Нийтлэл 12 сарын 27, 2019

Нийтлэлч О.Мөнхсайхан 2019 онд: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн чиглэлээр онцлох 5 нийтлэл

Бид 2019 онд олон нийтийн оюуны боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж сэтгэл, оюун, цаг заваа харамгүй зарцуулж хөдөлмөрлөсөн нийтлэлчдийн онцлох нийтлэлүүдийг цувралаар тоймлон хүргэж байна. Энэ удаа хууль зүйн ухаан доктор нийтлэлч О.Мөнхсайхны 2019 онд хүний эрх, хараат бус шүүх, Үндсэн хуулийн нэмэл өөрчлөлтийн чиглэлээр бичсэн онцлох таван нийтлэлийг хүргэж байна.

МОНГОЛ ХҮНИЙ САРУУЛ УХААНД ИТГЭНЭ: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжицгээe!

Парламентын ардчилал бол Монгол Улсын аюулгүй байдлын баталгаа төдийгүй тогтвортой хөгжлийн суурь тул үүнээсээ татгалзвал бид хамтаараа "амиа хорлосон"-той адил юм болно. Тиймээс, парламентын засаглалаа бэхжүүлсэн энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжих нь зүйтэй.

20 жил УИХ-ын таван бүрэлдэхүүн дамжин яригдаж маш сайн судлагдаж сүүлийн гурван жилийн турш иргэдийн санаа бодлыг асууж тусгасан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн сайн төслийг УИХ-ын нэр бүхий 62 гишүүн 2019.06.06-нд өргөн мэдүүлсэн билээ. Сүүлийн гурван сарын турш бий болсон ойлголцол, зөвшилцөлд үндэслэн УИХ-ын 57-оос дээш гишүүдийн саналаар дэмжигдсэн заалтууд нь ДОРВИТОЙ ШИНЭЧЛЭЛ болно. Энэ нийтлэлээр Засгийн газар, УИХ, шүүх, нутгийн удирдлагатай холбоотой орсон заалтуудыг товч танилцуулъя.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн амин сүнс ( ЗГ, ШҮҮХ) долоохон санал дутсанаас үгүй болох уу?

Монголын улс төрийн ярианд хамгийн их дурдсансан ном бол Шарль Монтескьегийн 1748 онд хэвлүүлсэн “Хуулийн амин сүнс” (The Spirit of the Laws). Нэлээн зузаан энэ номын агуулгыг ерөнхийлбөл хуулийг хууль болгодог хамгийн чухал зарчим, механизм бол хуулийн амин сүнс юм. 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн амин сүнс бол парламентын тогтолцоо, түүний илрэл болсон эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэл. УИХ-ын 62 гишүүнээс 2019.06.06-нд өргөн барьсан Үндсэн хуульд оруулан нэмэлт, өөрчлөлтийн төслийн амин сүнс юу вэ гэвэл хоёр багц заалтууд юм: нэг нь шүүхийг хараат бус, шударга болгох, нөгөө нь засгийн газрыг тогтвортой, хариуцлагатай болгох юм. Шүүхийн талаар өмнөх нийтлэлдээ авч үзсэн бол энэ нийтлэлээр Засгийн газартай холбоотой хамгийн чухал заалтуудыг авч үзье...

Чамлахаар чанга атга: ТББХ-оос гаргаж буй шүүхийн тухай гурван заалтыг дэмжье!

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг аль болох зөвшилцөж батлах, хүлээн зөвшөөрөгдөх байдлыг хангах үүднээс УИХ-ын гишүүд сүүлийн нэг сар гаран ажиллав. 2019.08.23, 2019.08.26-нд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо (ТББХ) хуралдаад Ерөнхийлөгчөөр ахлуулсан Зөвшилцлийн ажлын хэсэг, МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл, УИХ-д суудалгүй намууд болон олон нийтийн санал, шүүмжийг тусгасан төслийг цомхон болгон чамбайруулсан. ТББХ-оор дэмжигдсэн энэ хувилбараар нь төслийг хэлэлцээд батлаасай гэж хүсэж байна. Тэгж чадвал Засгийн газар, УИХ, шүүх, нутгийн удирдлагатай холбоотой олон чухал эерэг үр дагавар авч ирнэ. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар хангалттай удаан ярилаа. УИХ-ын энэ бүрэлдэхүүн одоо үйлдлээ хийж сүүлийн гурван УИХ-ын бүрэлдэхүүн эхлүүлж чадаагүй ажил. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хөдөлгөсөн шигээ эцэслэн баталж, парламентын тогтолцоогоо бэхжүүлэх цаг нь болжээ..

Яагаад хараат бус шударга шүүх бидэнд хэрэгтэй вэ?

Шүүгчийг томилох чиг үүргийг ШЕЗ-д өгөхийн зэрэгцээ уг зөвлөлийн талыг нь шүүгчид өөрсдөө дотроосоо сонгож, үлдсэн талыг нь ЗГ, мэргэжлийн байнгын хороо, мэргэжлийн холбооноос нээлттэйгээр нэр дэвшүүлж УИХ дахь олонх цөөнхөд хүлээн зөвшөөрөгдсөн өндөр мэргэшилтэй иргэнээр бүрдүүлнэ. Тэгээд уг зөвлөл шүүгчээр томилох шийдвэрийг гаргаж, Ерөнхийлөгч батламжилна, үндэслэлээ хэлээд татгалзаж болно. Ерөнхий шүүгчийн томилгоо болон Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн бүрэлдэхүүн зөвхөн нэг хүнээс хамаардаг өнөөгийн байдал арилна. Энэ бүх зохицуулалт хамт батлагдвал нэг этгээд шүүхэд нөлөөлөх эрсдэл боломжит хэмжээнд хязгаарлагдана.(ямар ч тогтолцоонд хүний хүчин зүйл нөлөөлөхийг үгүйсгэхгүй). Манайх шиг шүүхийн зөвлөлийн загвартай улсууд шүүхээ хараат бус, шударга болгоход хэрэглэсэн сайн туршлагууд гэвэл ийм л зохицуулалтууд байдаг...

Парламентын ардчилал бол Монгол Улсын тогтвортой хөгжлийн суурь

УИХ 76 гишүүдээс бүрддэг учраас гадны улс эсхүл бусад этгээдээс УИХ-д нөлөөлөх нөлөөлөл ерөнхийлөгч эсхүл Ерөнхий сайдад нөлөөлөхөөс бага байдаг. Нэг хүнд нөлөөлөх нь 76 хүний олонход нөлөөлөхөөс хамаагүй амархан. Дээр нь, УИХ хууль болон бусад шийдвэрүүдийг нээлттэй хэлэлцэж гаргадаг учраас олон нийт хэвлэлээр дамжуулан хяналт тавих өргөн боломжтой. УИХ-ын гишүүд сонгуулиар гарч ирдэг учраас тэд иргэдийн өмнө хариуцлага хүлээж байдаг. Засгийн газар нь ард түмнээс сонгогдсон парламентаас үүсэн бий болж, парламентын өмнө хариуцлага хүлээдэг. Үүгээрээ парламентын засаглал Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол хангагддаг гэж Үндсэн хууль тогтоогчид харсан. 

 

Сэтгэгдэл бичих

    • Хариулаач
    • 2020-01-01

    Тэгээд давхар дээлээ тайлсан уу яасан?

arrow icon