Нийтлэл 06 сарын 01, 2015

ҮЙЛДВЭРЖИХ ҮҮ, ЭС ОРШИХ УУ?

“Эдийн засаг". Энэ үгтэй таарахгүй өнгөрөх өдөр байна уу, одоо? Өдөр тутмын амьдралын чинь салшгүй хэсэг болсон энэ үгийг та юу гэж тодорхойлох вэ гэж янз бүрийн хүнээс асууж үзсэн. Тэр гээд өөрийнхөөрөө тодорхойлох хүн цөөн. Хариулт ирвэл голдуу бараа бүтээгдэхүүн, хэрэглээний нийлбэр гэх мэт сурах бичгийн хариу ирнэ.  Нийтлэгч Түмэнцэнгэл “эдийн засаг”-ийг хэрэглээний талаас харах сонирхолтой нийтлэл оруулсныг эндээс уншиж болно. Эдийн засаг гэж бид юуг ойлгоно, түүнийгээ хөгжүүлнэ[1]. Энэ удаа шинэ түүхэн дэх олон улсын харилцааны түүхэн агуулгаар энэ үгийн утгыг задалж үзье.

 

Эдийг засаглахуй

Эдийн засаг хэмээх холбоо үгэнд “засаг” гэж үг орсон байгааг бид тэр бүр анзаарахгүй хэрэглэнэ. Засаг, засаглах. Эдийг засаглахуй байх нь. Эд гэдэг нь юуг хэлж байна? Импортын архи, шилэн тирко, шоклаад гэх мэт нь “эд” мөн үү? Мөн. Эднийг хэрэглэх нь засаглахуй мөн үү? Биш, тэр бол хэрэглэхүй. Засаглахуй гэж яахыг хэлээд байна, тэгээд? Дэлхий ямар эдийг хэрхэн засаглаж ирэв?

 

Анхдугаар хувьсгал

Хүн анх үүсэхдээ байгалийн нөөцийг өөрийн санаснаар засаглаж чаддаггүй сүрэг байв. Тиймээс ангийн үс арьс төдийгөөр нарийн нандин газраа нуугаад, жимс ногоо түүж, олдсон  махаа омгийн ахлагчийн хүртээсэн хэмжээнд хүртэж мянга мянган жилийг үдсэн. Энэ түүхэнд ойролцоогоор 10 мянга орчим жилийн өмнө эргэлт гарч, хүний өвөг эцэг мал болоод газрыг засаглаж сурчээ. Зарим багаж, хэрэгсэл хөгжиж, нэг малыг хоёр болгон үржүүлж, нэг будааг гурав болгож өсгөж сурсан нь эдийн засгийн анхдугаар хувьсгал буюу хөдөө аж ахуйн хувьсгал гэгдэнэ. Анхдугаар хувьсгалаар хүн сүрэг хүнсний хомстлоос тодорхой хэмжээгээр чөлөөлөгдсөн юм.  Хувьсгалын дүнд харин баялаг, хуримтлал ихэсч, мөн хүний нэгнийхээ өөдөөс барих зэвсэг ч хоршин хөгжиж ирсэн тул хүчний тэнцвэргүй байдал, төрийн үүсэл, боолчлол, колоничлол, бизнес, худалдаа, улмаар цаг хугацаа хийгээд жин хэмжүүрийн нарийн хэмжээс гээд өнөөгийн хүний нийгмийн хэв маягт ч үйлчилсээр буй үй олон хувьслыг араасаа дагуулсан. Их хувьсгал бага хувьслуудыг араасаа дагуулах нь хүний түүхийн жам буюу.

Хүн гэхдээ газар, малын засаглалаас хойш эдийг, байгалийн баялгийг засаглах чадвар буюу технологид дахин үсрэнгүй хувьсгал хийлгүй бараг 10 мянганыг үдсэн нь сонирхолтой. Христийн тооллын өмнөх 5-р зуунаас л хүний оюун сэтгэлгээ, шинжлэх ухаанд ихээхэн ахиц гарч, том том иргэншлүүд цэцэглэн хөгжсөн атал аливаа нээлт, ололт бүх нийтийн хэрэглээнд нэвтрэх хэмжээнд тархалгүй эргэн хумигдсанаар барахгүй, дундад зууны харанхуй үе рүү яагаад буцаж унасан нь өдгөө техник технологийн хөгжил хүний хэрэглээнд нэвтрэх явц буюу инноваци хэрхэн явагддаг тухайд, түүнд нөлөөлөх төрийн институцийн хэлбэр, үүрэг роль талаас сонирхолтой судалгааны сэдэв юм.

