Нийтлэл 04 сарын 20, 2015

Учиртай тавантолгойн зодоон шинэ түвшинд гарлаа

Тавантолгойн гэрээний талаар зөрөлдөөнтэй байр суурь бүхий талууд гэрээний "жижиг" заалтууд, тоо баримтад төвлөрч хэлэлцэх, тарагны хөрөнгөө тоогоор шинжих найдвар тавьсан ч маргаан өнгөрсөн 7 хоногт Тавантолгой юу вэ, гэрээ ямар вэ гэдэг нь мартагдтал Энхсайхан хэн бэ, Энхболд хэн бэ-г тойрон өрнөсөн. Харин маргаан УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх  гэрээний дотоод агуулга дахь асуудлуудын талаар УИХ-ын вэб хуудас, мөн Монголын үндэсний телевиз,  Ийгл  телевизэд ярилцлага өгснөөр маргаан шинэ түвшинд гарч, гэрээний дотоод агуулга руу хэлбийж ирлээ.  А.Гансүх зөвлөхийн асуудалтай гэж үзэж буй заалт, асуудлуудыг дор тоймлов. Засгийн газраас Баасан гарагт өргөн барьсан эцсийн хувилбар хуулийн төслийн хувьд иж бүрэн эсэх нь өнөөдөр УИХ-аар шалгагдана. Хэлэлцээр хийж ирсэн тал "гангар шаазан" мэт мега төслийг харвал хальс болдог гэж айлгах, далдлах тактикаа өөрчилж, гэрээний нөхцлүүдийн талаар тоймтой тайлбар хийж хэрэлдэх биш хэлэлцэх аргачлалд шилжихгүй бол одоогийн байдлаар тодорхой, тоймтой аргумент хийж буй  хэлэлцээрийг эсэргүүчдийн талд пайз өргөгдөөд байна.

 

