Хүн төрөлхтний түүхийн хуудас нэг оноор зузаарч, ирэх оноо угтан авах мөч ойртож байна. 2019 онд trends.mn уншигч та бүхэнтэй хамт дэлхийн утга зохиолын сор болсон ном зохиолуудаас гадна үзэгчдийн таашаалд нийцэж, он удаан жил өнгөрсөн ч сонгодог чанараа алдаагүй алдарт тайз, дэлгэцийн бүтээлүүдийн тухай бичиж, тунгааж ирсэн. Тэгвэл бид 2019 оноо дүгнэж, олон нийтийн урлагийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж, сэтгэл оюун, цаг заваа харамгүй зарцуулж, хөдөлмөрлөсөн нийтлэгчид болон редакцийн зүгээс кино урлаг, утга зохиолын сод туурвилуудад бичсэн шүүмж нийтлэлүүдээс онцлох дугааруудыг нэгтгэн хүргэж байна.
Эрх чөлөөгүй бол хайрлаж чадахгүй буюу Өдрөөс Үлдсэн Зүйл зохиолын тухай
“Өдрөөс Үлдсэн Зүйл” роман яг тиймэрхүү нэг бодлын хялбар ч юм шиг настай хүний бодол хөвөрдсөн зохиол юм. Дарлингтон ордны даамал буюу бойдаа албанд нэг насаа зориулсан Стивенс өнгөрсөн амьдралаа өөрийн бодлоос буюу нэгдүгээр биеэс хүүрнэн өгүүлэх хэлбэртэй. Гэхдээ эгэл хүүрнэлээр дамжуулан хүмүүс бид өөрт заяагдсан эрх чөлөө, сэтгэл мэдрэмжээ өөрсдийн гараар хашаанд хорьж байдаг үнэнийг төсөөллийн нэгэн хязгаарт тавьж үзүүлсэн нь зохиолчийн сод билиг ажгуу. Энгийн бас ultimum туйлын.. нэг тийм чөлөөлөгдөх тэчъяадалд хөтөлмөөр.
Гол дүр болох Стивенс залуугаасаа аавынхаа ажлыг өвлөж ордны бойдаа болдог. Нас өндөр болсон хойноо хэдэн өдрийн аялалд гарч өнгөрснөө эргэн дурсана. Үнэ цэнэ, бахархал, эрхэм чанар, үнэнч зан, үүрэг хариуцлагын тухай бодролууд. Зохиолын хэл, илэрхийлэлд ёсорхуу хүндэтгэлтэй, детальтай Английн жентэлмэн соёл нэвт шингэжээ.
Кино тэмдэглэл: In the mood for love (Хайрын сэтгэл)
Дэлхийн кино урлагийн түүхэнд гарсан хайрын тухай хамгийн яруу илэрхийлэл бүхий киноны нэг. Уран хийц, уйтгарт зураглалаар хүний сэрэл мэдрэхүйг уярааж, өдөөж, өрнүүлж, догдлоож, шаналгаж, хөнгөн гуниглуулахдаа тун гарамгай мастер Вон Кар Вайг дэлгэцийн яруу найрагч гэж нэрлэдэг нь ийм л учиртай ажгуу. Түүний кинонууд эгээ л сайн яруу найргаас хүртэж болох яруу сайхан мэдрэмжийг үзэгчдэд өгдөг. Ямар нэг давс гичгүй атлаа дарсаар амталж даршилсан мэт он цаг жирийх тутмаа жин даасаар байдгаас үзвэл “Хайрын сэтгэл” бол нэрт яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайн нэгэнтээ: “Яруу найраг бол гоё юм биш. Яруу найраг үнэн байх ёстой юм” хэмээн өгүүлсэнчлэнтэй агаар нэгэн “Хайр сэтгэлийг яруу найраг лугаа үнэн илэрхийлэх” Вон Кар Вайн онцлог арга барилын оргил бүтээл нь яалт ч үгүй мөн юм. Нэр нөлөө бүхий олон шүүмжлэгч Вон Кар Вайн уг бүтээлийг шинэ зууны эхээр бүтээгдсэн кино урлагт жин даах сод бүтээлийн нэг мөн гэдгийг хүлээн зөвшөөрдөг.