 

Хоёрдугаар хувьсгал

 Байгалийн нөөцийн жинхэнэ засаглал 18-р зууны сүүлийн хагасаас эхлэв. Шинэ түүх эндээс эхэлнэ. Амьдралын бүх салаа магадгүй биг банг, их тэсрэлтээс эхээ авсан. Гэхдээ алив бүхнийг анхнаас нь хөөж тайлах гэлгүй хаа нэг газар зогсож шинэ гараа тэмдэглээд тэндээс эхэлсэн замналаа шүүн тунгаая гэвэл өнөөгийн дэлхийн гарааны цэг бол гарцаа байхгүй эдийн засгийн хоёрдугаар хувьсгал буюу industrial revolution. Тиймээс дэлхийн өнөөдрийг ярих ямар ч боломжийн ном “since the beginning  of industrial revolution” гэж эхлэх нь олонтаа.

Хүний түүхэн дэх хамгийн том эдийн засгийн хувьсгал, эд засаглахуйд гарсан жинхэнэ тэсрэлт Англид зохион бүтээгдсэн уурын мотоортой хамт, эрчим хүчинд нүүрс хэрэглэгдэж эхлэхтэй хамт гараанаас гарсан. Олон төрлийн түлш хэрэглэх боломжтой мотоор хүнд байгалийн хязгаарлалтаас гарах хурд, хүч өгч, үйлдвэрийн суурин машин төдийгүй төмөр зам, усан тээврийн хөгжилд хөтөлж, тээвэр, машин үйлдвэрлэл, төмөр зэрэг харилцан симбиотик салбарууд зэрэгцэн хөгжих нөхцөл бүрдүүлсэн нь дэлхий дахинд урд хожид үзэгдээгүй нүсэр цар хүрээтэй дэвшил, зарим талаар ухралт ч авчрах хувьтай хувьсгалын цахиурыг цахиж өгөв.  Хувьсгалын тохироо, деталь, гол дүрүүд гээд одоо ч судлагдсаар байгаа комплекс сэдвийг энд үүнээс цааш багтаах гэж оролдох нь зааны тугалыг зүүний сүвэгчээр чихэх гэж оролдох мэт гоомой амбиц болно. Энэ удаа эдийн засгийн тэр их хүч улс орны харилцаанд ямар нөлөө үзүүлж ирсэн тухайд зайгаа зарцуулсу.

 

Хоёрдугаар хувьсгалын нөлөө, олон улсын харилцаанд

Мотоорт техник, их энерги гартаа хийсэн хүн төрөлхтний  буудай, хургаар зогсохгүй бусад байгалийн баялаг, түүхий “эд”-ийг өөрийн хэрэглээнд зориулан удирдах, боловсруулах засаглалын чадварт их тэсрэлт гараад ойролцоогоор 250 жил өнгөрчээ[2]. Хүч гэмээ нь хүч, буудай тугалаа үржүүлэх төдийд гарсан хүчний ялгаанаас даруй зуу дахин их хэмжээний хүчтэй хүчгүйн ялгаа хүний дэлхийд авчрав.

Үйлдвэрлэл, байгалийн нөөцийг засаглах явцад түрүүлж хувьсгал хийсэн Англи дэлхийн засгийн газар гэгдэв. Арга ч үгүй, хувьсгал Англид нэг нэгж байгалийн эдийг нэжгээд баялаг болгох боломж олгосон. Энэ нь нэг талаар цэрэг дайны хүч гэсэн үг, нөгөө талаар баялгийн суурь материал болох байгалийн түүхий эдийн үнэ цэнэ нэмэгдэнэ гэсэн үг. Илүү сайн буутай, хөлөг онгоцтой, хурдтай болсон Англи илүү үнэ цэнэтэй болсон дэлхийн нөөцийн араас байлдан дагуулалт хийв, бараагаа зарав. Бараа шахуулж, байдаг нөөцөө өгөөд суухыг эх газрын Европ, шинэ тулгар АНУ-гийн төр удаан хүлцсэнгүй.

