролын суурь зарчмын талаарх ойлголт цэгцрээгүй байна. Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдийг оношилгоо үнэлгээ хийгдэхгүй байгаа нь тухайн хүүхдийн онцлогт тохирсон суралцахуйг дэмжих, эцэг, эхтэй ажиллах зэрэгт бэрхшээл үүсгэж байна. Ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийг энгийн сургуульд хамруулах талаар үндэслэлтэй баримт нотолгоо бүрдүүлэх нь хүүхэд бүрийн боловсрол эзэмших эрхийг хангах стратегийн үндэс суурь болоход хэрэгтэй юм. Эдгээр мэдээлэл бол МУ-ын Боловсролын суурь мэдээллийн тайланд бичигдсэн хөгжлийн бэрхшээлтэй болон хөгжлийн ялгаатай онцлогтой хүүхдүүдийн сургуульд сурч боловсрол эзэмших эрх хэрхэн хангагдаж байгааг илтгэсэн товч дүгнэлт юм.

Боловсролын бодлого боловсруулагчид, судлаачид, багш нар болон салбарын мэргэжилтнүүд боловсролын багц хууль батлагдахаас өмнө эдгээр нэр томьёог ашиглах тухай маргаанд цэг тавьж нэгдсэн ойлголтод хүрэх хэрэгтэй гэж бодож байна. Миний бодлоор "тусгай хэрэгцээт боловсрол" гэдэг нэр томьёог ашиглаад яриад ажиллаад байвал тусдаа хүмүүст зориулагдсан тусгай, өөр ондоо ажил хийдэг мэт ялгаварласан, салангид сургалтын үйл ажиллагааг дэмжээд тэгш хамруулах бодлого хэрэгжихгүй байх. Бид тэгш хамруулах боловсролын тогтолцоонд шилжих сонголт хийгээд хуулийн реформын түвшинд хэлэлцэх гэж байгаа бол "боловсролын тусгай хэрэгцээ" болон дэмжлэгийн үйлчилгээ нь тэгш хамруулах боловсролын тогтолцоон доторх нэг бүрэлдэхүүн хэсэг гэж тодорхойлогдоно.

Боловсролын тусгай хэрэгцээ гэдэг нэр томьёо ч мөн маргаантай, учир нь ангид олон янзын хэрэгцээ, хүсэл сонирхол, ур чадвартай хүүхдүүд суралцаж, багш тэдэнд хичээл заадаг. Багш нар болон хүүхдүүдийн хэрэгцээ, хүсэл сонирхол, ур чадварт өөрчлөлт байнга гарч байдаг төдийгүй орон нутагт, сургалтын байгууллагуудад тогтсон соёл хандлага байнга хувьсан өөрчлөгдөж байдаг гэж үздэг. Тэгш хамруулах боловсролын тогтолцоонд БТХ-тэй хүүхэд сурч хөгжихөд учруулж байгаа саад бэрхшээлийг арилгах зорилгоор дэмжлэгийн үйлчилгээ үзүүлдэг. Гэвч ХБХЭТХ болон бусад хууль эрх зүйн баримт бичгүүдэд дэмжих үйлчилгээний талаарх зохицуулалтууд тун бүрхэг байдалтай байна. Мөн тусгай хэрэгцээ гэсэн ойлголтыг оролцоо болон суралцах явдалд тулгарах саад бэрхшээл гэсэн ойлголтоор солих шаардлагатай гэж үздэг. Тэгш хамруулах боловсролын тогтолцоонд тусгай хэрэгцээт боловсролын мэргэжилтнүүд багш нар, эцэг эхчүүдтэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй болон хөгжлийн ялгаатай онцлогтой суралцагчдад суралцахуйн дэмжлэг үзүүлнэ. Тэгш хамруулах боловсролын системд бүх багш нар бүх хүүхдүүдийн суралцахуйг дэмжих, зааж сургахад бэлтгэгдсэн байх ёстой.  Тиймээс багш бэлтгэх, давтан сургах хөтөлбөрүүдийг боловсронгуй болгох, тусгай сургуулиудад зохицуулалт хийх зэргийг хуульд нарийвчилж тусгахгүй бол дахиад 10 жилийн хугацаа алдах эрсдэлтэй байна гэж иргэний нийгмийн зарим төлөөлөл үзэж байна.

