trends.mn 2020 оны олон улсын харилцаа, гадаад бодлогын сэдэвтэй онцлох нийтлэлүүдээс:
1. Судлаач Б.Мөнхнаран, Сулейманийн дараах Ойрх Дорнод, АНУ-Ираны харилцаа
Хятад, Орос зэрэг хөршүүдтэй маань харьцуулахад бидэнтэй угсаа гарвал нэгтэй Монгол үндэстнүүдээр минь дамжуулан өөрсдийн үндэстний нарративыг бидний түүхийг ашиглан бэхжүүлэх шаардлага Иран Улсад байхгүй. Харин манай түүхийн, тэр дундаа их гүрний түүхэн туршлагын хамгийн өхь нь болсон соёл, урлаг, уран барилгын гайхамшиг зөвхөн энд л байгаа. Тэр утгаараа бид азтай. Гэхдээ үүний төлөө санаа зовохын өмнө бид бас түүхээ хангалттай мэддэг, судлаачид нь ч бас академик эрх чөлөөтэй орчинд бүтээж туурвидаг болох ёстой.
2. Нийтлэлч Б.Болор-Эрдэнэ, ЕВРОПЫН ХОЛБООНД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Дайн ба Энх
Дундын асуудлаа шийдэх гээд омгийн ахлагчтай болж, тэр нь арай илүү гоёж, хамгаалсан урцанд суудаг байсан үеэс хүн төрөлхтөн мөн чанарын хувьд төдийлөн өөрчлөгдсөнгүй. Соён гэгээрэл, сүсэг бишрэлд мянган жил заравч нэмэргүй, бүтээсэн бүхнээ өм цөм бөмбөгдөж дайтна. Дахин давтахаас сэргийлэх гэж систем хийнэ. Систем нь өөртөө үйлчилж, өөрийгөө тэлэх зарчмаар аварга том бүтэц, хүнд суртал болж хувирна. Зарим тохиолдолд бүтээсэн эзэндээ эргээд дарамт болно.
3. Нийтлэлч Б.Болор-Эрдэнэ, БРУССЕЛЬД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Эмоц ба Ухаан
Хятадад нам төрийн улаан далбааг энд тэнд өлгөсөн нь ихдээд юу юугүй хоолой боох гэж байгаа юм шиг мэдрэмж төрөөд байлаа. Ерөөсөө эрх мэдэлд тэрслүүг хэлэх үү, эрх чөлөөний амт нэгэнт авсан монгол хүнийг хэлэх үү нэг тийм дарамттай. Гэхдээ коммунист улс юм чинь нэг их гайхсангүй. Бруссельд очоод бол гайхлаа. Европын Холбоо (энэ орчуулга оновчтой эсэх талаар “Дайн ба Энх” өмнөх цувралд оруулсан) цэнхэр далбаагаа бас л хаа сайгүй нааж, намируулсан харагдана. Метронд, буудал дээр, барилгын хананд, лефтэнд, гудамж талбайд, сувинерийн дэлгүүрийн 2 еврогийн хайрцганд гээд ёстой хаа сайгүй.
4. Нийтлэлч В.Ганзориг, Үндэсний ижилсэл ба улс орны үнэ цэнэ
ЗХУ задарсны дараа Монголыг АНУ-тай холбож өгч ойртуулсан улс нь Орос аж. Гэтэл АНУ Хятадаас болгоомжлон шууд тусалж холбогдолгүй Японд хүсэлт тавьснаар Япон улс манай шилжилтийн хүнд үеийг давахад тусалсан гэдгийг олон баримтаар өгүүлжээ. Дэлхийн 1-р дайны үндэс нь Английн 3С буюу Кайр, Кэйптаун, Калькуттаг холбосон тэнгисийн хөвөө хяналт, Германы Берлин, Станбул, Багдадыг холбосон эх газрын хяналтын нуман бүсийн зөрчлөөс үүдэлтэй гэж үзжээ.
5. Судлаач Л.Болор, Доналд Трампын засаглал нийгмийн ээдрээтэй сорилтуудыг давж чадсангүй
2020 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 70 сая гаруй иргэдийн санал хурааж авсан Доналд Трамп дахин сонгогдож чадсангүй. Ардчилсан засаглалтай улсын ерөнхийлөгч дахин сонгогдвол түүний дэвшүүлж буй, хэрэгжүүлж буй бодлого нь ард иргэддээ болон дэлхий дахинд ямар нэгэн хэмжээгээр эерэгээр хүлээн зөвшөөрөгдөж байна гэж ойлгогддог. Трампын засаглалд тийм заяа олдсонгүй нь АНУ-д тулгарч буй олон нийгмийн ээдрээтэй асуудлыг шийдэж чадаагүй, бас Трампын цаад зан чанар, түүний асуудалд хандаж буй хандлага иргэдийн сэтгэл зүрхэнд хүрч чадсангүйтэй шууд уялдаатай болно.
Сэтгэгдэл бичих