Эх газрын Европоос Герман хувьсгалын хоёрдугаар шат гэгдсэн хими, хөнгөн үйлдвэр, автомашины үйлдвэрлэлээр цахиур хагалж гарч иртэл эхлээд АНУ асар хурдтай маневр хийсэн. Патентын систем зэрэг Англид бүтээлч үйлдвэрлэл хөгжихөд хөтлөсөн төрийн институцийн онцлогийг нэн гярхай хуулж, эдийн засгийн тагнуул, ил далд сургалт, бодлого идэвхийлэн явуулсаар дотоодын технологи, удирдахуйн ухаан хоёроо хөгжүүлж, 20-р зуун эхлэхэд автомашин, ган гээд суурь салбаруудаар дэлхийд толгой цохих хүчирхэг монополиудтай болсон байв. Америк мөрөөдөл хэзээнээс гэнэт баяжих тухай түүх болсныг хэлж эс мэднэ, ямартай ч АНУ-гийн түүх бол хагас зууны дотор хамгийн хүнд хөдөлмөрлөж, хамгийн хүчирхэг үйлдвэрийн орон болон хөгжсөн түүх.

Ийнхүү Английн араас эх газрын Европ, АНУ зэвсэгтэй, хөлөгтэй боллоо. АНУ буутай болмогц хар усан онгоцоо унаад хоёр зуун жил хаалттай байсан Япон арлын хаалгыг тогшив. Эртний уламжлалт иргэншлүүд бардам байх нь ёс. Азийн нэг бардам арал барууны буу, техникийн сүр хүчинд паниктаж,  тэр эрчиндээ хаан эзнээ буцааж залаад домогт Мэижийн шинэчлэлийг эхлүүлэв. Мэижийн шинэчлэл бол мөн л АНУ-тай адил түрүүлж үйлдвэржсэн тал нь тэрийгээ хүч болгоод түрж ирэхэд хариу үзүүлсэн түүхэн риакц.  Мэижигийн шинэчлэл, АНУ-ын үйлдвэржсэн түүхийн аль нь илүү романтик болохыг сонгож хэлэхэд хэцүү. Ямартай ч 1867 онд шинэ засгийн газар байгуулж байсан орон 30 гаран жилийн дараа Их Оросын флотыг будаа болгох хэмжээнд, дахиад гурван арван өнгөрхөд Хятад, Солонгос, Манжуурт түрэмгийлэл үйлдэх хэмжээнд “буу”тай болж авсан[3].

Барууны 8 их гүрний холбоо 1860-аад оноос,  дээр нь нэмээд Азидаа өрсөж үйлдвэржсэн Япон талаас 19-р зууны сүүлээс бас нэг буурал соёл иргэншил, эртний түүхт их орон руу  дайлаар оров: Хятад. Хүчтэй нь хүчгүйгээ түрэх улс хоорондын харилцааны жам ёсны түрэмгийлэлд өртсөн хөгшин луу ч үйлдвэржих бодлогоо 20-р зуун гармагц Цү-Ши хатны реформын бодлогоор эхлэсэн. Дэлхийн хоёр дайн, дотоодын гурван хувьсгал үзсэний эцэст 70-аад оноос жинхэнэ утгаар модернизац, индастриал дэвшил хийж буй ч улсын бодлоготой хөрөнгө оруулалт, менежменттэй томхон үйлдвэрүүдийн бааз суурь бүр 20-р зууны эхнээс өрөгдөж байсан гэж үзэж болно. Хятадыг гэхдээ гар урлал, үйлдвэрлэлийн эртний түүхтэй орон гэдгийг мартаж болохгүй, машинжсан үйлдвэр гэдэг утгаар ойлгох хэрэгтэй.   Солонгос ч мөн Японы колоничлол, хоёр Солонгосын хуваагдал, юу эсийг үзэхдээ модернизац буюу үйлдвэрлэл ба боловсролын шинэчлэл хийх бодлогыг тууштай үргэлжлүүлсээр 1960-1980аад онд мөн л Солонгосын гайхамшиг гэгдсэн үйлдвэржилтийн үеийг туулаад өдгөө хамгаалах, гүйцэж түрүүлэх прогрессив үйлдвэржилтийн нэг амжилттай загвар гэгдэж байна.

