Нийтлэл 04 сарын 19, 2016

ХАРИУЦЛАГА-гүй ард түмний ХАНДИВ их

Ганбат ахын (энэ хүнийг танихгүй ч таньдаг хүн шиг л санагдана, ажил мэргэжилдээ үнэнч, нийтэд үлгэр дууриалтай, дуу хоолойгоо бусад руу дайрч гүтгэлгүйгээр илэрхийлж байдаг, хүмүүнлэг хандлагатай,  модерн монгол эрэгтэй хүний гоё төлөөлөл гэж харагддаг) фэисбүүк ханыг харахаар нэг баярлах, нэг гутрах.

Хариуцсан албад нь чимээгүй удаасан улаанбурханы дэгдэлт гамшгийн хэмжээнд хүрсэн нь ээжүүдийн нулимс, иргэдийн бухимдал болон тэсэрч байж олон нийтийн сүлжээнд трэнд үүссэн.  Ганбат ах бол олон нярай эндэж байгаа тийм мэдээ хараад үнэхээр зүгээр сууж чадаагүй эцэг хүний нэг.

Түүний фэисбүүк хана энэ хэд хоногт нэг талаар аливаа асуудлыг шийдэхэд иргэний медиа, нэг хувь хүний манлайлал ямар их нөлөөтэй байж болохыг, нөгөө талаар манай төр иргэний харилцаа хамгийн үндсэн хэлбэрээсээ гажиж ямар гээчийн хаос болж хувирсныг харуулах сонгодог жишээ болж хувираад байна.

Гадаадад суугаа иргэдээс, Мандал даатгалаас, ТББ-уудаас, гудамжинд таарсан салбарын найзаас, цэцэгчдээс, Баруунхараагаас, Тоди живхний үйлдвэрээс гээд иргэд, компаниуд нялх үрсийн төлөө гараа гаргаж байна.

Хүүхэд дүүгээ авраад түлэгдэхэд, мянга мянган зүдэг амьдралын нэг нь медиа дамжин олны сэтгэлд хүрэхэд үе үе ийм хөдөлгөөн өрнөдөг.  Харин анхнаасаа хэн асуудлыг шийдэх ёстой байсныг, шийд гэж эрх мэдэл өгснөө нэхэн санаж, хариуцлага нэхдэггүй.  Төрийн системд ч, түмний хандивт ч өртөх азгүй хэсэг нь яах вэ  гэдгийг сөхөн хэлэлцдэггүй.

Хариуцлага нэхэхгүй болохоор нөгөөдүүл нь хариуцаж сурахгүй. Дахиад л асуудал гардаг. Дахиад л хандив цуглуулаад давхина.  Энэ удаа энэ хэмжээнд байдал хүндэрсний хариуцлагыг хэн хүлээх вэ? Төрийн нарийн бичиг С.Ламбаа бүр орой гуравдугаар сарын 16-нд Ерөнхий сайдад мэдээлэл хийх хүртэл юу хийж байв?  Нялхсын эндэгдэл үргэлжилж байсан тэр үед засаг.мн дээрх тайлангаар бол яагаад 18-30 насныхныг вакцинжуулах тухай голлон ярив? Олон хүүхдийн амийг хэн хариуцаж, хэн уучлал гуйж, хэн огцорч, сургамж өгч, хэн дараагийн удаа ийм ажлыг хариуцлага алдах ёсгүй гэсэн хандлагаар хийх вэ? Яг өнөөдөр бидний шийдэж байгаа аргаар бол хэн ч биш.

Тэд дор хаяж эрүүл мэнд, боловсрол хоёрыг эндэлгүй аваад явчихаар хэмжээний эрх мэдэл, төсөв, цаг боломжийг энд заримаас нь дурдсан шиг хүний сайн сайханд хүртээлгүй юманд зарцуулах нь үргэлжилнэ. Асуудал даамжирсаар медиа трэнд болж дэлбэрмэгц анхнаасаа асуудал үүсгэхгүй байх үүргийг татвар төлж төрд ацагласан иргэд нь хэсэг бухимдаж байгаад хандив нэртэй дахин татвар дээр цаг, зав хэлбэртэй татвар төлөөд шийдэлцчихнэ. Юун төлөөллийн ардчилал, хөдөлмөр хуваарилалт.  Харин нөгөөх нь бол хариуцлага нэхэгдэх байтугай, дараагийн сонгуулиар дахин тодорч, хариуцаж байсан ажил нь хандив өгөхгүй бол харж тэсэхгүй хэмжээнд хурцадсан байсныг марттал уяраан донгодож байгаад эргэж гарч ирнэ.  Ингээд “хариуцлагагүйдэл ба  хандив”-ын үзэгдэл хосолсон  Монголын амьдрал үргэлжилнэ. Эхний Х-д нь өртөж, дараагийн Х-ээс гээгдсэнийх нь хохь болно.  

