Нийтлэл 11 сарын 27, 2016

The Economist: Ардчиллын хаана алдаа гарав? (2-р хэсэг)

Эхлэл: The Economist: Ардчиллын хаана алдаа гарав?   (1-р хэсэг)

Тэгэхээр ардчилал өлгий нутагтаа хүртэл хааяа нэг ханиах хэмжээнд биш хүндхэн суурь асуудлуудтай нүүр тулаад байна. Ардчилал орчин үеийн ардчиллын үүр цайсан 19-р зууны сүүлийн хагасаас  үндэстэн-улс болон үндэсний парламентуудаар дамжин хэрэгжиж ирсэн билээ. Хүмүүс улсын нөөцийг тодорхой хугацаанд удирдах хүмүүсээ өөрсдийн төлөөлөл болгож сонгож ирэв. Одоо энэ харилцаа дээр доор аль аль талаасаа асуултын тэмдэгт шахагдаад байна.

Дээрээс болохоор даяаршил үндэсний бодлого, уламжлалт улстөрд гүнзгий өөрчлөлт авчирсан . Улстөрчид худалдаа, санхүүгийн урсгал, олон улсын зах зээлд өртөж, үндэстэн дамнасан байгууллагуудтай улам их эрх мэдлээ хуваалцах болж, сонгогчдод өгсөн амлалтдаа өөрийн санаснаар хүрэх боломж байхгүй болов. ОУВС, Дэлхийн худалдааны байгууллага, Европын Холбоо нөлөөгөө улам тэллээ. Дэлхийн дулаарал, татвараас зайлсхийх гэх мэт асуудлуудтай угаасаа улс орнууд ганцаараа байлдаад дийлэхээргүй болсон нь үүний ардах нэг шалтгаан. Улстөрчид зарим эрх мэдлээ шууд ард түмнээс сонгогдоогүй технократуудад шилжүүлэх замаар глобалчлалын түрлэгт хариу үзүүлэх болов. Бие даасан төв банктай орон 1980 онд 20 орчим байсан бол өдгөө 160 болж нэмэгджээ.

Доороос ч үүнтэй эн тэнцэхүйц хүчтэй сорилтууд гарч ирэв: Каталанууд, Шотландууд, Энэтхэгийн улсууд, Америкийн хотын дарга нар. Бүгд үндэсний засгийн газраас эрх мэдэл нэхдэг. Ашгийн бус байгууллагууд, лоббистууд гээд уламжлалт улстөр, арчдиллын удирдагчдын ажлыг амаргүй болгодог микро хүчнүүд гарч иржээ. Интернэтийн хөгжил хүмүүс нэгдэх, илэрхийлэхийг хялбарчилж, маус нэг товшоод санал өгч, зурагтаар гарч байгаа асуулгад шууд оролцох боломжтой болсон дэлхийд хэдэн жилд нэг удаа болдог сонгууль бүхий парламентат ардчиллын тогтолцоо ба интсүүцүүд үеэ өнгөрөөсөн мэт санагдах болжээ. Их Британийн улстөрч Д.Карсвелл уламжлалт улстөрийг хүн бүр дуртай хөгжмөө интернэтээс сонсож байгаа дэлхий дээрх видео прокаттай зүйрлэсэн удаа бий.

Гэхдээ ардчиллын хамгийн том сорилт ард урд, дээр дороос биш дотроос нь, сонгогчдоос өөрсдөөс нь ирж буй.  Платоны ардчилсан иргэд “өдрөөс өдөрт зугаа цэнгэлд автаж” өнгөрөөх вий гэсэн санаа зовнил бодит асуудал болжээ. Ардчилсан засгийн газрууд сонгогчдод богино хугацаанд юу хүссэнийг нь өгөхийн тулд алдагдал үүсгэж, өр тавьж,  урт хугацааны хөрөнгө оруулалтыг үл хайхрах болов. Итали, Франц хоёр төсвөө тэнцүүлэхгүй 30 жил болжээ. Санхүүгийн хямрал ийм эмзэг санхүү бүхий ардчиллын сул талыг илчлэн харуулав.

