Нийтлэл 08 сарын 21, 2015

Эс өршөөх үү, зуухаа хөлдөөх үү?

Өршөөлийн хууль цөхрөл, бухимдал, ядуурал(одоо бүр үгүйрэл ч юм уу шинэ үг хэрэгтэй болж ирсэн), юу юунаас илүү бусад нь бүхнийг авч өөрөө юу ч үгүй үлдэж хохирсон мэдрэмж  буглаж, хуурай мод жиргээд асаахад бэлдсэн гал шиг болсон нийгмийн сэтгэлзүй рүү шүдэнз зураад шидэв.  

Манай улс өмнө нь 1991, 1996, 2000, 2006, 2009 онд өршөөлийн хууль баталж  байжээ.  Гэхдээ энэ удаагийнх нь шиг хэл ам дагуулж, бас энэ удаагийх шиг төрийн дээд удирдлагын хүрээнд зөрчил үүсгэж хориг сааддаа тулж байсан нь үгүй. Олон нийт бухимдах нь аргагүй, харин дээгүүр нэг нь шударга бусдаа батлаад, нөгөө нь  шударга болохоор шүүмжлээд байна гэдэг шиг уран сэтгэмжтэй үлгэр  байхгүй. Тэгэхээр шатрын өрөг ямар байдлаар өрөгдчихөөд ийм зөрчил үүсээд байгаа юм бол?  Дор бичсэн гаргалгаа бол өөрт байгаа мэдээллийн хэмжээнд гаргасан таамаг болно.

Хориг тавьсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байр суурь: Тавантолгойн тендер тойрсон маргаанаар З.Энхболдтой ашиг сонирхлын зөрчилд орсон харагддаг. Олон нийтийн телевизээр ярилцлага өгч консорциумд даатгахад уриалж идэвхийлэн пиар хийлцэж өгсөн нь саяхан (http://www.trends.mn/n/1804 ). Өршөөлийн хуулийн эсрэг дуугарч байгаа цөөн хүний нэг М.Батчимэг гишүүн ч тэр үеэр Зуун чухал сэдэв(https://www.youtube.com/watch?v=Z3QwdbOwMZs ) нэвтрүүлэгт орж пиар хийж байсан нь санамсаргүй давхцал биш болов уу. Шинэчлэлийн Засгийн газар солигдсоноос хойш Тавантолгойн тендер идэвхижсэнийг бодолцвол том төсөл тойрсон зөрчил дунд Засгийн газрын халаа солио явагдсан, үүнд Ерөнхийлөгч идэвхитэй үүрэг гүйцэтгэсэн байж магадгүй. Харин Ч.Сайханбилэгийн Засгийн газар санаснаар нь явсангүй, нам дотор нь шинэ хүчний төв үүсэж Тавантолгойн тендер ч гацаж, МАН ч гарав. МАН-ыг гаргах бужигнаан дунд Өршөөлийн хууль Шударга ёс эвслийн барьцаанд орсон. Түүний хувьд энэ бүх үйл явц АН дотор нөлөөгөө алдах, засагт Н.Энхбаярын нөлөө нэмэгдэхэд хөтөлсөн. Ингээд Өршөөлийн хуулийг эсэргүүцэх байр суурьтай болсон ба улс төрч хүний хувьд авилгын эсрэг тэмцэгчийн дүрээр пиардахад ашигласан.

Ц.Элбэгдорж-Н.Энхбаяр гэсэн ийм тэнхлэгээс гадна бас нэг өөр тэнхлэгээр уг хуулийг тойрсон зөрчил өрнөж байна.  Өршөөлийн хуулийг дангаар нь биш эдийн засгийн ил тод байдлын хууль, мөн хэзээнээс ч юм бэ нэлээн дээрээс, дор хаяж 2 жилийн өмнөөс үргэлжилж байгаа аль хүчний байгууллага хэр их хүчтэй байх вэ, хэн нь хэн бэ  гэдгийг шийдэх улстөрийн дайны гэрэлд харах ёстой гэж бодож байна.