Гадуурхах гэдэг ойлголтын хувьд суралцагчид шууд болон шууд бусаар ямар нэгэн хэлбэрийн боловсрол эзэмшүүлэхээс татгалзах эсвэл элсүүлэхгүй байхыг хэлнэ. Тусгаарлан сургах гэж хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг тэдний тодорхой нэг согог эсвэл хэд хэдэн төрлийн нийлсэн согогт хариу үйлдэл үзүүлэх байдлаар зохион байгуулсан тусгай орчинд хөгжлийн бэрхшээлгүй суралцагчдаас тусад нь боловсрол олгохыг хэлнэ. Нэгтгэн сургах гэдэгт нийтэд зориулсан боловсролын байгуулагад хөгжлийн бэрхшээлтэй хүнийг стандартчилсан шаардлагад нийцэн сурч чадна гэж ойлгон байршуулахыг ойлгоно.  (Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрх: Тэгш хамруулах боловсролд хүний эрхэд суурилан хандах нь. Женев хот, 2012)

Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг ердийн сургуулийн ангид ямарваа нэгэн бүтцийн өөрчлөлт хийхгүйгээр, жишээлбэл зохион байгуулалт, хичээлийн хөтөлбөр, заах ба суралцах арга зүй, стратегид өөрчлөлт оруулахгүйгээр оруулан суулгасан бол тэгш хамруулж байна гэж үзэхгүй. Цаашилбал нэгтгэн сургах нь тусгаарлан сургахаас тэгш хамруулахад шилжих баталгаа болохгүй гэдгийг анхаарах ёстой байгаа юм. 

Багш нар бол манлайлагч, гол боловсон хүчин төдийгүй боловсролын өөрчлөлт шинэчлэлийг газар дээр нь хэрэгжүүлэгчид юм. Тиймээс тэдэнд үүрэг хариуцлага хүлээж ажиллах шат дамжлагын төгсгөлд бус, өөрчлөлт шинэчлэлийн тэргүүн шугамд ажиллах бололцоог олгомоор байгаа юм. Бүх хүүхдүүд ердийн сургуульд суралцах эрхтэй гэдгийг багш нар ойлгож сургууль, анги танхимаа судалж ярилцаж хэрхэн бүх хүүхдүүдэд хүртээмжтэй, тохиромжтой байх талаар анхаарч ажиллая. Тийм учраас боловсролын салбарт ажиллагсдыг, ялангуяа багш нарыг тэгш хамруулах боловсролын мөн чанарын талаар ижил тэгш ойлголт, үнэт зүйл хандлагатай болгох сургалтад хамруулах шаардлагатай байна. Боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүдтэй ажилладаг багш нарыг дэмжих, БТХ-тэй хүүхдүүдийг үр дүнтэй сургах ажлаас үүдсэн стрессийг бууруулах, ажилдаа сэтгэл ханамжтай байхад чиглэсэн урамшуулал олгох зэрэг цогц арга хэмжээ авах хэрэгтэй.

Боловсролын бүх үйлчилгээг төр өөрөө иргэдэд заавал хүргэх гэж ажиллах шаардлагагүй, хувийн хэвшил болон ИНБ-тай хамтарч ажиллах тухайд түншлэл, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах түвшинд хуульчилмаар байна. Бага насны хүүхдүүдийг эрүүл мэндийн цогц үзлэг, эрт илрүүлэгт хамруулж ердийн цэцэрлэгт, хөгжлийн хоцрогдолтой бол хоцрогдол арилгах тохирсон сургалтад, хөгжлийн бэрхшээлтэй бол хөгжлийг нь дэмжих тусгай сургалтад эхлээд хамруулах зэргээр СӨББ-ын түвшинд буй болох сонголттой сургалтуудыг ТББ-ууд явуулах боломжтой. Ялангуяа ашгийн бус байгууллагууд төсвийн санхүүжилтээр боловсролын тусгай хэрэгцээг хангах, дэмжлэгийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг дэмжмээр байгаа юм. Жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах, чийрэгжүүлэх, хэл яриа, сэтгэл зүй, харилцааг нь дэмжих, бие даалгах үйлчилгээ үзүүлэх, ганцаарчилсан сургалтад дэмжлэг үзүүлэх, багш нарыг давтан сургахад оролцох зэрэг болон бусад ажлуудыг хийхээр зохицуулж болно. 

