Нийтлэл 12 сарын 14, 2015

Исламын улсууд: АНУ-ын ухсан нүхэнд үржсэн 'харх'

Олон улсын геополитик шинжээч, нийтлэлч  Ж.Фрийдманы ДЭЛХИЙ ХЭЗЭЭНЭЭС ТЭНЦВЭРЭЭ АЛДАВ?ЕВРОП ХЭЗЭЭНЭЭС ТЭНЦВЭРЭЭ АЛДАВ?  нийтлэлийн үргэлжлэл, Исламын ертөнцийг хямралд хөтөлсөн түүхэн хүчин зүйлсийн талаарх  ДУНДАД ДОРНОД ХЭЗЭЭНЭЭС ТЭНЦВЭРЭЭ АЛДАВ? анализ нийтлэлийн төгсгөлийн хэсгийг орчуулан хүргэж байна.  Хүмүүс яагаад Сирээс дүрвэх болов?,  Сирид хамгийн олон буу зарсан нь буудуулсан дүрвэгсдээс нүүр буруулж байна,  Хэт даврагчдын бүлэглэл “ISIS”-ийн алан хядах үйл ажиллагааны зорилго юунд оршив?  нийтлэлүүд болон нэрт геополитикийн шинжээч Ж.Фрийдманы эдгээр цуврал нийтлэлээс та бүхэн Дундад Дорнод, Ойрхи Дорнодод өрнөж буй гамшигт зөрчлийн учир шалтгаан, түүхэн явц, хүчнүүдийн харилцааны талаар тодорхой хэмжээний ойлголттой болох боломжтой. 

 

АНУ-ын шинэ стратеги ба түүний үр дагавар

Ингээд АНУ стратегиэ өөрчлөхөөс өөр аргагүй байдалд хүрэв. АНУ аль-Каидаг, Иракийг ялсан байж болно, гэхдээ Ирак, Афганистаныг засан тохинуулах аргаа олсонгүй. Мориндоо мордоод дайлах амархан, мориноосоо буугаад төвхнүүлэх амаргүй гэдэг шиг л юм болжээ. Хагарч бутарсан бүс нутгийг дийлэх амархан байсан ч яг энэнээсээ болоод энх тайван бүс болгон төвхнүүлэх бас худлаа болов. Засгийн газар нь дөнгөж төрөн гарч байсан Исламын улсууд, янз бүрийн шашны болон шашны бус бүлэглэлүүдтэй тулгарч байсан Сирид гэхэд Америкчууд Исламын улсын бус хэсгийг стратегитэй, үр нөлөөтэй хүч болгон хувиргаж чадсангүй. Түүнээс гадна, АНУ Исламын улсуудтай дайтахад Дундад Дорнод дахь цэргийн нөөц нь хүрэлцэхгүй байснаас гадна, аргачлал, үзэл бодлын зөрүүнээс болоод Ассадын Засгийн газартай ч хэл амаа ололцож чадсангүй.

Ингээд Дундад Дорнодын төв хэсэг хонхойтол ухсан нүх шиг эзэнгүй, баахан зөрчил тэмцэлтэй хүчнүүдийн сав газар болж хувирав. Ливан ба Иранийн хилийн засварт хоёр зүйл яваандаа тодорхой болсон ба нэгд бага үндэстний бүлэглэлүүд энэ бүс нутгийн бодит байдал болох нь танигдаж, хоёрт Сири, Иракийн хилийг арчин хаях замаар Исламын улсууд тэргүүтэй эдгээр бүлэглэлүүд хил дамнасан Халифын дэглэмийн үндсэн бүтцийг босгож ирэв.

Ингээд АНУ-ын стратеги 1980-аад онд ерөнхийлөгч Рональд Рейганы авч хэрэгжүүлсэн бодлогын бүр ярвигтай хувилбар болж хувирлаа: Дайтаж байгаа нөхдийг дайтуул! Исламын улсууд байлдааныг Шиа урсгал болоод тусгаар тогтносон үндэстэн улсуудтай хийх дайн болгож хувиргав. Дундад Дорнод Саудын Араб, Израиль, Турк, Иран гэсэн дөрвөн их хүчнээр хүрээлүүлдэг; энэ дөрөв дор бүрнээ дотоод асуудалтай ч Исламын улсуудын асуудалд ямар нэг байдлаар ямар нэг арга хэмжээ авч ирэв.

Ираны хувьд Исламын улсууд Багдадад засгийн газар байгуулах гэдэг нэг аюул бий. Тиймээс Иран Ассадын хүчийг хязгаарлангаа Шиа болон Ассадын талыг дэмжих бодлого барьж ирэв. Сунни радикал урсгалынхантай гар нийлсэн удаатай Саудын Арабын хувьд Исламын улсууд бол оршин тогтнохуйд нь заналхийлж байгаа том аюул. Үндэстэн дамнасан Исламын хөдөлгөөн Сауд овгийн хувьд өөрсдийг нь орлох хүч болох магадлалтай, гэхдээ бас Сири, Ирак дахь Шиа урсгалынхантай ч гар нийлэхгүй. Иймд аль алинд нь жолоог шилжүүлэхгүй хэмжээнд Исламын Улсын эсрэг зогсож ирэв. Израилийн хувьд бүс нутагт үүссэн нөхцөл байдал тун аймшигтай, бас нөгөөтэйгүүр баярламаар үр дагавар дагуулав. Баярламаар нь хамаг дайсныг нь өөр хооронд нь алалцуулж өгсөн. Харин урд өмнөхөөс хэзээ хэзээнээс аюултай хэн нэг нь Сирид ялалт байгуулж, Исламын улсын үзэл суртал Палестинд халдварлаж эхлэвэл тэрнээс аюултай юм гэж үгүй.