Одоо хямралын дараах үе өнгөрч, улстөрчид тогтвортой өсөлт, хямд зээлтэй үед хийхээс зайлсхийж ирсэн хэцүү алхмуудтай нүүр тулах хэрэгтэй болжээ. Даанч сонгогчдыг бүсээ чангалах шинэ үед уриалаад сонгуулийн хайрцган дээр дүнгээ тавиулахад хүрнэ. Удаан өсөлт, хэмнэлттэй төсөв багахан нөөц дээрх шог хуваарилалтын зодооныг хурцатгаж, үүнд нь баруун дахь насжилт улам нэрмээс болж ирэв. Олон ардчилал өнгөрсөн ба ирээдүй, өвлөсөн ба өөрсдөө хийх ёстой хөрөнгө оруулалтын завсарт хавчуулагдсан халиуны зулзага болж хувираад байна.

Ийм нөхцөл байдалт улстөрд итгэх итгэл нойл зааж ирсэн нь байдлыг улам хүндрүүлж байна. Намуудын гишүүнчлэл бөмбөрцөг даяар буурч, жишээ нь 1950 онд 20 хувь байсантай харьцуулахад Британичуудын дөнгөж 1 хувь нь намын гишүүд болжээ. Санал өгөх хувь буурсаар, ардчилсан 49 оронд 1980-1984 онтой харьцуулахад 2007-2013 онд даруй 10 хувиар буурчээ. 2012 онд Европын орнуудад явуулсан судалгаагаар сонгогчдын талаас илүү хувь нь засгийн газарт итгэх ямар ч итгэл байхгүй гэж хариулсан дүнтэй гарсан байна. Мөн онд Их Британид авсан санал асуулгаар  сонгогчдын 62 хувь нь “улстөрчид үргэлж худлаа ярьдаг” гэж хариулж.

Тэр зуур маазрах, эсэргүүцэхийн зааг улам бүдгэрч ирэв. 2010 онд Исландын Шилдэг Нам нээлттэй авилга авна гэж амалж гарч ирээд хотын консул хамтран удирдах хэмжээний санал авах жишээтэй. 2013 онд италичуудын дөрөвний нэг нь хошин шогийн жүжигчин байгуулсан намд саналаа өгчээ. Улстөрийн ийм циник үл итгэл засгийн газраас шаардах нь багасахтай зэрэг өрнөж байвал нэг хэрэг, гэхдээ бодит байдал дээр улам ихийг нэхсээр. Энэ бүхний үр дүн хортой, тогтворгүй холимог байдал үүсгэж, нэг талаар засгийн газраас хараат боловч нөгөө талаар үзэн ядсан, үл итгэл бий болоод байна. Хамааралтай байдал нь засгийн газрыг улам их зарцуулж, улам их өр тавихад унагах бол үзэн ядах, эсэргүүцэх сентиментээс түүний зүй зохистой засаглах чадварыг унагаж ирлээ.

Ардчиллын өлгий нутагтаа үзэж буй асуудлууд бусад газарт тулгарч байгаа асуудлуудыг тайлбарлахад ч тус болно. ХХ зуунд дэлхийн дэглэм дэх  АНУ-ын байр суурь бусад оронд түүний тогтолцоог дууриах сэдэл төрүүлж ирсэн юм. Харин Хятадын нөлөө нэмэгдэхийн хэрээр АНУ болон Европ арчдиллын үлгэр дууриал гэх дүрээ, ардчиллыг түгээх дур сонирхлоо ч алджээ. Обамагийн захиргаа ардчилал нь бүтэлгүй дэглэмүүд үйлдвэрлэж, жихадуудыг улам хүчирхэгжүүлэхээс айж суусаар таарав. АНУ өөрөө ирээдүй байтугай өнөөдрийн төсвөө баталж чадахгүй байхад Ази яагаад ардчиллыг засгийн газрын оршин тогтнох идиал хэлбэр гэж үзэх ёстой билээ? Европын холбооны элитүүд санхүүгийн дэг журамд нь саад болсон сонгуулиар сонгогдсон удирдагчдыг сольж болж байхад яагаад тэдний ардчиллын тухай хичээлийг сонсох ёстой билээ?

