Нийтлэл 06 сарын 28, 2016

Нийслэлийн ШИЛЭН ДАНС шилэн данс мөн үү?

Манай редакцын зүгээс Уутанбаатар даргатай Утаанбаатар хот улс Монголоосоо салан тусгаарлах уу? Бат-Үүл мээрийг баатар хотын биш баарны захирагч болгоё зэрэг баримтат сурвалжлагаар нийслэл хотоос Москва, Сэүл зэрэг хотод суух төлөөлөгч нарын төсөв, нийслэл хотын баяр наадам, хэвлэл мэдээллийн зардал зэрэг төсвийн зарцуулалтын талаар баримттай мэдээлэл хүргэж, асуулга тавьж ирсэн. Ингэж хянах, асуух боломж "Шилэн дансны тухай хууль" хэрэгжиж эхэлснээр боломжтой болсон юм. Нийслэлийн цахим хуудсанд хуулийн дагуу төсвийн санхүүжилттэй холбоотой баримтууд нийтлэгдэж байсан учраас тэндээс иргэд бидний төлсөн татвар юунд зарцуулагдаж байгааг хянах боломжтой байсан гэсэн үг. Гэтэл 2015 оны 9 сард хуулийн дагуу баримтуудаа нийтэлж байсан шилэн дансны меню төд удалгүй өөрчлөгдөж, гоё гоё багана графиктай интерактив хуудас болж хувирсан. Мөнгө зарцуулаад өнгө будагтай өндөр хөгжүүлсэн хуудас болгосон нь сайн хэрэг боловч өмнөхтэй адил яг хэрэгтэй баримтууд харин олдохгүй болсон (хуудасны хаа нэгтээ нуугдаж байж болзошгүй, иргэд уншигчид ухаж үзээд олдвол коммент үлдээгээрэй). Нийслэлийн түүхэнд хамгийн их төсөв захиран зарцуулсан Э.Бат-Үүлийн багийн ногоон уут, рэйлбус, смарткард, цэцэг, боржуур, даншиг наадам, найрсаг концертууд гээд нийтэд ил тод зүтгүүлж байгаад зарсан зардлуудаас гадна бусад зарцуулалт нь олны төлөө, шударга, үр ашигтай байсан эсэхийг иргэд сонгогчид та бүхэн http://www.ulaanbaatar.mn/ хуудсан дахь шилэн данс менюнээс харах, олдохгүй бол шилэн дансны хуулийн дагуу нээлттэй, цэгцтэй, ил тод байх ёстой баримтууд хаана байгааг, яагаад ил тод биш байгааг асуугаарай. Б.Цэнддоо, Баабар нарын бичгийн луухгарууд Бат-Үүлийг лаларжвал дагаад лаларждаг, оффшооржвол дагаад овоо шаарждаг тул тэр зүгээс юм харалтгүй.  Э.Бат-Үүл өөрөө Шилэн дансны хуулийг санаачилж том коок авсан Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн хувьд Б.Цэнддоотой ам нийлүүлэн магтах хэмжээний "амин найз" нь болохоор хууль үйлчлэхээ болино гэж баймааргүй. Шилэн дансны цагдаа гэгдсэн Шилэн Цогоог "чам шиг хүмүүс ардчиллын манаач" гэж баруун солгойгүй барьдаг ганц үгээ хүртэл зарцуулаад талдаа татах шиг болсон. Тиймд манай редакцын зүгээс нийслэлийн  цахим хуудас, шилэн дансны менюнээс жирийн интернэт хэрэглэгч, татвар төлөгч иргэн, сонгогчийн хувьд амар олдоогүй хуулийн дагуу мэдээлэх ёстой баримт, заалтуудыг асуулт хэлбэрээр иргэдэд хүргэж байна. Асуултуудын дагуу төлсөн татварынхаа зарцуулалтыг сонирхож үзэх, олдохгүй бол мээрээсээ яагаад гэдгийг асуугаарай

 

Баримт 1:  Шилэн дансны тухай хуулийн 5.1.2-т 

Асуулт 1: Нийслэлийн захиргааны шилэн дансны хуудас орлого, санхүүжилт, зардлын алийг ч нь татаж авах боломжгүй хийцтэй юу?  Боломжтой бол яаж татах вэ?