 

Өршөөлийн хууль батлагдсанаас хойш хууль хүчний байгууллага дундаа хамгийн сайн хэвлэлийн пиартай АТГ хэд хэдэн цуврал ярилцлага өгөөд байна.  “Хээл хахууль авах буюу Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл, Хээл хахууль зуучлах буюу Эрүүгийн хуулийн 270.2 дахь хэсэг өршөөлд хамрагдахгүй зүйл анги болоод байгаа ч АТГ шалгаж буй гэмт хэргийн ихэнх нь энэ заалтад хамаарахгүй албан тушаалын гэмт хэрэг байдаг байна. Тиймээс УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй бол авлига, албан тушаалын гэмт хэргээр хорих ял эдэлж байгаа 35 хүнээс 25 нь суллагдаж, мөн ял хойшилсон, тэнсэн суллагдсан, уучлал үзүүлсэн, хорихоос өөр төрлийн ял шийтгэгдсэн 205 хүн ялгүйд тооцогдох, тэрнээс гадна одоо Мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж, байцаан шийтгэх ажиллагаа үргэлжилж байгаа 55 хэргийн 12,2 тэрбум төгрөгийн хохирол бүхий 45 хэрэг нь хуулийн үйлчлэлд хамрагдахаар байгаа аж. Хохирол бол улсын ял өршөөгдсөн ч угаас хуулийн дагуу нөхөн төлөгдөх ёстой.  Тэгэхээр анхнаасаа энэ байгууллагын хариуцаж байгаа хэргийн улсын ялыг өршөөлд хамруулахаар зорьж баталсан ч юм шиг харагдана. Тагнуулын байгууллагын тухай хууль наадмын өмнө батлагдаж, ТЕГ үлэмж хүчирхэгжсэн. Мөрдөн байцаах албыг прокурорт буцаах тухай хуулийн төсөл төөрч алга болсон. Тэгэхээр одоо шалгаж байгаа хэргүүдийн хувьд АТГ энэ нийтлэлд(http://www.trends.mn/n/3643 ) хөндсөнчлөн өөрийн бурууг өөрөө хянах битүү бүтэц дотроо хамаг судлыг атгаж байгаа. Намуудын хувьд эдгээр хэргийн мөрдөн байцаалтад тархиа базуулсан гэж үзвэл батлах явц асар хурдтай өрнөсөн гэгдэх Өршөөлийн хуулийн шүхэрт Эрүүгийн хуулийн 263, 264, 265, 266 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн улсын ялыг  өршөөх заалт оруулах замаар тэр дөнгөнөөсөө гарах цахилгаан төлөвлөгөө хэрэгжүүлсэн байж магадгүй.

 

Хууль хүчний байгууллага нь хууль санаачилж батлах эрх бүхий УИХ-ын гишүүдийг ямар нэг хэргээр барьцаалсан, улс төржсөн  гэх үг Ц.Нямдорж (https://www.facebook.com/video.php?v=787343651332306&pnref=story) , Х.Тэмүүжин(http://www.trends.mn/n/3659), Р.Гончигдорж (http://news.trends.mn/n/53671), М.Батчимэг (http://politics.news.mn/content/220097.shtml) нарын халуун тогоонд нь чанагдаж байгаа олон гишүүнээс гарах болсон.  Эдийн засаг арван жилийн дотор хэд дахин тэлсэн, гэхдээ бодит сектор хөгжөөгүй, орлогын ялгаврлал ийм их улсад төр барьж буй УИХ-д  суусан хэн хүн ямар нэг хэмжээгээр но-той гэж үзвэл “хувийн но+хууль хүчний байгууллагын эрх мэдлийн бүтэц” гэсэн энэ нийлбэр төрийн засаглал, улсын бодлого, ирээдүйн хөгжлийг шийдэж байх ёстой кноп шантаажлагдсан нөхцөл байдал үүсэхэд амархан тохироо мэт. Энэ удаа ийм дөнгөнөөс эрүүгийн байцаан шийтгэх, мөрдөн байцаах энэ тэр зохих интитуцийн тухай хуулиа батлаад гарч чадахгүй(чадахгүй байгаа нь шантаажны баталгаа ч юм шиг), өршөөл хэмээх агуулга дор явуулсан нь авилга, булхай бурууг өршөөх нь гэсэн утгаар нийтлэлийн эхэнд дурдсан нийгмийн хөрсөн дээр очиж тэсрээд, дөнгөнөөс мултрахаасаа эсэн юм болов.