Жил бүр зохион байгууллагддаг Улаанбаатар Номын үзэсгэлэнгээр Бямба гарагт зочилвоо. Орчуулгын олон номнууд , хүмүүсийн номд дурлан ном худалдаж авч буй дүр төрх нь нэн таатай. Асруудаар зочлон номын хуудас эргүүлэн явж байх зуураа алдарт зохиолч, их найрагч Мэнд-Ооёо эрхмийг харахад нэн таатай санагдсаны зэрэгцээ бичиж хэвлүүлсэн номыг нь тогтон сууж уншаагүй ч асар их хүндлэл сэтгэл төрж байсан, түүний асраар зочлон “Гол ус тунгалагших цаг” нэртэй бүтээлийг түүний гарын үсэгтэй худалдан авав. Бичсэн үг нь сэтгэлд их л дотно байн байн уншаад баймаар тийм гайхалтай байлаа.
Зургаан тохой газар номын тэмдэглэл
Хотын түүх, Хөдөөний түүх өгүүллэгүүдээс бид үнэн чанараа мартаж, нийгмийнхээ хэмжээст таарах гэж үр хүүхэд, хайр дурлалаасаа урваж буй залуусын түүхийг уншаад аялдагчид хэзээ ч жинхэнэ аз жаргалыг мэдрэх хувьгүй юм гэдгийг ойлгоно. Хайртай бүхнээ найр тавьж өгсөн ч хахир нийгмээс өршөөл хүртэж чадахгүй гэдгийг Аман түүх өгүүллэгээс бас олж харж болно.
ШҮҮМЖ: 100 эрхэм моодноос гарахад Монгол хөгжинө
"Монгол Тулгатны 100 эрхэм" бол өнөөдрийн Монголын сүнсийг базаж байгаа цаг үеийн хамгийн том контент нь. Эхэнд дурдсанчлан манай нийгмийн өнгөрсөн ба ирээдүйн завсар гацсан эргэцээ, их нүүдэл шилжилтийн үеийн зөрчлийг бүтэн агуулсан сонирхолтой дугаар болсон тул баахан олныг нуршив. Уламжлалаас орчин цаг руу, өнгөрснөөс ирээдүй рүү нүүх гэдэг нь уран сайхнаас логик мэдлэгийг, хувь хүнээс бие хүнийг, байгалиас нийгмийг, улстөрөөс урлагийг салгах л процесс юм. Энэ их хэцүү хөндүүр процесс. Гэхдээ өвдөж байж хөгжинө. Баатар найруулагчийн энэ бүхнийг бүгдийг нь хольж хутгасан уран бүтээл "100 эрхэм" цуврал унтаж асан уламжлалт Монголыг моодонд оруулж сэргээхийн сацуу шинэ Монгол болж дахин төрөх сөхөө өгөхгүй уярааж мансууруулах үүрэг гүйцэтгэсээр. Энэ үүргээ өөрөө эвдэх үү, өөр хүн эвдэх үү цаг хугацаа мэднэ.
''Хөвөлзөх ертөнцийн зураач'' номын тэмдэглэл
Хүний амьдрал богинохон. Ердөө л дунджаар 70-80 насална. Үүнийхээ 1/3 д нь л идэвхтэйгээр хийж бүтээж амьдардаг байж мэдэх юм. Мэдээж хүн бүр адилгүй. Түүнээс урт бас богино байж ч мэднэ. Бас хүн бүрийн хийсэн бүтээсэн бүр нийгэмд нөлөөлөөд байдаггүй нь ч үнэн. Тэгэхээр бидний үнэт зүйл, үлгэр дуурайлал гэж баримжаалж байгаа зүйлс, хүмүүс маань юу байв? хэн байв ? гэдгээр олонхийн маань үг үйлдэл, үнэн төрх заримдаа богинохон амьдралын маань утга учир хэмжигдэх нь бий. Бид өөрийн мэдэлгүй хэн нэгний үлгэр дуурайлал болж, санаатай санаагүй хэлсэн үгээрээ, хийсэн үйлдлээрээ хамгийн харамсалтай нь хоолоо олж идэхийн тулд л цэгнэж гаргасан шийдвэрээрээ хэн нэгэнд үлгэрлэл болж орхидог нь бий.
Чулуун бурхантай хөөрөлдсөн тэмдэглэл
Дэлхий олон хэлээр ярьж байсан ч арьс өнгө, шашин шүтлэг өөр байсан ч ойлголцож чадах цор ганц хэл бол хайр. Харин хайрыг түгээдэг, мэдрүүлдэг, илэрхийлдэг аугаа хүч бол урлаг.