Баримт 2: Хуулийн 5.1.4-т

Асуулт 2: Тус цахим мэдээллийн санд Архив гэсэн цэс байхгүйгээс  гадна мэдээллийг нь татаж авах боломжгүй харагдаж байна. Боломжтой бол аль менюнээс яаж татаж авах вэ?

Баримт 3: Шилэн дансны тухай хуулийн 6.1.1.-т Тухайн жилийн төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, орон нутгийн хөгжлийн сангийн төлөвлөлтийг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор мэдээлнэ гэжээ;

Асуулт 3: Дээрх заалттай холбоотай байж болох мэдүүлгийг  нийслэлийн 9 дүүргээс хоёр нь л мэдүүлсэн бөгөөд нэг дүүргийнх нь төсвийн дүн нь байхгүй мөртлөө гүйцэтгэлийн дүн нь байлаа. Дутууг хэн хэзээ гүйцээж мэдээлэх вэ?

Баримт 4: 6.1.2.хагас жилийн төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор, өмнөх оны төсвийн гүйцэтгэлийг жил бүрийн 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, сар, улирлын гүйцэтгэлийг дараа сарын 08-ны өдрийн дотор;

-         6.1.3.дараа жилийн төсвийн төслийг жил бүрийн 09 дүгээр сарын 15-ны өдрийн дотор;

-         6.1.4.жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа жилийн 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, хагас жилийн тайланг 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор;

-         6.1.5.төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцад хийсэн аудитын дүгнэлтийг бүрэн эхээр нь тухайн жилийн 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор, аудитын тайлан, дүгнэлтэд тусгагдсан асуудлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээг тухайн жилийн 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор мэдээлнэ гэж хуулинд заажээ.

Асуулт 4: Хуульд заасан эдгээр мэдээллүүд http://www.shilendans.ub.gov.mn/  сайтын ТӨСӨВ ГҮЙЦЭТГЭЛ цэсний аль ч хуудсанд олдохгүй байна. Байгаа бол аль хуудсанд ямар меню, удирдлагаар олдох вэ? 

Баримт 5: 6.3.3.төсөв хэмнэсэн болон хэтэрсэн бол холбогдох шалтгааныг тайлбарласан тайлбар оруулах ёстой

Асуулт 5: Тайлбар аль меню дор байгаа вэ? 

Баримт 6: 6.3.4.өмнөх оны төсвийн зарлагын хэмнэлт, туслах үйл ажиллагааны орлогын давсан хэсгийг урамшуулалд зарцуулсан бол зориулалтыг заасан байх;

                  6.3.5.хандив, тусламжийн хэмжээ, түүний зарцуулалтыг мэдээлнэ.

Асуулт 6: Энэхүү заалтад хамаарах мэдээллийн цэс байгаа ч ямар ч мэдээлэл ороогүй байна, оруулсан бол хаана оруулсан бэ?

Баримт 7: 6.3.7.хөрөнгө оруулалтын зарлага, санхүүжилтийг төсөл, объект тус бүрээр;

                    6.3.8.тусгай сангийн орлого, зарлага, хөрөнгө оруулалт;

                    6.3.9.орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэлийг мэдээлнэ.

Асуулт 7: Дээрх гурван заалттай холбоотой хэсэг  байсан ч ямар нэгэн мэдээлэл ороогүй харагдаж байна, оруулсан бол хаана оруулсан бэ? Хаанаас лавлаж харж болох вэ?

 

Шилэн дансны меню цэгцтэй, ойлгомжтой байх, холбогдох албан тушаалтан албатны холбоо барих хаяг, утсыг ил тод мэдээлсэн байх зэрэг бусад олон заалт зөрчигдөж байгаа ч баримт харах, хянахад хэрэгтэй хэдэн гол асуултыг бэлдлээ. Асуух ба хариулт нэхэх эсэхийг уншигчийн мэргэн оюун мэднэ буй заа. Асууж гайхаж үзэхдээ улс ба нийслэлийн хөгжил олон түмний түрийвчнээс татсан татварыг хэрхэн зарцуулахаас хамаардгийг санаарай. 

arrow icon