Санхүүгийн хямрал зээлээр санхүүжсэн ардчиллын тогтворгүй, тулхгүй талыг илчлэн харуулав.

Тэр зуур шинэ тутам хөгжиж буй орнуудын ардчилал хөгжсөн орнуудтай ижил асуудалтай нүүр тулгарах болжээ. Тэд ч бас урт хугацааны хөрөнгө оруулалт биш богино хугацааны зарцуулалт хийж явсан. Бразил төрийн албан хаагчдаа 53 настайдаа тэтгэвэрт гарахыг зөвшөөрсөн ч орчин үеийн нисэх онгоцны буудал нэгийг барьсангүй. Энэтхэг элдэв нийгмийн бүлэгт халамж өгсөөр, харин дэд бүтцэд дэндүү бага хөрөнгө хийж. Улстөрийн тогтолцоо сонирхлын бүлгүүдийн саварт орж, ардчилсан бус дадал зуршлуудад идэгдэж гүйцэв. Их Британийн түүхч П.Френчийн бичсэнээр Энэтхэгийн парламентын доод танхимын 30-аас доош насны бүх гишүүн улстөрийн язгууртнуудын хүүхэд болжээ. Тэр байтугай хөрөнгөт элитүүд хүртэл ардчиллыг дэмжихээ байх хандлагатай. Энэтхэгийн бизнес магнат  Хятадын төвлөрсөн эрх мэдэл зам, нисэх буудал, өндөр хурдны тэрэг хийж байхад Энэтхэгийн ардчилал өмхийрсөн дэд бүтэц барьж байна гэж гомдоллох жишээтэй.

Ардчилал арын эгнээнд ухарч үзсэн удаатай. 1920, 1930аад онд фашизм, коммунизм дэлгэрч байхад Испани 1931 онд парламентат засгийн газраа нэг сэргээхэд нь Бенито Муссолини цахилгааны эрин үед тосон дэнлүү рүүгээ буцаж байна гэж зүйрлэж байлаа. 1970 оны дундуур Германы хуучин канцелор “баруун Европын ардчилалд 20-30 жил л үлдсэн, эргэн тойрныхоо элдэв диктатурт идэгдэж дуусна” гэж хэлж байв. Түүнтэй зүйрлэвэл өнөөдрийн дүр зураг тийм ч муугүй. Гэхдээ ардчилал илүү, ардчилал ялна гэсэн итгэлд хуучны дэглэмүүдээс илүү Хятад хамаагүй итгэл төрөхүйц аюул тээж авчраад байна.

Гэхдээ Хятадын нүд гялбам амжилт өөртөө илүү гүнзгий асуудлуудтай. Элитүүд нь өөрсдийгөө мөнхөлж, өөрсддөө үйлчилдэг бүлэг болж хувирсан. Нөгөөтэйгүүр Tocqueville-ийн 19-р зуунд хэлсэнчлэн ардчилал өнгөндөө дотроо агуулж байгаагаас хамаагүй сул дорой харагддаг. Зөв бодлогод хүрэх замдаа төөрдөг ч гэсэн өөр бодлого бүхий өөр удирдагч сонгох боломж олгогдсон байдгаараа ардчилал нь оршин буй асуудал сорилтуудад шийдэл олохдоо дарангуйллаас илүү сайн байдаг. Гэхдээ амжилт олохын тулд шинээр үүсч буй болон хэдийн хөлөө олсон ардчиллууд бат бэх суурин дээр баригдсан байх ёстой гэдгийг санах хэрэгтэй.

 

(Үргэлжлэл бий)

Сэтгэгдэл бичих

arrow icon