Бидний амьдралын алхам тутмыг цаашлаад энэ дэлхийг урлаг уран бүтээлчидгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бидний сонсох, аялах дуртай дуу, шүлэг, уран зураг, хөгжим, дуртай дүр, өмсөх хувцас бүгд хэн нэгэн уран бүтээлчийн бүтээл байдаг. Бид тэдний бүтээлээр хил хязгааргүй орон зайг туулж, бие биесээ хайрлаж хүндэтгэх, санагалзах гэх мэт хүний эрхэм чанараа хадгалж үлдэж чаддаг учраас уран бүтээлчдэд талархлаа илэрхийлэхээр уран бүтээлчдийн өдрийг зорин, урлагийн хил хязгааргүй ертөнцөөр аялсанаа хуваалцъя.
Сайн уу гуниг минь номын тэмдэглэл
Юун түрүүнд энэ номын хүүрнэгч Сесиль охины дүрээр амьдарч үзэхэд нэн тааламжтай байснаа хэлье. Сесилийн дүрээр амьдарч байсан гэхээсээ илүү Сесилийн гаргаж байгаа үйлдлээс өөрийгөө олж харж байлаа.
Сесиль шиг байхыг хүссэн ч, Сесиль шиг үзэл бодол, дотоод ертөнцтэй ч түүнийгээ нууж маш их тэвчсээр өөрийгөө алдчихсан юм шиг. Магадгүй манай аав түүний аав Рэймон шиг тийм нээлттэй хүн биш, бүүр миний өссөн орчин, манай улсын соёл, дэг жаяг тэс өөр болохоор үүндээ баригдсаар ч ирсэн байх.
Зохиолыг уншсан хүмүүс Сесиль бол ямар охин гэдгийг төвөггүй мэдэх байх. Харин уншаагүй хүмүүст товчхон хэлэхэд тэр бол “Ядаргаатай” охин. Дүрэм журамд дургүй ч хүчээр сурахыг оролддог, бусдад таалагдах гэж заримдаа хичээдэг, бас архи уудаг, тамхи татдаг бусдад хүндлэлгүй ханддаг, хөнгөмсөг. Гэхдээ тэр маш цайлган, алдаа гаргавал түүндээ маш их гэмшдэг тийм охин.
Бүгдээрээ шударга л байцгаая! Лев Толстойн 816 нүүр урт, Оросын нийгэм, анги давхарга, тухайн үеийн эмэгтэйчүүдийн эрхийн тухай нягт нарийн өнгө аястайгаар хүүрнэх Анна Каренина зохиолыг уншиж суух цаг хүн болгонд байхгүй. Тэдгээр хүмүүст зориулан иймэрхүү сонгодог зохиолоос сэдэвлэсэн кино гарах нь жам юм. Гэхдээ зарим нь иймэрхүү төрлийн киног хэзээ ч эх зохиолоо гүйцдэггүй хэмээдэг. Үнэн байж болох л юм. 800 гаран хуудас, нэг ч жижиг зүйлсийг үлдээлгүй дүрсэлсэн, өргөн хүрээг хамарсан зохиолыг 130хан минутын кино уран бүтээл болгохын тулд зарим зүйлсийг алгасахаас өөр аргагүй билээ.
Анна Каренинагийн зохиол сүүлийн нэг зууны хугацаанд олон удаа дэлгэцийн уран бүтээл болж байсан ч Жо Райтын найруулсан Анна Каренина бол түүний хамгийн сайн уран бүтээл гэж хүмүүс үздэгээс гадна хангалттай амжилт олсон гэж хэлж болно.
Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй номын тэмдэглэл
Хүн амьдралаас юу хүсэж буйгаа мэддэггүй. Жишин зүйрлэх нөхцөлгүй ганцхан хувь амьдралыг туулдаг тул анхнаасаа л амьдралд гаршин төгөлдөржих боломжгүй.Тэвчихийн аргагүй хөнгөн хийгээд хүнд.
Тархины мэс заслын эмч Томас ажлын шаардлагаар Чехийн нэгэн буйдхан хотод Тереза хэмээх бүсгүйтэй учирснаар түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдөнө. Томасын зах хязгааргүй бэлгийн амьдралыг гайхашран, жигшин зэвүүцсэнээр уншин эхэлсэн энэхүү номын тэмдэглэлийг бичихдээ би тэвдэж байлаа.
Хүнд гэгч нь үнэхээр тийм дургүй хүрэм муухай, хөнгөн нь тийм зүдэргээгүй сайхан зүйл гэж үү?
Сэтгэгдэл бичих