Дэлхийн дүрслэх урлагийн салбарын хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг тодорхойлогч 56 дахь Венецийн биеннальд Монгол улс анх удаа өөрийн павильоныг албан ёсоор нээснээс хойш 2 долоо хоног өнгөрөөд байна. Жилд дунджаар 40 мянган хүн зочилдог Венецийн биенналь эхлээд удаагүй байгаа ч Монгол улс тун амжилттай оролцож байгаа
талаар гаднын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна. Энэ хугацаанд Монголын павильонд нийт 9000 орчим, нээлтийн 2 өдөрт 4000 орчим хүн зочилжээ.
Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол улс Венецийн дүрслэх биеннальд анх удаа оролцож байгаа тухай 300 орчим мэдээ, Монголын павильоны талаар тусгайлан бичсэн нийтлэл 30 орчим одоогоор цацагдаад байна.
- Олон улсын Art Radar сэтгүүл “56 дахь Венецийн биенналиас үзэх хэрэгтэй 10 павилион” хэмээх тусгай нийтлэлдээ Монгол улсын павильоныг нэрлэсэн бөгөөд Венецийн биенннальд оролцож буй Ази номхон далай, Африк, Ойрхи дорнодын орнуудын павильоноос шилдгийн тоонд оруулжээ.
- Art Review Asia мөн Азийн орнуудын павильоноос шилдгийн тоонд оруулж Монголын уран бүтээлч Үнэнэнхийн бүтээлийг онцлон бичсэн байна.
- Culture 360 онлайн сэтгүүл Венецийн биенналийн тухай мэдээндээ нийт 89 орны павильоноос Монголын павильоныг хамгийн тэргүүнд дурджээ.
Эдгээр тоо, баримтуудаас харвал “Урлагийн Олимп”-д анх удаа оролцож буй Монголын нүүр царай өнгөтэй байгаа бололтой.
Сэтгэгдэл бичих