Ийн түүх тоглоомын дүрмээрээ эргэнэ. Хүний түүхэнд гарсан хамгийн том эдийн засаглалын хувьсгал хүнд аж үйлдвэр, уурын хөдөлгүүрийн үеэс хими, биологит суурилсан хөнгөн аж үйлдвэр, автомашин, харилцаа холбооны хөгжлийн нэг хоёрдугаар шатыг дамжаад мэдээллийн технологи, дата, кибер үйлчилгээний дөрөв, тав дахь шатандаа өрнөж, өрсөлдөөн улам ширүүсч байна.  Япон АНУ-д бөмбөгдүүлсэн хэрнээ түүний хөгжлийг алхам хоцрохгүй хуулж, Солонгос Японы түрэмгийлэлд өртөж өчнөөн түүхийн хэрүүлтэй хэрнээ  метроны буудал нь хаана байгаагаа андуурмаар ижилхэн дүр зурагтай. Өвчин тусах гээд байвал вирусыг нь тариад биеэ дасгаад авдаг вакцинтай төстэй.  Франц, Итали, Энэтхэг, Турк... орон бүр өөрийн хамгаалах, дэвших, гүйцэж түрүүлэх үйлдвэрлэлийн бодлогыг гаргаж хэрэгжүүлж,  эргээд дорой зах зээл рүү нөөц авах, боловсруулсан бүтээгдэхүүн борлуулах аян хийж ирэв. Ингэмэгц нөгөө тал риакц үзүүлнэ. Энэ цикл давтагдаж, хамгаалах үйлдвэржилт хийх тал руу технологийн хувьд арай энгийн салбар шилжих, түрүүлж гараанаас гарагсад илүү ахисан түвшний, өндөр үнэтэй, нэмүү өртөгтэй салбар руу дэвших... Герман хийж байсан машиныг АНУ хийсэн, тэндээс Хятад руу үйлдвэрүүд шилжиж Детройт сөнөсөн, удахгүй Бирма машин үйлдвэрлэнэ, Япончууд үйлдвэрээ бас хямд шинэ тутам бүс рүү зөөнө, АНУ, Япон өөрсдөө харин 3D, ургуулдаг эрхтэн, арьс амьдруулдаг эм, илүү үнэтэй, интенсив технологи бүтээнэ, тэрийгээ дэлхийд үнэтэй зарж сайхан амьдарна. Япон Хятадад,  Хятад үйлдвэржээд Солонгост, Солонгос үйлдвэржээд манайд бараа шахна. Юу үнэн төрөх үнэн, татвар төлөх үнэн, үйлдвэрлэлийн салбарууд мөнхийн өөрчлөлт хөдөлгөөн хийх үнэн, үхэх үнэн. Чулуу шидэхэд усны мандалд тархсан тойрог долгион мэт энэ явц үргэлжилсээр байна. Энэ цикл, энэ газрын зураг дээр Монгол улс харин хаана оршиж байна?

 

Монгол, бас Орос

Хүн ч, улс ч өөрийн түүхэн замналын бүтээгдэхүүн билээ. Олон улсын үйлдвэрлэлийн харилцааны  газрын зураг дээр Монгол хаана байгааг харахын тулд түүхээ харах, түүхээ харахад Оросын түүхийг  сөхөн харах шаардлага зайлшгүй тулгарна. Баруун зүүн талаасаа ноолуулсан Чин гүрэнд төрийн халаа явагдаж, бидний улс тусгаар тогтнолоо сэргээн тохинуулсан 1911 он. Энэ үед бид нэг малаа хоёр болгож хөгжүүлдэг 10 мянганы өмнөх хувьсгалын шугам дээрээ л байсан. Зарим нэг гадаадын пүүсийн худалдаа, дуу шүлэгт мөнхөрсөн тэмээн жингийн цуваа түүхий эдээ өгч боловсруулсан бараа сольж авдаг өдгөө ч халагдаагүй эдийн засгийн харилцааны дүр зураг мөнөөсөө мөн. Дахин нэг арван өнгөрч Улаан оросын нөлөөнд орсон. Оросоос бид их зүйл сурсан, авсан. Гэхдээ түүхэн хувь ногдлоор хөгжлийн газрын зураг дээр их гүрнүүдийн дунд хамгийн хоцрогдсон хагас газар тариалан, хагас иргэншсэн феодлын хаант засагтай орны үргэлжлэлтэй нэг завин дээр сууж таарсан. Болшевик хувьсгал бол нэг утгаараа хөрөнгөтнүүддээ боломж олгож хоёрдугаар эдийн засгийн хувьсгалаа хийгээгүй хаант төрийн мөхөл, бизнесийн удирдлага дор үйлдвэрт ажиллах ёстой ажилчид төрийн толгойд гарсан хувьсгал байв.

