Хэдэн жилийг газар газрын оюутнуудтай холилдож өнгөрөөсөн. Филипинчүүд гэж англиар ус цас, алаг нүдтэй, сайхан шүдтэй, тэрийгээ гаргаа л сайхан инээсэн улс, ерөнхийдөө л хоорондоо төстэй . Олон улсын хэлтэй, өөдрөг сайхан улс шиг хэрнээ эдийн засаг нь нэг л болж өгөхгүй. Эх орон нь хамгаалчихааргүй болохоор эмс хүүхэн нь хөөрхий энд тэнд үйлчлэгч, асрагч хийгээд зарим нь хохирч явах(манай улс ч хүний муу гайхаад байхааргүй боловч). За тэр яахав, яаруу бичихээр ингээд хадуураад байдаг.
Хэдэн жилийн өмнө үзсэн нэг кино санаанд үлдэж. Гурван филипин залуу Бид нар ер нь хэн юм бэ? гэсэн асуултад хариулт олохоор эрэлд гарна
. Яваад л байна, яваад л байна, яваад л байна...киноны төгсгөлд юу ч олоогүй гурав маань өнөө сайхан шүдээ гаргаад арзайтал инээгээд дуусна. Юу ч үгүй байсан ч инээж байх нь өөрөө филипин гэсэн санаа юм уу даа...
Ойрд Монголчуудыг харахаар энэ кино санаанд ороод байх болж. Ямар ч асуудал гарч байсан марзан марзан онигоо бичээд марзайтал инээлдээд чаатлаад суух. Овоо муу шаарнууд, онгоц сүйрсэн ч онигоо, оффшор илэрсэн ч онигоо. Эмгэнэх, хилэгнэх, шаралхах... ер нь элдэв асуудлын мөн чанарыг ухах, тэмцэхэд хэрэгтэй хамаг мэдрэмж нь унтраад инээдээр солигдоо юу
гэлтэй. Энд би өмнө нь гуниг ба инээдний тухай нэг бичиж байсан.
Гэтэл хүний түүхэнд хөгжил гэмээ нь ер нь хилэгнэх, хүсэх мөрөөдөх, залхуурах гурван сэтгэлзүйгээс ургаж ирсэн мэт харагдах. Азийн овоо явж байгаа энэ хэдэн улс дорнын соёлоо шүтэж, бурхандаа мөргөж амирлангүй сэтгэлийг шүтээд энэ хүрээгүй нь үнэн юмдаг. Тэгж явах нь сайхан байхыг үгүйсгэхгүй, даанч сонголт байгаагүй. Зүгээр байхад нь зүү шидээд байхаар нь хилэн нь хөдлөөд, хилэгнэсэн эрчиндээ хариугаа авах хүсэл мөрөөдөл өвөрлөөд , хүсэл мөрөөдлөө хамгийн залхуу буюу хамгийн оновчтой маневраар шийдэж явцгаасан улсууд л байна. Ер нь ардчилал ардчилал гээд аймар бүлтрээд байдаг, тэр чинь энэ тэр асуудал ийм байх ёсгүй гэсэн англичууд, францчуудын их хилэнгээс үүдэж хөгжсөн систем. Ямар байх ёстой ба ёсгүйн зөрүүг оюуны лидерүүд нь зураглаж өгдөг. Зах зээл, зах зээл гээд байдаг тэр чинь аливааг ухаалгаар хийх залхуурал, өөрийгөө илэрхийлэх, өөрчлөлт авчрах хүсэл мөрөөдөл, тэр нь чөлөөтэй байхын нэр. Асуудал таригч нь өөрөө гарч ирээд аймар аймар бүлт үсрэх анархийг ардчилал гэхгүй, бүлт үсрэгчийн тарьсан асуудалд бултаараа өртсөн олон нийт нь засуулж авах хилэн ч үгүй, засах залхуурал мөрөөдөл ч үгүй онигоо зохиож, өөрсдийн гараар асуудлыг проблем биш анекдот болгож суухыг бүр хэлэхгүй. Бичгийн ертөнцийн нэг том жанр, satire егөө, шог бол мэдлэгийг цэцээр амталж, идиал ба бодит байдлын ялгааг ёоонк гэтэл зураглаж, сайн сайхны төлөөх хилэн, хүсэл мөрөөдлийг өдөөх катализатор болж ирснээс биш мэдлэгийг мушгин гуйвуулж, асуудлыг маазруулж, мөрөөдөх идиалгүй болгодог жанр биш.
Хүсэл-ийн талаар хэд хэдэн талаас бичиж ирсэн, залхуурахыг дараа болъё. Хилэн-гийн тухайд: Асуудал гарахад хүчтэй нь хилэгнэж, хүчгүй нь инээнэ.
