Нийтлэл 08 сарын 17, 2015

ӨӨДӨӨ ШИДСЭН ЧУЛУУ

Манай улс төрчид өөдөө чулуу шидэж тоглох дуртай юм. Магадгүй өөдөө чулуу шиддэгүүд нь том том дарга ч болдог байж мэднэ, эсвэл жижгүүдийнх нь чулуугаар байлдаж тоглож байгааг мань мэт анзаардаггүй байх. Миний мэдэхээс хамгийн бага чулуу шидсэн нь П.Очирбат – Ерөнхийлөгч болгосон нам нь өөр хүн дэвшүүлсэн нь одоо бодоход хамгийн бага чулуу гэлтэй.  М.Энхсайхан ЕС-аасаа огцорч, сүүлдээ туурга тусгаарлах болсон нь бас л чулуугаар наадсаных. Н.Багабандийн наадсан чулууг сайн мэдэхгүй юм, Н.Энхбаяртай л байлдаад байсан. Хамгийн том чулуугаар наадсан хүн бол Н.Энхбаяр. Н.Багабандитай байлдаж байгаа нь энэ гээд л хамаг эрхийг нь авч хаяаад л байсан сүүлдээ өөрөө тэрэн дээрээ буусан , залуучуудаа талцуулж тоглосон чинь нийлээд ахыг жийчихсэн,  АТГ байгуулаад л хамаг эрх мэдлийг гартаа авах гэсэн чинь өөрөө оймсдуулчихсан.  Ер нь манай бүх Ерөнхийлөгч дэвшүүлсэн намтайгаа муудалцдаг жишиг тогтсон шүү.  

Дүйцэхүйц чулуугаар наадсан, одоо ч наадсаар байгаа хүн бол Ц.Элбэгдорж. Жижиг ч гэсэн их олон чулуу өөд нь шидсэн. Засгаараа наадвал яадгийг өөрөө оролцож явсны хувьд  мэдсээр байж наадсан нь дунд зэргийн чулуунд орно. Том чулуу нь бууж ирээгүй л байна. Улс төр гадарладаг хүмүүс  ер нь л чулууг нь тоолох байх шүү.  Н.Алтанхуягийн огцом өссөн нөлөөнөөс айж, муудалцсан нь бас л өөр дээр нь унаж байх шиг байна. Сайхан чулуугаар нааддаг хүний тоонд  Н.Алтанхуяг ч орно. Нэр нөлөө нь ихсэхийн хэрээр долдой цуглуулж, вакумжсны гай нь өөр дээр нь ч, нам дээр нь ч унав.  Хажуу бөөрнөөс нь сандал ширээний төлөө түгжилдсний дараа Цахиур Төмөр шиг, ээ халаг, хэдэн муу сандлаас болж хүн алахнээ гэсэн л байж таарна. Физикч хүн байж МАН-ыг хүчгүйдүүлнэ гээд МАХН-тай хамтарснаас АН нь хүчгүйдсэн. З.Энхболд намын дарга болтлоо  чулуугаар нэг их наадалгүй, хүмүүс рүү жижиг чулуу шидэж, томыг нь цуглуулсан гэхэд болно. Одоо харин тэр цуглуулсан том чулуунуудаа хааш нь шидэж наадах бол? Бас л өөдөө шидэх вий дээ? АН ер нь таван тийшээ тарж бутрахад бэлэн болж байх шиг (толгой ярих болсон өнөө үед  толгой холбож тав гэсэн нь нөлөө бүхий фракцын тоотой давхцсан нь цэвэр тохиолдол). МАН ч ялгаагүй гурван тийш харсан сурагтай. М.Энхболд, У.Хүрэлсүхийн дажинг ашиглаад Н.Энхбаяртай буцаж нэгдэх сонирхолтой хэсэг нөхөд ч энд тэнд мэр сэр уулзаж учраад явах шиг. Н.Энхбаярыг Монголд газарддаг шөнө Ч.Сайханбилэг, Э.Бат-Үүл 2 шөнө дөлөөр онгоцны буудалтай танилцсан ч гэх шиг. Нүдээр хараагүй болхоор итгэхэд бэрх юм болж.  Х.Баттулга, Д. Тэрбишдагва нар 2012 онд гэрээ байгуулж гар хөлийн үсэг зурсныг огт мэдээгүй Э.Бат-Үүл 14 онд Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нар зурлаа гээд айхтар ундууцаж, намаа Н.Алтанхуягаас “аварсан” , одоо харин З.Энхболд, Н.Энхбаяр нар гэрээ үзэглэвэл  хажууд нь байлгаж байгаад зуруулахгүй бол бас л нэг өдөр гэнэт мэдээд бас бөөн уур болох вий. Хэрэв шөнө дөлөөр онгоцны буудал орсон нь үнэн бол цүүндээ биш гэдэг шиг Н.Энхбаяртай зурсандаа биш, ерөөсөө л Н.Алтанхуягт л асуудал байсан нь ойлгомжтой болно. Харж л байхаас.

 

Ч.Сайханбилэг бол нэр шиг ээ зүгээр л сайхан билэг тэмдэг. Амыг нь Ц.Элбэгдорж, биеийг нь З.Энхболд мэддэг гэлтэй, Н.Алтанхуягаас гуйх нүүргүй болчихсон юм хойно, яая гэхэв.  Хэлж ярих нь сайхан ч хийж бүтээсэн юмгүй л сууна. Баахан л мөнгө олж ирлээ гээд байсан, хаана ч яваа мөнгө юм? Г.Уянга гишүүн хаваржингаа огцруулна гээд гар хөлийн үсэг нь хүрэхгүй зүдэрсэн, одоо харин засгаас учир битүүлгээр гэнэт хөөгдсөн МАН-ын 25 ярайтал нь гарын үсгээ зурах биз. Үндэслэл нь Дубайн гэрээ гэгч болох биз. Өөрөө зураагүй ч улс төрчийг унагахад шалтаг мундахгүй. Их л шударга дүртэй (имидж бүрдүүлсэн гэх утгаар хэрэглэв, шудрага мөн бишийг нь үнэндээ мэдэхгүй) Г.Уянга гишүүнийг нэгэн цагт дайсагналцаж явсан Н.Энхбаяр зогсоож чадах эсэхийг харах л хэрэгтэй. “Ард түмнээ бодоод” засаг тогтвортой байх хэрэгтэй гэж ярьж мэдэх л хүн.

