Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашиллаа. Энэ үед нийслэлчүүдэд тулгардаг томоохон асуудлуудын нэг бол яахын аргагүй хотын утаа. Агаарын бохирдлыг бууруулахаар жил бүр улсаас хөрөнгө мөнгө төсөвлөдөг. Төсөвлөсөн мөнгөнийхөө хэмжээнд агаарын бохирдлыг бууруулахаар хийсэн ажлуудаа тайлагнадаг. Тайлагнасан ажлынх нь үр дүнд агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурах ёстой тул Агаарын бохирдлыг бууруулах сан, БОНХЯ, Цэвэр агаар сан төслийнхөн жил бүр агаарын бохирдол тэдэн хувиар буурлаа, эдэн хувиар буурсан тухай тайлагнадаг. Тухайлбал, өнгөрсөн хавар болсон агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны хуралдааны үеэр Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Цэвэр агаар сан 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж агаарын бохирдол 2012 онтой харьцуулахад 50 хувиар буурсан тухай ярьсан.
Гэтэл бодит байдал дээр агаарын бохирдол ямар хэмжээнд байгааг, байх ёстой агаарын чанарын стандартаас хэд дахин ихэссэн, агаарын бохирдол хүний эрүүл мэндэд ямар нөлөөтэй талаар цуврал нийтлэлийг хүргэхээр болсон билээ. Тиймээс бид өчигдөр нийслэлийн агаарыг бохирдуулагч үндсэн эх үүсвэрүүд юу болох, гэр хорооллын айлууд хэр их нүүрс, мод хэрэглэдэг тэр нь жилд хэдий хэмжээний мөнгө зарцуулдаг талаарх судалгааг эхний нийтлэлдээ харуулсан.
Агаарын бохирдолд төрөөс хэдэн төгрөгийн төсөв зарцуулсан бэ
Агаарын бохирдлыг бууруулах бодлого хэрэгжүүлснээс хойш улсын төсвөөс 73,9 тэрбум төгрөг зарцуулжээ
. Төсөвлөсөн мөнгөнийхээ хэмжээнд төрийн байгууллагуудаас ямар ямар ажил хийсэн, энэ мөнгөө юу юунд зарцуулсан тухай энэ нийтлэлээс уншиж болно.
Харин бид өнөөдрийн сурвалжлагаараа агаарын бохирдлын хэмжээ бодит байдал дээр ямар хэмжээтэй байгаа, агаарын чанарын стандартаас хэдэн хувиар илүү гарсан, бохирдол үүсгэж байгаа нэгдлүүдийн эх үүсвэр, эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг талаар бэлтгэлээ.
Бид сурвалжлагаа бэлтгэхдээ “Ногоон Титэм” байгаль орчны шинжилгээний лабораторитой хамтран Улаанбаатар хотын агаарыг хамгийн ихээр бохирдуулдаг хүхэрлэг хий/SO2/, азотын давхар исэл /NO2/ зэрэг нэгдлийн агууламж ямар хэмжээтэй байгаа, агаарын чанарын стандартыг хэр хангаж байгаар харахаар 5 шар ормын агаарын чанараас дээж авч шинжилгээ хийж үзсэн юм.
Агаарын чанарын дээжээс авсан шинжилгээгээр ямар үр дүн гарсан бэ
Агаарын чанарын дээжээс авсан шинжилгээний үр дүнд хүхэрлэг хий/SO2/-ийн хэмжээ 30,76 мк/м3 гарсан бол Азотын давхар исэл/NO2-ийн хэмжээ 83,02 мк/м3 гарсан байна.Тэгвэл эл хоёр нэгдэл агаарын чанарын стандартаар ямар хэмжээтэй агуулагдах ёстой талаар доор харьцуулалт хийж үзлээ.
Агаарын чанарын стандартаар 24 цагийн дундаж хэмжээ нь хүхэрлэг хий /SO2/ нь 20 мк/м3 байх ёстой бол Азотын давхар исэл/NO2/-ийн хэмжээ 40 мк/м3 байх ёстой ажээ. Өөрөөр хэлбэл энэ стандарт хэмжээнээс дээш гарсан үзүүлэлт нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хортой болдог байна. Үүнээс харахад Нийслэлийн ганцхан цэг болох 5 шар орчмын агаарын хүхэрлэг хий буюу SO2-ийн хэмжээ байх ёстой хэмжээнээсээ 50 хувиар илүү гарсан
. ХаринАзотын давхар исэл буюу NO2 байх ёстой стандартаасаа 2 дахин их гарчээ.
Ямар объектоос ялгарч агаарт тархдаг вэ
Одоо харин Улаанбаатарын агаарын бохирдлын дийлэнх хувийг эзэлж байгаа энэ хоёр нэгдэл юунд агуулагддаг, өөрөөр хэлбэл ямар объектоос гарч агаарт тархдаг талаар авч үзье.
SO2 буюу хүхэрлэг хий нь нүүрснээс гол төлөв гардаг. Нүүрсэнд байгаа хүхэр хэр байна тэр хэмжээгээр нүүрс шатаахад гарч байдаг байна. Өөрөөр хэлбэл агаарын бохирдлыг үүсгэгч гол нэгдэл болох хүхэрлэг хий нь нүүр түлсэн гэр хорооллын айлуудын зуухнаас гардаг байна.
Харин NО2 буюу азотын давхар исэл нь шаталтын процессоос ялгардаг бөгөөд гол төлөв автомашинаас ялгардаг байна. Тэгэхээр эндээс харахад нийслэлийн агаарын бохирдлын дийлэнх хувийг нүүрсний болон автомашины утаа эзэлдэг
байна.
Эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг вэ
Хүхэрлэг хий буюу SО2-ийн стандарт хэмжээ илүү гарснаар амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулж, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг байна. Харин NО2 буюу азотын давхар исэл нь өнгөгүй, үнэргүй хий бөгөөд агаар мандалд гарахаараа бор шаргал өнгөтэй болдог. Хүний биед очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгаж уушги болоод зүрх судасны өвчинтэй болох гол нөлөөлөл үзүүлдэг ажээ. Дээрх хоёр бодис нь өндөр настан болоод бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүдийн урагт нөлөөлөх эрсдэл өндөр байдаг ажээ.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж:
-Шинжилгээний PDF файлыг энд хавсаргалаа
-http://agaar.mn/files/article/362/7%20khonog%20medee%202014.11.24.pdf
-“Ногоон титэм” байгаль орчны шинжилгээний лаборатори
-Агаарын чанарын алба
Сэтгэгдэл бичих