Хилэгнэнэ гэхээр өнөө үед буу барих, босох үймэхийг хэлэхгүй. Аливаа өөрчлөлтөд нийгмийн 3 хувийн хилэн буюу өөрчлөлт шаардсан хөдөлгөөн хангалттай байдаг тухай энд мэдээлэл оруулж байсан. Оффшорын асуудал гарахад Исландчууд ингэж хилэгнээд ерөнхий сайдаа буулгасан, бид овоо шааржуулаад замхрах тийшээ орж, зарим нь бүр хохирогч болоод матрын нулимс унагах янзандаа орж явна. Хүний түүх даанч үндэстний хилэн хөдөлтөл шууд цэрэг хөдөлгөдөг, зүү шиддэг үеэ нэгэнт өнгөрөөж. Харин ч хөлд нь сууж, тархийг нь угаах, найрамдалд харилцааны хайрцаг дотор монополь өрсөлдөөн хийх цаг үе рүү шилжсэн. Зөөлөн өөхөнд боогдсон асуудлуудыг задалж, үндэстний ухамсар, хүсэл мөрөөдөл, хилэгнэл, хөгжлийн төлөөх эрчмийг сэтгэл зүрх, оюун санаанд бүрдүүлж өгөх бичгийн ертөнцийнхний үүрэг хариуцлага улам бүр нэмэгдэж байх шиг.
Ерөөсөө хүний түүхэнд бичиг үсэг ямар үүрэг гүйцэтгэж ирсэн юм бэ, Баабар, Цэнддоо авгай нараа?!
(авгай бол хүндэтгэлийн хэллэг). Бусад нь яахав, өдий олон жил олон нийтийн оюуны боловсролын оройд явж ирсний чинь хувьд хүндлээд нэр цоллов. Идиал ба бодит байдлын ялгааг сэрж сэхээрүүлэх үүрэг гүйцэтгэж ирсэн үү, идиалаас тээ хол тасарч хог дээр үсэрсэн бодит байдлыг онигоогоор будаж, бүрэлзүүлэх үүрэг гүйцэтгэж ирсэн юм уу? Алтангадас юм уу, хүндрүүлэгч туухай юм уу? Оффшорыг овоо шаар гэж, ялгаврлалыг ялаа гарлаа гэж, лаларын улстөрийн соёлыг лаларжтал нь сэвж, тэнэгтүүлж ирсэн үү?
Юмс ямар байвал зохих хийгээд ямар байгаагийн хоорондох гүн ангалыг нөхөхөөр үүсэх нийгмийн жам ёсны эрчим, эмоцыг дуугаар, онигоогоор, хошин шогоор, цэцэрхэх гэсэн ядмаг эгогоор, хурал хуй, коммунист мэдээ, төрийн дууллаар намжааж, эс бол айлгаж, энэ бүхнийг даваад гарсан энергийг сүржигнэхээ байчих гэхчлэн дээрэлхэх замаар дарангуйлж ирлээ. Ийн бөгсөндөө биш оюундаа халуун жин тавиулж мансуурсан нийгмийн гишүүд бодит үнэн нэг ширхгийг сонсож чадахгүй
. Бодит байдал минь болж л байна, босоо хийморьтой улсаас минь, баатар даргатай хотоос минь зайл гэх нь энүүхэнд. Тэгээ л онигоогоо бичээд сууна.
Хүүхэд хэдэн зуугаараа үрэгдсэн асуудлаар хүн онигоо бичихгүй. Тийм байтал тэдгээр хүнд асуудлыг ургуулж байгаа авилга, хөрөнгийн шударга бус хуваарилалт, улстөрчийн нууц данс мэт гүн үндсийг нь хамгийн тэнэгдүү авиа галиг мушгих шогоор усалж, нийгмийн хандлагад нөлөөлөх үлэмж их хүчээ нөгөө ирээр нь ашиглаж суух нь хүүхдийн үхэл, хүний зовлонгоор наадаж суугаагаас юуны ялгаатай вэ? Их олон ханиадмыг инээдэм болгож явахын хишиг овоо шаарнууд, онигоочин монголчуудын орой дээр буцаад буух вий дээ, үүл гараад бороо орохын цагт. Ер нь ч үр хүүхдээ үлдээх нийгэм нь хог дээр үсэрч буухын ихээр бууж байгаа баймаар.
...
Гурван монгол яваад байж гэнэ, яваад байж гэнэ, Монгол гэж хэн бэ гэдэг асуултад хариулт хайгаад.
Эрлийн үзүүрт инээх үү, эс инээх үү?