Туркийн байр суурь хамгийн ойлгомжгүй. Ассадын засгийн газарт дэндүү дургүйн улмаас Исламын улсуудыг илүү аюулгүй гэж хардаг. Энэ байр суурийг нь хоёр янзаар тайлбарлаж болно. Нэгд Ассадтай нэр холбогдох юм бол хэрвээ АНУ эцсийн дүнд ялалт байгуулвал Туркийн улстөрд таагүй нөлөө үзүүлнэ гэсэн болгоомжлол. Эсвэл Исламын улсуудын дор хаяж зарим хэсгийг дэмждэг гэсэн болгоомжлол, хардлага бас байдаг. Үнэхээр үнэн бол яваандаа Турк өөрсдөө Исламийн улсуудыг дийлж, бүс нутагт ноёрхох санаархалтай, эсвэл шууд дайсагнахаас зайлсхийж байгаа гэж үзэхээс өөр аргагүй.

 

Исламын улсуудын бүс нутаг дахь үүрэг роль

Исламын улсууд бол Исламын хүчийг нэгтгэх, АНУ-г Исламын дайсан болгох ажлыг эхлүүлсэн аль-Каидагийн шууд үргэлжлэл билээ. Тэд бол аль-Каидагийн үүсгэсэн нөхцөл байдлыг ашиглаж үүссэн цэрэг зэвсэг, улстөрийн бүтэц. Мосулаас Рамади хүртэл амжилттай эзэлсэн цэргийн маневр нь дэлхий нийтийг гайхшруулсан. Дайны талбарт олон тооны чадварлаг цэрэг нийлүүлдэг Исламын улсууд нөөцөө хаанаас татаж, хаана сургуулилт хийдэг нь их сонин асуулт. Гурван талаасаа эсрэг хүчнээр хүрээлүүлсэн ч тогоон дотроо тэсэж, байлдсаар л байна. Саудын Араб дотооддоо хүчирхэг, тогтвортой байж чадвал тэд тогоон дотроо үлдэнэ. Гэхдээ сүүлийн үед савнаасаа хальж ирж байгааг Ливид нэвтэрснээс нь харж болно. Зарим нь тэдний тархацыг нэр төдий гэж үздэг ч аль-Каида болон бусад тархай бутархай бослогоос ялгаатай нь халифын дэглэм байгуулна гэж ил тод тунхагладаг нэгдсэн зорилготой, төв засгийн газар шиг нэгдсэн коммандтай гэдгийг нь мартаж болохгүй.

Мусалменчуудын хувьд шашингүй үзэл эгнэгт холдон одож байх шиг. Оройд нь Шиа, Суннигийн, ёроолд нь элдэв эрх ашиг орооцолдсон бүлэглэлүүдийн зөрчил энэ ертөнцөд өрнөж байна. Барууны ертөнц Дундад Дорнодод Оттоманы эзэнт гүрнээс үлдсэн бүтцийг өвлөж авсныгаа хагас зуун жил орчим үргэлжлүүлсэн ч одоо Исламын ертөнцийг засан тохинуулахад хүч мөхстөнө. Нэг тэрбум хүнийг засаглах, энх тайван цагийг авчрах хүч хэнд ч байхгүй. Ийм байдалд Исламын улсууд аль-Каидагийн үзэл суртлыг өвлөж авч, инсититуцийн хэлбэрт оруулах гэж үзэж байгаа гэж хэлж болно. Олон улсын хувьд Исламийн улсыг ялах хүч ч, ялсны дараа үүсэн гарах үр дагаврыг дааж гарах хүч ч дутна. Оросын хувьд өөрийнх нь нөлөөний хүрээнд Исламын улсуудын нөлөө нэмэгдэхээс болгоомжилж буй. Нэг сонирхолтой нь ЗХУ-ын задралаас энэ бүх хөдөлгөөн эхтэй. Бас нэг сонирхолтой баримт: аль-Каидагийн ялагдал Исламын улсуудад хаалга нээж, тэднийг олон улсын геополитикт авчирсан. Энэ бүх гамшиг хэрхэн үргэлжлэх нь ерөнхийлөгчийнх нь улстөрийн хүч сулрах янзандаа орж буй Турк улс Исламын улсуудын тухайд ямар бодолтой байгаагаас ихээхэн хамаарах болно.

Сэтгэгдэл бичих

    • Зочин
    • 2015-12-19

    Исламын улсууд биш Исламын халифат улс гэж бичнэ

    • Зочин
    • 2015-12-15

    TER CH UNEN SHUU

arrow icon