Өршөөлийн хууль наадмын уур амьсгалаас гараагүй олныг цочирдуулав. Ц.Элбэгдорж Прокурорын баярын хурлын индэр дээрээс Д. Дорлигжавын өргөн барьсан хувилбар яван явсаар зүсээ хувиргаж, буцаж татах дээрээ тулсан ч  хүчээр баталж орхисон гэж мэдэгдэж, ийм хуулинд хэсэгчлэн хориг тавина гэсэн хэдий ч, гар дээр нь очоогүй хуулинд яаж ч хориг тавих билээ. Х.Тэмүүжин, С.Бямбацогт (нэрийг нь буруу биччих вий дээ) хоёр байнгын хороон дээр авилгал , албан тушаалтныг өршөөж болохгүй гэж хэчнээн ч учирлаад дийлээгүй гэсэн, тэр байнгын хорооны гишүүд их л но-той бололтой.  

Намрын налгар өдрүүдийг халуун болгосон зүйл бол МАН-ыг засгаас хөөсөн, Өршөөлийн хууль 2 юм. Н.Алтанхуягийг ЕС байхад л төрийн 3 өндөрлөг эвтэй байгаасай гэж Монгол арифметик гэж энэ нийтлэлийг бичсэн. Олж уншаагүй л дээ, нөхдүүд. Засаж залруулаасай гэхээр олж уншихгүй мөртлөө муулахаар олж уншчихаа л аж амьдралд хахиж хавчдаг сонин улс шүү.

АН 3 жил зарцуулаад 2012 оны 8 сард эргээд оччихлоо. Гэхдээ сахил хүртээд шал дордов гэгчээр Засаг байгуулах МАН гэсэн нөөц хувилбараа шатаачихсан, Өршөөлийн хуулийн авилгал, албан тушаалтны гэх зүйл дээр Н.Энхбаярт барьцаалагдчихсан, Н.Алтанхуягийн ялалтын буухианы зориг ор мөргүй арилчихсан, гол нь эдийн засаг сэхээнд орчихсон байдалд ороо бусгаа Шударга ёс эвсэлтэй дахиад засаг хамтарна гэх. Бүтцийн өөрчлөлт нэрээр бүтэн яам нэмж, эвсэлд бэлэглэх сурагтай. Хөдөөгийн хөгжлийн яам гэсэн байх шүү. Ч.Сайханбилэг суудалдаа үнэхээр дуртай юм, тэрнээс биш ҮЗХ хуралдуул гэж хэн ч тоохгүй бичиг шидсэнээс Засгийн газарт итгэл үзүүлэх эсэхээр санал хураалгасан бол эрийн хуйх болох байлаа. Унавал тэртээ тэргүй ЕС-ийн үүрэг гүйцэтгэгчээр  2016 он хүртэл ажиллана, унахгүй бол 6 сар хэн ч оролдохгүй болох байлаа шд. М.Энхсайханд АН-ын жагсаалтын 2-ыг, Г.Уянгад жагсаалтын 5-ыг  амлаад шударга ёс эвслийг задалчихвал АН 37, МАН 27, ИЗНН 4 суудалтай болох хуулийн гаргалгаа бий дээ , уг нь. Сонгуульд орсон субъект байхгүй болсон тул Шудрага ёс эвслийн жагсаалт үгүй болж, тус эвслийн жагсаалтын 6 гишүүний  бүрэн эрх дуусгавар болох юм. Энийг би аль 2013 онд бичиж байсан ч олж уншаагүй л байх нь. Болж өнгөрсөн үйл явдлуудаас өөртөө нэг зүйлийг ойлгосон нь юув гэхээр Н.Алтанхуяг, З.Энхболд нар Ц.Элбэгдоржоос төө илүү стратегич нар байж.  Тактик нь тулаанд ялах арга бол, стратеги нь дайнд ялах төлөвлөгөө юм.Гэхдээ дайн дуусаагүй, дөнгөж эхэлж байна, яаран дүгнэх эрт байна (бусдыг дүгнэснээр би бас оргүй ч нөхөр биш гэж байгаам биш шүү, хаха).

.

Сэтгэгдэл бичих

    • Punk Buster
    • 2021-12-27

    С.Баяр л бичүүлж дээ

    • Зочин
    • 2015-08-18

    ТИЙМ ШҮҮ

    • Зочин
    • 2015-08-17

    Ebe erunhiilugch avilgal gedgiig yarihdaa yagaad gants hun ruu dairaad chichreed baisniig ogt oilgoogui. Baishin belegsheej belgend avaad tag martdag hun bas baigaa biz dee. Alban tushaaliin hereg geed yarival bondiin mungu, tumur zam, railbus, gudamj tusul geed yavj ugmuur yum...

    • Зочин
    • 2015-08-17

    Элбэгдорж их л буруу юм хийгээд байгаа юм

    • Зочин
    • 2015-08-17

    ЗӨВ ШҮҮ

    • Зочин
    • 2015-08-17

    goy bichsen baina aa

    • Зочин
    • 2015-08-17

    Sagsuu shaar shuu, @mongolbodol

arrow icon