Нийтлэл 09 сарын 04, 2017

Чагтлагдсан сэдэв: ХОЙД СОЛОНГОС ХАМГИЙН ХҮЧИРХЭГ ЦӨМИЙН БӨМБӨГӨӨ ДЭЛБЭЛЛЭЭ

Өчигдөр буюу есдүгээр сарын 3-ны өдөр БНАСАУ зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийлээ. Энэ удаагийн цөмийн туршилт 6.3 магнитудын газар хөдлөлт үүсгэсэн ба туршилт хийсэн хонгил нурж 4.1 магнитудын чичиргээ үүсгэсэн байна.

Мэргэжилтнүүд газар хөдлөлтийн мэдээлэлд үндэслэн цөмийн бөмбөгийн хэмжээ 100 килотонд хүрсэн гэж мэдэгдсэн ба БНАСАУ цөмийн туршилт амжилттай болсон талаар мэдэгдэхдээ 120 килонтон устөрөгчийн бөмбөгийг дэлбэлсэн гэж мэдэгдсэн юм.

Хоришимад 15 килотон, Нагасакид 20 килотоны цөмийн бөмбөг хаясантай харьцуулахад энэ нь 6-8 дахин хүчтэй бөмбөг байсан юм.

Өнгөрсөн саруудад Солонгосын хойгийн нөхцөл байдал хүндэрч байгааг харгалзан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин АНУ-ын “хамгийн хүчирхэг” тактикын цөмийн зэвсэгийг Өмнөд Солонгост суурилуулах, цөмийн шумбагч онгоц угсрахаар төлөвлөж байна.

Тактикын цөмийн зэвсэг гэдэг нь харьцангуй богино зайд харвадаг бага хэмжээний цөмийн хошуутай пуужин юм. 1991 он хүртэл Өмнөд Солонгост ийм төрлийн зэвсэг байсан боловч АНУ-ын цөмийн зэвсгийн санаачлагын дагуу Өмнөд Солонгос энэ зэвсгээс татгалзсан.

Одоогоор Өмнөд Солонгос хоёр төрлийн шумбагч онгоцтой боловч хоёр долоо хоног тутам далайн гадаргууд гарч хүчилтөрөгчөө нөөцлөх ёстой учраас нуугдмал байдлаа хадгалахад төвөгтэй байдаг аж. Харин цөмийн шумбагч онгоцнууд тодорхойгүй хугацаанд усан дор шумбах чадвартай аж.

Ерөнхийлөгч Мүүн Жэ Ин сонгогдсоноосоо хойш БНАСАУ-тай яриа хэлэлцээр эхлүүлэхийг уриалсан боловч энэ чиглэлд ахиц гарахгүй байгааг Өмнөд Солонгосын сөрөг хүчний намынхан шүүмжилж байгаа юм. Тиймээс "хүчтэй хариу барьж", АНУ-тай аюулгүй байдлын харилцаагаа сайжруулахыг уриалсан байна.

Жиргээчид энэ үйл явдлын талаар #NorthKoreaNukes гэсэн хаштагтай жиргэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “АНУ бусад хувилбаруудаас гадна Хойд Солонгостой ямар нэг улс худалдаа хийхийг зогсоохоор ярилцаж байна.” гэжээ. Хойд Солонгосын хамгийн том экспортын түнш бол БНХАУ (83%). Харин Энэтхэг (3.5%), Пакистан (1.5%), Буркина Фасо (1.2%) болон бусад улсууд (10,9%) Хойд Солонгостой маш бага хэмжээтэй худалдаа хийдэг аж. Хойд Солонгосын худалдааг зогсоох тухай Ерөнхийлөгч Доналд Трампын санал Хятадын байр сууриас шалтгаалж хэрэгжихгүй байх ихээхэн магадлалтай юм.

#ThePersistence “Билл Клинтон цөмийн хөтөлбөртэй Хойд Солонгосыг санхүүжүүлсэн. Ираныг адилхан болохоос нь өмнө санхүүжүүлэхээ зогсоовол яасан юм?” гэв. 

Ely Ratner “Хятадын экспертүүд хэлэхдээ Хойд Солонгос ахин цөмийн туршилт хийвэл Бээжин, Ши Жиньпиний хувьд улаан шугамнаас хэтэрсэн үйлдэл болж, газрын тосны нийлүүлэлтээ зогсооход хүрнэ гэж бүхэл жилийн турш ярьсан. Бид харж л байя.” хэмээн жиргэжээ.

Anna Fifield “Хойд Солонгос ямар нэг цацраг идэвхи цөмийн туршилтын үеэр атмосфер руу ялгараагүй гэж мэдэгдлээ. Бүс нутагт нь амьдарч буй бидний хувьд жижиг ч гэсэн тайтгарал болж байна.” гэв.

Сэтгэгдэл бичих

arrow icon