Одоо нэгэнт  эрдэнэт амь тоологдож байгаа онцгой нөхцөл байдал үүссэнийг хамтдаа даван туулахаас өөр арга замгүй ч хоёр Х-тэй нийгэм хол явахгүй гэдгийг дор бүрнээ эрэгцүүлж бодоосой гэж санаж татлав.  Энэ удаа нэг л иргэн сайд томилоогүй нь хууль зөрчсөн гэх үндэслэлээр ЕС Ч.Сайханбилэгийг огцруулах өргөдөл Цэцэд гаргасан байсан.  Өнөөдөр хандиваар ийм далайцтай хөдөлж чадаж байгаа иргэний нийгэм хүчээ нэгтгээд өөрсдөө шийдэж давхих биш шийдүүлэх, хариуцлага хүлээлгэх  шаардлага тавьсан бол яах байсан бол? Хийх байсан, айх байсан, сургамж авах байсан, дараагийн эрсдэл багасах байсан. Бусад улсад сонгогчид хариуцлага нэхэж чаддаг, хийлгэж чаддаг. Хандив байх нь байдаг ч ерөнхийдөө хүмүүс нь халуун сэтгэлээр төрийн ажил хийж гүйхгүй, өмнөхөө хийгээд, асуудал гарвал хүйтэн хариуцлагаа нэхээд явдаг. Тэр нь эцсийн дүндээ хамгийн "халуун" бүтээмж, сайн сайханд хөтөлдөг.

Учир нь аливааг хамгийн далайцтай, хамгийн хүртээмжтэй шийдэх нөөц засгийн газарт л байдаг. Талхчин талхаа түүхий барьсан бол бол эмч хүн гүйж очоод барьдаггүй, гомдол мэдүүлж, мөнгөө буцааж авах зэргээр сайн бариулахаар хөшүүрэгддэг. Түүнтэй адил нийгмийн асуудлууд бол төрийн сайн жигнэж шийдэх ёстой талх нь юм. Төр бол гуталчныг гутлаа загна, багшийг хичээлээ заа, төрийг нийгмээ зохион байгуул гэж хуваарилсан хөдөлмөр хуваарилалт. Гуталчныхаа чадахгүй ажлыг багш нь шүүрч аваад хийдэг хөдөлмөр хуваарилалтын энгийн дэг алдагдсан нийгэмд үр ашиг байхгүй. Үр ашиггүй бол мөнгө байхгүй, мөнгөгүй бол асуудал тасрахгүй. Тэр утгаараа хандив, сайн дур бол өөрөө өөрийгөө үйлдвэрлэгч юм. Хандивлаж гүйх тусам хандив хэрэгтэй асуудлууд гүнзгийрч байдаг. Тиймд төр удирдах ажлаа хийж чадахгүй бол иргэд гүйж очоод хийж өгөх биш сайн хийх шаардлага л тавих ёстой. Иргэн хийвэл нэг хүний асуудлыг шийднэ, иргэд хий гэж төрд шаардлага тавьж чадвал нэжгээд бүлгээр нь шийднэ. Шууд гар бие оролцохгүй ч илүү том тус, илүү том буян болно.

Улаанбурханы хандив өрнөж дуусаагүй байхад 2 настай дүүгийнхөө төлөө хог түүдэг хүүд хандив цуглуулах аян эхэлж байна.  Энэ мэт хүүг, хүнийг, хүний сайн сайхныг хариуцсан сайд нь харин бидний төлсөн хөрөнгөнөөс бүр оройтож гаргаж өгөөд бүх медиагаар “баатар” болж байна. Бид  сүүлийн Х-д гаргаж байгаа энергиэ эхний Х-г арилгахад зарцуулдаг болохгүй бол энэ хар цикл дуусахгүй л болов уу.  Хувьдаа өөрийн хүч хөрөнгөөр 2015 оны хавраас хойш улаанбурханы тухай мэдээлэл түгээж,  эрдэнийн хишиг мэт эрклаамдаад байгаа нийгмийн даатгалын санд нь хармаагаа сэгсрүүлж хийх ёстойгоо хийж ирсэн ч энийг бичиж цаг хэмээх хамгийн үнэтэй "татвар" нэмж төллөө. Одоо харин яах вэ хэдүүлээ, хариуцлагагүйдлийг арилгахын төлөө хандив цуглуулахым уу нэгмөр? 

2016/04/20

arrow icon