  1. Цанхийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоо бүхий эрх болон бусад эрх, газар эзэмших эрхээ Энержи Ресурс-д 30 жил, нэмэлт 30 жилийн хугацаатай шилжүүлж байгаа тул Энержи Ресурс ордыг 60 жилээр бүрэн хянах бодит эрх үүсэж байна.
  2. Гэрээний хугацаанд ЭТТ нь Тавантолгойн газар эзэмших эрхээ Энержи Ресурс-д үнэ төлбөргүй шилжүүлж байгаа нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж газар ашиглагч л байж болно гэсэн газрын тухай хуулийн заалтыг зөрчиж буй.
  3. ЭТТ нь ажилчид, тодорхой үүрэг, эд хөрөнгийг Энержи Ресурст шилжүүлэх гэрээг тусад нь байгуулахаар тохирсон байна, энэ нь Энержи Ресурс өөрөөсөө том нөөц эзэмшдэг бизнесийн өрсөлдөгчөө чадавхигүй болгож, өөртөө тааламжтай бизнесийн орчин үүсгэхээр байна.
  4. Эдийн засгийн үр ашиг муу. 2 хувийн хамтын ажиллагааны төлбөр авахаар гэрээлж буй ч ЭТТ агаарын бохирдлын төлбөр төлөх зэрэг үүрэг хүлээж буй тул бодит ялгаа нь 1072 хувьцааны ногдол ашиг хуваарилна гэж үзвэл иргэн бүрт жилд 15000 төгрөг ногдохоор байна.
  5. Хугацааны талаар: хугацаа хязгаарлах боломжгүй. 30 жил, сунгалт 30 жил заасан байгаа ч хөрөнгө оруулалт нөхөх хүртэл сунгах боломжтой гэж заасны дээр хөрөнгө оруулалт нөхөхтэй холбоотой бүх төрлийн шийдвэрийг Энержи Ресурс бие даан зохион байгуулах эрхтэй тул хугацаанд хяналт тавих бодит боломжгүй байна. Жишээ нь Энержи Ресурс нь борлуулалттай холбоотой бүх шийдвэрийг бие даан дангаараа тодорхойлох эрхтэй, нэмэлт хайгуул хийж, хайгуулын үйл ажиллагаанд оруулсан хөрөнгө оруулалтаа бүрэн нөхөх хүртэл хугацаагаар энэ гэрээг сунгах эрхтэй байна.
  6. Энержи Ресурсын зөвшөөрөлгүйгээр уурхайн талбайд бусад талууд нэвтрэх эрхгүй, компанийн үзэмжийн асуудал болсон байна.
  7. Ухаа худгийн ордтой уялдуулж хөгжүүлэх заалт орсон байна. Тавантолгойн ордыг ашиглах гэрээг Ухаа худгийн ордоос бие даасан байдлаар тодорхойлох ёстой.
  8. ЭТТ-г төлөөлөх эрхийг Энержи Ресурс шаардлагатай бүх арга хэмжээ авах эрхийг өөртөө итгэмжлэн авч байгаа нь ашиглалтын тусгай зөвшөөрлийг өөрийн нэр дээр шилжүүлж авсантай адил байна.
  9. “Нууцлалын бусад шаардлага” гэж гэрээнд заасан нөхцлийг хангаагүй тохиолдолд Энержи Ресурс-ийн уул уурхайн үйл ажиллагааны талаар мэдээлэл авах эрхгүй байна.
  10. Гэрээнд буй нэг ноцтой заалт, хөрөнгө оруулагчид буюу Люксэмбургийн Монголиан Коал Корпорацын 100 хувийн охин компани Энержи Ресурс Корпорац болон Шенхуа Энержи нар ордтой холбоотой ашиг сонирхлоо ямар нэгэн санхүүжүүлэгч этгээдэд барьцаалан шилжүүлэх эрх өгсөн байна.
  11. ЭТТ нь Цанхийн тусгай зөвшөөрлөө гуравдагч этгээдэд шилжүүлэх бол Энержи Ресурс нь өөртөө шилжүүлэн авах санал гаргах давуу эрхтэй, үнийг ЭТТ удирдах боломжгүй хэлбэрээр нөхцөл заасан байна.
  12. ММС нь 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компани тул төслийн компани гэгдэх Энержи Ресурс нь шууд болон шууд бусаар 100 хувь гадаадын хуулийн этгээдүүдийн хяналтад орж байна.
  13. Төслийн компанид Тавантолгойн ордод олборлохоос борлуулах, нэмэлт хайгуул хийх, дагалдах дэд бүтэц барих бүх үйл ажиллагаа явуулахаар заасан нь Тавантолгойн ордыг ашиглах зорилгоор олборлох үйл ажиллагаа явуулах гэсэн засгийн газрын хөтөлбөртэй зөрчилдөж байна.
  14. ТТ-Гашуун сухайт чиглэлийн төмөр 267 км зам. Нийт төмөр замын ажил 51 хувийн гүйцэтгэлтэй байгаа. 30 жилийн дараа 51 хувийг төрд өгөх төлөвтэй гэрээлж байгаа нь Монгол улсын хууль, ҮАБЗ, Засгийн газрын тогтоолыг зөрчиж буй. Хил дамнасан төмөр зам төрийн өмчид байх ёстой гэсэн ҮАБЗ-ийн шийдвэр бий.  ТЗ дээр уралдаант шалгаруулалт явуулах  нь ҮАБЗ-д харш гэж үзээд МТЗ-д өгсөн. Одоогийн ТЗ-ын ажил дээр ямар нэг авилга, мөнгө идсэн асуудал байхгүй.
  15. Засгийн газар гэрээний нөхцөл зөрчсөн байдалд орох эрсдэлтэй зүйлүүдийг дахин тодруулах, нягтлах шаардлагатай. Жишээ нь Балгасын улаан нуураас шаардлагад нийцсэн, хангалттай ус нийлүүлэх үүрэг хүлээсэн байгааг хангаж чадах эсэхийг нягтлах
  16. Урдчилгаа гэгдэх 200 сая доллар нь 4,5 хувийн хүүтэй зээл байна.
  17. Энержи Ресурс нь бүх орлогоо гадаадад саадгүй гаргах, бусад төлбөрийг гадаадад хийх эрхтэй. МУ-ын валютын нөөцийг нэмэгдүүлэхэд нөлөөлөхгүй.
  18. ЭТТ нь эрх үүргээ гуравдагч талд шилжүүлэхдээ заавал Энержи Ресурс-аас бичгээр зөвшөөрөл авах ёстой, гэрээний хугацаанд Энержи Ресурс-ийн үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцогүй гэж заасан нь ЭТТ-д өөрийн тусгай зөвшөөрөл эзэмшиж буй уурхайн үйл ажиллагаанд оролцоо хийх боломжийг хязгаарлаж байна
  19. Гэрээ хүчин төгөлдөр бус болсон бол төмөр замын концессын гэрээ хүчин төгөлдөр үлдэнэ гэж заасан байна, тийм нөхцөлд цогцоор нь хамтад нь хүчин төгөлдөр бус болгох зохицуулалт хийх хэрэгтэй.
  20. Засгийн газар арбитрын шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх үүрэг хүлээж, ямар ч шийдвэрийг хүлээн зөвшөөрөх байдалд хүрж мэдэхээр заасан байна
  21. 4 тэрбум орчим хөрөнгө оруулалт хэзээ яаж оруулах нь тодорхойгүй, 1 тэрбумд Энержи Ресурс компанийн хөрөнгийг тооцно. Хөрөнгө оруулалтад бүх төрлийн үйл ажиллагааны хэлбэрийг хамруулж тооцно, хугацаа, хэлбэрийг Энержи Ресурс шийдэх эрхтэй.
  22. 1072 хувьцааны тухай ямар ч заалт байхгүй.
  23. 142 сая долларын Чалкогийн өрийг шилжүүлж аваад, бусад гэрээний нөхцлийг үлдээж байгаа. Төлбөрөөс бусад бүх үүрэг хариуцлага ЭТТ-д үлдэж байгаа.
  24. Бүх нүүрсийг гадагш гаргахаар гэрээлсэн.
  25. Шаардагдах хэмжээнд гадаадын ажилчид авна, шаардагдах хэмжээ гэж хэд гэдэг нь тодорхойгүй. Монгол ажилчдын хувьд өрсөлдөөний журмаар авч ажиллуулахыг “эрмэлзэх” төдий.
  26. Мүүдийс ММС-г энэ онд дампуурна гэж зарласан, өөрөөсөө том өртэй компанид бүх бизнесээ шилжүүлэхээр гэрээлж байна
  27. Консорциумын талаас "Devis Polk", King & Woods Mallesons""Deloitte", "KPMG олон улсын компаниудыг зөвлөхөөр авч ажиллуулсан байна. Зөвлөх компани төлбөр төлсөн клаинтдаа үйлчлэх нь бизнесийн, салбарын тогтсон хууль. Ийм давуу талууд нөгөө талд үүссэн нь зөвлөх үйлчилгээ сайтай нөгөө талын нөхцлүүдийг хүлээн зөвшөөрснийх. Монгол улс олон улсын сайн зөвлөх авч ийм урт хугацааны гэрээн дээр нухацтай ажиллах ёстой.

 

parliament.mn-д байрлуулсан үнэлгээний материал дахь консорциумын хөрөнгө оруулагчдын бүтэц:

 

 

Сэтгэгдэл бичих

arrow icon