Хэний систем илүү мундаг вэ хэмээх тэмцээн төмөр хөшигний хоёр талд өрнөсөн нь харин бидний завшаан байлаа. Орос системээ батлан харуулахын тулд бүхнийг хийсэн, шүхэрт нь багтсан орнуудыг ч өөд нь татсан. Харин хэний систем илүү тулхтай, илүү органик байсныг түүх өөрөө гэрчилж, Орос капиталист системд өөрөө нэгдсэн. Алгасах гэж үзсэн системээ араас нь нэхэх дүрд орсон гэсэн үг. БРИКС тэргүүтэй хуучны том гүрнүүд, бусад соц системийн орнууд нөөц, технологийн их дайнд систем дотор нь орж ирж нэгдсэнээр өрсөлдөөн ширүүсч, улс төр, геополитик, худалдааны олон дэвшил, түүний хажуугаар үл тэнцвэр үүсгээд байна[4].  Улам бүр өрсөлдөөн ширүүсч буй ийм дэлхий дээр өнгөрсөн хоёр зууны түүхэн агуулга дор өөрсдийгөө нэг ажиглавал дэлгэц дүүрэн дарвайтал уйлах хүүхэнтэй Солонгос драма(контент ч бас боловсруулсан бүтээгдэхүүн мөн), Хятадын гялгар тоглоом, нийлэг хувцас, Герман машин, Япон зурагт, Орос молоко, Турк ээмэг...энэ бүхнээр эх орон хахаж харагдах нь шинэ түүхийн жам ёсны түрлэг гэдгийг ойлгоно.  Энэ бүхэн бол эдийг хэн засаглаж байгаа нь эргээд чадахгүй байгаагаа түрдэг эдийн засгийн колоничлолын их бага биежсэн хэлбэрүүд юм.

Хоёр их системийн дайны хаялгаар хотжилт, үйлдвэржилтийн түүхэн дэвшил хийсэн ч 90 оноос моментоо алдсан нь анхнаасаа иргэний зоргоор дотроосоо тэсэрч хийсэн органик хувьсгал гэхээсээ төвлөрсөн хэлбэрээр төрийн удирдлагаар хийсэн үйлдвэржилт  байсантай холбоотой. Тэгээд ч ЗХУ Орос орны асар их баялагт дулдуйдсан төрийн индастриализм хэрэгжүүлснээс биш микро түвшинд технологи, менежментийн ухаанаар тийм ч үлгэр дууриалтай ах ч байсангүй. Системийн гаралтай төрийн удирдлага, функц алдармагц угтаа бол нүүдэлчин түмэн ч түүхийн шуурганд сул хөвж, эдийг хэрэглэх гэхээсээ засаглах утгаар бол барилга гэх мэт хамаг хөрөнгөө хийсэн салбарыг эс тооцвол эргээд хүнсний хувьсгал, малын засагтай хуучин түүхийн давхарга руу буцав. Тэр үеэс ялгаатай нь олон улсын практик ашиглан уул талаа ухах боломжтой, тэр боломжоо тойрон хэн ямар эдийг илүү хэрэглэх вэ хэмээн зодолдох болж. Үр дүнд нь тусгаар тогтнолын нэг тулгуур багана эдийн засгийн бие даасан байдал ерөнхийдөө алдуурав. Дайны эсрэг олон улсын эрхзүйн системд тодорхой ахиц гарсан тул төрт улсын совернитид тийм амар халдах боломжгүй болсон ч хүчтний өмнө хүчгүй нь буруутай хэмээх нүцгэн дүрэм энэ 250 жилд төдийлөн өөрчлөгдөөгүй. Буруутгах арга, хэлбэр илүү нарийсаж ирж, дайн цэргийн жанждын биш CEO, менежментийн багийнхны ширээн дээр өрнөдөг корпоратократизмын эрин үргэлжилж байна.