Ингээд одоо хэлэлцэх хоригоор АН МАН, дээр дооргүй ацан шалаанд орчих шиг боллоо. МАХН-АН-ын сонгуулийн эвслээс жийрхсэн МАН нэгд нэр нүүрээ бодоод хоригийг хүлээж авах кноп дарж мэднэ. Хүлээж авахгүй гэвэл сонгуулийн нэр хүнд нь унана, хүлээж авбал эргээд барьцаалагдана(хэрэв улстөрийн шантааж байдаг юм бол). АН ч ялгаагүй. Ийм жинлүүрийн нэг талд улс төрийн нэр хүнд байгаа учраас иргэдийн хандлага ийм том ацан шалаан дээр их эрх мэдлийг атгаж байна.  Ядуурал, бухимдалд гэмтэн олж шийтгэх сэтгэлзүйн хэрэгцээ, шударга ёсны төлөөх мэдрэмжээ зольж хөгжлийн бодлого, институцийн асуудал хариуцсан кнопууд ямар нэг барьцаанд байх эрсдэлээс зайлсхийх үү,  шийтгэдгээрээ шийтгээд түүний хамт кноп ямар нэг дарамтад байх эрсдэлийг хамтад нь хүлээн зөвшөөрөх үү.

Хэрвээ кноп шантаажлагддаг, хуулийн хар зах дээр наймаа явдаг нь үнэн бол хувьдаа Үндсэн хууль, Намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хууль гээд энэ улс орны хамаг суурь хундаамыг хэлэлцэх чуулган ирж байхад чөлөөлөх нь дээр санагдана.  Хохирлоо нөхөн төлүүлэх, дахин төрийн албанд ойртуулахгүй байх, харин ял хэлтрүүлэх, улмаар бүтцийн гажуудлын эсрэг чөлөөтэй хууль хэлэлцэх боломж үүсгэх. Гэмтэй хүн гэм хүлээх ёстой, гэхдээ энэ бол нэг талаар негатив мотивац. Бодлогын кноп эрх чөлөөтэй, явцуу эрх ашигт бус улс орны ирээдүйн тулд дарагддаг байх ёстой, энэ нь илүү позитив, илүү чухал.   Үлгэрлэвэл нэг талх хулгайлсан хүнийг хэдэн жилээр шийтгэж, тэрнийхээ дөнгөнд дахиад бидэнд хоол болохгүй эвдэрхий зуух, түүхий талх бариулах уу, нэг талхаа төлүүлж аваад сул орхиж арай дээр талх жигнэчихээр зуухны төлөө кноп дарах боломж өгөх, тэгээд ирэх оны сонгуулиар идэх талхнаасаа холхон цөлөх. Тэгэхгүй бол зуух эвдэрсэн, тэрийгээ засах гэхээр өмнөх  талхны хулгайгаар шантаажлагдаад байдаг... тийм л гал зуухандаа бид зодолдсоор намрыг угтаж байна. .. удахгүй өвөл ирэх нь.

Сэтгэгдэл бичих

    • зочин
    • 2015-08-21

    ТЭНГИС КИНОТЕАТРЫН ХОЙНО БАЙРЛАЛТАЙ, ЗАСВАР ХИЙСЭН 1 ӨРӨӨ БАЙРТҮРЭЭСЛҮҮЛНЭ. ГАЛ ЗУУХ ТУСДАА 8858-33

arrow icon