МУБИС-ийн Боловсрол Судлалын Сургууль тэгш хамруулах боловсролоор 3 кредиттэй хичээл бий болгохоор ажилласаар байгаа юм. МУБИС-ийн багш нар, судлаачид янз бүрийн мэдлэг ойлголтын үүднээс хандаж, тэгш хамруулан сургах онол, практикийн талаар мэдлэг туршлага харилцан адилгүй байгаа байдал ажиглагдаж байгаа бөгөөд их сургуулиуд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод, байгууллагуудтай бараг хамтарч ажилладаггүй гэсэн судалгааны тайлан байна.

Олон улсын туршлагаас харахад багш мэргэжлээр их, дээд сургууль төгссөн хүмүүсийг боловсролын тусгай хэрэгцээ, дэмжлэгийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр богино хугацааны сургалтаар давтан бэлтгэж сургуулиудад ажиллуулах нь түгээмэл байна. Багш нарыг давтан бэлтгэх сургалтуудад тэгш хамруулах боловсролын талаарх хууль эрх зүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан мэдээлэл, технологи, туслах хэрэгсэл, яриаг орлуулах технологи, хүртээмжтэй суралцахуйн загвар, эрт илрүүлэг ба эрт оролцоо, ангийн дэг журам ба сахилга бат, ганцаарчилсан\тохируулгатай хичээл, тохирох хэрэглэгдэхүүнийг ашиглах г.м агуулгуудыг оруулах шаардлагатай юм.

Боловсролын тусгай хэрэгцээ, дэмжлэгийн үйлчилгээний мөн чанар хөгжлийн бэрхшээлгүй хүүхдүүд сурдаг улсын сургуулиудын хэв загварыг алгуурхан өөрчилж улмаар хувийн сургуулиуд ч сургалтын үйл ажиллагаагаа эргэн харахад хүргэх шинжтэй байна. Үүний зэрэгцээ боловсролын бодлого, хууль журамд орж байгаа өөрчлөлтүүд, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хариуцлагатай байлгах хэрэгцээ шаардлагаас үүдээд сургуулиудын хэв шинжийг өөрчлөх, боловсролын байгууллагын удирдах түвшний ажилтнуудад зориулсан сургалтад тэгш хамруулах боловсролын бодлого, хөтөлбөрийг оруулж тэдний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх хэрэгтэй байна.

Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайланд цохон тэмдэглэснээр хүмүүсийн хэрэгцээ шаардлагын ялгаатай бөгөөд олон талт байдлыг харгалзан үздэггүй зүйлс бол тогтолцоо болон орчин нөхцөл юм гэдгийг Ковид-19 цар тахал ил тод болгож байна. Бодлого боловсруулагчид тэгш хамруулах бодлогыг хуульчлах түвшинд ажиллахад сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгаа болон сурах эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн талаарх бодит байдал, мэдээ баримтуудтай нүүр тулна.Тэгш хамран сургах асуудлыг хуульчлахад бодлогын түвшинд дутуу боловсруулалт, гүйцэтгэлтэй байж болохгүй гэдгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиар жишээлж болохоор байгаа юм. ХБХЭТХ-аар ХБХ-эд онцлог хэрэгцээнд нь тохирох ном, сурах бичиг, гарын авлага, материал, тусгай хэрэглээний сургалтын тоног төхөөрөмж, хэрэгслээр хангахаар заасан боловч журам нь гараагүй гээд өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй гэх мэт нэлээд асуудал байна. Тэгш хамруулан сургах журам ба бусад хууль эрх зүйн зохицуулалт, хөгжлийн бэрхшээлтэй ба хөгжлийн ялгаатай онцлогтой хүүхдүүдийн талаар нарийн мэдлэг ойлголтгүй бол тухайн журам, заавруудыг хэрэгжүүлж чанартай сургалт явуулах үүргээ биелүүлж ажиллахад боловсролын бүх шатны удирдлагуудад \ялангуяа захирлуудад\ маш хүнд, гарцгүй мэт байдал үүснэ. Эдгээр суралцагчдад хүрч үйлчлэхэд ёс суртахуунлаг хандлага, чин сэтгэл гаргалгүйгээр, тууштай үзэл бодолгүйгээр хандаж зөвхөн хууль журамд заасныг биелүүлэх гэж ажиллах нь тэднийг сурч боловсрох эрхээ эдлэхэд саад болсоор байдгийг одоогийн нөхцөл байдал илтгэн харуулж байна. Тиймээс хууль тогтоогчид ЕБС-ийн удирдлагуудтай одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх заавар, бусад тушаал журмыг хэрэгжүүлэн БТХ-тэй хүүхдүүдийг сургуульдаа тэгш хамруулан сургахад ямар шийдвэр гаргасан, амжилт алдаа дутагдлын талаар ажил хэрэгч байдлаар хэлэлцэх хэрэгтэй.

Боловсролын салбарын лидерүүдийн хувьд боловсролын цогц реформ хийх тухай амлалт нь боловсролд тэгш хамруулан сургах тогтолцооны шинэчлэл хийх дарамт шахалтыг тэдэнд үүсгээд байгаа юм. Боловсролын салбарын удирдлагууд БТХ-ний талаар гүн гүнзгий мэдлэг мэдээлэлтэй байх албагүй ч тэдний мэдлэг, ур чадвар бүх шатны боловсролын байгууллагад суралцагчдын мэдлэг боловсрол, ажил амьдралд төдийгүй салбарын ажиллагсдын ажлын уур амьсгалд хүчтэй нөлөө үзүүлдэг. Тэд хүүхэд бүрт сурч боловсрох тэгш боломжийг олгох, боловсролын салбарын төсөв санхүүжилтийг шийдэх өргөн эрх мэдлийг хэрэгжүүлдэг. Олон улсын эрх зүйд хүн бүр ялгаатай байдлаасаа үл хамааран эрхээ бусдын адил, эрх тэгш эдлэх эрхтэйг тунхаглаж манай улс үүнтэй холбоотой гарсан Конвенцид нэгдэн орж, соёрхон баталсан билээ. Ингэснээр манай улс хүн бүр эрхээ эдлэх хамгийн оновчтой арга - хүүхэд бүрийг бүх нийтийн боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах гэдгийг хүлээн зөвшөөрсөн. 

Хууль тогтоогчид өвөрмөц суралцах арга барилтай, сурч боловсроход тулгарч буй сорилт бэрхшээлээ даван туулахаар хичээж буй "эмзэг" хэдэн мянган суралцагчдын өмнөөс шийдвэр гаргаж байна. Тэд одоо үйлчилж байгаа хууль эрх зүйн орчинд хөгжлийн бэрхшээлтэй болон хөгжлийн ялгаатай онцлогтой хүүхдүүдийн боловсролын тусгай хэрэгцээ хэрхэн хангагдаж байгаа, тэгш хамруулан үр дүнтэй сургаж байгаа эсэх талаар нягталж судалж мэдлэг мэдээлэлтэй болох үүрэг хүлээж байна. Тиймээс бодлого боловсруулагчид хөгжлийн бэрхшээлд хандах эрүүл мэндийн \согог зүйн\ болон халамжийн \өглөг хандивын\ загварыг дагасан сөрөг хандлага, хэвшмэл ойлголтоос татгалзаж, нийгмийн болон хүний эрхэд суурилсан загварыг баримталж хөгжлийн бэрхшээлтэй хүн\хүүхдийг эрх эдлэгч гэж үзэн нийгмийн зөвшилцөл хийж боловсролын хуулийн реформыг хийх ёстой.

 

Сэтгэгдэл бичих

arrow icon