БНХАУ-ын удирдлагууд Хятадын төрийн банкууд дахь Хойд Солонгосчуудын дансыг царцаахыг үүрэгджээ. Тодруулбал Хойд Солонгостой хиллэдэг Жилин мужийн Янжи хот дахь Банк оф Чайна (Bank of China), Хятадын бүтээн байгуулалтын банк, Хятадын Хөдөө аж ахуйн банкуудын салбаруудад байршдаг Хойд Солонгосчуудын дансаар гүйлгээ хийхийг хориглосон байна.
Цаашлаад Хойд Солонгосчуудыг шинээр данс нээх, гүйлгээ хийхийг хоригложээ. Гэхдээ данснуудыг нь бүрэн царцаагаагүй бөгөөд данс эзэмшигчдэд хөрөнгөө эргүүлэн татах боломж олгосон
байна. БНХАУ-ын удирдлагууд өмнө нь ийм санхүүгийн хоригийг 2013, 2016 онуудад тавьж байсан ба энэ удаагийн хориг нь БНАСАУ-ын цөмийн туршилтанд хариу барьсан үйлдэл юм.
DailyNk вэбсайтад нэгэн эх сурвалж:
"Хойд Солонгосын худалдаачид Хятадад бизнес эхлүүлэхийн тулд Пьенянд бизнес төлөвлөгөөгөө батлуулсаны дараа Хятадын хөрөнгө оруулагчдаас санхүү, хамтын ажиллагааны дэмжлэг хүсдэг. Гэхдээ одоо хөрөнгө оруулалт, дэмжлэг нь олдсон ч банкны данс нээх боломжгүй болсон учир гуравдагч этгээд шууд бэлэн мөнгө өгөх шаардлагатай болсон." гэж мэдээллэжээ.
Мөн өөр нэгэн эх сурвалж "Хойд Солонгосчуудын дансыг хааж, бизнесийг хязгаарласан ч үүнд маш олон цоорхой үлдэнэ. Мөнгөө Хойд Солонгост угаагаад, Зүүн Өмнөд Азийн орнуудаар дамжуулаад шилжүүлж болно
" гэж мэдээллэсэн байна.
Хятад-Хойд Солонгосын хил дээрх жуулчин. Эх сурвалж: AP
Энэ сарын 3-нд БНАСАУ зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийснээс хойш НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хоригоо чангаруулах ёстой гэж АНУ мэдэгдэж байсан ба БНХАУ, ОХУ зэрэг улсууд эсэргүүцэж байсан юм.
АНУ-ын зарим улс төрчид хэрвээ Орос эсвэл Хятад НҮБ-ын хориг арга хэмжээнд вето тогтоовол “Хойд Солонгостой бизнес хийдэг байгууллагуудад АНУ хориг тогтоох ёстой. Үүнд Банк оф Чайна ч багтана” гэж байсан юм.
БНХАУ-ын банкуудын 144 тэрбум ам.долларын хөрөнгө АНУ-д байршдаг
учир АНУ-ын хориг БНХАУ-ын хувьд таатай зүйл биш юм. Энэ хөрөнгийн дийлэнхийг Банк оф Чайна, Хятадын Үйлдвэр, Худалдааны банк тус тус эзэмшдэг аж.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудын төлөөлөгчид дөрвөн өдрийн турш хуралдсаны эцэст харилцан буулт хийж хориг арга хэмжээний шинэ төсөл боловсруулахаар болсон байна. Төслийн дагуу БНАСАУ-ын нэхмэл бүтээгдэхүүний экспорт, газрын тос, байгалийн хийн импортод хориг тогтоохоор болжээ.
Сэтгэгдэл бичих