Түүхэндээ үй олон омог, үндэстэн, улс, иргэншил залгиж ирсэн дэлхийн бөмбөрцөг дээрх улс хоорондын хүч, эрх мэдэл, нөөцийн төлөөх дайн үргэлжилсээр. Хуучин түүхэнд хамгийн том гүрэн байгуулж явсан Монголчууд бид шинэ түүхийн тавцанд харин хөгжлийн өчнөөн давхарга үүссэн цаг хугацаа, орон зайн хэмжээст хамгийн доод давхарт, хамгийн анхны зуунд төөрөн байнам. Энэ бол гэхдээ замналаас хамааралтай path-dependent үр дүн, түүхийн оноолт.  Хаана байгаагаа, хаачих ёстойгоо, хийхээс өөр замгүйгээ бүрэн ухамсарлаж, сэрж мэдвэл өөр замаар замнаж болно. Бүхнийг өөрөө хийдэг орон байхгүй, гэхдээ бүхнийг гаднаас авдаг орон бас байхгүй. Оршъё гэвэл үндэстний эдийн засгийн амбиц, стратегийн салбаруудаа тодорхойлж үйлдвэржихээс өөр замгүй.

Экологийн, уламжлалын, Ноён Уулын элдэв эсэргүүцэл, хуучнаа санагалзах носталжиа энэ их нээлттэй өөрчлөлт дунд үүсэх нь зүйн хэрэг. Шинэчлэл өөрчлөлт хэзээд араасаа консерватизм хэмээх сүүдэр дагуулан өрнөж ирсэн, бусад орон ч Япон ч Хятад ч тэр байтугай Англи ч, Герман ч галт тэрэг, машинаасаа айж, маань уншиж явсан үетэй. Тэр тусмаа Монгол шиг мал сүрэг арвин, уул ус тэгшхэн, тэнүүн сайхан талдаа эрх тааварааа амьдарч ирсэн, түүхэн их гүрний ой санамжтай үндэстэнд зарим үнэт зүйлээ золиод, зарим уулаа ухаад урагшлах нь харах өнцгөөс хамаараад хөгжил гэж санагдахгүй, хөгжил гэж хэлмээргүй байж мэднэ. Гэхдээ шинэ түүхийн тоглоомын дүрэм, хүсэх эсэх нь, сайн сайхан эсэх нь сонин биш. Нүүдэл эхэлсэн, нэг бол цуг нүү унаагаа шинэчил, нөгөө бол бусдын нүүдлийн дугуй бол. Цуг нүүж байж зарим үнэт зүйлээ хадгалах, зарим нь бидний хувьд сайн сайхан уламжлалт давхаргадаа энх тайван орших эдийн засгийн чадамжтай болно. Дэлхийн үйлдвэрлэлийн өрөг дээр хаана буйгаа бүрэн утгаар, түүхэн контекстод гүнзгий ухамсарлаж энэ их өрсөлдөөн хөдөлгөөнөөс хаалттай үлдэх, шулуулахгүй байх,зүлгэн дээр гэрээ бариад сэтгэл шүтэж, домог хайлсан минималист нүүдэлчид хэвээр үлдэх сонголт бидэнд байхгүйг сэхээрч мэдвэл консерватизм ч зайгаа тавьж өгнө, тэрэнд дөрөөлсөн популизм ч хол явахгүй болно. Залуусын амьдралын хэв маяг, хотжих хөдөлгөөнийг харвал тийм сонголт өөрсдөө ч хийхгүй нь, хиймээр байлаа гэхэд Хятадад, Орост ч олдоогүй сонголт бидэнд олдох ч үгүй. Монгол улс үйлдвэржих үү, эс орших уу, үүнийгээ шийдэх түүхэн моментууд яг өнөөдөр, яг одоо үргэлжилж байна.

 

 

-------------------------------------------------------------------------------------------------------------------

[1] Референтийн тухай эндээс

[2] Өдгөө явц хаана, ямар шатандаа үргэлжилж байгааг эрхэм уншигч эндээс толилж болно

[3] Мэижийн шинэчлэлийн тухай эндээс

[4] Тогтворгүй байдлын тухай эндээс

 

 

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2023-12-06

    bayrlalaa.

    • albaker
    • 2020-04-12

    АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙНА, ЖЕНЖИНИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй [email protected], би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна ([email protected]) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно ([email protected]) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болтугай.  Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой ([email protected])

arrow icon