Бид өмнө нь үхлийн аюултай хар тугалга нийслэлийн иргэдийн цусанд агуулагдаж байгаа талаар хийсэн судалгааг танилцуулсан билээ. Энэ удаа нийслэлийн агаарт нарийн ширхэгт тоосонцор РМ2.5, түүнээс эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар хүргэж байна.
Нарийн ширхэгт тоосонцор РМ2.5 гэж юу вэ?
PM2.5 гэдэг нь гэр хорооллын зуух, салхинаас үүдэн боссон тоос шороо, үнс, замын тоос мөн цахилгаан станц, тээврийн хэрэгслийн утаанаас ялгардаг нарийн ширхэгтэй тоосонцор бөгөөд хүнийг амьсгалах явцад уушгины гүнд шууд нэвтрэн ордог учраас бусад агаар бохирдуулагчдаас эрүүл мэндэд хамгийн сөрөг нөлөөтэй
элемент юм.
Нийслэлийн агаарт РМ2.5 ямар хэмжээтэй агуулагдаж байна вэ?
Нийслэлийн агаарын чанарын албаны өнөөдөр өглөөний 10 цагт хийсэн хэмжилтээр Баруун 4 зам орчмын агаарт РМ2.5 нь хамгийн их буюу 807 мкг /м3 хэмжээтэй агуулагдаж байна гэсэн дүн гарчээ. Энэ нь нийслэлийн агаарт РМ2.5-ын хэмжээ агаарын чанарын МУ-ын стандартаас 16 дахин их, ДЭМБ-ын стандартаас 32 дахин их
үзүүлэлт ажээ.
РМ2.5 эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг вэ?
РМ2.5 агаарт хэр их хэмжээтэй агуулагдаж байгаа мөн хэр удаан хугацаанд агаарт тархахаас шалтгаалан хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь харилцан адилгүй байдаг байна. Богино хугацаанд их хэмжээгээр агаарт тархсанаар:
- Зүрхний эсвэл уушгины өвчтэй хүмүүст сөрөг нөлөөтэй
- Амьсгалын замын архаг өвчнийг сэдрээх
- Хорт хавдар бий болгох
зэрэг урьтал нөхцөл болдог бол урт хугацааны турш агаарт тархсанаар хорт хавдартай болох цаашлаад үхлийн аюулд хүргэх хор нөлөөтэй
байдаг байна. Тухайлбал, Харвардын их сургуулийн судлаачид хамгийн их нас баралттай хотуудад нэгэн судалгааг хийсэн байна. Судалгаагаар PM2.5 агууламж 10 мкг/м 3-аар нэмэгдэх тутам нас баралт 0.8%-иар нэмэгдэж байгаа нь тогтоогдсон
байна.
Мөн Канадын 8 хотод хийсэн судалгаагаар PM2.5 нь нас баралттай хамааралтай болохыг тогтоожээ.
Эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ?
Агаарт тархсан нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ байх ёстой хэмжээнээс хэд дахин их байгаа энэ үед эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар Агаарын чанарын албанаас ингэж зөвлөжээ.
- Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх
- Цэвэр агаар, салхинд гарах
- Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух
- Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх
- Амны хаалт байнга зүүх
- Гэртээ агаар цэвэршүүлэх төхөөрөмж тавих
Эх сурвалж: http://agaar.mn/
http://www.airquality.ub.gov.mn/images/pdf/Nacha_tailan/Nacha_tailan_nom_2013.pdf
http://caf.mn/eng/images/downloads/Havsralt_G.pdf
Сэтгэгдэл бичих